(Японы талын хүсэлтээр бичсэн судалгаа-прогоноз өгүүллийн монгол хувилбар)

週間金曜日 “Shuukan KINYOUBI” – 7 хоног тутмын Баасан гараг
1/4/2016  № 1082, page 40


Монголын  гадаад бодлогын шинжээчийн үг:

(Main title) Өмнөд- Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Швейцарийн зөөлөн хүчийг ашигла. Д.Баярхүү: Nanboku choosenmondai no kaiketsu ni suisu no sofutopawa- wo tsukae

(Sub title) Хэдэн өдрийн өмнөөс "пуужин"-гийн асуудлаар шуугиулж байгаачлан, Хойд Солонгос нь Аюулгүй байдлын хувьд эрсдэл дагуулж, тэр нь зайлшгүй шийдэх асуудал болоод байна. Монголын гадаад бодлогын шинжээч Д.Баярхүү нь Швейцарийн зөөлөн хүчийг ашиглах нь зүйтэй хэмээн зөвлөж байна.



Ким Ир Сений удам угсааны олон хүүхдүүдийн нэгэн адилаар Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Ун Швейцарьт суралцсан. Нийт 100-120 элит гэр бүлийн хүүхдүүдийн ихэнхи нь Хятадад суралцсантай харьцуулахад баруунд суралцана гэдэг том оноо, давуу тал. Тэрээр баруунд боловсрол эзэмшсэн Хойд Солонгосын анхны лидер юм.



Ингэхэд энэ залуу удирдагч Швейцариас юу сурч ирээ бол? Европын ууган ардчилагч, хүний эрхийг орой дээрээ тахисан, компромисс, консенсус гэдгийн бодит бэлгэдэл болсон тэр улсад суралцжээ. Эрхбиш үүнийг гадарлах хэмжээнд ном үзсэн болов уу?

Швейцарь бол хэдэн зууны тэртээх түүхнээ ХХ зууны солонгосчуудын үзсэн шиг зовлонг амссан. Өвөр хоорондоо тулалдаж, хэдэн биенээ хядаж, гадаадын улсуудын довтолгоонд өртөж, үгүйрч хоосорч, адаг сүүлд нь “Төвийг сахих” гэгч арга замыг сонгоод, түүнээс хойш 200 жил өнгөрчихсөн, энэ хооронд ямарваа дайн, зэвсэгт мөргөлдөөн, олон улсын хэрүүл маргаанаас өөрсдийгөө хөндийрүүлсэн, тийм л улс. Тэр улсын тэр өвөрмөц чанарыг Ким Чен Ун мэдэхгүй биш мэднэ. Учир нь энэ тухай заалгасан, бас тохой зэрэгцэн суусан швейцарь хүүхдүүд үлгэрлэсэн байх.    



Солонгосын хойгт 1951 онд гал зогсоосноос хойш гал зогсоосон чигээрээ явсаар өнөө хүрсэн, өөрөөр хэлбэл 38 дугаар өргөрөг нь фронт хэвээрээ байна гэсэн үг. Фронтын хоёр талд цэрэг-зэвсгийн хэт их төвлөрөл бий болсоор, чухам дээрээс дохио хүлээсэн маягтай байсаар өнөөг хүрчээ. Энэ бол нэн ноцтой бодит байдал юм.

Тэгэхлээр цэрэг-зэвсгийн энэ эсрэгцэл, дайсагналыг солонгосчууд эрүүл ухаанаараа шийдвэрлэж даан ч чадахгүй байгаа нь нууц биш. Цаг хожих хэлбэрээр, аргацаах хэлбэрээр уулзалддаг, түүнийг нь дэлхийн хэвлэлүүдэд сүржигнэн мэдээлдэгээс өөрөөр ямар ч дэвшил ажиглагдахгүй байна.

Яг үнэндээ хойд ба өмнөд солонгосчуудыг хэлэлцээний ширээнд суулгаад зуучлах тэр хүчтэй зуучлагч л хэрэгтэй байна. Харин тийм зуучлагч нь лав Орос, Хятад, АНУ байж чадахгүй, бүс нутгийн өөр ямар ч тоглогч (Япон, Монгол гэх мэт) уриалан дуудаад нэмэргүй гэдэг нь тодорхой байна.



Ийм нөхцөлд Швейцарь санаачилгыг авбал ямар бол гэх хувилбар байж болно. Онолын ба практик талаас нь авч үзвэл маргаантай асуудлыг альтернатив хэлбэрээр зохицуулах технологийг Швейцарь эзэмшиж чаджээ. Зуучлал хийх энэ улс нь Солонгосын хойгийн  маргаанд нь 1) оролцоогүй, 2) холбогдолгүй, 3) аливаа асуудлаар туйлширдаггүй, 4) төвийг сахисан гурав дахь этгээд гарцаагүй мөн юм. Ийм 4 шалгуурыг хангачихсан, алс холын европын жижиг улс саналаа дэвшүүллээ гэхэд лав Сөүл дэх дэглэм үгүй гэхгүй байх, Пхеньяны дэглэм сонирхож болно. Учир нь Ким Чен Уны “хоёр дахь эх орон” нь санал тавьж байна.  
Маргалдагч Хойд ба Өмнөд Солонгосын талууд харилцан хүлээн авч болохуйц нөхцөл болзлоо дэвшүүлэх, эсвэл бүх асуудлыг “0”-тэгээс эхлэхийн алиныг ч сонгосон Швейцарь ажиллаж чадна. Энэхүү зуучлалын тухай 1899, 1907 оны Хаагын конвенц, НҮБ-ын Дүрэмд (33-р зүйл) тодорхой заасан, БНАСАУ, БНСУ нь НҮБ-ын гишүүн улсууд, тэр конвенцэд нь нэгдэж болно.  

Швейцарь бол сонгодог, уламжлалт, үнэмлэхүй зуучлагч эрхтэй улс юм. Тэр эрхийг нь дэлхийн  ихэнхи улс орон зөвшөөрдөг. Учир нь тэр улсад хэд хэдэн чухал чанарууд бүрджээ. Швейцарь–жижиг улс, тэр утгаар хэнд ч аюул занал учруулахгүй. Швейцарь–ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулдаггүй. Тэр утгаар Швейцарь нь олон улсын тавцанд “худалдааны жинхэнэ шударга зуучлагч” гэсэн имижтэй. Швейцарь–НАТО-д ордоггүй, Европын Холбооны гишүүн биш, колоничлогч гүрэн явсан түүхгүй. Швейцарь–сөргөлдөгч бүх талтай хэлэлцээ хийх ур ухаан чадавхитай. Швейцарь–хэлэлцээ явуулахад бэлтгэсэн дэд бүтэцтэй, санхүүгийн хангалттай боломжтой. Швейцарь–цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар туршлагатай. Швейцарь–ардчилал, федерализмыг хэрэгжүүлэх талаар гойд ажилласан туршлага ба нэр хүндтэй гэхчлэн.

Солонгосын нэгдлийн асуудал, Холбооны БНУ байгуулах тухай хоёр Солонгосоос гаргаж ирсэн элдэв санал санаачилгад нь тэр Швейцарийн федерализмын туршлага чухам “замын зураг” төлөвлөгөө болж болно. НАТО ба түүний тэргүүлэх гүрэн АНУ-тай холбоотон болоогүй Швейцарийн тэр чанар нь Хойд Солонгост таалагдаж болно.

Женевт Солонгосын дайныг энх тайвнаар зохицуулах тухай олон улсын бага хурал 1954 онд болж байсан түүх хуучраагүй. Тэр түүх өнөөгийн хоёр солонгосчуудад гэгээнээр дуурсагдах магадлалтай. Пханмунжомд, эсвэл Бээжинд, өөр хаа нэгтэй хоёр Солонгосыг албадаж ятгаж хэлэлцээний ширээнд суулгахын оронд нэг удаа Женевт урьж аваачвал ямар байдаг бол? Тэд ухаан сийлэх ч юм бил үү?

Швейцарь өөрийн зүгээс Солонгосын дайнтай бас холбогдсон. Швейцарийн цэргийн ажиглагчид 1951 онд гал зогсоосон тэр газар өнөөг хүртэл  алба хашиж байна. “Хүйтэн дайн”-ы бэлгэдэл болсон цусгүй фронт дээр эдүгээ бэлгэдэл болоод Швейцарийн 5 цэрэг алба хааж байна. Швейцарийн армийн жанжин штабын дарга нь Өмнөд Солонгост айлчлангаа Пханмунжомд очиж НҮБ-ын ажиглагч 5 цэргээ эргээд буцсан тухай мэдээ би уншиж байсан. Энэ бол Солонгосын хойгт гал зогсоох тухай гэрээ байгуулсны 60 жилийн ой тохиосон 2013 оны зун юм. 1953.07.07-нд Швейцарийн Засгийн газраа тийш нь цэргээ илгээх шийдвэр гаргаж байжээ. “Төвийг сахисан улсуудын ажиглалтын комисс” гэдэгт цэргээ оруулж явуулжээ. Швейцарийн түүхэнд энэхүү өдрийг (7 дугаар сарын 7) ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэдэг. Тус орны түүхийн нэг чухал үе шат гэдэг. Учир нь түүхэндээ энэ улс алс хол, хамгийн урт удаан хугацаанд энхийг сахиулахаар цэргээ илгээсэн нь тэр юм. Ватиканд швейцарийн гвард олон зуун жилээр харуул манаанд гардаг бол Солонгосын хойгт энхийг сахиулсаар 63 дахь жилээ үдэж байна.

Пханмунжом тосгонд 1953.07.27-нд байгуулагдсан “Төвийг сахисан улсуудын ажиглалтын комисс”-т Швейцарь, Швед, Польш, Чехословакийн цэргийн ажиглагчид оролцон 38 дугаар өргөрөгийн хоёр талд ажиллаж байв. СССР-ийг төвийг сахисан улсын статустайгаар энэ хэрэг оруулахаар Хойд Солонгос чармайгаад бүтээгүй. Чехословак улс хоёр хуваагдсанаас хойш энэ улсын орыг хэн ч залгамжлаагүй, харин Польш нь 1995 он хүртэл Хойд Солонгосын хяналтын бүсэд ажиллаж байгаад ажиглагчаа буулгажээ. Эдүгээ Хойд Солонгост гадаадын цэргийн ганц ч ажиглагч байхгүй.

Харин одоо Өмнөд Солонгосын талын бүсэд Швейцарь, Швед нь бэлгэ тэмдгийн байдлаар ажиглагчаа үлдээсэн, тэд нь албаа хашсаар байна. Швейцарь яагаад өнөөг хүртэл тэнд байгаад байна вэ гэвэл дэлхий дахинд төвийг сахисан, тууштай түнш, зуучлагч гэдгээ нотлон харуулж, түүнийг нь дэлхий мэдээсэй гэсэнд хэмээн тус улсын Ерөнхийлөгч бөгөөд Батлан хамгаалахын сайд нь хэлсэн удаатай.

1976 онд БНАСАУ нь Швейцарийн нийслэл  Берн хотод ЭСЯ-аа нээсэн. 1995  онд  Швейцарь нь Хойд Солонгост төлөөлөлтэй болсон. Эндээс үзвэл Хойд Солонгос нь эхэлж Швейцарь руу хандсан, итгэл сэтгэлээ илэрхийлсэн мэт. Харин Швейцарь 1995 онд өлсгөлөнгийн аюулыг гэтэлгэхэд анхлан Хойд Солонгос руу нэвтэрсэн. 1997 онд Пхеньянд Швейцарийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлагийн товчоо (DEZA) нээгджээ. Хэдийгээр хүнс тэжээлийн тусламж гадаадаас зуучлан оруулах үүрэгтэй ч хаалттай Хойд Солонгосыг гадаад ертөнцөд аажмаар нээж өгсөн гавьяаг энэ товчоо үүрэлцэнэ. Энэ гавьяаг Швейцарь, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хоёр хуваалцана.

2001 оноос эхлэн «Солонгос–Швейцарийн хүнсний программ» хэрэгжиж байна. Олон мянган жил газартайгаа ажиллаж тариа тарьж сурсан солонгосчуудыг хөдөө аж ахуйн ажилд нь сургаж дадлагажуулж байна гэдэг сонин юм. Ажлынх нь үр дүнг дээшлүүлэхэд анхаарч байгаа байх. Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөх, өмнөд хөршөө болон АНУ-ыг үе үе заналхийлэх зэрэгт Швейцарь эмзэглэж байсангүй, хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлсээр л өнөө хүрчээ. 2012 оноос DEZA нь Хойд Солонгост ундны цэвэр усны хөтөлбөр хэрэгжүүлжээ.

DEZA агентлагийн дарга Вальтер Фустын хэлсэн үгс байна:

-    Швейцарь нь тус оронд оршин буй дэглэмийг дэмжих юм уу, унагахыг хүсэхгүй. Тэгэх тусмаа Швейцарийн Холбоо нь Засгийн газрыг бус улс орныг нь хүлээн зөвшөөрдөг. Швейцарийн зорилго бол хэлмэгдэж хохирсны талд зогсох явдал юм. Швейцарь нь жил бүр Пхеньянд тусламж болгож 3 сая шв.франк олгож байна. Үүний сацуу манай тусламж хэрэгтэй газартаа очиж байна уу, үгүй юү гэдгийг бид элбэг хянаж чадна. Хойд солонгосчууд Швейцарьт итгэцгээж байна.

Нэвтрэшгүй цайз мэт хөшиж тогтсон Хойд Солонгосын эрх баригч дэглэмийг өнөө цагт алс хол Европын Швейцарь л “зөөлөн хүч”-ний бодлогоороо зөөлрүүлж уяруулж, энхийг эрхэмлэхээс өөр замгүй болгож байж болох юм. Энэ нь ойрын жилүүдэд биш гэхэд, алсдаа хэрэгжих магадлалтай. Энэ бол дэвшил болно. Бүс нутагт төдийгүй дэлхий дахинд томхон алхам болно гэж үзэж байна.