УРАН БҮТЭЭЛЧИД Амьдрал бүтээл
Энэхүү номыг дэлхийн түүх дэх хамгийн аугаа зураач, барималчдын амьдрал, уран бүтээлийг агуулсан зөөврийн музей ч гэж нэрлэж болох юм.
УРАН БҮТЭЭЛЧИД
Амьдрал бүтээл
"Аугаа зураач өөрийгөө хэн болохыг илэрхийлдэг.”
ЖЭКСОН ПОЛЛОК
Сэргэн мандалтын эхэн үеэс өнөөг хүртэлх 80 гаруй аугаа уран зураач, барималчдыг алдаршуулан тайлбарласан энэ номд уран бүтээлчдийн сонирхолтой амьдрал, хайр сэтгэл, бүтээлүүдийг нь шинжлэн танилцуулжээ.
Би гэрийнхээ ойролцоох музейд очих дуртай. Азаар тэр нь дэлхийн шилдэг музейн нэг Лондонгийн Үндэсний галерей юм. Гэлээ ч тэнд очиж буй хүмүүс өөрсдийг нь хүрээлэн буй уран зургуудыг бодитоор мэдэрч танин мэдэхийг огтхон ч хүсдэггүй нь харамсмаар бөгөөд хачирхалтай билээ. Тэд юу хийдэг вэ гэвэл сэлфи л авдаг. Хүмүүс алдартай зургийн өмнө зогсоод гар утсаа гаргаж зургаа дардаг. Тэгснээ ахиад зураг дарахын тулд өөр нэг алдартай зургийн өмнө очдог. Ингэхийн тулд үнэндээ зураг руу хараад байх шаардлагагүй. Хөндлөнгөөс харахад тэдний хувьд Леонардо, Рафаэл, Микэланжэлогийн гайхамшигт зургууд ямар ч үнэ цэнэгүй мэт санагдана. Тэдний хувьд эдгээр алдарт зургийн хажууд байсан гэдгээ нотлох баримт үлдээж байна даа л гэсэн бодол төрдөг. Хүмүүс эдгээр зураг ямар ч учраас алдаршсан, юугаараа аугаа вэ гэдэг талаар ямар ч ойлголтгүй яваагаа л илэрхийлж байна. Уран зураг бол зүгээр нэг хараад өнгөрөх зүйл биш, харин ажиглангаа эргэцүүлэн бодож, бясалгах ёстой обьект юм.
Энэ ном чухамдаа үүнийг л танд сануулна. Энэхүү номыг дэлхийн түүх дэх хамгийн аугаа зураач, барималчдын амьдрал, уран бүтээлийг агуулсан зөөврийн музей ч гэж нэрлэж болох юм. Эх бичвэр нь товчхон хэдий ч уран бүтээлчийг амьдарч байсан цаг үеийг тусгаж, уран бүтээлүүдээс нь сорчлон дэлгэнэ. Уншигч авгай эл номыг уншиж дуусмагцаа хаагаад мартаж болох ч энд өгүүлж буй уран зургуудын ойр байгааг өөрийн биеэр очиж үзээд, харц тогтоон ажиглахдаа утга, онгодыг нь мэдэрвэл илүү ихийг бодож тунгаах болов уу. Уран бүтээлийг ахин дахин ажиглан харах бүрийд тэрхүү бүтээл оюун сэтгэлд шинээр буудаг. Тиймээс энэ номд багтсан бүтээл бүхнийг нээгдэхээ хүлээн буй үүд хаалгатай зүйрлэж болом. Хаалганы цаана бүхэл бүтэн ертөнц оршин байна. Тэр ертөнц Барокко эриний цусанд улайрсан орчлон, эсвэл Караважжо, Бэрнини нарын амьдарч асан Ром, Эдогийн эриний унгирал хийссэн Япон, хилэгнэсэн тэнгэр бурхан, Винсэнт ван Гогийн амьдралын сүүлийн жилүүдийн эмгэнэлт цаг үе ч байж магад.
Энэ номын дизайны шийдлийг шинэлэг гэж хэлж болох ч бүтцийнх нь тухайд тэгж ам гарамгүй. Үнэндээ бол ийм бүтэц таван зуун жилийн өмнө ч байсан бөгөөд цаг үеэсээ халин сэтгэсэн Жоржо Вазаригийн 500 жилийн өмнө 1568 онд анх хэвлүүлсэн Уран зураач, барималч, архитекторуудын амьдрал хэмээх ном үүнтэй яг ижил бүтэцтэй. Урлагийн түүхийн Библид тооцогддог эл ном олон бүлэгтэй, бүлэг тус бүр нь тодорхой нэг уран бүтээлчид төвлөрөн, гол бүтээлүүдийг нь нарийвчлан тайлбарласан шинжтэй (тэр цагт ямар ч гэрэл зураг байгаагүйг бодолцвол энэ нь их чухал зүйл юмсанж). Тэр цагт мэдээлэл олж авах нь өнөөгийнхөөс хавь илүү бэрхшээлтэй байсныг тооцвол Вазаригийн бүтээлийг гайхалтай гэхээс өөрөөр яаж тодорхойлох вэ.
Вазари гагцхүү өөрийг нь амьд сэрүүн байх үеийн, XIV зууны эхэн үеийн Итали уран бүтээлчдийн (тэр дундаа Тосканийн) талаар өгүүлсэн ч үүний тулд 30 гаруй жил судалгаа хийжээ. Тэрээр Италийн хойгоор өөд уруугүй аялж, уран бүтээлчдийн урлангуудаар орж, дагалдангийн гэрээнүүдийг нь хуулбарлан, эрэл хайгуулд нь тус дэм болох хүмүүстэй уулзан хуучилжээ. Танай хотынхон Пьеро дэлла Франчэскагийн тухай мэдэх үү? Леонардо да Винчигийн зурагт байгаа тэр хачин инээмсэглэлтэй бүсгүйн талаар та юу мэдэх вэ? Ингэхэд Микэланжэло ер нь оймсоо сольдог байсан уу? Үгүй гэнэ ээ? Үнэн үү? Тэр талаар ярьж өгөөч...
Сониуч зантай түүний хувьд ямар ч асуултыг "Ийм юм асуугаад яах вэ" гээд орхиж байсангүй. Уран бүтээлчдийн амьдралыг ийнхүү судлахын цаана асар том үзэл санаа агуулагдаж байлаа. Тэрээр дүрслэх урлаг, тэр дундаа уран зураг, уран баримлыг урлагийн уулсын ноён оргилд залж, яриа хөөрөөнийхөө гол сэдэв болгохыг хүссэн юмсанжээ. Вазаригаас өмнө гагцхүү шүлэг, жүжиг, философийг л урлаг хэмээн үздэг байсан бөгөөд зураач, барималчдыг байдаг л нэг гар урчууд, хар ажилчид хэмээн дооршааж байлаа. Вазари энэ үзэлтэй сөргөлдөж, уран зураг, уран баримал нь үнэндээ философи, яруу найраг, жүжгийн нэг хэлбэр бөгөөд гүн илэрхийлэлтэй нэгээхэн хүчин зүйл гэдгийг харуулахыг зорин, зураачдыг соёл иргэншлийн баатруудтай мөр зэрэгцэн зогсох ёстой гэж үзжээ.
Үеийнхэн нь Вазариг этгээд хачин хэмээн шоолдог байсан ч Вазаригийн үзэл онол зөвдсөн нь хожмоо батлагдсан билээ. Хааяадаа түүний сэтгэхүй цаг үеэсээ хэтэрхий түрүүлснээс улбаалаад өнөө үед уран бүтээлчдийг баатруудаас ч илүү үздэг болж, үүнээс үүдээд амьд сэрүүн зарим зураачдын зураг бүхэл бүтэн гудамж талбайн үнэд хүрч байна даа гэж бодох нь бий. Вазари энэ бүхэнд бага зэрэг буруутай нь үнэн. Уран зургийн өмнө сэлфи хийх моодыг тэр л дэлгэрүүлсэн. Гэлээ гээд түүнийг буруутгах аргагүй.
Таны дэлгэж буй энэ ном Вазаригийн аугаа Уран бүтээлчдийн амьдрал номын үр хойч юм. Вазари заримдаа дургүй уран бүтээлчээ хорлох үүднээс итгэмээргүй яриа, цуу үг тараадаг байжээ. Түүнчлэн түүний ном барууны урлагийн ертөнцийг илүү дөвийлгөсөн шинжтэй ч бусад тивийн уран бүтээлчдийн талаар бас ч үгүй оруулжээ. Тийм учраас энэ номыг урлагийн музей гээд зогсохгүй дэлхийн урлагийн явуулын музей гэж өргөмжилсөн ч болно. Нэг ёсондоо урлагийн ертөнцөд нэвтрэх цөөн тооны баримт бичгийн нэг юм уу даа. Өдгөөгөөс өөр цаг үе, орон зайд бүтээсэн урлагийн бүтээлийг үзэхдээ бид энэ үеэсээ элин хальдаг. Үүнийг дагаад сэлфи хийж буй тэр л явцуу сэтгэлгээнээс ангижирч, өдөр тутмын яль шальгүй зүйлээс тасран амьдралын охь шим, гайхам сайхныг олж харах хараа нээгддэг билээ.
ЭНДРЮ ГРЭХЭМ ДИКСОН
#DK & #НЭПКО