-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд та одоо хамгийн ихээр анхаарч байгаа байх. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Монголын бусад иргэдийн нэгэн адил л анхааралтай ажиглаж байна.

-Харин гэрээний төслийн тухайд?

-Зүгээр санагдсан. Яагаад гэхээр Оюутолгойгоос гарах баялгийг мөнгөн дүнгээр үнэлээд 70 гаруй хувь нь Монголын талд орж байгаа юм. Өмнөхөөсөө ч сайн гэрээ болсон байна. Ялангуяа, хямрал болчихоод мөнгө олдохгүй байхад ийм гэрээ хийсэн нь их сайн зүйл. Харин ашиглалтын 34 хувийг Монголын тал эзэмшинэ гэж байгаа нь зөв юм уу, буруу юм уу. Уг нь хямралтай байгаа энэ нөхцөлд Монголын тал хувь эзэмших шаардлагагүй юм. Ашиглалтын хувь эзэмшихээр Монголын тал их мөнгө гаргах болно. Оюу толгой бол Үндсэн хуулиар 100 хувь Монголын өмч, ашиглах болохоороо гадаадын туршлагатай, зах зээлтэй компаниар хийлгээд шинээр буй болох баялагийг ямар ч эрсдэл гаргахгүйгээр талаас илүүг нь аваад сууж байж болох байсан. Бид хувь эзэмшчихээр борлуулатанд хүртэл хариуцлага хүлээх болчиж байгаа юм. Үүгээрээ жаахан эрсдэлтэй зүйл рүү орчихож байгаа юм. Тиймээс бид заавал хувь эзэмшиж, эрсдэл гаргахгүйгээр гэрээ хийчихэж болох л байсан юм.

 

-Хувь эзэмшинээр ингэнэ, тэгнэ гэсэн эдийн засгийн тооцоо судалгаа Засгийн газарт байна уу?

-Манай талаас тийм тооцоо байхгүй. Энийг маш том мэргэжлийн институци хийнэ. Ингэхээр ийм тохиолдолд өөрснөө тооцоо хийдэг ч ёстой юм биш. Нэгнээр нь хийлгээл нөгөөгөөр нь шалгуулаад явдаг. Түүнээс гадна олон улсын бирж дээр гарна гэдэг үнэмшихээс өөр аргагүй тооцоогоо тэнд тавьдаг юм. Хөрөнгийн бирж дээр байрлана гэдэг  хөрөнгө маш олон хүний дундын амч болж буй хэрэг. Энд ямар нэг булхай байвал асар том хариуцлага хүлээдэг тогтолцоо шүү дээ. Хий хардах ямар ч хэрэггүй. Бичиг номгүй харанхуй хүнд дэлхий бөөрөнхий гээд хэлчихвэл хардаад уурлаад шалгах гээд сүйд болноо доо.

 

-Тэгээд яагаад ийм буруу ойлголт гарчихсан юм бэ?

-Уг нь гэрээ анхнаасаа Монголд ямар нэг хувь авахгүйгээр хийхээр яригдаж байсан. Баялаг, ашигт малтмалын нөөцийг Монгол Улсын Үндсэн хуулиар бүх ард түмний өмч гээд заачихсан. Өмчлөх эрх нь ард түмэнд л байгаа. Өөр хэн ч халдахгүй. Түүнээс гадна ашиглах гэдэг асуудал бий. Нөөц гэдэг чинь асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж сая нэг баялаг болно шүү дээ. Харин тэрхүү ашиглах асуудал чинь Засгийн газрын мэдлийн асуудал. Өөрсдөө туршлагатай, мөнгөтэй бол яаж ч ашиглаж болно. Эсвэл хүнээр ч ашиглуулж болно. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хувийг Засгийн газар эзэмшээд, ашиглалтыг нь оросуудтай хамтарч байна. Харин баялаг нь ард түмний өмч. Гэтэл ашиглаж байгаагаа их буруу тайлбарлаад, эсвэл бүр Монгол Улс Оюутолгой, Тавантолгойгоо алдчихсан, бусдын өмч болчихсон юм шиг, түүнээсээ 34 хувийг нь эргүүлж өмчлөх гэж гуйгаад байгаа аятай юм яриад явж байна. Ийм буруу ойлголтоос чинь л өнөөх 50 хувь эзэмшинэ гэх зэрэг яриа гараад ирсэн юм. Түүнээс биш бидэнд 34 байтугай гурван хувийг ч эзэмших хэрэгцээ байхгүй. Засгийн газар хийж байгаа ажлаа зөв тайлбарлах ёстой юм шүү дээ.

 

-Манай улс эзэмшсэн хувиа 30 жилийн дараа 50 хувь хүртэл өсгөнө гэж яриад байна?

-30 жилийн дараа Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлж, арвин туршлага хуримтлуулчихсан байхыг үгүйсгэх аргагүй. Асуудлыг нээлттэй л орхиж байгаа нь энэ байх. Эсвэл тэр үед үнэхээр мөнгө байхгүй, туршлагагүй хэвээрээ байвал бид үүнийгээ больж ч болно л доо.

 

-Таныг гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж байгаа албан бус гэрээ хэлцлүүд дээр харагддаг гэж гадаадын ярьдаг юм билээ. Та тэнд юу хийж явдаг юм бэ?

-Баримт нотолгоо байна уу? Би төрийн хүн биш, шийдвэр гаргагч биш,  надад ямар ч эрх байхгүй. Чамд гадаадын биш дотоодын хүн яриа байлгүй. Чамайг гадаадынхантай уулзаад мэдээлэл цуглуулаад явах зиндааных гэж бодохгүй байна. Өдөөн хатгах юмаа мөн олов оо!. Ер нь би чөлөөт иргэн, хэнтэй ч уулзах эрхтэй.   

 

-Та Монголын уул уурхайн хуулиудыг гадаадын улсуудынхтай харьцуулж харж л байсан биз дээ?

-Хуулийн тогтворжилт гэж маш чухал. Гэнэт гэнэт л янз бүрийн татвар санаачлаад авах гээд дайраад байвал тухайн компанийн төлөвлөгөө, санхүүд яаж тусах вэ. Хуулиа байнга өөрчилдөг улсаас гадаадын компаниуд үргэж, зугтдаг юм. Тийм улс олон бий. Африк, Латин Америкийн улсуудад зөндөө. Хууль нь тогтворгүй улсад хөрөнгө оруулж байгаа компаниуд их болгоомжтой ханддаг юм. Ер нь аль болох зугтдаг юм даа.

 

-Таныхаар уул уурхай дахь манай сайн хууль юу вэ?

-1992 онд батлагдсан Газрын тосны тухай хууль бий. Үүнийг маш сайн хууль гэдэг. Тэр хууль батлагдсанаар гадаадын хайгуулын олон компани манай улсад орж ирсэн. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг ч бас маш сайн гэдэг. Хөрөнгө оруулагчдадаа баталгаа өгч урамшуулал амалсан хууль. Хуулиа тогтвортой байлгах баталгааг бас гаргаж өгч чадсан юм. Монгол Улсын тэр хуулиар 20 саяас доллараас дээш хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын компаниуд тогтвортой байдлын гэрээ хийнэ гэсэн байгаа. Ганц уул уурхай төдийгүй бүх төрлийн хөрөнгө оруулалт энд хамаарна. Ийм гэрээгүйгээр ямар ч компани Монголд орж ирэхгүй. Оюутолгой, Тавантолгой хоёулаа адилхан. Тэгээд ч тогтвортой байх энэ тохиролцоог олон улсад мөрдөөд хэвшчихсэн.

 

-1997 оны Ашигт малтмалын хуулийг хөрөнгө оруулагчдад хэтэрхий тал зассан гээд өөрчилчихөө биз дээ?

-Тал засахгүй яах юм бэ. Унци алт 220, тонн зэсийн үнэ 1500 доллар байсан юм. Тэр үед энэ хууль байгаагүй бол хэн ч орж ирэхгүй байсан. Манай хайгуулчид өөрсдөө явахаар юу ч олохгүй шүү дээ. Дэлхий даяараа хөрөнгө оруулагчдад тал засдаг юм. Зарим нь бүр тэдний төлөө үхдэг. Улс орныг авч явдаг юм чинь ерөөсөө л хөрөнгө оруулагч. Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ, Хятад тэргүүлж байгаа учраас өнөөдөр ийм их хөгжөөд, дэлхийн аль олигтой гэснийг улсдаа аваад ирж байна. Хятадын энэ том хөгжил юунаас эхэлсэн юм бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж оруулж ирснийх. Дэн Сяопиний 1978 оны шинэчлэл чинь ердөө л гадаадын хөрөнгө оруулагчийг татах ганц чиглэлтэй байсан юм шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр үйлдвэрлэж байгаа таван гутлын дөрвийг нь Хятадад хийж байна. Тэгэхгүйгээр орж ирсэн болгоныг нь хулхидаад байсан бол хэн тогтох вэ? Ирээгүй бол өнөөдөр тэр улс яаж ийм их хөгжих юм. Тал засна гэж яг юу хэлээд байна аа? Тэр битгий хэл ихэнх оронд тал засаж татваргүй маш олон чөлөөт бүс гаргачихдаг. Татвар төлөхгүйгээр ажилла гэж байна. Манай улс ганц Замын-Үүдэд байгуулах гээд 20 Жил ухнадаад чадахгүй л хэрэлдээд сууж байна.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт тйим чухал атал яагаад манайхан хуулиа улам чангалаад байгаа юм?

-Зэсийн үнэ өсөөд, манайхан мөнгөтэй болоод эхэлсэн байхгүй юу. Гуйлгачин мөнгөтэй болохоороо хөөрөөд юу болдог билээ. Тэгээд нэмэлт, өөрчлөлт оруулсан ч юм байхгүй өнөөх хуулийг нь Ц.Нямдорж ганцаараа засаад хачин юм болгоод хаячихсан.

 

-Тэгвэл одоо 1997 оны хуулиа дагнаад мөрдвөл бидэнд ашигтай юм биш үү?

-Тэр чинь их сайн хууль байсан. 2004 онд энэ хуульдаа өөрчлөлт хийсний дараа манай улсад хайгуул хийж байсан олон компани гараад явчихсан. Дэлхийн уул уурхайн хамгийн том компанийн нэг “Англа гоулд” хүртэл гараад явчихсан. Харин яагаад “Айвенхоу Майнз” одоо хүртэл байгаад байгаа юм, мэдэх үү? Миллиард долларын хөрөнгөө оруулчихсан юм чинь өөрийн эрхгүй явж болдоггүй боогдчихсон.

 

-Хуулиудад засвар орсон гээд одоо уул уурхайн хууль байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихлоо?

-Одоо уул уурхайн хууль байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихлоо. УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж засвар хийсэн нь үнэн бол тэр хуулиуд одоо хүчингүй шүү дээ. Хуулийг бүхэл бүтэн институт батладаг болохоос биш хэн нэг хүн орондоо эсвэл жорлондоо баталдаг юм гэж байхгүй шүү дээ. 100 гаруй өөрчлөлт хийчихсэн байна гэнэ үү? Тиймээс УИХ хуулийнхаа учрыг олоход хугацаа их хэрэгтэй байна. Засгийн газар гэрээгээ хий. Хийчихсэн гэрээнд чинь бид хуулиа тохируулж гаргана гэж амалсан шүү дээ. Яагаад гэвэл одоо бидэнд хөрөнгө оруулалт нь яаралтай хэрэгтэй байна.

 

-Хөрөнгө оруулалтын гэрээнд УИХ баталгаа гаргаж өгөөд, хуулиа тохируулан гаргахаа мэдэгдсэн ч нэгэнт хууль засвартай, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байгаа нөхцөлд эрсдэлтэй гэж зарим судлаач үзэж байгаа шүү дээ?

-Нэг талаас бодох л зүйл. УИХ амалсандаа хүрэхгүй, хөрөнгө оруулалтын гэрээг үгүйсгэсэн хууль баталчихвал хөрөнгө оруулагчид улам л холдоно. “Ёстой ойртож болдоггүй газар байна” гээд л дөхөхгүй.

 

-Тэгэхээр зөвхөн УИХ хэлсэн амандаа хүрэх эсэх нь гэрээний хувь заяаг шийдэх нь ээ?

-Тийм. УИХ хэлсэн амандаа хүрэх ёстой.

-Та Сангийн сайд байхдаа “Бороо гоулд”-той тогтвортой байдлын гэрээ хийж, 68 хувийн албан татвар авч чадаагүй гэж хүмүүс шүүмжилдэг. Энэ чухам ямар учиртай юм бэ?

-Энэ чинь шүүмжлэл мөн юм уу? Хэн тэгэж байна? Ярьж байгаагаар нь би нэг л их том гэмт хэрэг тарьчихсан бололтой юм. Хэн тэгэж байна? Засгийн газар уу? Шүүх үү? Цагдаа юу? Прокурор уу? Нэг үгэндээ намайг тэгэж яллаж байгаа албан ёсны институци байна уу? Эсвэл танай орцны эмээ нар уу?

Газар шороо энэтэрийн хөдөлгөөний Авирмэд гуай зурагт болгоноор ярьсан, тэр байтугай кино хийлгэчихсэн тэндээ бас яриад л байна билээ.

 Уг нь тэр өвгөний үг үнэн бол би шоронд орох ёстой биз дээ. Энэ бол зүгээр л рэкет. “Бороо гоулд”-ын техник эдийн засгийн нөхцөлд Монголын талаас хүмүүсээр шүүмж бичүүлдэг юм. Тэр шүүмжийг нь н.Авирмэд гэдэг хүнээр бичүүлсэн байгаа юм. Шүүмж бичсэнийхээ төлөө олон мянган доллар авсан. Их сайхан болсон байна гэж хоёр хуудас юм бичээд хүн үнэмшимгүй их мөнгө авсан л байна билээ. Оюутолгойн хувьд энэ өвгөн байгаль орчны үнэлгээ зэргээр дөрвөн шүүмж бичсэн байгаа юм. Овоо толгойтын хайрганы үйлдвэрийн байгаль орчны үнэлгээ ч гэх шиг. Экологич хүн биш шүү дээ, айлгаж байгаад авчихгүй юу. Үүнийхээ төлөө 50-60 мянган доллар авсан байна лээ. Харин одоо нөгөө компаниуд нь шунал нь дуусдаггүй энэ хүнд ажил өгөхөө больчиж. “2006 оноос хойш надад ер ажил өгөөгүй” гээд өөрөө телевизээр ярьж байна лээ. Одоо шинээр буй болох Таван толгой, Оюу толгойн үйлдвэрт шүүмж гэж хоёр хуудас юм бичиж мөнгө олох гэж сүрдүүлж яваа нь тэр. Ингэхийн тулд Бороо гоулдыг муу болсон гэж тэрүүгээр жишээлж шинэ гэрээг айлгах гэж  яваа юм. Монгол хүн гэнэт зарчмын юм тавиад унахаар ард нь өчүүхэн муу хувийн ашиг нь нуугдаж байдаг юм шүү дээ. Ийм элий балай юм яриад явдаг гэдгийг нь би хэлчихсэн юм. Би тиймл аймаар хэрэг хийчихсэн бол цагдаад л өгнө биз, тэгж янз бүрийн юм энд тэнд донгосч явах хэрэг юу байна. Бусдынх нь тухай ч надад хангалттай баримт бий. Ноогдсон үүргээ шударгаар биелүүлсэн намайг хэн юу гэх вэ дээ. Харин 68 хувийн татварын хувьд энэнээс болоод Монгол банкинд алт орж ирэхээ больсон шүү дээ. Энэ татвар гараад ирчихээр алт олборлосон хүмүүс алтаа хармаалаад гараад явчихлаа. Монголбанкинд ер тушаагдахаа больчихлоо.

 

-Та чухам энэ гэрээг яаж байгуулсан юм бэ?

-1997 оны Ашигт малтмалын хууль гарахад Тогтвортой байдлын гэрээ хийх загварыг Засгийн газраас гаргасан. Тэр загвараар хийсэн гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурна. Ердөө л ийм зүйл. Энэ ердөө ч буруу юм биш шүү дээ. Хууль гарсан л бол биелүүлэх үүрэгтэй. Би үүргээ биелүүлсэн. Биелүүлэх ёстой, тийм үүрэгтэй, үүргээ биелүүллээ гэж цалин авч байсан. Зөвхөн “Бороо гоулд” Монгол Улсад үйл ажиллагаа явуулснаар 800 сая ам.доллар эргэлдүүлсэн. Үүний 400 сая доллар нь Монголд орж ирсэн. Энэ тоог Блюбэрг рүү ороод биржийн мэдээнээс олж харна. Хүмүүсийн яриад байгаа шиг ганц ч зоос өгөлгүй гарсан хэрэг энд байхгүй. Одоо Монгол Улсад №1 татвар төлөгч “Эрдэнэт”, дараагийнх нь “Бороо гоулд”. Гурав дахнь нь Мобиком гэж явдаг. Хэрэв тэд буруу тоо гаргаж хувьцаа оруулагч хэдэн зуун мянган хүнээ зальдаж байгаа бол шууд шоронд хийдэг хууль тэнд нь бий. Тийм л ноцтой баримт олсон юм бол олон улсын шүүх юм уу тэр бирж рүү нь хандаад Бороо гоулд компанийг ганц алж болно шүү дээ. Гэрээ миний дараа хоёр удаа засагдсан, тэрийг би шүүмжилж алдсан гэдэг. Тэглээ тэглээ гээд монголчуудын нүдэн дээр гадны компани түй ч дусал үлдээгээд дээрэмдээд аваад явчиж байгаа юм байхгүй. Арай ч дээ, бүхэл бүтэн тусгаар тогтносон улс байна, тэр шуналтай өвгөнөөс л дор байв гэж.

 

-Монголбанкнаас алтны гэнэтийн ашгийн татварыг болиулчихвал алт тушаалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Та юу гэж бодож байна?

-Одоо өнгөрсөн байх аа. 68 хувийн татвар гарахаас өмнө алтны компаниуд татвараа төлөөд, алтаа Монгол банкинд тушаагаад явдаг байсан юм. Ийм зам гарчихсан байсан. Харин гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарчихаар алтны компаниуд шинэ замтай болсон. Хилээр алтаа гаргачихдаг гэмт хэргийн замтай болсон юм чинь. 68 хувийн татвар алга болчихоор тэд эргээд Монголбанк руу гүйнэ гэж байхгүй. Тэртэй тэргүй ашигтай зам байгаа юм чинь. Нэгэнт ийм шугам гаргачихаад түүнийгээ болиулна гэдэг боломжгүй зүйл. Эсвэл эргэж хучин байдалдаа ороход мөн ч их хөлс хүч гарна даа. Олон амь нас ч үрэгдэх байх. Одоо буй болчихсон гэмт хэргийн бүхэл бүтэн далд сүлжээг устгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ гэмт хэрггийнх сүлжээ бол манай түрүүчийн УИХ-ын бүтээл, түүний хүүхэд нь байхгүй юу.

2009-2-22

Ярилцсан Ж.Цогзолмаа