БАЯРЦОГТ ба БӨӨС
Улсын дайсан гэдэг шинэ ч юм биш ээ. Гучаадхан жилийн өмнө улс даяараа “Лоохууз гэж нэг хүн монгол улсыг хорлох гээд баригдсан юм гэнэ лээ.
Нэг. Богдтой унтаад үхсэн бүсгүй
Улсын дайсан гэдэг шинэ ч юм биш ээ. Гучаадхан жилийн өмнө улс даяараа “Лоохууз гэж нэг хүн монгол улсыг хорлох гээд баригдсан юм гэнэ лээ. Муу дайсныг хөдөө малчнаар хөөж, шоронд хийсэн гэж байгаа юм” хэмээн ярьдаг байсан. Зарим хувьсгаалч нэг нь “Манай нам засаг дэндүү энэрэнгүй байна. Тэр муу эсэргүүний толгойг илж шоронд жаргааж байхаар шууд буудсан нь дээр байсан юм” гэж сүгсэгнэх. Тэр хэрээрээ эх оронч, намч зарчимч болж харагдана гээч. Бид бүгдээрээ, би өөрөө багтаад Лоохуузыг дайсан гэж бодож өссөн.
Сургуульд ормогц Чингис хаан гэж нэг муу алуурчин монголыг самраад хаясан, хүн алахаас өөр идгүй дээрэмчин байсан гэж заадаг байсан. Сэтгэл зүрх өөр юм шивнэвч ардын дайсан болохоосоо айгаад “Тиймээ, Чингис бол дайсан” гэдэг байсан.
Дараа нь Бадамдорж гэж хүн урваад улсаа зарсан, чи арай Бадамдоржтон болох гээгүй биз гээд загнадаг байсан. Бадамдоржтонгууд дахин тодрохыг үгүйсгэхгүй гэж биднийг занах. Нийгэм даяараа л Сүхбаатар шиг болж алдаршихаа байг гэхэд гэнэ алдаад Бадамдорж шиг болж сүйдэхгүй юмсан гэж жигтэйхэн айна.
Улс орныг лангуун дээр тавиад зарж болдог эсэхэд эргэлзэх эрхгүй байсан. Гамингууд цэргээ дагуулж ирээд улсыг нь эзэлчихсэн, төрд нь бүрэн хяналтаа тогтоочихсон мөртлөө тусгаар тогтнолд нь үнэ хаяад, наймаалцаж суудаг нь хачнаа гэж бодох чадамж бидний үеийнхэнд байгаагүй. Бадамдорж тусгаар тогтнолоо зараагүй бол “За за, ирсэн хэрэг бүтэхгүй юм байна” гээд гамингууд гэртээ харих байсан хэрэг үү хэмээн эргэлзэх боломжгүй байсан. Эргэлзэхийг хориглодог нийгэм байсан. Одоо мартсан даа, эргэлзэхийгээ хориглуулна гэж юу байдгийг.
Богд хаан гэж нэг тэмбүүтэй лам байжээ. Нүд сохор, сохор болоод ч тэр үү, шөнөөр тэмбүүгээ тараах ажил хийнэ. Олонд алдартай нэгэн зохиолд гардаг даа. Тэр үед хүний амь ч яасан хэврэг байсан юм бэ, бүсгүйчүүд Богдоос тэмбүү халдмагч орондоо үхдчихдэг байж. Богдын шадар лам нь тэдний шарилыг уутанд хийгээд Туулын усанд хаяна. Хажууханд нь хүүр иддэг нохой бужигнасан Далан давхар налайж байхад хүний шарилыг усанд хаядаг, заавал Туул голд үйдэг нь ямар учиртай юм бэ гэж бодвол хувьсгалт утга зохиолд эргэлзсэн хэрэгт унана.
Харин одоо нийгэм нээгдэж, ертөнц онгойж олон юмны учир тайлагдав. Харин ч Бадамдорж ХХ зууны эхнээс аваад монголын шашин, улс төрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсныг, бас Чингис хаан байгаагүй бол монгол үндэстэн байхгүй байсныг, Лоохууз гуай ердөө л намын даргыг л шүүмжлээд бүх ард түмний дайсан болж гэдгийг мэджээ. Богд лам нь ХХ зууны монголын тусгаар тогтнолын хувьсгалын удирдагч байсан нь мэдэгдэв.
Хоёр. “Офшоор үгүй миний биеэ хө…”
Шинэ Бадамждоржтон өөрийгээ өмөөрөх, тайлбарлах эрхгүй бөгөөд яг л ардын дайснууд шиг тэрээр өөрийгээ илчлэн буруугаа хүлээх ёстой аж. Нийгэм даяараа түүнийг үзэн ядах ёстой бөгөөд өмөөрвөл хамсаатан, ардын дайсны гар хөл болох нигууртай болоод явчлаа.
Яг л Лоохуузын үеийнх шиг Офшоор гэж юу юм бэ хэмээн эргэлзэх эрх олон түмэнд байхгүй болтой. Офшоор бол муухай юм, бузар юм. Ингээд л гүйцээ. Хэрвээ олон юм асуух гэвэл Лоохуузыг яагаад малчин болгож шийтгэснийг асуусан өвгөн шиг хэрэгт орно. Яасан гэхээр, нэг өвгөн намын даргаас асуусан гэж байгаа юм. “Лоохуузыг дайсан гэж үзээд малчин болгож шийтгэдэг юм байж. Малчин байх нь дайсанд оногддог шийтгэл юм бол би ямар хэрэг хийснээ бодоод бодоод ойлгохгүй байна” гэж. Газар дээрээ ардын дайсан болсон гэдэг.
Хэрвээ өнөөдөр офшор гэдэг нь татваргүй бүс. Тэнд чи мөнгөө байршуулж болно. Харин хулгайгаар мөнгө олох тусдаа. Хулгайн мөнгийг офшоорт бус пийшиндээ хадгалсан байлаа ч хөнгөтгөн үзэх шалтгаан болохгүй гэвэл яг л өнөө Лоохуузын шийтгэлд эргэлзсэн өвгөний араас орох гээд байна.
Асуудал нь офшоортоо байгаа ч юм биш. Баярцогтдоо ч байгаа юм биш. Харин нийгмийн эргэлзэх эрхгүй байлгаж бодол санаагаа тулгадаг тогтоцыг сэргээж тоглох гээд байна. Хэн нэгнийг ард түмний өмнөөс буруутгаж, өөрийгээ өмгөөлөх, учрыг тайлбарлах боломж өгөхгүй золигт гаргадаг, “улмаар үгэнд орохгүй бол ийм болгоно шүү” хэмээн айдаст нөмрүүлдэг тогтоцыг амилуулах санаархал гараад байна.
Зөрөөд “ОфшооРгүйгээрээ” гайхуулдаг моод гарав. Цаадуул чинь “Би сайн хүн, яагаад гэвэл офшооргүй” гэж яриад эхэлчиж. Зарим нь “Офшоор үгүй, миний биеэ хө” хэмээн дуулж байна. Эрүүл үзэгдэл мөн үү? Намтраа “ Нэн ядуу ардын гэр бүлд төрөөд…” гэдэг байснаа “Нэн офшооргүй айлд төрөөд"гэж бичээд эхэлбэл гайхах юм алга.
Гурав. Хөдөөгийн “Мини Лоохууз”
Ер нь бол Баярцогт яах нь хэнд хамаатай юм бэ, Тэр чадалтай чинээтэй хүн, надаар байтугаа, надаас цаадахаар дутахгүй, яваад өгнө гэж та бодож байгаа байх. Эсвэл, биднээс илүү баяжсан, биднээс өндөр албанд очсон, багадаа биднээс илүү сурлагатай явсан тэр шаар ингэж нэг зовоход болохгүй ч юмгүй л дээ. Юм ээлжтэй гэдэг хойно…
Харамсалтай нь юм ээлжтэйд л байгаа юм. Ийм хандлага, тогтоц сэргэвэл золиос нь жижигдэнэ гэж байхгүй. Чи өөрийгээ жижигхээн учраас хэлмэгдүүлэлт тоохгүй гэж бодож байна уу. Тэгдэггүй юмаа, чамайг жижигхээн юмны жижигхээн дайсан болгоод, жижигхэн амьдралтай чинь хамт хөнөөгөөд хаячихдаг юм.
…Хөдөөгийн бөглүү суманд хэний анхааралд өртөмгүй айлд, хэний ч нүдэнд өртөөгүй жаал охин байж. Хаврын амралтын дараагаар Намын их хурал угтсан ажлын хүрээнд ариун цэврийн лут үзлэг боллоо. Хавар төл дээр ажиллаад ирсэн хүүхдүүдийн ихэнх нь бөөстэй гарчээ. Өөр яах ч билээ, уулын өвөлжөөнд бүтэн сарын турш хонь хургатай ноцолдсон улс. Одоо Африкт нэг салфээтагаар усанд ордог гэнэ гээд дооглоод байна. Тэр үед салфээтаг ч байгаагүй.
Ингээд хүүхдүүдийг үхтэл нь айлгаж, хүмүүжүүлэх үүднээс хэн нэгийг золигт гаргахаар шийдсэн бөгөөд оноолт азгүй охинд таарчээ. Өмнө нь энэ төрлийн шалгалтад хэд унасан нь нэрмээс болов. Хойт эхийн гар харсан хөөрхийг хэн л тэгтэл бөөцийлэх билээ.
Түүнийг “анги хамт олны амжилтаас хойш татагч” хэмээн нэрлэлээ. Ардын дайсны жижигсэгсэн хувилбар л даа. “Мини Лоохуузхан”, “бичил Бадамдорж шанзав” гэсэн үг. Ингээд сургуулийн “Лоохууз”-ыг үзэн ядах цуглаан зохион байгуулж, бөөстэй дотуур хувцсыг нь бариулан анги хэсүүлж залхаасан юм. Хөөрхий амьтны нүүрээ нууж байсан гарыг нь мушгин ард нь барьж , айх ичих хослон ухаан алдсан нүдийг нь хүүхдүүдэд харуулна…
Тэр жаал охиныг дахиж бид сургууль дээр хараагүй, сумын наадам, бригадын өдөрлөг дээр, ерөөсөө нарт хорвоогийн хаана ч хараагүй. Амиа хорлосон гэж дуулаагүй л дээ. Гэхдээ тэр өдөр хөөрхий охин бие хүнийхээ хувьд “цаазлагдсан” билээ.
Дөрөв. Монгол хүний үр л тэгэхгүй бол өөр хэний үр тэгэх юм бэ
Монголчууд офшоортой офшооргүй олсон хэдэн цаасаа хаа нэгтэй л нуух нь хууль. Энэ бол тэдний буруу ч биш. Феодалын хөрөнгө хураах комисст орон гэрээ хоослуулж явсан хүмүүсийн ач гуч хөрөнгөө нуухгүй бол хэний ач гуч хөрөнгөө нуух юм бэ.
Хот дүүрэн малаа нэгдэлд тушаагаад, тавин хоньтой үлдэж байсан малчдын хүүхдүүд л мөнгөө офшоорт хийхгүй бол хэний хүүхэд мөнгөө офшоорт хийх юм бэ.
Дахин нийгэмчилгээгээр, бусдыг дамын наймаагаар мөлжсөн шалтгаанаар өмчөө дахин дахин булаалгаж үзсэн улсын шинэ үе л хөрөнгө өө өөр тийш нь зөөхгүй бол ямар үндэстний шинэ үе хөрөнгөө өөр тийш зөөх юм бэ?
Нэг айл (нэг хүн биш шүү) богийн толгойд шилжүүлснээр 50 толгойгоос илүү малтай байж болохгүй гээд илүү гарсныг нь хураагаад авчихдаг уламжлалтай төр нэг л өдөр “Нэг айл хувьдаа 1 саяас дээш төгрөгтэй байж болохгүй” гээд хамаг хадгаламжийг нь нийгэмчлэхийг хэн байг гэх юм бэ?
Барууныхан бага татвар төлөх гэж офшоор бүс рүү тэмүүлж байгаа бол монголчуудын ихэнх нь ерөөсөө өмчөө төрд булаалгачихгүй гэж л тийшээ зөөсөн байгаа.
Төгсгөл: Баярцогт ба “бөөс”
Уг нь зовлон нэгтэй хүмүүс бие биеэ өмөөрдөг юм. Харин монголын зовлон нэгт офшоорчингууд өөр бодолтой байна. Цөмөөрөө офшоорынхоо учрыг тайлбарлаад, нийтээрээ олон нийтээс өмгөөлөл, хүлцэл эрэхийн эсрэг байх юм шиг байна. Энэ байдал хөдөөгийн бяцхан Лоохуузханы түүхийг санагдуулаад байгаа юм. Хөөрхий тэр охин олны өмнөөс нажидаа эдэлж, амьдаараа үхсний буянаар бусад нь өршөөгдөж үлдсэн юм. Яг түүн шиг бусад офшоорчингууд өөрсдийнхээ өмнөөс цовдлогдох Иусус христийг хайгаад, тэрийгээ Баярцогт л болов уу гэж товлоод байгаа хэрэг. Уурссан олон түмэн Иусус Христээ цовдолсны дараа “Бид юу хийчихвээ гэж” хэмээн эргэлзэж эхэлнэ. Тайлга тахилгадаа сэтгэл ханаж дотор нь уужирсан олонхи юмны учир эргэцүүлэхтэйгээ болно. Офшоор гэдэг юу болохыг эргэцүүлнэ. Тэр цагт юмны учрыг тайлбарлаад, “хөөрхий муу Баярцогтыг дэндүүлсэн ш дээ. Одоо биднийг нэмж хэлмэгдүүлж болохгүй” хэмээн ухуулж болно гэж тооцоод байгаа бололтой. Яг ийм жишээ Улсын бага хурал дээр бий.
Хэрвээ Баярцогт хулгай хийсэн бол тэр гэмт хэрэгтээ шийтгэгдэхийн төлөө байна. Бүр тэр үед нь “нүгэл нүдээрээ” гэхчлэн хараалцахад бэв бэлэн. Хэрвээ офшоортой болгоныг шийтгэх гэж байгаа бол бүгдийг нь илрүүлээд нэг зүйл ангиар яллахын төлөө байна.
Харин нэгийгээ хууль шүүхээр оруулалгүйгээр, нийтийн дайснаар зарлахын эсрэг, өөрийгээ зөвтгөх боломж олгохгүйгээр залхаахын эсрэг байна. Нийгмийн өмнө ганцаардсан нэгийгээ хамгаалах боломж олгодоггүй тогтоцыг устгах гэж ардчилсан, учрыг нь тайлбарлах гэхээр хамсаатан, хам хэрэгтнээр цоллож хэрэгт оруулдаг нийгмийг нураах гэж л ардчилсан гэж ойлгодог учраас үүнийг бичиж байна. Сохроор дагаж давхихын орон “яг үнэндээ юу болсон” гэж сонирхдог иргэнтэй улс байхын төлөө бичиж байна.
Бүх хүн ижил байх ёстой гэсэн дүрэмтэй бол социализм болдог юм. Ижил юм бодож, ижил юм хайрлаж, ижил юмыг үзэн ядаж байх номтой. Нийтийнхээс өөр юм бодвол гэм буруутай. Энийг л тогтоочих.
Ийм тогтоцыг мэддэг учраас л нийтэд үзэн ядагдсан нэгнийгээ хамгаалахсан гэж бодогддог. Хожмын маргааш чи бидний хэнийг ч гэсэн буланд шахагдахад өмөөрөх зүрхтэй хүн үлдсэн байх хэрэгтэй. Уураа дараад бод доо, айн!
Тэртээ 1989 онд нийтээрээ малыг хураан нэгдэлжсэн нь зөв гэж үздэг байхад “Малыг малчдад” нь тарааж өг гэж бичсэн нь нийтийн итгэл үнэмшлийн эсрэг анх дуугарч үзсэн минь байлаа. Харин 27 жилийн дараа нийтээрээ “ардын дайсан” хэмээн үнэмшиж, хулгайч гэдэгт нь эргэлзэхгүй байгаа С.Баярцогтыг өмөөрч байна. Хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонхийн санааг сөрж байгаа минь энэ. Би ардчиллыг ганцаардаж байгаа нэгийгээ хамгаалах боломж л гэж хардаг юм. Харсаар ч байх болно.
Жич: Ерөнхийлөгч зөвлөө л биз, Баярцогтоо наад офшоорын дуулиан улс төрд чинь гай болох нь. Хулгай хийгээгүй чинь үнэн л юм бол нэрээ татаад шалгуулчих гээ л биз. Өнөө хэн шиг “Манай хэн яавч тэгэх хүн биш” гэж шогтолтой ч биш. Тэрнээс биш “Баярцогтыг …сугай” гээд зарлиглачихсан ч биш.
Ер нь манайхан хэзээнээс нэг их ерөнхийлөгчийнхөө зөвлөлгөөг цөмөөрөө дагадаг болчвоо, айн. Цаадах чинь, Авилга монголыг муухай харагдуулж байна гэж хэлээд л байгаа даа.
Нарийндаа Элбэгээ зөвлөж л байдаг ш дээ, цагаан сараар таараад “Наад сахлаа хусаач” гэж надад зөвлөж л байсан. Манай зарим дарга нар сонсоогүй нь яамай даа. Хэрвээ тэгсэн бол Намын төв хорооны тогтоолоор миний сахлыг хусах нь байна ш дээ.