ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?
Энэхүү тойм төдий өгүүллийг их Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийтлэв.
“Хүн болж төрөх бага хэрэг, хүн гэж нэрлүүлэхийн тулд оюун санааны хувьд дахин төрөх хэрэгтэй. Энэ бол хүнээс өөрөөс нь шалтгаална гэсэн санаа Д.Нацагдоржийн бүтээлүүдээс ажиглагдана”.
О.Дашбалбар
Орчин үеийн монголын түүхэнд хамгийн нөлөө бүхий зохиолч бол Дашдоржийн Нацагдорж билээ. Хорьдугаар зууны эхэн хагаст монгол оронд өрнөсөн нийгмийн олон талт өөрчлөлт, дэвшил, түүхэн хэрэг явдлуудтай Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл нягт холбоотой юм.
Түүхэн үүднээс авч үзвэл Дашдоржийн Нацагдорж нь Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс, Барон Унгерний засаглал, Хэмжээт эрхт хаант засаг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн дөрвөн төрд зүтгэсэн нийгмийн зүтгэлтэн. Харин уран бүтээлч, зохиолч талаас нь харвал яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол, орчуулга гэсэн уран зохиолын бүх л төрлөөр 10 гаруйхан жилд маш үр бүтээлтэй ажилласан авьяас билэгтэн. Шинжлэх ухааны өнцгөөс харвал Д.Нацагдорж нь нийгмийн түүхийн аливаа үзэгдлийг түүхэн зүйн зарчмын дагуу он дараалалд нь авч үзсэн, анхны түүхч[1], мөн хэлзүйч юм. Гэхдээ эдгээр үйл хэргийг нь хамгийн энгийнээр ойлгох гээд хичээвэл “соён гэгээрэл” гэсэн нэгэн их үйл хэрэгт хурааж болно.
Д.Нацагдоржийн угсаа гарвал, ухамсар суусан нь
Д.Нацагдорж бол Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны удмын, тайж язгуурт хүн. Гэхдээ 1906 онд түүнийг төрөх үед өрх гэр нь энгийн хамжлага ардуудаас ялгаагүй ядуу байдалтай, одоогийнхоор бол Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй гэх газар аж төрж байв. Эцэг Ц.Дашдорж нь “нэгэн доорд зэргийн тайж” бөгөөд ноёдын “зүй бусаар захиран тушаахыг эсэргүүцсэний улмаас амин тэжээлийн мал, гэрийг албан гувчуурт бүрнээ хураалгаад... доорд зэргийн бичгийн албаныг хааж амиа тэжээн”[2] байсан талаар Д.Нацагдорж хожим 1929 онд бнчсэн мэдүүлэгтээ дурьдсан байдаг.
1911 Богд хаант Монгол Улс тусгаар тогтносноос гурван жилийн дараа Д.Нацагдоржийн эцэг Ц.Дашдорж хүүгээ дагуулан Нийслэл хүрээнд суурьшжээ. Үүнээс нэг жилийн өмнө Д.Нацагдоржийн ээж Ц.Пагма нас нөгчсөн байна. Ц.Дашдорж Цэргийн явдлын яаманд 1919 он хүртэл бичээч, туслах түшмэлээр ажиллаж байгаад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Цагдан сэргийлэх байгууллагад ажиллан, улмаар Цагдан сэргийлэх Ерөнхий газрын дарга хүртэл дэвшсэн албан намтартай. Харин хүү Д.Нацагдорж нь нийслэл хүрээнд суурьшсан даруйдаа эцгийн нөхөр Алтангэрэлд шавилан бичиг үсэг тайлагдаж, дорно дахины хэл соёл, судар номд суралцаж эхэлжээ. Тэрээр 1917 оноос эхлэн эцгийн дэргэд Цэргийн явдлын яаманд “сурагч бичээч”-ээр ажиллах болж, хоёр жилийн дараа “тэргүүн зэрэг” шагнагдахдаа 13 настай байлаа. 1919-1921 онд Монголд оронд Хятадын Гамин цэрэг болон Барон Унгерны цэрэг засаглаж байх үед ч яамандаа ажилласаар байсан тухай Д.Нацагдорж 1925 онд бичсэн анкетдаа дурьджээ.
Төрийн түшмэл Д.Нацагдорж
Удалгүй Д.Нацагдоржийн амьдралд ч, Монгол орны хувьд ч түүхэн эргэлтийн цэг болсон Ардын хувьсгал гарч, цэргийн яамны жирийн түшмэл хүү тэрхүү хувьсгалаар байгуулагдсан шинэ төр засгийн ажил хэрэгт идэвхийлэн оролцох болно. Ардын хувьсгалын дараа монголд орчин үеийн нийгмийн институцуудийг цоо шинээр байгуулах хэрэгцээ тулгарсан. Харамсалтай нь энэ өргөн хүрээтэй ажлыг гардан хийх боловсрол, чадавхтай хүмүүс тухайн үед цөөхөн байлаа. 1921 онд Ардын хувьсгалын гол удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын гарын түшмэлээр дэвшин ажиллаж эхлэснээсээ хойш таван жилд Д.Нацагдорж жил бүр арваас доошгүй хариуцлагатай албан үүрэг хүлээж, ажиллаж байсан баримт үлджээ.
Д.Нацагдоржийн энэ үед хүлээж байсан гол үүрэг нь төр, нийгмийн харилцааны чухал баримт бичгийн эхийг зохиох, шинэ байгууллагуудыг үүсгэн байгуулах байв. Монгол Ардын намын үүрүүдийг нийслэл, болон орон нутагт байгуулах, орон нутгийн засаг захиргааны дүрмийг боловсруулах зэргээр Д.Нацагдоржийн ажлын ачаалал, хариуцлага улам бүр нэмэгдсээр 1924 онд төр засгаас гарч буй бүхий л шийдвэр, баримт бичгийг батлахад шууд оролцох эрх, үүрэгтэй Засгийн газрын нарийн бичгийн даргаар томилогджээ. Энэ үедээ тэрээр мөн Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байлаа. Ийнхүү Д.Нацагдорж Монгол Улсын анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулж, сийрүүлэн цэгцлэхэд Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн ойрын туслагчийн хувиар идэвхтэй оролцож, батлагдсан үндсэн хуулийн эхний бүлгийг сийрүүлэн бичиж үлдээсэн нь эдүгээ Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Арав хүрэхгүй жилийн дотор Д.Нацагдорж Монголын Пионерийн байгууллага (Хүүхдийн байгууллага), Монголын Хувьсгал залуучуудын эвлэл (Залуучуудын байгууллага), Монголын Үйлдвэрчний эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнг үүсгэн байгуулахад тэргүүлэн оролцсон байна.
Алс газар сураар одсон ину
1926-1929 онд Орос болон Герман улсад гэргий Дамдины Пагмадуламын хамт суралцсан нь Д.Нацагдоржийн амьдралын дараагийн эргэлтийн цэг болов. 1929 онд улс төрийн шалтгааны улмаас өрнөдийн орнуудад суралцаж байсан залуус эргэн татагдсан юм. Д.Нацагдоржийг эх орондоо эргэж ирэхэд улс төрийн хүрээнд ойр дотно байсан хүмүүсийн олонх нь эрх мэдлээсээ бууж, Монгол Улсад “Зүүнтний нугалаа” хэмээх ээдрээтэй үйл явц эхлээд байсан нь түүний амьдрал ихээхэн сөргөөр нөлөөлсөн байдаг. Гурван жилийн өмнө Засгийн газарт хариуцлагатай албыг хавсран хашдаг байсан атал, Германд суралцаж ирсний дараа Төмрийн заводын орчуулагчийн ажил л олджээ. Энэ үеэс Д.Нацагдорж уран бүтээл, түүхийн судалгаанд гол анхаарлаа хандуулжээ.
Хэлмэгдүүлэн сандчаахын эхлэл
Д.Нацагдорж 1932 оныг угтан өрнө дахинд хамт суралцсан хэсэг нөхдийн хамт Европ маягаар шинэ жил тэмдэглэсэн нь тайж гаралтай иргэдийг нийгмээс шахан зайлуулах бодлого баримталж байсан эрх баригчдад далим болж хилс хэрэг тулган таван сар шоронд хорьж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноон сулалжээ. Монгол орон их хэлмэгдүүлэлт эхлэхийн өмнөхөн шоронд хоригдсон энэ таван сар нь Д.Нацагдоржийн хувийн амьдрал болон оюун санаанд тун хүндээр туссан юм.
Д.Нацагдоржийг үнэлсэн ину
Дашдоржийн Нацагдорж гучин нэгэн жилийн амьдралынхаа тэн хагаст л уран бүтээлд дорвитой цаг зориулсан ч чамлахааргүй баялаг, үнэт чанар нь цагийн саалтанд үгүйрхээргүй өв үлдээсэн. Судлаач Ц.Хасбаатар “Манай хувьсгалын анхны үеийн сэхээтнүүдэд ард түмнийхээ сэтгэхүйг шинэтгэн сэргээх, соён гэгээрүүлэх асар их зорилт тулгарч байлаа... Тэр чухал хэцүү ажилд Д.Нацагдорж хамаг амьдрал, хүч авьяасаа зориулжээ”[3] хэмээжээ. Хорьдугаар зууны эхэн үеийн Монгол оронд амьдарч асан, үндэс угсаагаа гэх сэтгэлтэй ямар ч сэхээтний өмнө өрнө, дорнын хөгжингүй улсуудын соёлоос чадах чинээгээрээ суралцаж, түүнийгээ хөгжил буурай эх орондоо түгээн дэлгэрүүлэх сорилт тулгарч байлаа.
Д.Нацагдорж бол дотоод гадаадын утга зохиол судлаач, монгол судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татсаар ирсэн монгол зохиолч. Оросын монгол судлаач Л.Г Скородумова, “Үгийн урлагийн хөгжилд зарчмын чанартай нөлөө үзүүлсэн “Нууц товчоо”- ноос өнөө үеийг хүртэлх Монголын уран зохиолын гурван өндөрлөгийг тодорхойлж болно. Энэ бол Данзанравжаа, Ванчинбалын Инжаннаш ба Дашдоржийн Нацагдорж гурав юм. Энэ гурван яруу найрагчийн аль нь ч Монголын уран зохиолын хөгжлийн үеийн үеийн бие даасан хэсэг болж чадсан юм”[4]хэмээжээ. Энэ дүгнэлт нь Д.Нацагдоржийн уран бүтээлийн далайц, ач холбогдлыг онцолсноор барихгүй хожмын монголын уран зохиолд үзүүлсэн нөлөөг нь ч мөн сануулж байна.
Д.Нацагдоржийн нөлөөлөл
Д.Нацагдорж бол хойч үедээ хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн монгол зохиолч. Монголын хүүрнэл зохиолд сэтгэлзүйн өгүүллэгүүдээрээ шинэчлэл хийсэн хэмээн үнэлэгддэг зохиолч С.Эрдэнэ, “Тавиад онд Монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд Д.Нацагдоржийн үүсгэж өгсөн реалист өгүүллэгийн уламжлал байр сууриа бат эзлээд хөгжил бадралын үедээ орсон шиг санагддаг... Тэгээд ч монгол өгүүллэгийн гол судсыг барих түлхүүр чухамхүү Д.Нацагдоржийн өгүүллэгт байгааг мэдсэн. Д.Нацагдорж бяцхан зураглалаас эхлээд драмын, адал явдлын, сэтгэхүйн өгүүллэг зэрэг олон хэлбэрийг эзэмшиж чадсаныг бишрэлтэй”[5]хэмээжээ. Эндээс бид Д.Нацагдоржийн эрэл хайгуул зөвхөн яруу найргаар зогсохгүй хойч үеийнхээ хүүрнэл зохиолд ч хүчтэй нөлөө үзүүлснийг ойлгож болно.
Японы судлаач Шибаяма Ютака Д.Нацагдоржийн уран бүтээлийн хойч үедээ үзүүлсэн нөлөөг тун нухацтай авч үзсэн нь бий. Тэрээр “Д.Нацагдоржийн хувьд, зохиол бүтээл хийгээд зохиолчийнх нь тухай ойлголт нийгэмд бүрэлдэж тогтсон явц бол тэр чигээрээ Монголд канон тогтсон явцтай нийцэж байсан болно. Түүний дийлэнх бүтээл өөд болсноос нь хойш Монгол улсад хэвлэгдсэн зохиолын түүврээр дамжин олон нийтэд хүрсэн юм. Зохиолын түүвэр гаргахын тулд зохиолыг нь гар бичмэлээс хэрхэн текстэнд шилжүүлсэн бэ гэдэг асуудал буюу гар бичмэлийг текст болгох явц нь Монголын үндэстний төрт-улс (nation-state) болон уран зохиол хоёрын харилцааг тусган харуулах толь болно. Тийм учир Нацагдорж болон канон тогтох явцтай холбоотой асуудал нь Нацагдорж судлал хийгээд Монголын уран зохиолын түүх хоёрын аль алиных нь хувьд нь маш чухал судалгааны сэдэв билээ”[6] гэж дүгнэжээ.
Ийнхүү Д.Нацагдорж хэмээх зохиолч Монголын орчин үеийн нийгмийн хөгжил, төлөвшилд зөвхөн уран бүтээлчийн хувиар биш нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгчийн хувиар онцгой хувь нэмэр оруулсан нь он жил улирах тусам улам бүр тодорсоор байна. Хоёр зууныг дамнан хөгжиж буй Д.Нацагдорж судлал нь намтар судлал, эх бичгийн судалгааны хувьд чамгүй төгөлдөршиж, нарротологи буюу өгүүлэмж, херменевтик буюу тайлал зүйн үүднээс судлах судалгаа эхлэл шатандаа байна. Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн их өвийг хойч үед уламжлан хүргэж ирэхэд Д.Нацагдорж судлаачид онцгой хувь нэмэр оруулсан. Энд бид судлаач Ш.Нацагдорж, Б.Содном, Л.Балдан, Д.Цэдэв, С.Лочин, Ч.Жачин, оросын судлаач К.Н Яцковская, японы судлаач Казүюки Окада нарыг онцлон тэмдэглэж байна.
Д.Нацагдорж судлалын хязгаарлагдмал байдал
Гэхдээ Д.Нацагдорж судлал харьцангүй хязгаарлагдмал буюу академик хүрээнд хөгжиж ирснийг дурьдах нь зүй. Үүнийг дагаад түүний эх зохиол, зохиолын бүрэн эмхэтгэлүүд жирийн уншигч, тэр дундаа залуу уншигчид сонгон уншихад төвөгтэй нүсэр ботиудад хадгалагдаж байна. Хэрэвзээ нэгэнт Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч хэмээн үнэлж буй бол түүний уран бүтээлийг нийтийн уншлагад дөхөмтэй, хойч үеийн залуусын сонирхлыг татахуйц хэлбэрээр хэвлэн түгээх нь чухал юм.
Д.Нацагдоржийн алсын хараа
Оросын монголч эрдэмтэн К.Н Яцковская, “Д.Нацагдоржийн билгийн харааг өнгөцхөн ажиглахад тун богино ойрын зорилготой мэт санагдавч хэчнээн алсын хараатай болохыг бид энэ зууны наяад оны хагасаас улам бүр гүнзгий ухааран мэдэрч байна”[7] хэмээсэн нь бий. Д.Нацагдоржийн бүтээлийг уншихад их зохиолчийн алсын хараа, төв азийн энэхэн өндөрлөгт амьдран суугч монгол үндэстэн, монгол хэл соёлд чин сэтгэлийн угаас хайртай, хүсэл эрмэлзлэл дүүрэн залуу хүний тэмүүлэл мэдрэгддэг юм. Хойч үе нь тэрхүү алсын хараа, тэмүүллийг мэдэрч, ойлгох дөт замыг эрэх цаг болжээ. Дашдоржийн Нацагдоржийг ойлгох нь бүтээн босгож буй нийгмийнхээ мөн чанар, эхлэл цэгийг эрж олж буй хэрэг билээ.
ИХ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРИЙГ МӨНГӨН ДЭВСГЭРТ ДЭЭР ЗАЛАХ ТУХАЙ ӨӨР НЭГ НИЙТЛЭЛ:
Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!
Д.Нацагдоржийн намтрыг өгүүлэх өөр нэгэн нийтлэл:
Дашдоржийн Нацагдоржийн намтрын товчоон
ЭШЛЭЛ
[1]А.Очир, Г.Дашням. Д.Нацагдорж – Амьдрал, үйлс. “Төгсгөл”. 200. ШУА.ХЗХ., УБ., 2016
[2]Д.Нацагдорж. Бүрэн зохиол 2. (Эмх.Д.Цэдэв). “Сурагч Нацагдоржоос Монгол Ардын намын төв хорооноо мэдүүлэх учир”. 373. ШУА.ХЗХ., УБ., 2016
[3]Ц.Хасбаатар. Уран зохиолын тэмдэглэл. “Хувьсгалаар төрсөн сод билэгтэн”. 41. УХГ., УБ., 1989
[4]Л.Г. Скородумова. “Монголын сонгодог яруу найргийн улирлын өнгө төрхийг дүрслэх тэмдгүүд”. ЦОГ сэтгүүл. №3. 19-25. МЗЭ., 2006
[5]С.Эрдэнэ. Эрэл. “Гол судас”. 46-47. УХГ., УБ., 1989
[6]Шибаяма Ютака. “Монголын уран зохиолд канон тогтсон асуудал: Д.Нацагдоржийн “Гэргий хүүхдээсээ хагацахуй” шүлгийг шинжлэх нь”. ЦОГ сэтгүүл. №3 (322). МЗЭ., 2016
[7]К.Н Яцковская. “Социалист реализм ба Монголын орчин үеийн утга зохиол”. “Утга зохиолын шүүмжлэл-86” эмхэтгэл. 82. УХГ., 1989
Анна
Н.Наранцэцэг
Зочин
Д.Цэвэлмаа
DR. PRADHAN
DR. PRADHAN
Бишрэгч
Хосоо
Зочин
Зочин