Дипломат албаны ноён оргилуудын нэг – Oйдовын Бат-Очир
Хэрэв Аж үйлдвэрийн яам татан буугдчихгүй цаашдаа оршсоор байх ахул тус яамны хүндэтгэлийн түүхэн самбарт Ойдовын Бат-Очир гэдэг хүн хүндтэй байрыг эзлэх ёстой юм. Тэрээр тус яамыг 1956-1957 онд толгойлсон хэмээн “Аж үйлдвэрээр овоглосон Төрийн сайд” номд бичсэн байх агаад бас ийм мөрүүд тэр номд байна.
- Аж үйлдвэрийн яамны ажил муу байна. Сайдыг нь өөрчлөхөөр бодож байгаа.
- Аж үйлдвэрийн яамны асуудлыг Улс төрийн Товчоогоор хэлэлцэх том хурал ордонд болж Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
- М.Лувсанчоймбол гуай “Варшав” машинтайгаа давхиж ирээд шинээр томилогдсон сайдыг аваад явжээ.
- М.Лувсанчоймбол гуай надад ажлаа өгөөд Дорнод аймгийн дарга болсон юм гэхчлэн.
Энд нийтлэлийн баатар О.Бат-Очир гуайг тодруулах үүднээс хөндлөнгийн гэмээр баримт эш татаж байна. О.Бат-Очир нь нэг жил, дараа нь Ц.Дүгэрсүрэн 1957-1958 онд нэг жил, тэгээд М.Лувсанчоймбол 1958-1960 онд нэг жил ажилласнаа П.Дамдин гуай энэ яамны сайдаар 1960-1979 онд 19 жил ажилласан байдаг юм билээ.
1957-1959 онд О.Бат-Очир гуайг Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга, дарга байсан болов уу гэх таамгийг гэр бүлийнх нь намтрын товчооноос олж уншлаа. Гэвч тийм хороо 1974 байгуулагдсан хэмээн албаны номд байж байх юм.
Ямар ч л гэсэн Польшид Элчин сайдаар томилогдох хүртлээ нам-улсын хариуцлагатай алба хашсан нь гарцаагүй. Харин Польшид Монгол Улсын анхны Элчин сайдаар томилогдон очсон тэр түүхэн үе, тэнд харамсалтайгаар амиа алдсан О.Бат-Очирын тухай түүхэн үнэнийг өгүүлэх нь манай дипломатын түүхнээ хэрэг болох болтугай хэмээн үзлээ.
2014 онд нийтийн хүртэл болгосон “Монгол Улсын гадаад харилцаа” нэвтэрхий толь бичигт би Ерөнхий редактороор ажилласан хэрнээ хамт ажилласан Д.Лхамсүрэн хатагтай маань энэхүү О.Бат-Очир агсныг ор тас мартагдуулсныг анзаараагүйдээ үр хүүхэд, ач зээ нараас нь хүлцэл өчье. Харин 2011 онд хэвлэгдсэн “Монгол Улсаас хилийн чанад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд” номд манай ахмад дипломатч Л.Удвал гуай Варшав дахь Элчин сайдын яамны түүхийг өгүүлэхдээ Ойдовын Бат-Очир агсныг дурссаныг олзуурхан, түүнээс эшлэн энэхүү намтар судлалын бүтээлээ толилуулж байгаа болно.
ГЯЯ-ны төв байрны гол шатны зүүн талын хананд цагаан гантиг чулуугаар дурсгалын самбар 1971 оны 10 дугаар сард босгоход Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Ж.Даваа, Х.Чойбалсан, Э.Намсрай, О.Бат-Очир, Б.Сэрээтэр, Т.Пүрэвжал, Л.Тойв гэсэн нэрс мөнхрөн бичигдэж байжээ. Нэрээ мөнхрүүлэхийг бодохул гавьяатай нэгэн байж таарна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа өргөсөн гэдгээр дуурсагдах нэгэн байж таарна.
Монгол-Польшийн харилцааны түүх хөндвөөс эрхэм Бат-Очир яалт ч үгүй бичигдэнэ. Анхны Элчин сайд, анхны шан татаж, анх удаа Элчин сайдын яамаа төвхнүүлж, Монголын гал голомтыг Варшавт тавилцсан эрхэм хүн. Элчин сайдынхаа үүрэгт ажлыг гүйцэтгэж яваад тэр улсад амиа өргөсөн, Польшийн төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан анхны монгол дипломатч гэхчлэн бичвэл хоёр улсын түүхнээ хүндтэй байр эзэлнэ.
Ардын ардчилсан социалист Польштой харилцах асуудал Москвад суугаа БНМАУ-ын Элчин сайдын эрхлэх асуудал байж, Москвагаас Д.Адилбиш, С.Батаа нар хавсран сууж байсан бол 1958 онд Польшийн талын санаачилгаар Улаанбаатар, Варшавт Элчин сайдын яамдаа харилцан нээх асуудал тавигдаж, 1959.02.27-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 70 дугаар тогтоолоо батлаж, мөн оны 11 дүгээр сард Варшавт БНМАУ-ын ЭСЯ-ыг нээн ажиллуулж, орон тоо төсвийг нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1959.04.15-ны 145 тоот тогтоолоороо баталжээ. 1959 оны намрын адаг сард Элчин сайд О.Бат-Очирыг томилж Варшав руу илгээжээ.
Элчин сайд О.Бат-Очирын үед Монгол-Польшийн харилцааны эхлэл тун дажгүй тавигдсан аж. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу (тэр үеийн Монгол Улсын Төрийн тэргүүн) тэргүүтэй төлөөлөгчид Польшид айлчилж, хоёр орны худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны цаашдын төлөвийг тусгасан баримт бичиг байгуулж, хамтарсан албан мэдээ гаргаж, мөн иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, Монголд зээлийн нөхцлөөр эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай зэрэг баримт бичгүүд байгуулжээ. Монголоос анх удаа оюутнууд, дадлагажигчид Польш руу явж эхэлжээ.
Харин тэрээр цэл залуугаараа (39 настайдаа) амь насаа алдах болсон шалтгаан нь монголчуудын “тамын тогооны үлгэр”-ээс үүдэлтэй юм. Даан ч харамсмаар. Польшид мэргэжил дээшлүүлэхээр хэсэг монгол залуус очжээ. Тэд Варшаваас зайтай хөдөөгийн нэг хотод суралцаж, сурахын сацуу эх орныхоо нэрийг хугалж, архидаж согтуураад хэдэн биенээ хөнөөчихгээд дийлдэхээ болиход нь польшийн тал Элчин сайдад нь гомдол мэдүүлжээ. Өмнө нь ЭСЯ-ны ажилтан Х.Самжмятав очиж төвхнүүлээд нэмэр болоогүй тул Элчин сайд О.Бат-Очир өөрөө польшийн албаны хоёр нөхрийн хамт очиж учрыг олохоор яваад зам зууртаа галт тэргэнд машинтайгаа мөргүүлж амиа алджээ...