Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамиртай ярилцлаа.


МАНАЙ ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

-Компьютер, программ, аппликэйшн хэрэглэдэггүй, наад захын ойлголтгүй хүн байхгүй болжээ. Харин программ үйлдвэрлэх, тэдгээрийг бүтээх талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байж магад. Энэ салбарынхны ажил, амьдралын онцлог чухам юунд байдаг юм бэ?

-Мэдээллийн технологийн хэрэглээ дэлхий даяар эрс нэмэгдэж байна. Манай улсын хувьд сүүлийн арваад жилд интернэт, ухаалаг гар утасны хэрэглээ хурдтай өсч, үүнтэй уялдаатайгаар олон төрлийн программ хангамж бий болж, хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Мэдээллийн технологи хүн бүрт бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх тэгш боломжийг олгож байна. Программ хангамжийн үйлдвэрлэлийн орц нь мэдлэг, ур чадвар, know-how байдаг. Үүгээрээ бусад үйлдвэрлэлээс эрс ялгаатай. Бүтээгдэхүүнийг нэг хийж чадвал олон хувилж борлуулахад төдийлөн зардал гардаггүй. Энэ тохиолдолд зардал эрс багасч, ашиг өсдөг. Бусад үйлдвэрлэлийн орц нь түүхий эд, материал зэрэг биет зүйлс байдаг, харин үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хувилж борлуулах боломжгүй байдаг шүү дээ. Мэдээллийн технологийн хөгжил асар хурдацтай явдаг. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд өөрийгөө байнга хөгжүүлж, шинэ технологийн талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхгүйгээр удаан хугацаанд үнэ цэнэтэй оршин тогтнох боломжгүй. Тиймээс өдөр бүр суралцаж, шинийг эрэлхийлж, шинэ боломж, шийдэл хайж байдаг нь манай салбарынханы ажил, амьдралын онцлог гэж болно.

-Программ хангамж үйлдвэрлэх, хөгжүүлэх талаар төр засаг болоод бизнес секторынхон, олон нийт хэр ойлгож дэмжиж байна?

Чин үнэнийг хэлэхэд төрийн зүгээс ямар ч анхаарал дэмжлэг байхгүй байгаа. Бид ч төдийлөн их дэмжлэг хүсдэггүй учраас төр засгийн анхаарлын төвд ороод байдаггүй байх. Харин бизнесийн салбар программ хангамжийн ашиг тусыг өдөр тутмын ажил дээрээ мэдэрдэг болохоор манай салбарын хөгжлийг багагүй ойлгодог. Үүний нэг илрэл нь дотоодын үйлдвэрлэгчдээс программ хангамж тодорхой хэмжээгээр худалдан авч байгаа явдал.

-Манай инженерүүд дэлхийд өрсөлдөж эхэлсэн үү?

Манай инженер, мэргэжилтнүүд дэлхийн том компаниудад олноороо ажиллаж байна. Энэ нь бид аль хэдийн дэлхийд данстай болж, өрсөлдөж байна гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна үндэсний мэргэжилтнүүдийн бүтээл дэлхийн зах зээл дээр гарч эхэлж байна. Жишээлбэл, “Болорсофт” компанийн Xslides бүтээл Германд болдог дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн шилдаг шийдэл танилцуулдаг CEBIT үзэсгэлэнд өнгөрсөн жил оролцсон бол энэ жил “Аметрос техноложис” компани гэрийн автоматжуулалтын бүтээгдэхүүнээ АНУ-ын Лас Вегас хотноо болсон CES үзэсгэлэнд танилцууллаа. Би эдгээр залуучуудыг дэлхийд өрсөлдөж байна гэж ойлгож, тэднээрээ бахархдаг. Түүнээс гадна манай инженерүүд одоо хиймэл оюунд суурилсан технологиудыг бүтээгээд эхэллээ. Тухайлбал, монгол хэл дээр бичигдсэн байгаа текстийг ойлгоод сайн, мууг нь ялгадаг болж байна. Эдгээрээс гадна зарим нэг стартап чиглэлийн шинэ санаанууд бүтээгдэхүүн болоод улмаар бизнес болох шат руугаа орж байгаа. Бид эдгээр залуусыг дэмжиж байж тэд амжилтанд хүрнэ, тиймдээ ч эдгээр залуусаа дэмжсээр л байгаа.

-Үндэсний программ хангамжийн салбарын гол хүндрэл, тээг саад нь юу вэ?

Түрүүн хэлсэн салбарын хувьд хамгийн чухал зүйл нь мэдлэг, ур чадвар гэж. Тиймээс өндөр түвшний ур чадвартай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон мэргэжилтэн байж байж энэ салбарыг олон улсад таниулах учиртай. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатуудыг эзэмших шаардлага гарч ирдэг. Эндээс харахад манай салбарын хамгийн гол хүндрэл нь цөөн тооны мэргэжилтнүүд, тэр дундаа тодорхой чиглэлээр нарийн мэргэшиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байдал. Энэ хүндрэлийг арилгахын тулд төр, засгаас анхаарч, чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсдэг. Манай дотоодын компаниуд хангалттай хэмжээнд санхүүгийн чадавхитай болоогүй учир мэргэжилтэн бэлтгэхэд санхүүжилт гаргаж чадахгүй байна. Нөгөө талаар бизнесийн байгууллагууд сайн, муу бүтээгдэхүүнийг өөр хооронд нь ялгаж мэдэхгүй, ойлголт тааруу байгаад байна. Чанарыг биш үнийг баримталж хямдыг сонгодог, улмаар нөгөө чанар муутай бүтээгдэхүүн нь үр өгөөжөө өгөхгүйгээс болоод технологид итгэхээ больсон тохиолдол олон. Энэ нь аль алиндаа сөрөг үр дагаврыг авчирч байна. Бизнесийн байгууллагын хувьд зардал мөнгө, цаг хугацааг гарзаддаг бол программ хангамжийн салбарынханы үнэлэмж буурч, орлого багасч байна. Иймд бизнесийн салбарынханд мэдээллийн технологийн талаарх зайлшгүй мэдэх суурь мэдлэг, нэгдсэн ойлголтыг олгох цаг нь болсон. Товчхондоо, хэрэглэгчдээ бэлдэх шаардлага тулгарч байна гэсэн үг.


ӨӨРИЙГӨӨ СОРИХ ХҮСЭЛ БАЙСАН

-Таныг ЗГХЭГ-т ажиллаж байсан гэж сонссон. Инженер хүнийхээ хувьд хийсэн ажил, туршлага, бүтээлүүдийнхээ талаар товч танилцуулна уу?

1996 онд КтМС-д программ хангамжийн чиглэлээр суралцах болсоноор программ хангамжийн салбартай хувь заяагаа холбосон. Улмаар 2000 оны хавар сургуулиа төгсөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээчийн албан тушаалд сүлжээ, системийн админ чиглэлээр ажиллахаар болсон минь албан ёсоор программ хангамж, мэдээллийн технологийн салбарын босгыг давсан гэж боддог. Энэ байгууллага миний албан ёсоор ажиллаж эхэлсэн анхны байгууллага мөн арваад жил энэ байгууллагадаа ажилласан болоод ч тэрүү миний хувьд маш дотно, хүндтэй санагддаг. Тэндээс туршлагатай, чадварлаг олон сайхан ах, эгч нараас их зүйлийг сурсан нь одоо болтол миний ажилд хэрэг болсоор байгаа. Мөн ЗГХЭГ-т ажиллаж байх хугацаандаа Австрали Улсад мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастер хамгаалсаныгаа энэ салбартай насан туршдаа гагнагдсан гэж боддог.

2003 онд  үсгийн фонт хөрвүүлдэг жижигхэн программ бичиж байсан минь хамгийн өргөн хүрээнд тархаж, олон хүмүүст хэрэг болсон гэж олон удаа хүмүүс хэлж байсан. Тухайн үед төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгээд 33 төрийн байгууллагыг интернэт болон бусад үйлчилгээгээр ханган ажиллаж байлаа. Харин Австралид сурч ирээд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн албыг толгойлох үүрэг ногдож тухайн үедээ төрийн байгууллагуудаас анх удаа өөрийн сүлжээ, системийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн аудит хийлгэж байсан нь энэ ажлыг зайлшгүй хийж байж цааш хөгжүүлэхийг ойлгосон, мөн өөрийн ажилдаа эзэн болж байгаагаа нотлох гэсэн залуу хүний омгорхол байсан юм болов уу гэж боддог. Түүнчлэн spark гэх дотоод сүлжээнд суурилсан мессенжерийн программыг 2008 онд байгууллагадаа нэвтрүүлж, түүний дараа төрийн олон байгууллагад нэвтрүүлсэн нь одоог хүртэл ашиглагдсаар л байна. 2010 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт даргын зөвлөхөөр ажиллах болсоноор салбарын байгууллагуудтайгаа ойр ажиллах боломж олдсон. Ажилд томилогдсон өдөрт надад тохогдсон хамгийн анхны үүрэг, даалгавар бол “Цахим Засаг” үндэсний хөтөлбөр байгуулах ажил байлаа. Энэ хөтөлбөрийг ул суурьтай, судалгаатай боловсруулах, олон орны туршлагыг судлах зэрэг нилээд өргөн цар хүрээгээр ажиллаж үр дүнгээ өгөх, улмаар салбарын байгууллагуудыг дэмжих төрийн бодлогын баримт бичиг болох байсан тул багагүй хугацаа зарцуулсан л даа. Жил дамнан явсаар “Цахим Засаг” үндэсний хөтөлбөр маань Засгийн газрын хуралдаанаар 2012 оны хавар батлагдаж билээ. Энэ хөтөлбөрийг боловсруулахад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байсныхаа хэрээр олон ч төслийг багтаасан, их ч төсөвтэй хөтөлбөр болсон. Энэ хөтөлбөрт суусан нэг ажил нь одоогоор олон хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж байгаа ТҮЦ машин юм шүү дээ.

-Яаж яваад энэ Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой “зууралдчихав” аа?

2012 оны 12 сард төрийн албанаас түтгэлзсээд хэсэг хугацаанд хувийн компанид гүйцэтгэх захирал, зөвлөх зэрэг ажил хийж явсаар 2015 оны намар МОСА-гийн шинэ ерөнхийлөгчийг сонгох хурал зохион байгуулагдахаар болсон юм. Тэр үед Австралийн Засгийн газрын тэтгэлгээр  манлайллын хөтөлбөрт 8 сарын хугацаанд хамрагдаад байсан, тэр хөтөлбөрөөс олж авсан манлайллын ур чадвараа ашиглан цар хүрээ өргөнтэй байгууллагыг толгойлж өөрийгөө сорих хүсэл байсан, нөгөө талаар тодорхой хугацаанд салбарт ажиллаж туршлага хуримтлууллаа, сурах ёстой боловсролыг нь эзэмшлээ одоо л салбарынхаа хөгжлийг шинэ түвшинд гаргах болсон гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн МОСА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхэлсэн дээ. Аливаа сонгуульд өрсөлдөхөд мөрийн хөтөлбөр боловсруулдаг, тухайн мөрийн хөтөлбөртөө ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийх тухайгаа бичих учиртай. Тэгээд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 10 гаруй салбарын байгууллагуудын 30 орчим мэргэжилтнүүдээс судалгаа авч, тэр үеийн салбарын нөхцөл байдал, хийх ёстой ажлууд, ур чадварын байдал болон МОСА цаашид ямар ажил төвлөрч ажиллахыг хүсэж байна зэрэг 10 гаруй асуулттай судалгааны анкетыг боловсруулаад өөрөө гүйж судалгаа авч нэгтгэж үзсэн. Энэ судалгаанаас олон сонирхолтой санаа гарч ирж түүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь ерөнхийлөгчөөр сонгогдоход том нэмэр болсон гэж боддог.

-Холбооны тухай товч танилцуулна уу? Ямар зорилго, чиглэлээр хэзээ байгуулагдав? Энэ хугацаанд чухам ямар үйл ажиллагаа явуулж, ямар үр дүнд хүрэв?

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь 2007 онд байгуулагдсан. Улсын хэмжээнд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэх, салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд салбарын хөгжлийг олон улсын болон дотоодын нөхцөл байдал, чиг хандлагатай уялдуулан төрийн бодлогод тусгуулах, урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг гадаад, дотоодод бий болгох, программ хангамжийн үйлдвэрлэлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэгийг нийгэмд хүргэх, гишүүн байгууллагуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, салбарын ач холбогдлыг олон нийт, бизнес сектор, төр засгийн түвшинд ойлгуулах олон ажлыг эрчимтэй хийж байна. Үүний үр дүнд холбооны гишүүнчлэлийн тоо нэмэгдэж, салбарын компаниудын хамтын ажиллагаа идэвхжин, төр засгийн холбогдох байгууллагууд манай холбоог хүлээн зөвшөөрч, бодлого, үйл ажиллагаандаа бидний зөвлөмж, саналыг тусгаж ажилладаг болсон.


БИ БОЛ ӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЖ МАНЛАЙЛАГЧ

-Хүн болгонд өөр өөрийн ажлын арга барил, хувийн давуу тал байдаг шүү дээ? Таны хувьд?

Аливаа ажлыг гүйцэтгэхдээ маш сайн төлөвлөхийг хичээдэг, төлөвлөлтөө хийхдээ судалгаанд үндэслэвэл хэрэгжих боломжтой, бодитой төлөвлөгөө гарч ирдэг л дээ. Мөн багийн хамтын ажиллагааг эрхэмлэдэг, мөн хүмүүсийг зөв цаг үед нь урамшуулах нь багийн эрч хүчийг эрс нэмэгдүүлдэг шүү. Онолоор таван төрлийн манлайлагч байдаг гэдэг би тэдгээрийн өөрөө үлгэрлэн дууриаж манлайлах төрөлд нь орох юм шиг байгаа юм. Аливаа ажлыг хийх зааврыг өгөхдөө жишээ дурдах эсвэл өөрөө бага зэрэг хийж үзүүлдэг гэсэн үг л дээ. Ажлын гүйцэтгэл тааруу болвол бусдад буруу өгөхөөсөө урьтаж би заавар өгөхдөө алдаа гаргаж уу гэж боддог. Ер нь хүнд юу хийхийг заахаас илүүтэй яагаад энэ ажлыг бид хийх ёстой вэ гэдгийг ойлгуулах нь ажлын гүйцэтгэл, чанарт шууд нөлөөлдөг. Зорьсон л бол тухайн ажлынхаа ард нь гарахыг хичээдэг, нэгэнт л хүч хөдөлмөр зарцуулж, цаг хугацаагаа зориулж байгаа юм чинь ажлыг чанартай, сэтгэлээсээ хийхийг эрхэмлэдэг. Ажлын гүйцэтгэл дээрээ өөрөө дүгнэлт өгөх нь буруу харин хөндлөнгийн шударга дүгнэлтийг хүлээн зөвшөөрч алдаа, дутагдал байвал засаж явах нь амжилтанд хүргэнэ гэж боддог. Ер нь миний ажлын арга барил сүүлийн 3 жилийн хугацаанд нилээд өөрчлөгдсөн юм болов уу гэж мэдрэгддэг. Цаашид ч сурах, дадал болгож хэвшүүлэх зүйлс олон байна.



-Юманд бэрхшээх, халшрах үе тохиолдвол та түүнийгээ чухам яаж даван туулдаг вэ? Эрч хүч, урам зориг авдаг зүйл тань?

Нэн түрүүнд гэр бүлээ боддог. Айл гэрийг авч яваа би бэрхшээгээд, халшраад ирвэл манайх өөдлөхгүй тиймээс өөдтэй, өнгөтэй явъя гэвэл хэзээ ч бууж өгч болохгүй гэж өөртөө хэлдэг. Ер нь өөрийнхөө төлөө өөрийнхөө үүргийн ухамсарласан хүн ажилд чин сэтгэлээсээ ханддаг юм болов уу гэж боддог. Мөн зарим тохиолдолд миний хань надад сэтгэлийн дэм хайрлаж, урам зориг өгдөг дөө. Хэцүү үед яаж ийж байгаад унтаад босоод ирэхэд толгой амарсан болоод ч тэрүү бэрхшээлийг даван туулах гарц, шийдэл харагддаг. Тэгээд ч шинэ өдөр эхэлж, муу өдөр хуучирч ард үлдсэн байдаг шүү дээ. Түүнчлэн үлгэр жишээ болсон хүмүүсийн амьдралыг хараад бас их эрч хүч авдаг даа, тэр  үед энэ хүн ийм асуудлыг ингэж давсан байхад би яагаад чадахгүй гэж, өөртөө итгэлтэй болоод ч тэрүү өөрийнхөөрөө хийгээд үзье надад чадал байна гээд л дайрчихдаг.

-Хүмүүсийг хэрэлээгээр нь таньж мэдэх хандлага бий. Өөрийн тань хамгийн их ашигладаг, ашиглах дуртай үндэсний аппликэйшн, программ, веб юу вэ?

Гар утасны үндэсний аппликейшны хувьд хамгийн их ашигладаг гэвэл мобайл банкны аппликэйшнүүд, мэдээний аппликэйшнүүд, ашиглах дуртай гэвэл Монгол контентийн аппликейшнүүд, хуулийн аппликейшн. Үнэнийг хэлэхэд үндэсний мобайл аппликэйшнүүд маш цөөхөн байгаа. Вэбсайтуудын хувьд www.gogo.mn, www.eduge.mn, www.news.mn, www.bolor-toli.com, www.ikon.mn Мөн өдөр болгон шахуу скаймедиагийн программыг хэрэглэж хэрэгтэй мэдээллээ нөхөж үздэг. Ер нь өдөр тутмынхаа амьдралд дэлхийд өргөн хэрэглэгддэг мобайл болон вэбд суурилсан программуудыг түлхүү хэрэглэдэг юм байна шүү.

-Монголын программ хангамжийн үйлдвэрлэл цаашид эрчимтэй хөгжиж чадна гэсэн итгэл найдвар чинь чухам юун дээр тулгуурлаж байна вэ?

Дэлхий даяар мэдээлэлжсэн нийгмийг бүтээж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохыг зорих болж. Манай улс ч мөн ийм зорилт тавьсан. Харамсалтай нь энэ чиглэлээр дорвитой ажлуудыг төрийн зүгээс хийхгүй байна. Дэлхий нийт энэ чиглэл рүүгээ явж байхад бид хэзээ нэгэн цагт тэр зүг рүү л хөдлөх нь тодорхой. Тэр цаг үед программ хангамжийн үйлдвэрлэлийн ач холбогдлыг ойлгож, салбар маань эрчимтэй хөгжинө гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Түүнээс гадна манай улсын эдийн засаг уул уурхайгаас маш их хамааралтай болсон, түүхийн эдийн ханш унавал эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна. Тиймээс уул уурхайгаас өөр салбаруудыг хөгжүүлэх л ёстой, эдгээр салбаруудын нэг программ хангамжийн салбар байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч Харвардын их сургуулийн профессор Майкл Портер гэж хүн манай улсыг судалж үзээд программ хангамжийн чиглэлээр хөгжих боломжтой гэж дүгнэлт гаргасан байна лээ. Тэгэхээр гадныхан хүртэл манай программ хангамжийн үйлдвэрлэлд итгэл хүлээлгэж байга биз дээ.


ГАДААДЫН ХҮН Л БОЛ “БУРХАН” ГЭСЭН ОЙЛГОЛТ
ТҮГЭЭМЭЛ БАЙГАА НЬ ҮНЭН

-Монгол хүн муу, залхуу, нүд хуурсан юм хийдэг гэсэн бидний өөрсдөө өөрсдийгөө шүүмжилдэг шүүмжлэл байдаг. Бие биенээ дэмжихээсээ илүүтэй гадаад хүмүүс, харийн юмыг шүтэх хандлага бий. Үнэхээр монгол инженерүүд олигтой юм хийж чадахгүй дээ гэсэн энэ нийгмийн хандлагатай санаа нийлэх үү?

Тамын тогооны үлгэрээр гайгүй яваа нэгнээ тал бүрээс нь хэмлэдэг үзэгдэл түгээмэл байнашдээ. Манай салбарын онцлог болоод ч тэр юм уу үнэхээр сайн бүтээгдэхүүн хийж чаддаг бол олон улсаас ажил авч гүйцэтгээд түүнийгээ олон улсад борлуулаад явдаг мэр сэр хүмүүс байна. Эдгээр хүмүүс дотоод зах зээлд танигдахыг хүсдэггүй, танигдлаа ч өөрсдийнх нь үйл ажиллагаанд нэмэргүй харин ч эсрэгээрээ татан унагах атгаг санаанд нь хавчуулагдаж болзошгүй. Тэгэхээр эдгээр хүмүүсийг дэлхий тоогоод, хүлээн зөвшөөрөөд байхад бид өөрсдөө яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг нэг асуулт гарна. Нөгөөтэйгүүр таны хэлдэгээр гадаадын хүн л бол “бурхан” гэсэн ойлголт түгээмэл байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад манай нэг дүү АНУ-д сургууль төгсөж, тэндээ ажиллаж байгаад ирсэн л дээ. Тэгээд ажилд орох анкет бөглөсөн нэг сар яриагүй гэж байгаа, тэгэхээр нь нөгөө газраа дахин анкет бөглөхдөө англи нэрээ ашигласан чинь маргааш нь л утсаар холбогдож байх жишээтэй. Тэгэхээр гадны хүнийг тахин шүтчихсэн үзэгдэл нийгэм, бизнес, төр засгийн хүртэл түвшинд бий болчихсон байгаа биз. Гадны зарим мэргэжилтнүүд үнэхээр ур чадвар өндөртэй нь үнэн, гэхдээ тухайн мэргэжилтэн үнэхээр ур чадвар өндөртэй юу эсвэл биднийг залилах гэсэн хуурамч хүн үү гэдгийг ялгаж салгах цаг нь болсон. Гадаад улсад тухайн хүнийг дүгнэхдээ урьд нь ямар амжилт гаргаж байсан, ямар сургууль төгссөн гэдгээр нь л үнэлдэг шүү дээ. Тэгээд эдгээрийг бусдын сэтгэгдлээр баримтжуулж итгэл үнэмшлээ бататгадаг. Эцэст нь хэлэхэд Монгол инженерүүд муу гэдэгтэй огт санал нийлэхгүй.

-Яг өнөөдөр МОСА-гийн тэргүүн зорилго, ойрын зорилт юу байна вэ?

Тэргүүн зорилго бол мэдээж мэдлэгт тулгуурласан эдийн засгийг бий болгох. Бид энэ зорилгоо ирээдүйд хүрэх цэг гэж баримжаалж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү тэргүүн зорилгодоо хүрэх зорилтууд маань ойрын зорилт болно л доо. Ойрын зорилтоосоо дурдвал, салбарын бодлогыг тодорхойлох, МОСА-г мэргэжлийн холбоо гэдэг утгаар нь олон нийтэд таниулж, хүлээн зөвшөөрүүлэх, салбарын зах зээлийн судалгаа хийж, статистик мэдээлэлтэй болж түүнд суурилсан шийдвэрийг гаргадаг болох, гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гишүүдийнхээ хамтын ажиллагааг бэхжүүлэх, программ хангамжийн аудитын тогтолцоог бий болгох зэрэг зорилтууд байна. Бизнесийн хэрэгцээ, шаардлага маань цаг үе, орчин нөхцөлтэйгээ уялдаад нилээд өөрчлөгдөж байна. Ялангуяа одоогийн өрсөлдөөн ихтэй үед бизнесээ ухаалаг удирдах шаардлага гарч байгаа. Том бизнесийн хувьд ухаалаг удирдахад программ хангамж, мэдээллийн систем чухал үүрэгтэй. Тухайлбал, ERP систем байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох, хяналтын тогтолцоо бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг бодит байдал руу ойртуулах, шийдвэр гаргахад туслах зэрэг олон давуу тал авчирч байна л даа. Гэхдээ ERP системийг үр ашигтай хэрэглэхийн тулд тухайн системийг дэмжин ажилладаг дэд бүтэц, платформуудыг оновчтой сонгох шаардлагатай.