Мальта & Mальта хүмүүс
Төвийг сахисан Мальта улсад зочлоё гэх санаа надад аль эрт төрсөн. Тэр санаандаа хүрч тийшээ зорилоо. Тус улсын ГХЯ, Ром дахь манай ЭСЯ харилцан тохирсны эцэст би тийшээ зориглоод очлоо. Тохиролцоо хэрэгжүүлэхээр Лхасүрэнгийн Байгальмаа бүсгүйг надад хөтөч болгоод томилж, тэр маань аэрпортод тосч авлаа.
Төвийг сахисан Мальта улсад зочлоё гэх санаа надад аль эрт төрсөн. Тэр санаандаа хүрч тийшээ зорилоо. Тус улсын ГХЯ, Ром дахь манай ЭСЯ харилцан тохирсны эцэст би тийшээ зориглоод очлоо. Тохиролцоо хэрэгжүүлэхээр Лхасүрэнгийн Байгальмаа бүсгүйг надад хөтөч болгоод томилж, тэр маань аэрпортод тосч авлаа.
Би өмнө нь арабын оронд алба хашиж, бас арабын хэд орныг хавсран ажиллаж байсан, жүүдийн улсад албан ажлаар хэдэнтээ очсоных газар орныг нь сайн мэдэх хүн. Харин энэ удаа Мальтад газардаад энэ чинь арабын орон уу гэмээр сэтгэгдэл гэнэт төрлөө.
Газар дундын тэнгисийн эрэг хөвөөлсөн улс орнуудын хот байгуулалтын ерөнхий нийтлэг дүр зураг нүднээ буулаа. Шаргал өнгөтэй чулуун байшингууд ярайж байна. Шаргал гэгээлэг өнгө нь хүний нүд амраагаад алжаал тайлчих шиг санагддаг юм. Тийм алжаалыг Александриа, Бейрут, Амман, Иерусалимд амссан бол энэ удаа Мальтад яг тэглээ.
Англиар болон мальта хэлээрээ “Malta”, харин латин хэлээр “Melita”, өөрсдийнх аман яриагаар “Молта” гэж нэрлэгдэж сонсогдох энэ жижиг улс 1964 онд дэлхийн улс төрийн газрын зураг дээр тэмдэглэгдсэн. Хоёр том арал, хэдэн жижиг шүрэн арлын улс. Газар дундын тэнгист Италийн Сицил арлаас өмнөшөө 90 км-ийн зайд орших, нийт 246-хөн хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр бүхий, энэ үзүүлэлтээр дэлхийд 185 дугаарт бичигддэг. Эргэн тойрны усан хил, шүрэн арлуулыг нийлүүлээд 316 хавтгай дөрвөлжин км болно.
Газар орны байдлыг ажваас арабын цөл санагдаж байлаа. Ой мод, тайга, ногоон байгууламжийг хүний гараар бүтээнэ үү гэхээс байгалиас заяасан нь алга. Шаргал тал, шаргал толгод цэлийж, далайн эргээрээ эгц хадан хясаа нүдээ тусна. Хэт халахгүй, хэт хүйтрэхгүй, чийглэг уур амьсгал, зөөлөн салхи угтан авлаа.
Мальта арлыг бол машинаар өдөртөө хэдэнтээ тойрчихоор юм. Тойрч ч байлаа. Борооны улирал гэж байдаггүй, хур тунадас бага унадаг, гол мөрөн гэж байхгүй, худаг ухаад нэмэргүй, цэвэр ус гэж байдаггүй, ундны усаа Сицилээс импортоор авдаг гэхлээр тэнд яаж тийм тансаг амьдралыг бүтээв гэсэн асуулт ээрч байлаа.
Мальта гэж арал, энэ ард түмэн зовлон зүдгүүрийг түүхэндээ хангалттай амсчээ. Гарал нь семит гэх ойлголт надад төрж байлаа. Гаднаас нь харахад семит-араб төрхтэй хүн зөндөө. Гэтэл түүхэнд бичсэнээр Өмнөд Итали, Сицилээс хэдэн мянганы тэртээ нүүдэллэн ирэгсэд болж таарав. Арлын байршил нь түүхийнхээ бүх үеийн туршид стратегийн ба геополитикийн хамгийн чухалд тооцогдож иржээ.
Европыг Ази, Африктай холбох тэнгисийн зам харилцаа Мальтаар л дайрна. Манай эриний өмнөх VIII зуунаас эхлэн тийшээ финикчүүд, грекүүд, карфагенчууд, ромчууд, визант, араб, норман, испани, түрэгүүд, загалмайтны рыцарууд, хожим Наполеон Бонапарт, эцэст нь британичууд энэ арлыг эзэгнэж байжээ. 1530 онд V Карл хааны зарлигаар тэнд рыцаруудын улс байгуулж, түүнийг нь Наполеон 1798 онд татан буулгаж, 1814 онд британичууд арлыг Францаас авч цэргийн губернатор томилж байжээ.
Англичууд энэ арлыг цэргийн бааз–колони маягаар ашиглаж 1964 он хүргэжээ. Британиас салсан Мальта нь 10 жил бэлтгэл базаасны эцэст 1974 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1979 онд британийн сүүлчийн цэргийг гаргасны дараа төвийг сахихаа зарлажээ. “Цэргийн бааз–улс”-ын статус нь Зөвлөлтийн үй түмэн цэрэг суулгаж байсан социалист Монголтой төстэй. “Цэргийн бааз–улс”-ын статусаа халсны дараа төвийг сахихаа зарладаг олон улсын практикийг Мальта дэлхий дахинд үлгэрлэж, 1990-ээд оны эхээр манай улс мөн тэгэхээр яриа хөөрөө өрнүүлж, бүр Батлан хамгаалахын сайдаа (дэслэгч генерал Ш.Жадамбаа) Швейцарьт томилж явуулж байсан нь тохиолдлын хэрэг огтоос биш юм.
2015 оны тооллогоор энэ улсын нийт хүн ам 429 344 гэж тоологдсон. Хүн амын их багын хэмжээгээр дэлхийн улс орнуудын дотор 174 дүгээрт жагсдаг, харин хүн ард нь шигүү чигжүү суурьшдаг үзүүлэлтээр 1 ам дөрвөлжин км-т 1432 хүн ногддог гэвэл дэлхийд энэ үзүүлэлтээрээ айргийн 5-д орно. Гэтэл ДНБ нь 9.3 тэрбум ам.доллар, хүн ам тутамдаа хуваагаад үзвэл 27 700 ам.доллар гэх үзүүлэлтээр баялаг хангалуун амьдралын шалгуурыг аль хэдийнэ давжээ.
Үлэмж бага нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай хэрнээ баялгийн хүртээлтийн үзүүлэлтээр Европын Холбоондоо дунджаас дээгүүрт гэхлээр энд нийгмийн хөгжлийн гайхамшиг байх шиг. Тэр нь юу юм гэхлээр аялал жуулчлалаас өөр юм харагдахгүй, далайн боомтын үйлчилгээ, түр зогсолтын төлбөр хөлс гэж байдаг байх.
Үндсэн төрөлх мальта хэлнийх нь 60 хувь араб үгс гэхлээр арабчуудын үлдээсэн ул мөр их, гэтэл лалын шашныг нь тэгтлээ аваагүй бололтой. Англи хэлийг төрийн хэл болгон хэрэглэж байгаа нь Европын Холбоондоо Ирланд тэр хоёр. Үнэхээр түгээмэл хөгжсөн. Хэрэв Та англи хэлний ваакум сургалтад хамрагдъя, үр хүүхдээ явуулъя гэвэл Л.Байгальмаа бүсгүй (lkhasurenb@yahoo.com; мобайл утас +356 79799097) зохицуулаад өгнө. Тэрээр эхэлж ганцаараа очиж ажиллаж байгаад охин Г.Уянгаагаа урьж аваачин, тэр нь эдүгээ яг англи хүн шиг ярьдаг, сэтгэдэг болжээ. Британид байтугай дэлхийд алдартай Лондонгийн эдийн засгийн их сургуулийн (The London School of Economics and Political Science) салбар их сургуульд тэр монгол охин эдийн засагт боловсорч байна.
Мальтын хүн амын 95.7 хувь нь мальтачууд, хүн амын 97.3 хувь нь католик шашинтан. Хууль бус цагаачид, дүрвэгсэд, ялангуяа “Арабын хавар”-аас дайжигсад, Сирийн дайн хохирогчид гэхээр хүн олж харсангүй. Ливи, египет, марокко цагаачид ганц нэг бий гэсэн. Харин Их Британи ба Европын бусад хэсгээс тэтгэврийн хөгшдийг цагаачлуулах талаараа Мальта алдартай гэлцэх юм. Мальта дахь 5 гэр бүлийн нэг нь мальта ба гадаад иргэний холимог гэр бүл, тэр тоолонд 5 гэр бүл тутамд эрлийз хүүхдүүд өсч торниж байгаа гэх баримт олж сонслоо. Холимог гэр бүлийн дотор орос бүсгүйчүүд толгой цохиж (22 хувь) яваа гэх баримт сонсоод би эгээтэй л савж унасангүй. Оросын дараа мароккочууд, гуравт британичууд жагсана гэв. Мальтад бэр болж очсон ганц нэг монгол бүсгүй бий гэсэн.
Миний уулзалт Мальтын сөрөг хүчний Үндсэрхэг намаас эхэллээ. Энэ нам 1924 онд байгуулагдсан улс төрийн баруун төвийн том нам юм. Засгийн эрхийг ч олонтаа барьж байжээ. Одоо парламентдаа гол сөрөг хүчин нь. Нөгөө талд эрх баригч Лейборист нам байна. 1920 оноос түүхээ эхэлсэн зүүн төвийн социал-демократ маягийн нам юм. Өөр хэд хэдэн нам бий гэсэн.
Төвийг сахисан туршлага сургамжийнхаа талаар надтай сэтгэл харамгүй яриа өрнүүлсэн мальта нөхөддөө талархахаас аргагүй. Каирт надтай нэг өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан Мальтын Элчин сайд Жиованни Мичели тэнд парламентын (Төлөөлөгчдийн танхим нь нэг танхимтай, 69 гишүүнтэй) олон улсын харилцаа эрхэлсэн зөвлөх, Элчин сайд хийж байна. Парламентад зочилж түүнтэй уулзлаа. Мальтын Ерөнхий сайдын ажлын албаны даргаар 15 жил ажиллаад дараа нь Мальтыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг толгойлж, Европын Холбоонд анхны Элчин сайдаар очиж байсан ноён Ричард Качиа Каруана намайг найрсгаар хүлээн авлаа. Монголд хүргэнээр орж буй хуулийн профессор доктор Кларенсе Бусутиллтай оройн зоог хамтдаа барилаа. Мальтын цэргийн болон төрийн албаны ахмад зүтгэлтэн Петер Рипард гэртээ хүлээн авч зочиллоо. Мальтын дайны түүхийн музейн захирал, түүхч эрдэмтэн Винсент Дебоно эх орныхоо төвийг сахисныг нүднээ буутал ярьж өглөө.
Мальтад очвол соёлыг нь үнэхээр гайхан бишрэмээр юм. Рыцарын соёл гэж тэнд л байна. Эргэн тойрон, хаа л бол хаана хөшөө дурсгал, зураг хөрөг, зэвсгийн музей ярайж байна. Италийн соёлын нөлөө асар их байна.
Дундад зууны цайз бэхлэлт, хөшөө дурсгал, тэр дундаа христосын шашны өлгий нутаг гэмээр дурсгалын газрууд маш олон тааралдлаа. Хутагт Павел манай эриний өмнөх 60 оны хавьд энд номоо айлдаж христосын шашныг түгээжээ. Тэр гэгээнтэн зөнчийн дурсгалыг Мдина гэх цайзан хот дотор хангалттай үзлээ.
бүрэн эхээр нь уншиж сонирхоно уу.