Ерөнхий сайдын ивээл дор саяхан  зохиогдсон “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч нэгэн залуу: “Малчин бид хариулдаг бүх  малаа зүсээр нь таньж ялгадаг хүмүүс” хэмээн бахархалтай хэлэхийг сонсоод нээрээ л монгол хүн  байгаль дэлхий, уул ус, нутгийн хүн зон, буянт мал сүргээ арван хуруу шигээ мэддэг үнэхээр ой сайтай, гайхамшигтай ард түмэн шүү гэж өөрийн эрхгүй омогшиж билээ. Тэгвэл эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Гагцхүү монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи, хоол хүнсний оноосон нэр, нэршил зарим талаар мартагдах хандлагатай байгаа бөгөөд түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнтэй холбогдуулж бичсэн цуврал нийтлэлийнхээ эхний хэсгийг мэргэн уншигчид, залуу үеийнхнийхээ  танин мэдэхүйн боловсролд зориулан толилуулж байна.

Мал төхөөрөх, мах боловсруулах талаар монголчуудаас хүн төрөлхтний танин мэдэхүйн санд оруулсан их хувь нэмэр бол таван хошуу малын бие махбодийн анатоми бүтцийг нарийвчлан тогтоож, тэдгээрийн булчингуудын тогтолцоог нь эвдэхгүйгээр төхөөрч боловсруулдаг ур дүйг бий болгосон явдал юм.  Ялангуяа бог малыг өрцлөн нядалдаг монгол арга нэн онцлог бөгөөд энэ аргыг XIII зуунд Өгөдэй хааны зарлигаар Монголын эзэнт улсын ард түмний заавал биелүүлэх үүрэг болгосон сонин баримт ч байдаг байна. Энэ арга нь малыг зовоож тарчлаахгүйгээр төхөөрч, улмаар түүний нэг ч ясыг хугалахгүйгээр  долоон хөл болгон мөчлөн  хувааж, мөчилсөн махаа үе үеэр нугалж  хэрэгцээндээ тохируулан хоолны тодорхой төрөл зүйлийг бий болгож чаддагт монголчуудын гайхамшиг оршино. Монголчууд малын тураг махыг хэмжээ, чанарын хувьд ойролцоо долоон хэсэг болгохыг долоон хөл  гэж нэрлэх бөгөөд нэг богийн  гулууз махыг 2 гуя, 2 хаа,  нижгээд  хүзүү-сээр, харцага ууц, өвчүү сүвээ гэж долоон хөл болгоно. Дараа нь үүнийгээ  цаашид жижиглэж мөчлөн эвдэхэд толгой 3, хүзүү, сээр 13, нуруу 6, ууц 1, хойд хөлийн үе сүүжнээс тагалцаг хүртэл 9, хойд хоёр хөл 18, урд хоёр хөлийн үе 18, хавирга хэвэгч дээр 13, адуунд 18, малын сүүлний яс 8-19, өвчүү нь цээж,  бөгс, бүдэрхий гэж 3 хуваагдахаас гадна 10 ширхэг хуруутай бүгд 13 хэсгээс бүрдэнэ.  Ийнхүү нэг хэвэгч малын үе нугалам 113, адууных 123 болж хуваагддаг байна. Эдгээрээс чанаж болгосноо ерөнхийд нь бүхэл махан хоол гэж нэрлэдэг ч хэсэг тус бүрээр нэрлэвэл 113-123 нэр төрлийн хоол болно гэсэн үг.

Үүнээс гадна  монголчууд малын ясыг толгойны, нүүрний, эрүүний,  хамрын, хацрын, гавлын, магнайн, зулайны, дагзны, хүзүүний (аман, эмээл, ахар, бүдүүн, мухай хүзүүний), сээрний (мухай буюу хар сээр, зохицол, өндөр, богино сээр), нурууны (нарийн, харцага, зохицол харцагат хоёр нуруу), урт харцагат гурван нуруу, мухай харцага, тотгон нуруу,  асуух нуруу, сүүлний яс, хавирганы яс  (хавирганы толгой, аргүй, артай, богино, буян хавирга, дөрвөн өндөр, гурван сүврэг, сүврэгдэс),  өвчүүний (бүдэрхий, аймхай, хуруу, сүврэгдэс), далны яс (маяга, хамар, баяр магнай, далан хаж, мөөрс, тогоо, эрхий, гуур, далны харь тал, халуун тал, ир, суга, цуваа, омог, хэл ), атгаал чөмөг, богт чөмөг, шилбэ, сүүж, өгзөг, шаант, тойг гэх мэтчилэн 121 зүйлийн нэрээр байрлал, зориулалтаар нь тайлбарладаг бол малын эрхтний нэрийдлийг толгойн хэсгийг 33, цээжний хэсгийг 12,  нурууны хэсгийг 12. хааны хэсгийг 13, гуяны хэсгийг 15, хөөлүүрийн хэсгийг 8, дотор эрхтнийг 32, махны зүйлийг 9, өөхний зүйлийг 7, булчирхайн зүйлийг 6, шөрмөслөг зүйлийг 7, мөгөөрслөг зүйлийг 6, түүнчлэн мэдрэлийн зүйл, бүрхүүлийн зүйл, хальс, салсан бүрхүүл, цусны судал, үржлийн эрхтэн, үр хөврөлийн зүйл, эвэрлэг зүйл гэхчилэн бүгд 250 гаруй зүйлээр тайлбарласан нь монголчуудын малын анатомийн өргөн мэдлэгээс гадна монгол хэлний  үгийн баялаг санг нотолж буй хэрэг мөн. Тэр ч атугай малд 22 хөндий, 16 хонгил, 11 судал байдгийг ч монголчууд тогтоож тус тусад нь нэр өгсөн буй. Ташрамд сонирхуулахад Билгүүн номч Б. Ринчен гуайн монгол, орос хэлний үгийн сангийн баялгийг харьцуулан хэлсэн нэгэн шог яриа байдаг. Монгол хэлнээ тархи, чөмөг, нугас гэх тус тусдаа нэрийг орос хэлээр “мозг” (тархи), “костный мозг”(үгчилбэл: ясны тархи), “спинной мозг” (нурууны тархи) гэж нэрлэдгийг дурдаад энэ янзаар бол нусыг “Носовой мозг” (хамрын тархи) гэх нь хэмээн шоглосон буй.  Үүнтэй адил борц, үүц, хярамцаг, өрөм, ааруул, хурууд, ээзгий, эгээр, ээрэм, ээрмэг, дуурмаг, хөөрүүлэг, боз, шалхмаг гээд шууд орчуулах бүү хэл орчин үед бидний мэдэх, мэдэхгүй өч төчнөөн оноосон нэр, нэршил бий. Бид “нэрмэл” гэж нэрлэдэг монгол архи гэхэд бас өөрийн оноосон нэрүүдтэй Тухайлбал, анх гоожсон архийг сувс гэх ба энэ нь хамгийн муу чанартай архинд тооцогдоно.Сувсаа дахин нэрвэл архи болох бөгөөд үүнийг арз, арзаа дахин нэрвэл хорз, хорзоо нэрээд шарз, шарзаа нэрээд борз болох жишээтэй.
Манай оронд ургадаг хүнсний 200 гаруй зэрлэг болон анхилуун бүх ургамал, түүнчлэн эмийн ургамал бүр латинаас гадна монгол нэртэй. Зэрлэг байдлаар ургадаг сонгинолог ургамал гэхэд л алтайн сонгино, гогод,  жууцай буюу анхил сонгино, далиу сонгино, таана, хөмөл,  хүнхээл ,  халиар,  мангир,  тагар сонгино  зэрэг онцлог нэрүүдтэй.  ТВ-ээр хоол зааж байгаа тогооч нарын ярихыг  сонсож байхад туна , салмон загас, перец, спинач (spinach), ширимп (shirimp), парслей (parsley) гэхчилэн гадаад нэрээр нь хэлж заншсан байх юм. Гэтэл дээрх хүнс бүр  алтан жад, яргай загас, чинжүү, бууцай, сам хорхой, яншуй гэхчилэн монгол нэртэй.  Иймд  бид  эх хэлээ гүнзгий судалж  үр хүүхдүүддээ уламжлал, соёлоо эзэмшүүлэхэд  онцгой анхаарах шаардлагатай байна.

Онигоо
Москвад хамт суралцаж байсан хоёр монгол эр уулзсанаа тэмдэглэж нэг лонх юм хувааж уухаар шийдвэрлэжээ. Ингээд  даруулга хийх юм авахаар хүнсний дэлгүүрт оров. Нэг нь талх худалдаж  авахад нөгөө нь:
-Хиам нэмж авах уу?
-Хөөе найз аа, монголоороо яриач
-Колбасаг чинь хиам гэдэг биз дээ
Үгүй чиш. Галавсай гээч.







ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монголын тогооч нарын холбооны сургалтын төвд  зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, хоолны  бизнес эрхлэгчид болон тогооч, сонирхогч хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч, хоолны цэс зохиох, англи, орос хэлнээ  хөрвүүлэх, шинэ жор, технологи, хийх арга ажиллагааг нь зааж сургах, мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.
Утас 99867480, 99182318


ОЮУТАН, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зохион байгуулалт, хүний нөөц,  менежмент, маркетинг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи сэдвээр бакалавр, магистрын дипломын  ажил бичиж  буй оюутан, магистрант нарт судалгааны арга зүй, мэргэжлийн  зөвлөгөө өгнө.
Утас 99182318