Бүлэг ба бэлэг
“Улс төр хайр дурлал хоёр адилхан мөнхийн сэдэв, мэддэггүй ч хүн байхгүй аан бас яг мэддэг ч хүн байхгүй. Олон гоё үзэл санаа, олон янзын романтизм ярьдаг ч явж явж мөнгө, эрх ашиг л бүхнийг шийднэ..”
“Улс төр хайр дурлал хоёр адилхан мөнхийн сэдэв, мэддэггүй ч хүн байхгүй аан бас яг мэддэг ч хүн байхгүй. Олон гоё үзэл санаа, олон янзын романтизм ярьдаг ч явж явж мөнгө, эрх ашиг л бүхнийг шийднэ..” Хөөрхөн өнцөг байгаа биз?Үгүй нээрээ л монголчууд бид бүгдээрээ улс төр сонирхдог, дурын таксины жолооч төр засгийн бодлогын алдаатай талыг шүүмжилж, стратегийн бодлого ярьж чадна. Гэхдээ ард олноороо ингэж их “улс төрждөг” хэдий ч улс төрөө яг мэддэг эсэх нь эргэлзээтэй. Жишээ нь 3 сая ард түмний дунд "төр засаг" гэж л ярихаас биш УИХ, ЗГ хоёроо ялгадаг хүн ер нь хэд болоо? “Төсвийн байнгын хороо”“Сангийн яам” хоёрыг ялгах хүн ер нь 10 мянга хүрэх болов уу? Судлаад үзмээр.Лав УИХ дахь намын бүлэг гэж юмыг ард түмний дийлэнх нь өнгөрсөн дөрвөн жил л мэдэж авсан байх.Угаасаа “бүлэглээд” л бөөндөө суухаас хойш заавал албан ёсны “бүлэг” энэ тэр гэх ямар хамаа байна гэж боддог нь ард түмний 99 хувь байх. Бүлэг гэхээсээ фракц гэдэг албан бус үгийг залуус илүү ойлгож ангийнхан дундаа “фракц” болж тоглодог. Ер нь намын бүлэг гэдгийг намын фракц л гэж ойлгодог нь дийлэнх. Үүнийг нотлох гэсэн шиг одоогийн УИХ дахь сөрөг хүчний бүлэг нь дарга, удирдлагын зохион байгуулалтаа хүртэл намын фракцийн тохироогоор хийчихсэн. Одоо тэдний ард намаа удирдсаар ялагдалд хүргэсэн хуучин “дарга” нар нь “зөвлөлдөх зөвлөл” гэдэг хуульд заагдаагүй бүтэц байгуулаад суучихлаа. Харин сайн ч муу ч “Шударга ёс” эвслийн ачаар бид “Нэг нам эвслийн 8-аас дээш гишүүн УИХ-д бүлэг болдог юм байна”, “бүлэгтэй бол УИХ-ын дэд даргатай байдаг юм байна”, “нам, эвслийн бүлэг гэж юм УИХ –ын чуулганд завсарлага авах эрхтэй байдаг юм байна”... гэх мэт юмыг овоо гадарладаг болжээ.
АН навс ялагдсан ч эрхбиш бүлэг байгуулах 9 суудал авсан нь 2000 онтой харьцуулахад хавьгүй илүү улс төрийн үйл ажиллагаа явуулах хүч юм. Гэвч шинэ парламент бүрдсэн эхний хэдэн сарын байдлаар парламентийн доторхи АН-ын бүлгийн гишүүд гэхээсээ гаднах нь илүү сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын хэлж ярьж байгаагаас Х.Тэмүүжиний хэдэн жиргээ бараг илүү цохилттой юм. Бүлгийн дарга С.Эрдэнэ өөрийн ажилд оруулсан хэдэн нөхдийг битгий халаарай гэснээс өөр содон юм хэлээгүй.Нийгмийн даатгалын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байн байн дэгддэг ч түүнийг дахин УИХ-д сонгогдсоноос хойш тэр хэрэг нь “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж, бас түүний нэр төрд "халдсан" Баабар хэвлэлээр уучлал гуйх “шийтгэл” аваад тэгсгээд замхрав. Одоогийн АН-ын бүлгийн гишүүдийн ард тус тус нуугдаж буй АН-ын фракциуд нийгмийн даатгал, төмөр зам, “Чингис” бонд гээд элдэв асуудлаар эрх баригчдад барьцаалагдах магадлалтай тул УИХ дахь хэд нь тоглоомын сөрөг хүчин болсон ч юмуу даа. Тэдний маапаан АН-ын бүлгийг, цаашлаад Ардчилсан намыг үлдсэн жаахан ардчилалтай нь хамт МАН-д барьцаанд тавиад “бүлэг нэртэй бэлэг” барьчихав уу гэмээр. Бүлгийн даргыг нь хууль зүйн сайд айлгаж хэдэн үг хэлснээс болдог юм болов уу. Хажууд нь О.Баасанхүү зоригтой дуугарах юм. УИХ дахь албан ёсны бүлэг нь бэлэг боллоо гэхэд нам нь намаараа үлдмээр юм. Гэтэл ҮЗХ нь хуралдаж чадахгүй бараг МАН-ын НАМЗХ-оос дор төлөвшилтэй харагдаад байхаар “Хоёр том нам” гэж хэлэхэд ч хэцүү санагдаад байдаг болж дээ...