Аав, ээжүүддээ зориулав
Сонгино хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар бага сургуулиар орлоо. Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын цөм хөтөлбөр”-ийг туршсан 40 лаборатори сургуулийн нэг нь хотын захын дүүргийн энэ сургууль.
“Чи чадахгүй” гэж хүүхэддээ хэзээ ч битгий хэлээрэй!
Сонгино хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар бага сургуулиар орлоо. Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын цөм хөтөлбөр”-ийг туршсан 40 лаборатори сургуулийн нэг нь хотын захын дүүргийн энэ сургууль. Бага, дунд, ахлах ангийн сургалттай “Ирээдүй” цогцолборын зургаан сургууль нийт 11284 сурагч, 444 багштай. Бидний анх орсон хоёрдугаар бага сургууль 1420 сурагчтай, өглөөний ээлжинд 800 гаруй хүүхэд хичээллэж байлаа. Сургуулийн хаалгаар оронгуут өөдөөс цовоо цолгин дуугаар “Сайн байна уу та?” хэмээн цоглог нь аргагүй мэндэлж, бүр нэг зочин гийчин угтаж үдээд, үзүүлж харуулаад сурчихсан янзтай. Хичээл дээр гаднын хүн орж ирлээ гэж гэрэвшиж барьж байгаа ч юм алга.
Эхний хичээл тавдугаар ангийн Амьдрах ухааны сургалтын цаг дээр таарав. Хүүхдүүд “Манай сургуулийн орчимд тулгамдаж буй асуудал” сэдвээр сургууль дотроо хэлэлцүүлэг, асуулга зохион байгуулаад сургуулийн урдах 300 м.кв талбайд гэрэлтүүлэг тавьж, цементэн хучилтыг солих, сургуулийн хашаан дахь төвлөрсөн хогийн цэгийг шинэчлэх, эцэг эхчүүд, сурагчдын амрахад зориулсан сандал тавих гэсэн ажлуудыг сонгож, багт хуваагдан судалгаа, тооцоо хийжээ. Хичээлийн шинэ улирал эхэлснээс хойш бүтэн гурван сарын хугацаанд судалж нэгтгэсэн үр дүнгээ багшдаа танилцуулж байна.
Талбайн хучилтыг алаг чулуун хавтангаар солиход /зэргэлдээх сургуулийнхаа талбайг очоод үзчихсэн, хавтангийнх нь чанарыг бас шалгачихсан гэж байгаа/ хэдэн ширхэг хавтан орох, ямар үнэ өртөг гарах, хэрвээ зөөлөн дэвсгэрээр солиход хүрвэл бас ямар өртөг зардал гарах, өнгө болоод үнэ чанарын хувьд ямар ялгаатай болох, ямар компани оруулж ирдэг, гэрэлтүүлгийн хувьд кварц, лед, ламп гэрлийн ал нь тохиромжтой, мөнгөнд хэмнэлттэй вэ гэх мэтчилэн дор бүрээ судалгаа хийж харьцуулсан мэдээллээ багш нар, бусад багийнхандаа танилцуулж байна. Багт орсон хүүхэд бүр өөрийн үүрэгтэй. Хогийн сав, амрах сандлын тухайд ч ялгаагүй. Эцэст нь судалгаагаа танилцуулсан багийнхнаас бусад багийнхан нь асуулт асууж, сонирхсон мэдээллээ тодрууллаа. Та нарын 120 мянгаар үнэлсэн кварц гэрэл чинь тэр дэлгүүрт 90 мянга гэж байна лээ шүү, үнээ сайн харьцуулж судлаарай ч гэх шиг, УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг хийдэгтэй харьцуулахад дээрдэнэ үү гэхээс дордох юм алга. Цуглуулсан мэдээллэл, гаргаж байгаа үндэслэл, тооцооны хувьд шүү дээ. Нэг нь “Ангилсан хогийн сав тавчихаар хогийг хэн ангилж хогийн саванд хийх болж байна. Сурагчид гараараа хийх үү?” гэсэн чинь бас нэг хэгжүүн нөхөр “Нийлүүлээд аччихдаг хогийг ангилах ямар хэрэгтэй юм” гэж байна. Ёстой гоё! Ингээд хогоо ангилах хотынхны мөрөөдөл хад мөргөж байгаа юм. Ангилаад хаясан хогийг нь аваачаад өгөх үйлдвэр байхгүй байхад хотын гудмаар дүүрэн эгнүүлсэн”дахивар”-ын савнуудаар яах ч юм билээ. Томчууд ч гэсэн тооцоо энэ хэрийн судалгаатай хөдөлдөг бол юу л гэж жилдээ хоёр удаа замынхаа бродюрыг солих билээ дээ. Эдгээр нөхдийг ид маргаан дунд нь орхиод дараагийн ангиар орлоо. Тавдугаар ангийн Нийгмийн ухаан. Энэ өдрийн хичээлийн сэдэв “Мөрөөдөл”...
Багш нь сурагчиддаа нэг жижигхэн түүх уншиж өглөө. Яг л эдний насны өөр нэг ангид багш нь ирээдүйд ямар хүн болохыг хүсч байгаа тухай мөрөөдлөө бичиж ирэх даалгавар өгчээ. Нэг хүү шөнөжин бодож, бичээд маргааш нь багшдаа долоон хуудас дүүргэн бичсэн мөрөөдлөө авчирч өгч. Адууны том аж ахуй, 200 хурдан сайн морьд, хэмжээлшгүй том бэлчээрийн талбай... гэх мэтчилэн. Гэтэл багш нь хичээлийн дараа хүүг ганцааранг нь үлдээгээд “Чи ийм том аж ахуйтай болохын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүний оронд биелж болохоор арай өөр мөрөөдөл бичээд авч ирвэл дүнг чинь засч өгье” гэжээ. Хоёр хоногийн дараа хүү багш дээрээ ирээд “Та миний дүнг битгий засаарай. Би харин мөрөөдлөөсөө хэзээ ч ухрахгүй” гэж хэлдэг. Үнэхээр гучин жилийн дараа тэр хүү өөрийн мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд түүний анх удаа өөрийнхөө мөрөөдлийг бичсэн зохион бичлэг нь гэрийнх нь хананд хадаатай байжээ...
Ингээд л нэг ангийнхны дунд багш яагаад хүүгээс мөрөөдлөө өөрчлөхийг хүссэн, хүү яагаад татгалзсан тухай хэлэлцүүлэг өрнөв. Дараа нь өөр өөрийнхөө мөрөөдлийг хуваалцлаа. Нэг охин “Би бага байхдаа /бага байхдаа шүү/ том болоод ямар хүн болъё доо. Юу хийх юм бол оо. Одоо би яана аа... гээд л зөндөө их зовдог байсан. Тэгээд саяхан багш болох мөрөөдөлтэй болсон. Багш хүн хамгийн мундаг” гэж ирээд бүр нэг үнэн сэтгэлээсээ “буу халж” байна. Нэг удаа багштайгаа муудалцаад багш болох мөрөөдлөө орхихоор шийдсэн ч багшийнхаа ярьсан түүхийг сонсоод “хэзээ ч бууж өгөхгүйгээр” шийдсэн гэнэ. Нэг нь энхийг сахиулагч, өөр бас нэг нь уран уншигч, яруу найрагч болохыг хүсдэг гэнэ. Учир нь тэр охин багадаа ээрүү, олон хүний өмнө гарахаараа ярьж чаддаггүй сандардаг байжээ. Одоо харин тэр уран уншлагийн дугуйланд явж, бас шүлэг бичдэг болсон. Энэ өдрийн хичээлийн тайлал нь “ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС! МӨРӨӨДЛИЙГ ЧИНЬ ХУЛГАЙЛАХЫГ ХЭНД Ч БҮҮ ЗӨВШӨӨР!” гэдэг зүйл байлаа.
Гурав дахь хичээл Ирээдүй цогцолборын хоёрдугаар дунд сургууль дээр үргэлжиллээ. Зургадугаар ангийн Байгалийн ухаан.
Сурагчдыг таван баг болгоод тус бүрд нь нэг нэг гүйдэл хэмжигч, нэлээд хэдэн шингэн зүйл, хүнсний ногоо, жимс зэргийг өгсөн байв. Даалгавар нь ”Юу цахилгаан дамжуулдаг, эсвэл дамжуулдаггүй вэ?” гэдэгт хариулт өгөх. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд туршилтаа дуусгаад баг багаараа самбарт гарч үр дүнгээ танилцуулав. Алим, лууван, нимбэг, төмс, хийжүүлсэн ундаа, угаагч шингэн, харандааны бал болон металл зүйл гүйдэл дамжуулдаг гэнэ. Харин наранцэцгийн тос, хуванцар, цэвэр ус гүйдэл дамжуулдаггүй. Гүйдэл дамжуулдаг зүйлсийг дамжуулагч, харин дамжуулдаггүй эд зүйлийг тусгаарлагч гэдэг. Дамжуулагчийг ашиглаж цахилгааныг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүргэдэг бол тусгаарлагчийг цахилгаан гүйдэлд цохиулахаас хамгаалахад ашигладаг. Тиймээс ханан дахь унтраалгыг хуванцраар хийдэг... гэх мэтчилэн дүгнэлтүүд гарчээ.
Үүнийг бичигч бээр үеийнхнээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй боловсролтой, их сургууль дүүргэсэн этгээд. Нимбэгийг дундуур нь хувааж хооронд нь зэс утсаар холбож байгаад гар утас цэнэглэж байгаа бичлэгийг үзээд лав ойлгоогүй. Нойтон гартай цахилгаан хэрэгсэлд хүрвэл гүйдэлд цохиулдаг гэдгээс хэтрэхгүй. Тиймээс “ус гүйдэл дамжуулдаг” л гэж бодож байснаас алим, нимбэгийг ашиглан гар утсаа цэнэглэж болно гэж төсөөлж ч байсангүй. Гэтэл бидний уудаг цэвэр ус огтоос цахилгаан дамжуулдаггүй юм байна. Харин ямар нэг химийн найрлагатай ус, хүчиллэг, шүлтлэгтэй жимс, хүнсний ногоо, бас крантны ус ч гэсэн хлорын найрлагатай учраас л цахилгаан дамжуулдаг гэнэ. Химийн хичээл нэг жил үзсэн юм гэсэндээ орц найрлагыг нь хүртэл ярьж байна, цаадуул чинь.
Ингээд миний бүх амьдралын боловсрол “будаа” болоод зургадугаар ангийн байгалийн ухааны хичээлээс зугтах шахам гарлаа. Хамгийн товчоор хэлэхэд “Боловсролын цөм хөтөлбөр” гэдэг энэ юм байна. Хими, Физик, Биологийн багш нар нэг баг болоод сургалтынхаа хэрэглэгдхүүнийг бэлтгэчихдэг, нэг хичээлийн цаг дээр нэлээд олон шинжлэх ухааны мэдлэгийг өгч чаддаг, тэр мэдлэг, мэдээллээ цаг тухайд нь туршаад ой тойндоо шингээгээд авдаг болсон байна. Хамгийн гол нь хичээл сонирхолтой. Хичээл сонирхолтой учраас хүүхэд бүрийн нүд гэрэлтэй, дуун өндөр, хараа дээгүүр. Ийм хичээл дээр хүүхдийн хоцрогдол энэ тэр ярих бол илүүц юм байна л гэж харсан. Багийн нэг гишүүн туршилтынхаа үр дүнг танилцуулж байхад нь бусад нь багшаас болон бусад багаас ирсэн асуултад хариулж, энэ үзэгдлийг юунд ашиглаж болох тухай санаа оноогоо дэвшүүлнэ.
Өнгөрсөн намар Боловсролын бодлогыг УИХ-аар хэлэлцэгдэж байх үед өмнөх сайд нь “Кембрижийг хөтөлбөрийг зогсоочихлоо. Цөм хөтөлбөр гэж бас хаанаас юу гараад ирэв, зогсоогоод өгөөч” гээд УИХ-ын дарга, гишүүдийг хормойдож харагдсан. Саяхан нэг намынх нь нөхөр бас л “Кембриж гэж их зүгээр юм байсныг зогсоочихлоо. Манай төрд ер ой санамж гэж юм алга” гээд зурагтаар ярьж байна лээ. Сураглаад үзсэн чинь англи хэл дээр бүх хичээлээ явуулдаг, Кембрижийн их сургуулийн дэргэдэх Шалгалтын төвөөс удирдамж авч хичээлийнхээ хөтөлбөрийг гаргадаг, төрийн өмчийн бусад сургуулийн нэг сурагчид ноогдож байгаа хувьсах зардлаас 25-35 дахин их /Боловсролын яам нэг сурагчид ногдох хувьсах зардлыг жилд 300-400 мянган төгрөгөөр тооцож төсвөө батлуулдаг/ төсөв авдаг гурван сургуулийн 600 хүүхэд байдаг юм байна. “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”... Кембрижэд тавигддаг стандарт гээд нэг сурагчид оногдох зай талбайг нь хүртэл метрлээд 600 хүүхдийн суудалтай сургуулийн байранд 200 хүүхэд хичээллэдэг юм байна. Сургалтанд хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмж нь ч гэсэн Кембрижийн стандартыг хангасан байх ёстой. Кембрижийн хөтөлбөрөөр сурч байгаа хүүхдүүдээс авдаг нэг хичээлийн шалгалтын төлбөр 800 мянган төгрөг, энэ мөнгийг БСШУЯ Кембрижийн шалгалтын төвд төлдөг гэнэ. Ардын хүүхэд гурвуулаа нэг ширээнд шахцалдаж суугаад гурван ээлжээр хичээллэж байхад тэнд 600 хүүхдийн суудалтай сургуульд 200 хүүхэд суралцаж байна аа, бас.
”Ховор хүмүүс” кинон дээр гардаг даа. Аймгийн аварга болох гэсэн нэгдлийн дарга баахан айлын малыг сорчилж нийлүүлж “шилмэл суурь” гэж юм гаргаад халуун зунаар хашаанд нь өвс буулгаж, хамар амыг нь нойтон алчуураар арчаад байж байдаг. Тэр дүнгийн л юм болсон шиг байна лээ, хэхэ. Тэр нь чухам хэний хүүхдэд зоруулсан сургууль ч юм, хэнийх нь хүүхэд 200-300 мянгаар, хэнийх нь 20-30 саяар сураад байгааг бүү мэд. Нэгэнт далим гарсных энэ талаар судлаад дараа тодорхой өгүүлэх болно. Харин одоо Цөм хөтөлбөр лүүгээ эргээд орьё.
2015 оны арваннэгдүгээр сард Монгол Улс 4,4 сая гар утастай байж, нэг хүн хичнээн ч гар утас хэрэгтэй юм. Үүнээс 1,5 сая нь ухаалаг утас. Энэ 4,4 сая гар утасны сарын хэрэглээг хамгийн багаар буюу 20 мянгаар бодоход зөвхөн гар утсандаа сард монголчууд 90 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Ингэхээр бид асар баян улс байгаа биз. Гэсэн хэдий ч өдөр бүр, цаг мөч тутам бид дандаа муу муухайгаа л ярьдаг. Ядуугаа гайхна, нийгмийн шударга бусыг жигшинэ. Эцэстээ энэ бүгдийн шалтгаан хүнээ хөгжүүлж чадаагүй алдаа.
1990 оноос өмнө бүх зүйл төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр хөгждөг байлаа. Зуун багш хэрэгтэй бол жилд зууг л бэлддэг, бэлдсэн хүмүүс нь баталгатай ажлын байртай, тэтгэвэрт гартлаа санаа зовохгүй. Энэ үеийн дипломын боловсролын үе гэдэг. 1990 оноос хойш бид чөлөөт зэх зээлд орсон, бүх юм чөлөөтэй, хэн юу дуртайгаа хийдэг болсон. Гэхдээ энэ үеийн хүмүүс нөхцөл байдалд хөтлөгддөг. ХЗХ ашигтай гэвэл бүгд дайраад, байраа зарах нь зараад ХЗХ руу хөрөнгө оруулсан, дампуурсан. Дараа нь ипотекийн найман хувийн зээл гарангуут үндэсний бүх компаниуд нь барилга руу орсон. Бүх мөнгөө тийш нь хийсэн, одоо 16000 байр эзнээ хүлээгээд, мөнгө нь түгжигдээд, эдийн засаг эргэлтгүй болсон учраас ам.долларын ханш өссөн. Хүн нь хөгжөөгүй байгаа учраас нөхцөл байдалд байнга хөтлөгддөг. Зэргийн боловсролтой /бакалавр, мастер, доктор/ нэгэн үеийн нөхцөл байдал нэг иймэрхүү. Доктор гэдэг боловсролын зэрэг болохоос ухааны хэмжүүр биш ажээ. Тиймээс л өнөөдөр мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоё, үүний тулд хүүхэд бүрээ хөгжүүлье гээд байгаа хэрэг. Гэвч үүнийг нэг өдөр бонд гаргаад, нэг удаа хөрөнгө татаад хийчихгүй л дээ. Өндөр ур чадвар бүхий хүний нөөцтэй байж хийдэг зүйл.
Чанартай боловсрол хүний үнэт зүйл, хандлага, ур чадвар, туршлагыг бий болгодог. Үнэт зүйл хандлага нь хүнд зорилго, хүсэл сонирхлыг бий болгодог. Ийм хүн бусдыг дагаад ХЗХ руу орохгүй. Хивс нэхдэг нь хивсээ сайн хийнэ, зураг зурдаг нь зургаа сайн зурна. Наад зах нь “найман хувь руу” орж байгаа компаниудыг нэгтгээд удирддаг, зөвлөгөө өгнө биз дээ. Барилга ашигтай гээд том том зээл аваад үйлдвэрээ өргөтгөчихсөн, гэтэл барилгын салбар нь уначихаар зээлээ яаж төлөх вэ. Үүнийхээ оронд хэдэн жижиг компани авчирч туслуулаад, хэргээ дуусахаар нясалчихсан бол өөрт алдагдалгүй. Ингээд бодохоор Монголын хамгийн баян МАК компани ч чамлалттай санагдана. Барилгын салбар ид “гүйж” байхад Монгол Улсын бүтэн жилийн хэрэгцээг дангаараа хангах хүчин чадалтай цементийн том үйлдвэр ашиглалтад оруулсан. Одоо цементээ хэнд зарж, зээлээ яаж төлөх ч юм. Хэдийн Ц.Нямтайширын хувийн хөрөнгө ч гэлээ Монголын л баялаг шүү дээ.
2000 онд бидний хэрэглэдэг хамгийн үнэтэй гар утас 150 доллар байжээ. Nokia. Тухайн үедээ хамгийн их мэдлэг шингэсэн гар утас тэр байж л дээ. Одоо таван ам.долларын үнэтэй. Учир нь түүнээс илүү ухаантай гар утаснууд гарсан. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг энэ. Өмнө нь байгалийн баялагтай улс орон хамгийн баянд тооцогддог байсан бол өнөөдөр хүнээ хөгжүүлсэн улс баяжиж байна. Япон, Солонгосыг аваад үзье. 1960 онд Бразил, Өмнөд Солонгос хоёр яг адилхан ядуу улс байв. Солонгос нь хүндээ хөрөнгө оруулсан, Бразил нь зам, барилга гэх мэтчилэн капиталд хөрөнгө оруулсан. Одоо Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ 15000 ам доллар, Бразильд 3500 ам.доллар. Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт капиталд хийсэн хөрөнгө оруулалтаас тав дахин өндөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, хөгжсөн хүн баялгийг бүтээдэг гэсэн үг. Өнөөдөр улс орнуудын баян, ядуугийн ялгаа нь хүнээ яаж хөгжүүлсэн, мэдлэгийг яаж ашигласнаар хэмжигдэж байна. Үүнийг манайхан хүн болгон янз бүрээр л хэлэх, хийх гэж оролдож байна л даа. “Монгол хүн Монголын баялаг” гэж нэг нь хэлдэг, нэг хэсэг нь “Баялаг бүтээгч монголчууд” гээд баахан жижиг дунд үйлдвэрээр явдаг ч юм уу. Гэхдээ тэр баялгийнхаа үндсийг нь олоод ярьж байгаа хүн Лу.Гантөмөрөөс өөр алга л байна. “Хамгийн том баялаг чинь монгол хүний хөгжил шүү. Тиймээс хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруул” гэж.
Нүд сэргэж, чих сортоохуйц шинэ мэдээлэл гэвэл БСШУЯ үндэснийхээ их, дээд сургуулиудыг чадавхийг сайжруулах зорилгоор дэлхийн шилдэг их дээд сургуулиудыг чансаагаараа сүүлийн дөрвөн жил тэргүүлж байгаа Массачусеттсийн Технологийн институттай хамтарч ажиллахаар гэрээ байгуулж, “MIT ба Монгол санаачилга” төслийг эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд MIT-ийнхан Монголын их дээд, сургуулиудын багш нарт “Сургахуй, суралцахуйн сургалт” явуулсан байна. Уг сургалтад хамрагдсан багш нар саяхан тайлангаа танилцуулжээ. Тэд механик инженерийн сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудад гүүр барих даалгавар өгсөн байна. Монгол оюутнууд мөхөөлдөсний иш модоор хүн даадаг гүүр хийжээ. Математик тооцоолуур хэрэглэж, физик шинж чанарыг нь давхар тооцоолоод мөхөөлдөсний модоор хүн даадаг гүүр хийж болдог байх нь. Үүний тулд ямар хэмжээний мэдлэг шаардлагатай вэ? Та бодоод үзээрэй.
Хүний тархины үйл ажиллагааг хамгийн их өдөөдөг зүйл нь хүсэл сонирхол. Сонирхоод хүссэн үр дүнгээ үзээд эхлэхээр ямар ч хүн цаашаа ахидаг, дараагийн сэдэл тархинд бий болдог. Тиймээс хүүхдийг бага насанд нь хөгжүүлж чадвал насан туршдаа тэр бүтээмж нь хадгалагддаг аж. Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь хүн бүр чаддаг зүйлтэй болно гэсэн үг. Тэгэхээр “Цөм хөтөлбөр” гэж яриад байгаа зүйл маань үндсэндээ хүний тархины хэвийн хөгжлийг хамгийн сайн хангах хөтөлбөр байх нь.
Боловсролын цөм хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тухайн үед зарим эцэг эх, эсвэл багш нар “Хүүхэд болгон авьяастай байх албагүй шүү дээ” гэж бодож байсан байх. Өөрийнхөө хүүхдийг ямар нэг зүйлд авьаястай гэж итгэдэггүй ч байж ч магадгүй. Гэвч “Авьяас хөтөлбөрийн цаад ёс суртахуун нь хүүхэд нэг бүрийг алагчлалгүй сургах гэсэн санаа юм” гэж хэлсэн тэр хүнийг хүндлэхгүй байхын аргагүй. Хүүхэд өөрийгөө ямар нэг зүйлийг чаддаг, түүгээрээ бусдаас илүү гэдэгтээ итгэсэн цагт дахиад өөр олон зүйлийг мэдэх, чадах хүсэл эрмэлзэлтэй болдог.
“Авьяас” хөтөлбөр хэрэгжсэний дараа БСШУЯ-наас бүх сурагчид, багш, эцэг, эхчүүд, орон нутгийн удирдлагуудын дунд авьяасын талаар эссэ бичлэгийн уралдаан зарласан юм байна. Тэндээс хамгийн шилдэг эссэнүүдийг түүвэрлэн бяцхан ном гаргажээ. Хүүхдүүд өөрийнхөө авьяас чадварыг хэрхэн нээсэн тухай, түүнээс болж өөртөө итгэлтэй болж ямар амжилтанд хүрсэн тухайгаа, эсвэл алдаж эндэж, ангидаа гадуурхагдаж, бусдаасаа хоцорч явсан нэг найз нь хэрхэн нүдэн дээр өөрчлөгдөж байгаа тухай... гээд олон янзын түүх бичсэн байв. Эцэг эх, багш нар ч ялгаагүй. Тэдэн дунд Дорноговь аймгийн Мандах сумын сургуулийн 9а ангийн сурагч Б.Энхзул “Авьяас гэдэг ангид нэг, хоёрхон байдаг дуулж бүжиглэдэг хүүхдэд л заяасан гэж боддог, өөрсдийгөө үргэлж голдог байлаа. “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш дуу дуулсан ч, бүжиг бүжиглэсэн ч, шүлэг уншсан ч ангиараа, арван хэдүүлээ хийдэг болсон. Сургалтын Цөм хөтөлбөрийн тайланг сургуулиараа тавихад сум даяараа харж, “Манай хүүхэд дуулж байна. Танай хүүхэд бүжиглэж байна” гэсэн яриа нэг хэсэгтээ тасраагүй” гэж бичсэнийг уншаад эгээ л нулимс гарсангүй. Хайрлахгүй, бахархахгүй байхын аргагүй. Бас нэг багш “Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, асаах ёстой бамбар юм” гэсэн байна. Тийм болохоор аав, ээжүүддээ захихад “ЧИ ЧАДАХГҮЙ” ГЭЖ ХҮҮХЭДДЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ!!!
багш
АВЛИГЫН сүлжээ
иргэн
nenul xn?
uran
uran
uran
uran
uran
uran
Зочин
Зочин
Зочин
Tugs
mongol hun
Зочин
Зочин