Анх Германаас гаралтай түргэн хоолны энэ төрөл  өнгөрөгч зууны сүүлийн хагасаас Америкчуудын өдөр тутмын хамгийн түгээмэл хоол болсон билээ. 1955 онд анхны ресторанаа нээсэн дэлхийд зартай  түргэн хоолны “Макдональдс” корпорацийн үндсэн бүтээгдэхүүн болох гамбургерыг дэлхийн өнцөг булан бүрт олон мянган цэг салбараар борлуулж байна. Гэхдээ энэ хоолыг хамгийн их хэрэглэдэг хүмүүс бол америкчууд өөрсдөө юм. Америкчуудын зөвхөн нэг жилд хэрэглэсэн гамбургерыг нэг нэгээр давхарлан дээш өрвөл  дэлхийгээс сар хүртэлх зайг 2-3 дахин нугалсан өндөр цамхагтай дүйцэх бөгөөд харин зэрэгцүүлж тавибал манай дэлхийг экватороор нь 70-80 дахин ороохуйц цуваатай тэнцэнэ. Эндээс үзэхэд америкчууд дэлхийн улс орнууд дотроос гамбургерыг хамгийн өргөн хэрэглэдэг ард түмэн болох нь тодорхой байгаа биз.

Гамбургерыг  оросоор  бутерброд,  манайхаар талхан зууш хэмээн орчуулж болох авч дэлхий дахинд “burger” , “hamburger ”гэсэн нэрээрээ түгэн дэлгэрчээ.

Гамбургер нь түргэн бэлтгэгддэг, тогтсон жор, стандартын дагуу олноор үйлдвэрлэх боломжтой, хэрэглэхэд нэн тохиромжтой, бас илчлэг сайтай хоолны төрөл билээ. Гамбургерыг дараах 4 төрлийн махан шанз /хавчмал/-аар бэлтгэдэг. Үүнд:

  • үхрийн махан таташ
  • дэгдээхийн цул махан таташ
  • Үхрийн гол махны таташ
  • Үхрийн гуяны дотор хэсгийн махан таташ.

Гамбургерыг дээрхээс гадна улс үндэстний хэрэглээний онцлогт тохируулан хонь, гахай, бярууны махаар бэлтгэж болно. Гамбургерт зориулсан мах нь шинэ байх шаардлагатай бөгөөд хөргүүлд 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй, харин гүн хөлдөөгчид 3 сар хүртэл хадгалж болдог. Хөлдөөсөн махыг гэсгээхдээ жижиг хэсгүүдэд хувааж  эхлээд хүнсний зориулалттай нийлэг материал, дараа нь цаасанд ороож  хөргүүл дотор тавьж гэсгээнэ. Гамбургерт зориулсан махыг тасалгааны температурт  гэсгээх, түүнчлэн нэгэнт гэсгээсэн махыг  дахин хөлдөөж болохгүй. Гамбургерын махан шанз бэлтгэхдээ таташ махаа чийгтэй алчуураар бүтээж хэсэг хугацаанд байлгасны дараа амт оруулагч нэмж сэрээгээр жигд хутган найруулж, дараа нь хувьлан хавтгайлж хэвлэнэ. Шанз найруулахдаа гараар олон дахин базахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Гамбургерыг шарахдаа хайруул, шарах гадаргууг урьдчилан сайтар халаасан байх шаардлагатай. Гамбургерыг халаасан тостой хайруул, гадаргуу дээр хоёр талаас нь ээлжлэн шарж болгоно.

6 ширхэг үндсэн бургерт үхрийн махан шанз 900 г, цайны 1,5 халбага хатаасан сонгины нунтаг, цайны 1/4  халбага нунтаг хар повоор, давс орно. Харин бяслагтай үндсэн бургерт  дээрх хэмжээний шанз,  сонгины нунтаг, хар повоороос гадна 6 зүсэм бяслаг орно.

Үндсэн бургерт зориулсан олон төрлийн нэмэлт хачир байдаг. Үүнд:
  • майонез, зузаавтар  дугуй зүссэн улаан лооль, цагираглаж хэрчсэн булцуут сонгино, бууцай, зирааны навч
  • Бууцайтай цөцгийн сүмс,нимгэн хавтгай хэрчсэн  гахайн утсан мах, үрүүлээр хярсан хатуу бяслаг
  • Жижиглэсэн саримс, базаж зөөлрүүлсэн цөцгийн тос юмуу маргарин, жижиглэсэн улаан чинжүү, хярсан бяслагны холимог 
  • Элэгний нухаш, нимгэн хэрчсэн булцуут сонгино
  • Нимгэн зүссэн гахайн давсалсан буюу утсан мах, гүйцэд болгож нимгэн зүссэн өндөг
  • Зөөхий,  татсан сонгино, нимгэн зүссэн шинэ өргөст хэмх
  • Мозарелла бяслаг, гахайн давсалсан буюу утсан мах, нимгэн хэрчсэн чидуны жимс /маслин/
  • Улаан лоолийн сүмс, харалзай загас /анчоус/
  • Хавчны мах, цоохор майлзны навч, сонгины шүүс
  • Наймаалжны хөргөөсөн мах, зирааны навч, зуурсан тонх
  • Жигнэсэн мөөг, ногоон чинжүү, булцуут сонгино
  • Нимгэн зүссэн улаан лууван, яншуйны навч, зөөхий
  • Нимгэн зүссэн жүрж, бага зэрэг задь

Бургерт зориулсан хомбоо талх
 

    
Буудайн дээд зэргийн гурил 3,5-4 аяга, цайны 3/4  халбага давс, хоолны 2 халбага саахар, хоолны 2,5 халбага тослог багатай, түргэн уусдаг  хуурай сүү, хоолны нэг халбага хуурай эсгүүр хөрөнгө /дрожжи/, хоолны 3 халбага цөцгийн тос буюу маргарин /зөөлрүүлсэн/, нэг аяга халуун ус
  • Томхон түмпэн саванд 2 аяга гурил, жоронд заасан давс, саахар, хөрөнгө цөцгийн тос хийж холиод усаа жигд гоожуулан хутгаж зуурна.
  • Дараа нь тал аяга гурил хийж хутгалтаа түргэтгэн 2 минут зуурна.
  • Дараа нь үлдсэн гурилаа аажмаар нэмж зуурмаг бэлтгэнэ. 
  • Хуурай гурил цацсан гампанз, ширээн дээр зуурмагаа10 минут нухаж сайтар эвлүүлсний дараа дотор талыг нь жигд тосолсон саванд хийж сэгсрэнэ.
  • Ингээд дулаан байранд 45-60 минут тавьж  хэмжээгээрээ 2 дахин өстөл  амраана. 
  • Дараа нь дахин нухаж 20 минут тавьж амраана. 
  • Зуурмагаа бэмбийлж голоор нь  тэнцүү хоёр хэсэгт таллаж зүсээд тус бүрийг 6 хэсэг болгон хуваана.
  • Хэсэг бүрийг  бөөрөнхийлж хомбоо хэлбэр оруулаад тосолсон төмөр тэвшинд хооронд нь 5 см зайтай эгнүүлж өрнө. Хомбооны дээд гадаргууг жигдлээд халаагаагүй шарах шүүгээнд тэвшээ тавьж хаалгыг нь хаагаад 1 цаг амраана.
  • Дараа нь шарах шүүгээгээ 190 градус хүртэл халааж хомбооны гадаргууг хүрэнттэл 15-20 минут шарж болгоно.
  • Энэ жороор  гамбургерт зориулсан 12 хомбоо хийнэ.
  • Дээрх аргаар бэлтгэсэн зуурмагаар загас буюу урт гонзгой хэлбэртэй талх хийж болно. Загасан талхаар зайдас, төрөл бүрийн махан бүтээгдэхүүнтэй гамбургер, дөнёр, хот-дог зэргийг бэлтгэнэ.
  • Шарах шүүгээг 200 градус хүртэл халаана.
  • Тосолсон тэвшинд хомбоогоо өрж дээгүүр нь усаар шингэлсэн өндөг түрхэж 12-15 минут шарж болгоно.

Гамбургерын жор

Зайдастай гамбургер буву “Хот дог”

Зайдас /сосиски/ 250, кетчуп 100 мл, майонез 100 мл, гич 30 мл, булцуут сонгино 50, яншуйн навч, ногоон гоньд 5, гамбургерт зориулсан загасан хэлбэртэй талх
  • Загасан талхыг голоор нь таллаж зүснэ. Ингэхдээ хоёр үзүүрээс 1-2 см дотогш байхаар дутуу зүснэ.·Зайдсыг бүрхүүлээс нь салгаж буцламгай халуун усанд хийж 2 минут чанана.
  • Угааж цэвэрлэсэн булцуут сонгино, яншуй, ногоон гоньдны гавчийг жижиглэж татаад хольж багсарна.
  • Таллаж зүссэн талхаа дэлгэж майонез жигд түрхээд  татсан сонгино, яншуй, гоньдоо тарааж  хийнэ.
  • Үүн дээрээ зайдсаа тавьж дээгүүр нь  нь кетчуп, гичний зуурмаг жигд тарааж цутгана.
  • Жижиглэсэн яншуй, эсвэл ногоон сонгино цацаж болно.
  • Энэхүү гамбургерыг зайдаснаас гадна шарсан мах, сардельки, чанамал, утмал хиамтай бэлтгэж болно.
 


Махан шанзтай гамбургер

Гамбургерт зориулан гүнждийн үр цацаж хийсэн хомбоо талх 4 ш, үхрийн махан шанз 300, ялтас байдлаар дөрвөлжлөн зүссэн хайлмал бяслаг /чеддер/ 4 ш, улаан лооль 2 ш, бууцай, эсвэл салатны угааж цэвэрлэсэн навч 4 ш, ургамлын тос 100 мл, майонез 100 мл, амт оруулагч, гоньдны навч
  • Хомбоо талхаа хажуу талаас нь тэнцүү хэмжээтэй таллан зүснэ.
  • Улаан лоолийг нимгэн дугуй хэрчинэ.
  • Махны шанзыг амт тохируулан  котлет хэвлэж ургамлын тосонд хайрч болгоно.
  • Майонезанд давс, повоор, гоньдны жижиглэсэн навч хольж сайтар хутгаж жигдрүүлнэ.
  • Талласан хомбооны суурь хэсэг  дээр хайлмал бяслагаа зулж тавиад богино долгионы зууханд хийж 1 минут орчим халаана. Үүн дээрээ котлетоо тавьж, дээгүүр нь улаан лооль зулаад майонез цутгаж салатны навчаар хучин хомбооны оройн хэсгээр  таглаж олгоно.

 
Уншигчдын анхааралд
Та плов, гамбургер зэрэг хоолны төрөл бүрийн жор, бэлтгэх аргатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Ж.Октябрь. “Түгээмэл хоолны нууц жорууд” номыг олж уншаарай. Энэ номыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу Монгол шуудан, Түгээмэл шууданд захиалан авч болно.