Эдийн засгийн хямралыг их ажлаар л давна
(дэд бүтцээр хөгжлөө босгох бидний төлөвлөгөө)
Нисч л тогтохоос, тогтоод тогтохгүй ээ
Д.Урианхай
Хямралаас хэн, хэрхэн гаргах вэ?
Давос хотод дөрөв хоног үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн 39 дэх чуулга уулзалт дээр цугласан 42 орны төр, Засгийн газрын тэргүүн, удирдагч ганц л зүйл дээр санал нэгджээ. Энэ нь "Хямралаас ингэж, гарна гэсэн бэлэн жор байхгүй ч улс орнуудын төр, засаг эдийн засаг, санхүүгийн асуудалд гүнзгий оролцож, зохицуулж байж л энэ хямралыг давна" гэсэн зөвлөмж юм.
Тэгвэл төр яаж оролцох юм бэ, юу хийх вэ?
Юуны өмнө хямралын үе дэх гол хүндрэл нь юу юм бэ гэдгийг авч үзье. Бараа, үйлчилгээний борлуулалт муудаж, орлого багасаад ирэх үед компаниуд боломжтойгоор нь хувьсах зардал буюу ажиллах хүчний цалинг багасгах, орон тоог цомхотгохоос өөр мэхгүй болжээ. Дээр нь дампуурсан жижиг худалдаачид, малгүй болсон малчид нэмэгдээд ажилгүйчүүдийн арми өдөрт хэдэн мянгаараа үржиж байна. Маш олон хүн ажилгүй суухаар яах нь ойлгомжтой. Өлсөнө, бухимдана, тэгээд ажил хайж янз бүрийн газраар явна. Цөхрөхдөө бусдаас гуйх, хулгайлах, булаах, алах зам руу орно. Гэмт хэрэг гаарна. Хүмүүнлэгийн хямрал болно.
Төр жаахан орлого олж байсан үедээ болзошгүй хямралд бэлтгээгүй хамаг мөнгөө цацаж, тарааж байсан болохоор хавтгайрсан тэтгэлэг, тэгэмжүүд ч ингэсгээд зогсоно. Яагаад гэвэл тараах мөнгийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийн орлого буурахаар татварт олигтой юм орохоо болино. Товчхондоо гол хүндрэл бол ажилгүйдэл болох гээд байна.
Ажилгүйдэл нь хийх ажил байхгүйгээс л үүдэж байгаа нь тодорхой. Тэгвэл " иргэдээ ажилтай болгож байж л ажилгүйдлийг давна" гэсэн энгийн санаа гарна даа. Тэрнээс биш дан ганц хэмнэх, үл хэрэглэх зарчим нь хямралыг сааруулахаас, гаргах арга биш.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг "12-18 сар үргэлжилж дуусна" гэж мэдэмхийрэх хүн байхад "10 жил үргэлжлэх юм гэнэ лээ" хэмээн айлгах нэгэн ч таарах юм. Бодитойгоор авч үзвэл ойрын гурван жилдээ бид эдийн засгийн хэвийн хэмнэлдээ орж чадахгүй болов уу. Учир нь хямрал монголд эхлэж байна. Уналтын үедээ очоод, яаж ийгээд зогсоолоо гэхэд сэргээхэд багагүй цаг орно. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш "Дэлхий нийтэд тулгараад буй эдийн засгийн хямрал нь нэг шөнө бий болоогүй тул нэг өдөрт шийдэгдэхгүй" хэмээн онож хэлжээ.
Нэг шөнө, нэг өдөрт шийдэгдэхгүй нь тодорхой болохоор одоо дэмий ярьж цагаа баралгүй хийж эхлэх цаг тулгарлаа. Бэлэн жор биш ч санаа авах, өөрийн болгож хийх түүхэн туршлагууд ч байна.
Бусдын туршлага ба сургамж
Жишээ 1. Америк. Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн хямралыг 1929-1930 онд Америкаас эхлэсэн Их Хямралтай зүйрлэсээр байна. Маш олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг юм билээ. Тэгвэл тэр цагт АНУ хямралыг яаж давсан нь бидэнд сургамжтай байх нь мэдээжийн хэрэг.
Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсчээ. Цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж, тоглох болсон нь хямралын өрнөл болсон юм. Хэдийгээр Америкийн эрдэмтэд 1924 оны үеэс “Хувьцааны үнэлэмж гэнэт унаснаар аюул болно, манай эдийн засаг хэт халж байна, хямрал нүүрлэж байна ” хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсан ч хэн ч тоосонгүй. Хямрал нэг л өдөр гамшиг болж хувирлаа. Тэр хар мягмар гаригт Хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ л хаалгаа барьцгаажээ. Индекс нь 381 нэгжээс 200 хүртлээ бараг 50 хувиар унасан учраас арилжаа хийгдсэнгүй. Ажилгүйдэл-ядуурал-хоосрол-гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэжээ. Уналт 1932 оны 7 дугаар cap хүртэл гурван жил ургэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдалд үргэлжилсэн юм.
Их хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон ажээ. Хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хурчээ. Үүгээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ.
Франклин Рузвельт 1933 онд Америкийн Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд "төр эдийн засагт оролцож, зохицуулалт хийх ёстой" гэсэн Кейнсийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлэв. Юуны өмнө ажлын өргөн фронт бий болголоо.
Холбооны Орон сууцжуулах алба байгуулагдан ядуу, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил өрнүүлэв. Үр дүнд нь нийгмийн асар том бэрхшээлийг арилгаж, АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа орон сууцны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн орон болсон юм. Дэд бүтцийн салбар луу хөрөнгө оруулалтыг чиглүүлж олон сая хүнийг ажилтай болгосноор нийгмийн болон хүмүүнлэгийг хямралыг зогсоож чадав. Дайн гарцаагүй болж ирсэн үе тул төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Дайны дараа ч гэсэн төрийн зохицуулалт оролцоог хадгалж нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгож байсан ажээ.
Жишээ 2. Герман. Дэлхийн II дайны дараахь үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан юм. Ихэнх германчууд zusammenbruch буюу «ялагдлын гутралд» орчихсон гутранги үе. Ядаж байхад 1947 оны өвөл хахир хатуу болж өлсгөлөн нүүрлэлээ.
Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байжээ. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн товчхон шийдэл олсон байна. Европын эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд америкууд Маршалын төлөвлөгөөг сэдэв. Хэрэв германчууд сэргээн босголтын энэ төлөвлөгөөг зөвшөөрвөл Америк хуучин дайсан байсан гэж үзэлгүй их хэмжээний зээл олгох болжээ. Америкийн ашиг сонирхол нь баруун Герман өөрийгөө аваад явчих эдийн засгийн чадвартай, хамгийн гол нь тоталитар дэглэм рүү хальтирчихгүй байхад оршиж байв. Аденауэр шууд л зөвшөөрчээ. Түүнд мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байлаа.
"Герман улс эдийн засгаар ядмаг байвал өөрийгөө хамгаалах чадвар дагаад муудна" гэж тэр үзсэн тул АНУ-ын саналыг даруй зөвшөөрч, ирээдүйд олох орлогоороо дэнчин тавьж тохиролцсон юм. Гэрээний дагуу баруун Берлин дайралтад өртвөл Канзас Сити өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцжээ.
К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх төвшиндөө эргэн иржээ. Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ. Нэгд, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож нийгмийн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг (бага орлоготой иргэдэд зориулсан) дэвшүүлж хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна.
Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулах, орон сууцжуулах нүсэр ажлыг эхлүүлснээр ажилгүй, орлогогүй аргаа баран холхиж байсан цэрэг эрсийн хүчийг нийгмийн сайн сайханд чиглүүлж чадлаа. Улс орон даяар бүтээн байгуулалт сэргээн босголтын ажил ундарч, хүн бүр ажлын байртай болж улмаар ажиллах хүчний хомсдолд орж ирэхэд тэд Туркчуудыг олноор нь урин залсан юм. Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсчээ. Дэлхий даяар «Германы эдийн засгийн гайхамшиг»-ийн талаар ярьж байлаа.
Ажлын байрыг төрөөс бодлогоор бий болгож, иргэдийн хүч, боломжийг зөв залуурдсан нь үйлдвэржилтийн хөдөлгөгч хүчин болж, эдүгээ Герман улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт бичигдэж байна.
Жишээ 3. Өмнөд Солонгос. Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Aзийн хамгийн ядуу орны нэг байв. Япончууд дарлаж байх үедээ хамаг байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан ажээ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон мөн л төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон юм.
1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавъяатай. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ. Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтанд солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ.
Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа.
Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулдаг. Хэрвээ тэр үед Солонгосын удирдлага зах зээлийн "үл үзэгдэх гар" зохицуулна биз гэж найдаад суусан бол өнөөгийн цэцэглэл хөгжилтөнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд 12-т, Азидаа 3-т орж байна.
Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн харгайгаар байрандаа хоцорсон юм.
Дээрх орнуудын туршлагаас харахад Хямрал болоод нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурлын үед Төр ажлын өргөн фронт, бүтээн байгуулалтыг бий болгож байж л иргэдээ орлоготой болгохын зэрэгцээ эдийн засаг сэргэсэн үед шийдвэрлэх ач холбогдлоо үзүүлэх дэд бүтэцтэй болох ажлыг гардан хийж иржээ.
Нэг сумаар хоёр туулай буудахын үлгэр энэ. Өнөөгийн хямралын үед ч улс орнууд ийм жишгээр ажиллаж байна. Чилийн Засгийн газар гэхэд л 4 тэрбум доллараар 100 мянга гаруй ажлын байр бий болгохоор зорьжээ. Үүний 700 сая доллараар эмнэлэг, сургууль, олон нийтийн цэцэрлэгт хvрээлэнг засварлаад, үлдсэнээр нь дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хятадын Засгийн газар ажлын байр бий болгох 586 тэрбум долларын тєсєв баталж, тємєр зам, гvvр, далан байгуулах томоохон тєслvvдээр иргэдээ цалинжуулснаар эдийн засгийн хямралыг хохирол багатай давна гэж байна.
Хамтарсан Засгийн газрын хямралаас гаргах төслүүд
Хамтарсан Засгийн газар, Зам, Тээвэр, Хот байгуулалтын яамнаас шинээр 70 мянган шууд ажлын байр бий болгох багц төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Эдгээр төслүүдийн мөнгөн дүн нь 5 тэрбум 405 сая ам. доллар байх бөгөөд энэ нь монголын хямарсан, гацсан эдийн засаг руу орсноор цусны гүйдлийг сэргээх, гацаа, бөглөрлийг арилгахад дорвитой нэмэр болох хөрөнгө оруулалт байх болно. Төслүүдийн үндсэн чиглэл нь:
Улс, аймаг хоорондын болон Улаанбаатар хот доторх автозамуудыг барих сэргээн засварлах.
Тавантолгой-Оюутолгой-Сайншанд чиглэлийн 370 км төмөр зам барих 100 мянган айлын орон сууц хөтөлбөр.
Барилгын материал, цемент, төмрийн үйлдвэрүүд байгуулах зэрэг юм. Худалдаа, солилцооны эргэлт муудаж, орлого муудсан үед хөрөнгийн эх үүсвэрүүд бий болгож, хүмүүсээ ажилтай болгож байж л хямралд нэрвэгдчихгүй мэнд гарна. Юу хийлгэх вэ гэхээр өнөө маргаашдаа биш ч ирээдүйд ач тус нь мэдрэгдэх нийтийн байгууламжууд руу хүчээ чиглүүлье. Үүний тулд бидэнд зээл хэрэгтэй.
Төслүүдийн хэрэгцээ, шаардлага
Энэ жилийн улсын тєсєв 390 гаруй тэрбумын алдагдалтай батлагдсан. Дээр нь зэсийн үнийн уналтаас тєсєвт 350 гаруй тэрбум тєгрєгийн цоорхой үүсэх гэж байна. Хэмнэлт, таналт хийлээ гээд 200 тэрбум төгрөг гарахаар тооцоо гарсан. Тэгэхээр бидний хувьд сайн тєсєл боловсруулж, гадаадаас шууд хєрєнгє оруулалт татах эсвэл зээл авах гэсэн хоёр сонголт л үлдээд байна.
Нээлттэй нийгэмд мөнгөний хүчин зүйл нь улс төр, нийгмийн үйл явдлууд, хандлагуудыг тодорхойлогч, зохицуулагч мөн. Тэгэхээр эдийн засгийн цусны эргэлтийг хангах, тэжээх мөнгийг бид хаанаас босгох вэ?
Хямрал дэлхий даяар нүүрлэсэн гэлээ ч сул мөнгө энд тэнд байна. Катар болон Хятадаас 3 тэрбум ам.долларын зээл авахаар Засгийн газрын шугамаар ярьж байна.Саяхан Германд миний бие ажлын айлчлал хийх үед Германы Засгийн газрын төлөөлөл Монголд 5 тэрбум хүртэл еврогийн зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн.
Зарим нэг хэтэрхий "мэргэн ардуудын" яриад байгаа шиг "бидэнд илүүчлэх мөнгө хаана ч байхгүй" биш юм. Тэдгээр улсуудын хувьд бидэнд зээл өгөх нь өөрсдөд нь ч аврал юм. Яагаад гэвэл тэнд бас ажилгүйдлийн аюул нүүрлэж байгаа. Иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд ажил хийлгэх ёстой. Нэгэнт дотоодод нь эрэлт багассан учраас төр нь зохицуулалт хийж, зээлийн шугамаар гадаад зах зээл дээр эрэлт бий болгохыг хичээж байна. Тэгэхээр бидэнд зээл өгч өөрийнхөө иргэдийг орлогожуулах сонирхол тэдэнд байна, бидэнд хөрөнгө оруулалт олж, иргэдээ ажилтай болгох шаардлага байгаа. Аль алиндаа ашигтай зээллэг болно.
Техник тоног төхөөрөмж, технологи, ноу хау, бараа, үйлчилгээ гээд катар, герман, хятад иргэдийг цалинжуулах зүйлсийг тэд бидэнд зээлэх юм. Бид тэдний зээлээр дурдсан төслүүдээ хэрэгжүүлж иргэдээ орлогожуулах юм. Маш энгийн.
Зам, барилга дээр хэрэглэх техникийг бид Германаас зээлээр авна гэдэг нь тэдний ажилчид, инженерүүд, менежер, зохион бүтээгчид ажилтай болно гэсэн үг. Зээлийн баталгаа бол бидэнд хангалттай бий. Зээл авч эргэлтэнд оруулснаар бид ашигт малтмалын ордуудаасаа ирээдүйд олох ашгийн тодорхой хувийг одооноос хэрэглээд эхэлж байгаа юм. Газрынхаа доор юу ч үгүй улсуудыг бодвол бидэнд хэдэн цаас зээлэхэд барьцаа болчихоор хөрөнгө их байна. Тэгээд ч герман хэлтэй, тэнд боловсрол эзэмшсэн 18 мянган хүн монголд бэлээхэн байгаа нь хоёр орны хоорондох гүүр, харилцааны сэжим болж байдаг. Герман орон бол хөгжиж байгаа орнуудад үр дүнтэй төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж ирсэн арвин туршлагатай, технологийн дээд эрэмбэд гарсан улс гэдгийг ч тооцох хэрэгтэй.
Өнөөдөр монголд хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн 70 хувь нь барилга, дэд бүтцийн салбар дахь ажлын байран дээр байна гэсэн статистик гарчээ. Тэгвэл бидний төлөвлөж байгаа ажил одоо ажил хийж байгаа хүмүүсийн 70 хувийн ажлын байрыг хадгалаад нэмж 70 мянган шууд ажлын байр бий болгоход чиглэгдэж байгаагаар нь нийгмийн ач холбогдлыг нь үнэлж болно.
Хамтын шийдвэр, зүтгэлээр хямралаас гаръя
Хамтарсан Засгийн газрыг байгуулсны ашгийг үүн дээр л гаргамаар байгаа юм. Үр дүнгүй мэтгэлцээн, сөргөлдөөнөөр цаг уяхгүй, хурдан оновчтой шийдвэр гаргахын тулд л хамтарсан Засгийн газар байгуулагдсан билээ.
Томоохон бизнес шийдвэрийг 30 хоногийн дотор гаргах чадвартай улсыг өндөр хөгжилтэй орон гэж үздэг юм байна. Буурай орнуудад томоохон бизнес шийдвэр дунджаар 2.5 жилийн хугацаанд гардаг бол Монголд Оюу Толгойг ашиглах шийдвэрийг гаргах гэж дүлэгнэсээр бараг найман жил болох гэж байна. Таван Толгойг ашиглах талаар эрчимтэй ярьж эхэлсэн үеэсээ тооцоход л 4 жил шийдвэр гаргаж чадахгүй мунгиналаа.
Хямрал хэмээх мангас нийтийн эрх ашигт заналхийлж байгаа үед алгуурлаж болохгүй. Ашиглах асуудлаа шийдэж байх зуур ирээдүйн орлогоороо дэнчин тавиад цус сэлбэх шаардлага тулгараад байгааг дээр дооргүй ойлгож шуурхай хөдөлмөөр байна.
А.Смитийн номлосон "үл үзэгдэх" гар олон зүйлийг хийж, зохицуулж чаддаг ч үндэстний нийтлэг эрх ашгийг харин бодолцож чаддаггүй ажээ. Нийтлэг эрх ашиг бол манай нийгмийн хамгийн үнэт зүйл юм. Монгол хүн эх нутагтаа ажилтай, орлоготой, амгалан амьдралтай байх нь бидний нийтлэг эрх ашиг. Гэтэл тэр нийтлэг эрх ашгийг өнөөдөр төрөөс өөр хэн хангах вэ? Нийтлэг эрх ашгаа бодож, үүнийгээ дэмжсэн хөрөнгө оруулалт хийж байж л Монгол хөгжинө үү гэхээс "зах зээлийн үл үзэгдэх гар" зохицуулахыг хүлээвэл хүмүүс маань элгээрээ мөлхөхөд хүрнэ.
Зөвхөн Таван толгойгоос ирээдүйд ашиглах нүүрсээрээ тооцоход 3 тэрбум ам.доллар бол 100 сая тонн нүүрсний л өртөг шүү дээ. Харин Таван толгойд багаар тооцоход 1 тэрбум 430 сая тонн нүүрс хэвтэж байгаа. Өвгөдийн үлдээсэн энэ баялгийг хүнд үед улс орноо хямралаас гаргах зорилгоор барьцаалахад хэн хохирох билээ. Ирээдүйд баялгаасаа олох орлогын багаахан хэсгээр зээл аваад хүмүүсээ ажилтай болгомоор байна
Эдийн засгийн хямралыг Их ажлаар давцгаая!
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд, МоАХ-ны дарга Х.Баттулга
Bataa
ШИДИШ