“Тусгаар тогтнол. Дахиад нэг удаа чин сэтгэлээсээ тусгаар тогтнол гэж хэлцгээе!”

Энэ бол Ли Куан Югийн сонгуулийн кампанийн нэг гол уриа дуудлага байлаа. Тэрээр бараг 60 жил тэгж хэлсэн дээ. Тэрээр түүхийн ширүүн давалгаатай нүүр тулж, өөрийгөө тулааны тэргүүн эгнээнд тавьсан нэгэн байв. Дайны хүнд хэцүү он жилүүдийг даван туулж, дараа нь хөл дээрээ дөнгөж тогтсон улс орноо тэрээр удирдаж, түүхийн хатуу шалгуурыг амжилттай давж чадсан юм. Хүндрэл бэрхшээлийн өмнө сөгдөлгүй, цаг үеийн хүндхэн сорилтуудыг давж өнөөгийн Сингапурыг сүндэрлүүлсэн, бяцхан боомт хотыг Азийн хөгжингүй улс болгоход бүхий л амьдралаа зориулсан тэр эрхэм ингэхэд хэн байв аа?

Энд сонин байж болно. Эхлээд нэрнээс нь тайлбар эрье. Ли Куа́н Ю – англиар  Lee Kuan Yew, эсвэл Lee Kwan-Yew гэж алинаар нь ч бичсэн байдаг. Өвөг дээдсийнх нь өмнөд Хятадын гуанжоу (кантон) аялгаар бол Лэй Куоньиу, пиньинь аялгаар бол Ли Гуанъяо, багад нь өвөг эцгийг нь хайрласан нэрээр бол Харри Ли гээд бүр хэдэн ч нэртэй болж байна.

Ли Куан Ю нь Чуа Жим Нео, Ли Чин Кун нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр  Кембрижийн их сургуульд хуульчийн мэргэжил эзэмших эрх авсан толгойтой оюутан байлаа. Мөн охин дүү, гурван эрэгтэй дүүдээ үлгэр дууриал болсон ах нь байв. Том ахын хувьд японы эзэгнэлийн үед гэр бүлээ харж хамгаалах өндөр хариуцлага үүрчээ. Энэ үеэс түүнд бизнесийн авьяас илэрч, амьдрах чадвар нь харагдаж эхэлсэн гэдэг. Ахынх нь энэ чадвар гэр бүлд нь хэчнээн их нэмэр болсон тухай отгон дүү Ли Суан Ю гэгч нь ийнхүү дурсаж байна:– Тухайн үед “эзлэн түрэмгийлэгчдийн мөнгө” гэлцдэг байсан мөнгөн дэвсгэрт дайны дараа үнээ цэнээ алдана гэдгийг ах маань мэдэж байсан тул дайны дараа арилжиж хатуу валют болгохын тулд зориуд олон эд, зүйл худалдаж авсан. Тэгэхэд ах маань бильярдын ширээ авахад нь бид учиргүй хөөрч байж билээ.

Наймааны сэтгэлгээтэй ноён Харри Ли хэрдээ барууны өндөр боловсролтой, гэрийнхэнтэйгээ англиар ярьдаг байсан ч цаагуураа күнзийн (конфуцийн) сургаалийг баримталдаг, тэр дундаа гэр бүл, эх орны ач холбогдол, хувь хүний бусдын өмнө хүлээх үүргийг гүнээ ухамсарладаг нэгэн байв. Өөрөө сайн сурлагатай байсан тул дүү нартаа ч хичээнгүйлэн суралцахыг захидаг, отгон дүүдээ Англид анагаахаар суралцвал өөрийгөө бүрэн дайчилж, тэвчээртэй байхыг сануулдаг байв. Дүү нь ч ахынхаа үгийг үг дуугүй дагажээ. Ли хар багаасаа бусдын өмчид хүндэтгэлтэй ханддаг. Дүү нар нь зөвшөөрөлгүй юмыг нь авахад тун дургүй байв. Тэр улс төрд хөл тавьж, Сингапурын хөгжил цэцэглэлтэд амьдралаа зориулахдаа ч энэ зарчмаа орхисонгүй. Зөвхөн гэр бүл, найзууд гэлтгүй, ард иргэдэд ижил ханддаг байлаа. Гэвч түүний хичээл зүтгэл нь гэр бүлдээ зориулах цагаас нь бага багаар хумслах болсон ажгуу.  

Ли Суан Югийн дурсамжаас цааш сөхье:

-    Тэр минь маш сайн ах.  Ахын хувьд өндөр хариуцлагатай, ухаантай, хэрэгтэй үед зөвлөлгөө өгөхөд хэзээд бэлэн. Өөрт нь хэзээ ч хандсан түвэгшээлгүй сонсдог. Хэрэв чи Англид анагаахаар сурмаар байвал их хөдөлмөрлөх хэрэгтэй, тэнд маш ширүүн өрсөлдөөнтэй шүү. Сингапурт өрсөлдөөн бага. Харин Их Британид бол өөр шүү гэж хэлдэгсэн. Миний байдлыг хараад чи үүнээсээ илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэх нь хатуу даалгавар мэт байв. Энэ бол надад өгсөн хамгийн үнэтэй зөвлөлгөө байлаа. Би ч үгийг нь сонсож, өөрийгөө хангалттай дайчлахгүй байгаа юм байна даа гэж бодоод хичээж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн дөө.

-    Нэг өдөр манай дунд ах Ли ахын гутлыг зөвшөөрөлгүй өмсчихсөн. Өмсөж өмсчихөөд буцааж тавихдаа цэвэрлээгүй хийчихсэн байгаа юм. Том ах хичнээн их уурласан гээч. Тэр үеэс хойш зөвшөөрөлгүйгээр юманд нь хүрч болохгүйг яс махандаа шингэтэл ойлгосон. Хувиа хичээмтгий гэдэг утгаар хэлээгүй юм шүү.  Мэдээж юмыг нь хэрэглэж болно, гэхдээ эхлээд зөвшөөрөл авах ёстой. Харин дараа нь яг ямар байсан тэр чигээр нь эргүүлж өг гэдэг зарчим л даа.

-    Ах маань ямар ч нөхцөлд шинэ оны өмнөх орой гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барина. Бид заавал цуглаж, хамтдаа хооллоно. Мөн төрсөн өдрийн баяраар ч цаг гаргахыг хичээнэ. Боломж л олдвол халуун ам бүлээрээ оройн хоолонд орох дуртай байсан билээ.
 
Ли Куан Ю нь охин дүү Моникагаа үргэлж харж хамгаалдаг байв. Гэрт нь үргэлж л ахынх нь найзууд цугладаг байсныг дүү Моника Ли нь дурссан нь:–  Би 4 ахтай. Нэг ах дунджаар 12 найзтай гээд бодвол аймшигтай тоо гарна. Ах нарын найзууд ирэхээр манайх зах шиг хөл хөдөлгөөнтэй газар болчино. Хүмүүс байнга орж гардаг байсан тул шөнө дунд болтол манайх хаалгаа цоожилдоггүй. Гаднах хаалгаа ч хаадаггүйсэн.
 
Ли Куан Югийн бас нэг дүү Фредди Ли дурсаж байна:– Хаалгаар орж гарах хүмүүсийн дунд хожмын Сангийн сайд Хон Суй Сен ч байж билээ. Хон Суй Сен ахын маань их дотно найз байсан. Пенангаас ирэх болгондоо манайхаар ирдэгсэн.

Энэчлэн баримт бичвэл ихээхэн мөрүүд ярайхаар. Ер нь ноён Лигийн амьдралд гэр бүл, найз нөхөд нь чухал байр суурь эзэлдэг байсан нь илт. Тэгээд ч ойр дотныхон нь түүнийг улс төрд хөл тавихад том дэмжлэг үзүүлсэн юм. Ноён Хон нь Ли Куан Югийн Засгийн газарт хамтран ажиллаад зогсохгүй, түүний дотны анд нөхөр нь байв. “Би Доктор Го-д  хамгийн сайн төрийн нарийн бичгийн дарга Хон Суй Сенийг өглөө. Үг дуу цөөнтэй, олон үггүй боловч бусдыг сайн ойлгодог, хэн юу хийж чадахыг андахгүй мэддэг хүн юм шүү” хэмээн нөхрөө үнэлж байжээ. Хожим Засгийн газрынхаа сайд нарын цалингийн асуудлаар Ли Куан Ю маргалдахдаа “Хон зэрэг эхэн үеийн удирдагчид авилгалгүй, үр дүнд чиглэсэн төрийг цогцлоох эрмэлзэлтэй байсан тул энэ хөдөлмөрийг мөнгөөр үнэлэх боломжгүй” хэмээн ярьж байжээ.
 
Сингапурын Гадаад хэргийн анхны сайд Ражаратнам гэж энэтхэг хүн бий. Тэр бас Лигийн найз, төлөөлөгч, Лигийн улс төрийн замналынх нь эхэн үед танилцсан дотны анд нөхдийн нэг байсан юм. Түүнийгээ Ли Куан Ю хэрхэн үнэлж байв. “Тэр миний итгэлтэй сайн найз байсан. Үнэхээр зөөлөн сэтгэлтэй хүн. Найдлага тасарсан үед шантарнаа гэж байхгүй. Ажилдаа үргэлж чин сэтгэлээсээ хандана. Нөхцөл байдал бүрхэг байна даа гэж бодох үед  санаа зоволтгүй ээ, оролдоод үзье  гэдэг хүн байсан. Миний бодлоор энэ бол удирдагч хүнд заавал байх ёстой маш чухал зан чанар” гэжээ.

Сингапурын түүхээс сөхөж үзвэл, Иргэний намын нөхөдтэйгөө ноён Ли ойр дотно харилцаатай байв. Түүхэн цаг үе тэднийг нэгтгэж шинэхэн байгуулагдсан улсын өмнөх хүнд шалгуурыг давахад туслажээ. Коммунист үзлийн эсрэг хамтын тэмцэл тэднийг хэзээ ч салахааргүй болгож, бат илтэлцлийг бий болгосон аж. Сингапурын төрийн сайд асан Ку Цаи Ки дурсаж ярьж байна:– Иргэний намыг байгуулалцсан зарим гишүүн одоо ч амьд сэрүүн байгаа. Ли Куан Ю тэдэнтэй маш дотно харилцаатай байдагсан. Энгийн иргэд, орон нутгийн удирдагчид Ли өөрсдөд нь санаа тавьдгийг мэддэг тул тэд ноён Лид зүгээр нэг сэтгэлийн дэм өгөх биш, харин асар хүчтэй дэмждэг байв.

Ли Куан Югийн ойрын хүрээлэл дунд эр хүний цорын ганц түшиг болсон эмэгтэй Ква Геок Чугаас өөр дотно хүн байсангүй. Ли Куан Югийн амьдралын түшиг хатагтай Ква Геок Чу нь дунд сургуульдаа Лигээс илүү суралцдаг  байсан тул хараанд нь өртжээ. Тэрээр жилд ердөө хоёрхон шилдэг оюутанд Их Британид суралцах эрх олгодог Хатан хааны тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан байв. Өрсөлдөөнөөр эхэлсэн харилцаа яваандаа хайр сэтгэл болон цэцэглэжээ. Кембрижийн Гиртоны коллежийн оюутан бүсгүйтэй Ли Куан Ю цаг үеийнхээ уламжлалыг зөрчиж, эцэг эхдээ огт мэдэгдэлгүйгээр Англид нууцаар хуримлажээ. Харин Сингапурт ирснийхээ дараа Ли  гэргийнхээ ааваас охиныг нь гуйж, албан ёсоор хувь заяагаа холбосон гэдэг.
 
Ли өөрөө хожим дурсан ярихдаа:

-    Барууны соёлд бол та хайртай бүсгүйтэйгээ л гэрлэ гэдэг бол харин дорнын соёлд та гэрлэсэн бүсгүйдээ хайртай болох ёстой гэдэг. Би аль алиныг нь хослуулах гэж оролдсон. Ингэлээ гээд нэг их алдаагүй байх аа.
 
Тэрээр гэргийгээ Хатагтай Ли, эсвэл зүгээр л Чу гэж дотночлон дуудна. Гэргий нь Лигийн итгэлийг хүлээсэн үнэтэй зөвлөгч нь байв. Ли хилийн чанадад, эх орондоо, хаана ч гэргийтэйгээ цуг явдаг байж билээ.

Эцэг эхийнхээ тухай хүүхдүүд нь дурсан ярьж байна.

Отгон хүү Ли Сянь Ян:
-    Тэр хоёрын харилцаанд нэг нь захирч, нөгөө нь захирагдана гэсэн ойлголт байгаагүй. Хэн нэг нь давуу эрхтэй энгийн хосын харилцаа байгаагүй. Аав маань олон асуудал дээр ээжийн зөвлөлгөөг сонсож, саналыг нь хүндэтгэнэ. Ер нь харилцан хүндэл дээр тогтсон харилцаатай байсан байх. Мэдээж заримдаа хүндрэл гарна. Ер нь хүн бүр харилцааны асуудалтай тулгардаг шүү дээ. Сайхан гэр бүлийн харилцаа бий болгохын тулд цэцэг шиг байнга услах хэрэгтэй. Аав ээж хоёр маань маш сайхан цэцэг ургуулж чадсан гэж боддог доо.

Ли Куан Югийн ууган хүү, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун:                              
-    Миний аав ээжийн зөвлөлгөөг маш нухацтай сонсдогсон. Мэдээжийн хэрэг бодлого, төрийн асуудлыг сайд нартайгаа шийднэ. Гэхдээ ээж маань аавыг санаагаа хэрхэн илэрхийлсэн, хэрхэн яаж өөрийгаа харуулсан, бусдад яаж ойлгогдсоныг нь  анхааралтай ажиглаж зөвлөдөг байв. Аав маань ч зөвлөлгөөг нь хүлээн авна. Олон жил хамт амьдарсны дараа хосууд хоорондоо адилхан болж эхэлдэг шүү дээ. Харин тэдний хувьд бол эрс ялгаатай зан авиртай хүмүүс. Нас ахисан хойноо ч нэг нэгэндээ төдийлөн уусаагүй. Гэхдээ хоорондоо гайхалтай нийцдэг байсан даа.  

Үнэндээ Сингапурын хөгжлийн нууцыг тайлахад энэ аугаа хосын (“Ли Куан Ю–Ква Геок Чу”) түүхийг судлахгүйгээр учрыг гаргахад хэцүү гэлцдэг. Энэ хостой учирсан олон хүн тэр хоёрын ойр дотно харилцааг мэдэрнэ. Тэр хоёр бол гэр бүлийн үнэт зүйлс, насан туршийн холбоо байгуулахын ач холбогдлыг амьдралаараа үлгэрлэн харуулсан түүхт хосууд бөлгөө.  

Сингапурын Ерөнхийлөгчөөр 1999-2011 онд ажилласан Селлапан Раманатан ярьж байна:
– Гэргий нь мань хүний хувьд чухал түшиг тулгуур нь байсан даа. Лигийн илтгэл, хэлсэн үгнүүдэд ч түүний санаа багагүй тусгагдсан байх. Мөн зарим яриа хэлэлцээнд нь ч зөвлөж харагддагсан. Хамгийн сонирхолтой нь тэд үргэлж л ярилцаж явдаг байв. Бид заримдаа юу ярьж байгааг нь сониучирхана. Харин тэд яриандаа бүр автчихсан, тун баяртай харагддагсан.

Сингапурын Засгийн газрын сайдаар 1990-2011 онд ажилласан Жорж Йо:
– Тэр маань гэргийтэйгээ маш өвөрмөц, дотно харьцаатай нэгэн байв. Бид бүхэнд үлгэр дууриал болохуйц сайхан харилцааг тэд харуулдагсан. Гэргий нь яг түүний төлөө амьдарсан юм.

2003.10.26-нд хатагтай Ли цус харважээ. Тэрээр нөхөртэйгээ хамт Лондонд айлчлан явж байхдаа эдгэшгүй өвчинд нэрвэгджээ. Цус харвалтын дараа тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, эхнэрээ хэрхэн асрах болсон тухайгаа ноён Ли хэвлэлд нэг бус удаа ярьсан байдаг юм. Тэрээр орных нь хажууд сууж ханьдаа шүлэг уншиж өгдөг байв. Гэргийнхээ өдрөөс өдөрт дордохыг харсан тэрээр сэтгэлийнхээ дарамтыг багасгахаар бясалгалд явах болжээ.

Хожим  нь бясалгалын багш,  GIC группын захирал Ин Кок Сон ингэж дурссан юм:
- Өөрийнх нь бие дордож байсан ч эхнэрээ асрахын төлөө чадах бүхнээ хийж байсан даа. Орой бүр эхнэрийнхээ орны дэргэд цаг гаран ярьж суудаг, сонин хэвлэл, дуртай шүлгийг нь уншиж өгдгөө надад хэлдэгсэн. Эхнэр нь ярих чадвараа алдсан тул Лид маш хүнд туссан. Тэр үед би Лиг гэргийнхээ араас аль хэдийнэ шаналаад эхэлчихснийг ойлгосон. Тэрээр бясалгалын тусламжтай өөрийгөө тайвшруулж эхнэрээ үргэлжлүүлэн асарна гэж бодсон байх даа.

Хатагтай Ли 2010 оны намар ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Ли Куан Югийн шаналалыг улс орон даяар нь хуваалцсан юм.

“Муу нөхөр эхнэрээ магтдаг” гэх монголчуудын үг бол заримдаа алдуул үг шиг санагддаг юм. Сингапур дээр жишээлээд би тэгж үзэж байна.

Ли Куан Ю эхнэрээ бурхан болсон мөчийг ингэж дурсан ярьсан байдаг юм:
-    Түүнгүйгээр би тэс ондоо замналаар алхаж, тэс өөр хүн болох байсан даа. Гэргий минь миний болон үр хүүхдийнхээ төлөө амьдралаа зориулсан. Миний хажууд үргэлж түшиг болдогсон. Тэр минь утга учир, дулаан элчээр дүүрэн амьдарсан. Тэр минь 89 жил жаргалтай амьдарсан даа хэмээн би уг нь тайтгарах ёстой байтал салах ёс хийх энэ мөчид зүрх минь уй гашуугаа дааж ядан байж билээ.

Зарим гэрчийн ярьж байснаар, нас нөхцсөн гэргийгээ ихэд санагалзах болсон Ли Куан Ю байшингийнхаа өрөө бүрт хөрөг зургийг нь байрлуулахыг хүсчээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөм хайр гэхээс өөрөөр юу гэх билээ?

Цаашаа энэ хайрын тухай мөрүүд үргэлжилнэ. Хатагтай Ли өөрийнхөө чандрыг нөхрийнхөө чандрын дэргэд байршуулах хүсэлтийг сүүлчийн гэрээслэлдээ илэрхийлж байжээ. Ингэж үхлийн дараа ч хайрт ханьтайгаа хагацалгүй мөнхөд хамт байхыг хүсчээ.

Ли Куан Ю–Ква Геок Чу нар  хоёр хүү, ганц охинтой.  Эцэг нь англи төдийгүй эх хэлээ эзэмшихэд онцгой анхаарал тавьдаг байсны ачаар хүүхдүүд нь бүгд унаган хос хэлтэй, хичээл сурлага сайтай хүүхдүүд болж өсцгөөсөн. Тэд бүгд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэж, хожим тус тусын салбарт амжилт гаргажээ. Тухайлбал ууган хүү Ли Сянь Лун нь 2004 онд Ерөнхий сайдаар сонгогдож, эдүгээг хүртэл албаа алзахгүй хашиж байна.  Тэрээр эцэг эхийнхээ адил Кембрижид суралцахдаа тоо, компьютэрын шинжлэх ухааныг судалж, аль алинд нь амжилт гаргажээ. Ли Сянь Лун Кембрижид сурч байхдаа хүүхэд насаа санагалзан аав ээжтэйгээ байнга холбоотой байсан тухайгаа дурссан нь:

-    Тэр хоёр минь бидэнтэй холбоотой байхын тулд их чармайлт гаргадагсан. Биднийг гэрээсээ хол байлаа гээд аав, ээж хоёр минь 7 хоног болгон захиа илгээнэ. Бид ч хариу захиа заавал бичнэ. Ээж гараар бичдэг байсан бол аав маань бичгийн машинаар хоёр гурван тэмдэгтийн зайтай шивнэ. Дараа нь шивсэн хувилбараа гараар засаад, хааяа шинэ догол мөр бэхээр нэмчихнэ. Ингээд асар их хайр, сэтгэл шингэсэн 5-6 хуудас захиа ирнэ дээ. Тэр захианууд одоо ч надад хадгалаастай буй...

               Д.Баярхүү, Э.Долгион нарын хамтран бичиж буй
                                                                           “Эрин зууны их шинэчлэгч Ли Куан Ю” номын хэсгээс