Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан ярьж байна. Тэр бол энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй аймгийн засаг дарга нарыг амжилтаараа тэргүүлж яваа ганц хоёрхон даргын нэг. 



- Хоёулаа дөрвөн жилийн дараа ярилцлагын ширээний наана цаана сууж байна. Тухайн үед бүгд л таныг Завханаас нэр дэвшинэ гэж харж байсан. Судалгаагаар өндөр рейтингтэй байлаа. Тэгээд гэнэт л дэвшихээ больсон. Яагаад больсон бэ. Яриагаа эндээс эхлэмээр санагдлаа ?

- Юуны өмнө намайг зочноороо урьж ярилцаж байгаад баярлалаа. Ямар асуулт асуух нь мэдээж таны хэрэг байх. Би асуунаас тань л хариултаа эхлэе. Тухайн үед энэ сэдэв нээлттэй байсан. Миний нэр яригдаж байсан нь ч үнэн. Яахав жаахан хүн чанар зулгаасан юм болов уу даа. Нөхөддөө боломж олгоё гээд л шийдвэр гаргаж байсан.Би өөрийгөө нэлээд хүлээцтэй хүн гэж боддог. Уг нь 2008 онд анх нэр дэвшихээр яригдаж эхэлсэн. Тэгээд 2008 оны сонгуулиар бас нөхдөө бодоод нэрээ татсан. 2012 онд мөн нэр дэвших гэж байгаад бас л татсан. 2016 оны сонгуульд тууштай нэр дэвшинэ гэж шийдээд, Төрийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа 2016 оны нэгдүгээр сарын 1-нд өгөөд, ажлаас чөлөөлөгдөөд бас багагүй бэлтгэл хангасан байсан. Тэр үед манай аймаг хоёр тойрогтой байсан л даа. Тэгээд Я.Санжмятав гишүүн, З.Нарантуяа гишүүн бид гурав байдаг. Мэдээж хоёр нь л дэвших варианттай. Тэгээд нэг талаасаа нөхдөө бодсон. Нөгөө талаасаа намын эвнэгдлийн талаас бодож, бид гурав яах тухайгаа ярьж байгаад, “За та хоёр маань дэвш. Би насны хувьд залуу юм. Дахиад цаг хугацаа бий. Нөгөө талаасаа орон нутгийн ард түмэн, нөхдөө бодоод орон нутагтаа ажиллая” гээд гурав дахь удаагаа нэрээ татсан л даа. 

- Нэг талаас эр хүний яс заасан, жудагтай алхмуудыг удаа дараа хийсэн мэт. Нөгөө талаас ухар гэхээр нь л ухарч байдаг, боломжоос зуурдаггүй сул хүн мэт. Ийм хоёр дүр харагдаж байна.

- Би юунд ч нэг их чаргуулддаггүй хүн байж мэдэх юм. Гэхдээ өөрийнхөө энэ чанарыг сул дорой чанар гэж бас боддоггүй. Залуу насанд ажил хийж, өөрийн хүч чадлыг сорьж явахыг илүүд үздэг тал бий. Тэр нь ч хүнийг тал талын туршлага суулгаж, чамбайруулж байдаг. 

- Монголын эдийн засгийн салбарт том байр суурьтай, том банкны захирлаар ажиллаж байсан хүн гэнэт хөдөө очоод Засаг даргаар ажиллахад гайхаж л байлаа. Тэр бас л намын дуудлагаар явсан уу. Яагаад хөдөө явав. Хүн болгон төв рүү тэмүүлж байдаг. Ялангуяа тань шиг тогтсон байр суурьтай хүн орон нутаг руу явж ажиллах сонирхолтой санагдсан ?

- Ер нь болби өөрөө хөдөөний хүн. Анх Их сургууль төгсөөд 1994 онд Сангийн яаманд хуваарилагдаад нэг сар хэртэй ажиллаад л хөдөө явсан хүн шүү дээ. Тухайн үед бол нэг талаасаа өөрийгөө боловсруулж, ирээдүйд хол зам туулахын тулд суурь сайтай байх ёстой гэдэг үүднээс хөдөөгийн амьдралаас ажлын гараагаа эхлэх бодолтой байсан. Нөгөө талаасаа би хөдөөний малчны хүүхэд учраас хөдөөдөө их дуртай. Тэгээд Завханд очиж, МУИС-ийн Завхан дахь салбар сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлж байсан. Гурван жил багшилсны дараа Хасбанкны Завхан дахь салбарын захирал, ХААН банкны салбарын захиралаар ажиллалаа. Дараа нь аймгийнхаа Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн даргаар долоон жил ажилласан. 

- Сангийн яаманд ажиллах боломжоо хаячихаад Завхандаа очдог ?

-Тэр чигтээ Завхандаа 10 гаруй жил ажиллачихаад, ХААН банкны дуудлагаар Улаанбаатарт орж ирсэн хүн. Тэгээд 10 жил Улаанбаатарт ажиллаад буцсан. Хөдөөний хүн Улаанбаатарт 10 жил томилолтоор ажиллалаа гэж өөрийгөө бодож байсан. Нутаг орондоо очиж ажиллаад, нутгаа хөгжүүлье гэсэн хувь хүний шийдлээр л тэр шийдвэрийг гаргаж байсан. Яагаад ч юм нутгийн хүний хувьд харахад Завханы маань хөгжил нэлээд хойно байгаад байсан. Индексүүдийг нь харахад дандаа хойшоо. Тэгээд яагаад хөгжихгүй байна вэ гээд тал талаас нь ухаад бодохоор хөгжүүлэх хүн нь ч бас очихгүй байгаа ч юм шиг. Зүгээр л дотроос хатгаад байхгүй юу. Ер нь бол миний өдий зэрэгтэй яваа энэ нутгийн уул усны надад өгсөн авшиг хишиг, энэ нутагт төрсний буян заяа, нутгийн түмэн олны намайг хайрласан хайр энэрэл шүү дээ. Яагаад ч юм би өөрийгөө нутагтаа өртэй юм шиг л бодогдож явдаг байсан. Тийм учраас бага хугацаанд ч гэсэн өрөө төлье. Буцаж очоод Засаг даргаар ажиллаад үзье гэж бодсон.

- Нутаг гэдэг их сонин ойлголт л доо. Бүгд л тэндээс ургадаг. Жигүүрээ ургахаар бүгд орхиод нисчихдэг. Тэгэхээр эргэж нисдэг байх ёстой гэж та бодсон юм шиг байна?

- Тийм ээ, хүн эргэж нисдэг байх ёстой. Улаанбаатарт “ХААН” банкинд 10 жил, “Төрийн банк”-нд гурван жил ажиллахдаа олон сайхан хүмүүстэй хамт ажиллалаа. “ХААН” банкинд байхдаа Америк, Англи, Япон захиралуудтай ажиллаж үзлээ. Энэ гурван орны менежмент, арга барилаас суралцсан нь надад их том давуу талыг өгсөн. Тэгээд өөрөө том банк удирдаж үзнэ гэдэг бол хамгийн том давуу тал. Тэгэхээр энд сурсан, мэдсэн зүйл, энд ажиллаж байх хугацаандаа тогтоосон танил тал, сүлжээ холбоогоо давуу тал болгоод нутагтаа очиж нутгаа хөгжүүлэхэд зориулах ёстой гэж бодож нутгаадаа зорьсон.Өөрийгөө ч сорьсон хэрэг л дээ. 

- Банкны зүтгэлтнүүд их өөр хүрээний хүмүүс байдаг. Нэг тийм хайрцаглагдсан. Хүнтэй гэхээсээ илүү тоотой ажилладаг. Харин та их тийм дэлгээтэй, нээлттэй хүн юм шиг санагддаг. Бас банкны салбараас нэр цэвэр гарч ирдэг хүн их цөөхөн байдаг. Таныг тэр цөөхний нэг гэж хардаг юм. Бас залуу насныхаа олон жилийг энэ системд өнгөрөөсөн хүний хувьд юу авч, юу алдсан юм шиг санагддаг вэ?

- Авсан зүйлээсээ эхлэхэд олон зүйл олж авсаан. Арга барил, ур чадвар, менежмент олж авсан. Дээр нь хэзээ ч арилахгүй ажмл хэргийн сайхан түүхтэй ирсэн гэж боддог. Ер нь банкны салбарт хөдөөгийн салбарын захирлаас төв банкныхаа газрын захирал, дэд захирал, орлогч захирал, гүйцэтгэх захирал хүртэл энэ бүх албан тушаалд алгасахгүй ажилласан хүн хэр олон байдгийг мэдэхгүй юм. Ийм түүхтэй хүн ховор байх. Дандаа өгсөж ажилласан, бүх шатанд ажилласан.

- Бүх шатанд ажиллах бол хотынхон шиг дээрээс татуулах юмгүй, хөдөөгийн хүүхдийн л тавилан байх даа?

-Тийм. Бор зүрхээрээ л явсан. Хүний итгэлийг даах юмсан л гэж бодож явснаас биш нэг том дарга болчих юмсан гэж бодож явсангүй. Тэгээд яахав хувь тавилан биз. Нутгийн уул ус бас хараа байлгүй. Миний суурь хүмүүжил ч нөлөөлсөн байх. Хүний даалгасан ажлыг итгэлийг нь дааж хийгээд, тэрнийхээ ард гараад явахад амжилт ирээд байдаг юм гэдгийг амьдрал надад харуулсан. Мөн олон сайхан найз нөхөдтэй болсон. Бас асуудлыг олон талаас нь хардаг ур чадвар надад заяасан байх. Алдсан зүйл гэвэл энэ хугацаанд хувийнхаа бизнесийг босгоод авах ч юм уу, ахуй амьдралаа өөд нь татаад авах талаасаа алдсан байх. Гэхдээ өнөөдрийн үнэ цэнэ гэдэг бол ирээдүйн үнэ цэнийн дэргэд жижигхэн зүйл. Хэдийгээр тийм зүйлийг олж аваагүй ч гэсэн түүнийг бүтээх ур чадварыг олж авсандаа баярлаж явдаг.

- Энэ нь хангалттай юу?

-Хангалттай. Өөрөөр хэлбэл, хэн ч хулгайлаад авахгүй, ямар ч цунамид өртөхгүй мэдлэг чадвар, туршлага хэмээх баялгийг өөртөө бүтээж чадсан нь миний хамгийн том давуу тал гэж бодож байгаа.

-Танайхан удам судраараа Завханы улс уу ?

- Манай аав малчин хүн. Завхан аймгийн Яруу сумын харъяат. Ээж маань саальчин хүн. Завхан аймгийн Идэр сумын харъяат. Би Идэр суманд малчны хотонд төрсөн. Малчны хүүхэд. Малчин гаралтай хүүхэд өнөөдрийн түвшинд очино гэдэг бас тийм амар биш. Манай аав аймгийн ноосны аварга хүн байлаа. Намайг мэдээ орохоос эхлээд л нар мандаагүй, харанхуй байхад хөөж босгоод л хотны ноос түүлгэдэг. Тэгээд хотны ноосоо түүгээд овоо сайхан болж байхад нар гардаг. Тэгэнгүүт нарны эсрэг тал руу харуулаад зогсооно. Тэгээд харахаар л энд тэндгүй ноос байж байдаг. Ахиад л түүлгэдэг. Ноосны аймгийн аварга хүн байсан юм. Тэгж хүүхдүүдээ бас хөдөлмөрлүүлдэг. Бага наснаас тэгж хөдөлмөрлөж сурсан нь надад тэсвэр тэвчээр суулгасан байх. Ер нь л ажлаас зугтдаггүй, хийж гүйцэтгэх ёстой гэсэн хүмүүжлээр л биднийг хүмүүжүүлсэн. Тэрнээс болж алдсан юм бидэнд байхгүй. 

- Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

- Эцэг эхээс бол бид 14-үүлээ. Би 14 хүүхэдтэй айлын 13 дахь нь. Дороо нэг дүүтэй. Гэхдээ одоо амьд сэрүүн байгаа нь цөөхөн байна л даа. Багадаа бас бүтэн өнчин амьдралаар өссөн. Манай аав намайг дөрвөн настай байхад нас барсан. Ээж маань намайг 4 дүгээр ангид байх буюу 12 настай байхад тэнгэрийн оронд одсон. Түүнээс хойш бүтэн өнчин амьдралаар л өссөн.

- Аав ээжийсээ хойш хаана амьдарч байв. Тэр олон хүүхэд амаргүй байсан байх даа ?

-Том ахындаа амьдардаг байлаа. Эхлээд ах эгч нартайгаа гэрийнхээ буйрыг сахиж хэсэг амьдарч байсан. Дараа нь том ах маань тусдаа гарч, бид том ахындаа амьдардаг байсан. Яахав тэр үед жоохон байсан ч амьдралын ухаанд суралцсан. Амьдралын төлөө тэмцэх тэмцлийг бага насандаа тэгж л олж авсан байх гэж боддог юм. Тухайн үед манай ах эгч нар голдуу оюутан, зарим нь цэрэгт явсан. Нэг хэсэг нь ажил амьдралын мөр хөөгөөд явчихдаг. Манай хамгийн том ах тракторын жолооч байлаа. Зун, намарын цагт гэрийн бараа харахгүй шүү дээ. Өвөлдөө өвс ачаад малчдад хүргэхээр явна. Зундаа хадлангийн ажлаар, хавар, намарт нь нүүдлийн ажлаар явна. Бараг гэрийн бараа харахгүй. Тэр үед би эгч, дүүтэйгээ гурвуулаа л амьдардаг байсан. Хоолгүй хонохыг алийг тэр гэхэв. Эгч, дүү маань эмэгтэй учраас тэр хоёрыг тэжээх үүрэг нь над дээр ирсэн байдаг. Тэгэхээр юмханаар юм хийж өдрийнхөө хоолыг олдог байсан тэр амьдрал өнөөдрийн намайг өдий түвшинд явахад их том нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог. Тэгээд бага наснаасаа амьдралын зовлон жаргал дотор орсон маань намайг хатуужуулж, амьдралд сургасан. Олон найз нөхөдтэй болох, хүнийг таних, хүнтэй нөхөрлөх нөхөрлөлийн мөн чанарыг танихад бас сургаж өгсөн байх. Тэгж л бага балчир ахуйгаасаа өөрөө өөртөө л итгэхээс өөр хүнд итгэх боломж хомс юмаа гэдгийг би багаасаа ойлгосон хүн. Тэгэхээр өөрөө өөртөө итгэж, өөрөө өөрийгөө ирлэж, өөрөө өөрөөсөө өө хайж, өөрийгөө буруутгаж явсан нь өөрийгөө ялах том суурь төлөвшил болсон ч байх. 

- Завханы 10 жилийн сургуулийг төгссөн үү?

- Сумандаа. Завхан аймгийн Идэр сумын 10 жилийг төгссөн. Тэр үед 8 жилтэй байж байгаад намайг 8 дугаар ангид ордог жил анх 10 жилд шилжиж, 9 ангид элсэлт авч байсан. Манайх Идэрийн 10 жилийн хоёр дахь төгсөлт нь.

- Дотуур байраар амьдарч үзсэн л биз дээ?

- Дотуур байранд байлгүй яахав. Сүүлд ах маань тракторын жолооч байсан учраас сумын төвд ахындаа амьдардаг байсан. Эхлээд бол дотуур байраар явдаг байсан.

- Сурлага гайгүй хүүхэд байв уу ?

- Сурлага бол гайгүй байсан. Би гэхдээ дөрөвдүгээр анги төгсөх хүртлээ нэг их хичээсэн хүн биш шүү дээ. Тухайн үед аав маань өөд болчихсон байсан тул ээж их хүндхэн байсан. Манай ээж бол мал л малладаг саальчин хүн. Тийм учраас ээж маань малаасаа холдохоор сэтгэлийн, биеийн хувь их тийм гансрал, гунигт ордог байсан. Тэр үед өрх толгойлсон эмэгтэй хүнд нэгдэл итгэж мал өгнө гэж байхгүй. Өвлийн цагт бол айл амьтаны хаяа бараадаж өвөлждөг. Зуны цагт нэгдлийн даргаас гуйж хэдэн хонь ямаа авч саадаг. Тэгээд ээжийнхээ хажууд байсан учраас ээжийнхээ зовлонг маш сайн ойлгож байсан. Тэгээд ээждээ туслах юмсан, ээжийгээ нүүрний баясгалантай, сэтгэл тэнэгэр явуулах юмсан гэж л боддог байж. Тэгэх боломж нь юу вэ гэхээр ээж маань мал дээрээ л байж байвал баяр баясгалантай байдаг. Тийм учраас би дөрөвдүгээр анги төгсөөд мал дээр гарч, ээжийгээ баярлуулж, малчин болно гэж бодож байсан тул нэгээс дөрөвдүгээр ангидаа нэг их хичээгээгүй. Яахав бичиг үсэг мэддэг, тоогоо мэддэг болж аваад л ээжтэйгээ малчин болно гэж боддог байсан. Тэгээд дөрөвдүгээр ангид орсон намар ээж маань даралтаар унаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэнгэрийн оронд одсон. Тэр цагаас хойш “Би хаачих вэ” гэдэг асуулт миний өмнө маш том цохилт болж ирж байсан. Тэгээд малчин болох зорилго маань утгагүй болж эхэлсэн л дээ. Хар багаас бүтэн өнчин болохоор хүн их юм бодож өсдөг юм шүү дээ. Тэгээд сурах ёстой юм байна. Өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна. Өөртөө бий болсон капиталаар ирээдүйгээ бүтээх ёстой юм байна гэдэг бодол дээр хатуу зогссон учраас дөрөвдүгээр ангиасаа хойш сурлагандаа анхаарч эхэлсэн. Их хичээсэн. Тэгээд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд, МУИС-д элсэн орж байлаа.

- Эдийн засгийн анги уу?

- Тийм. МУИС-ийн Санхүүч, эдийн засагч гэдэг мэргэжлийг авсан.

- Шигшинэ биз дээ?

-Шигшилгүй яахав. Гэхдээ энэ мэргэжил надад хувь заяагаар ирсэн юм. Би зүгээр өнчин байсан учраас ч юм уу, тухайн үеийн нийгмийн ялгаврлаас ч юм уу сургуульд байхдаа бас нэлээн даруулж явсан. Жишээлбэл, 8 дугаар анги төгсөхөд жагсаадаг шүү дээ. Нэг өдөр гуравт орсон байхад маргааш нь тавдугаар байр руу орж байх жишээний. Тэгээд яагаад ч юм нэгдүгээр байранд орох боломж хомс байх жишээний. Тэгээд тэр үед чинь бас шар хөдөлнө шүү дээ. Тийм учраас шараа барьж, өөрөө өөрийгөө их ирлэж байсан юм. Тэгээд 10 дугаар анги төгсөх болсон. Яг 9 дүгээр ангид орсноосоо эхлээд л өөртэйгөө ажилласан байхгүй. 10 төгсөөд би сургуульгүй үлдэж болохгүй. Тэр үед чинь 300 хүүхэд нэг хуваарь дээр өрсөлддөг байсан. 300 хүүхдийн 1-т зогсож байж л би сургууль авна шүү дээ. Тийм учраас 9 дүгээр ангиасаа айлын хүүхдүүд унтаж байхад би хичээлээ л хийж байдаг байлаа. Үеийн хүүхдүүд гудманд шуугилдаад тоглож байхад би нулимс дуслуулаад л хичээлээ хийж байдаг байлаа. Би айлын хүүхдээс илүү олон цаг сууж байж, тэдний уншсанаас илүү олныг уншиж, судалж байж эдний өмнө гарна гэдэг хатуу зорилгодоо үнэнч байсан учраас өөртэйгөө их тэмцсэн. Тэгээд 10 дугаар ангиа төгсөх болоод ирсэн чинь манай сургуулийн захирал надад “Чи хичээл хийгээд хэрэггүй ээ. Чи алтан медальтай төгсчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би бас л итгээгүй байхгүй юу. Тэгээд конкурст бэлдээд байж байсан чинь “Чи аймаг руу одоо яв. Маргааш алтан медальтай хүүхдүүдийн хуваарийг хийх юм байна. Оч” гэж хэлсэн. Тухайн үед надад явах унаа байгаагүй. Хэн өнчин өрөөсөн намайг хүргэж өгөх билээ. Тэгээд маргааш нь конкурс өгөхөөр явж буй ангийнхантайгаа хамт ЗИЛ-130 машины тэвшин дээр яваад очсон. Тэр өдөр их бороотой өдөр байж билээ. Нэвт нороод куртканаас ус дусаж байсан. Манай сум аймгийн төвөөсөө 80 км. Тэр үед ЗИЛ-130-аар 4-5 цаг явдаг байсан байх. Тэгээд тээврийн товчоон дээр буусан чинь түрүүлж очсон манай ангийн хүүхэд “Чамайг энд өдөржин дуудлаа шүү дээ. Чи яачих ваа” гэж хэлсэн. Урд өдөр нь алтан медальтай хүүхдүүдийг хуваарилахад нь би хоцорчихсон. Тэгээд машинаасаа буугаад гүйгээд очсон. Бөөн цагдаа хамгаалсан байсан. Тэгээд Идэрийн Батсайхан ирлээ гээд яваад орсон чинь хоёр хүүхэд нэг хуваарь дээр өрсөлдөөд, маргалдаад сууж байхгүй юу. Тэгээд намайг ортол манай сургуулийн хичээлийн эрхлэгч байж байгаад өөр сургуулийн захирал болсон нэг багш маань “Хөөе нааш ир. Чиний хуваарийг би авчихлаа. Гарын үсэг зур” гэсэн. Тэгээд авсан чинь МУИС-ийн Санхүү, эдийн засгийн анги гэж байна. Би тухайн үедээ санхүү гэж юу юм, эдийн засагч гэж юу юм, ямар ч мэргэжилтэй болохоо ч мэдэхгүй багшийнхаа үгэнд ороод, гарын үсэг зураад л энэ хуваарийг авч байсан. Тэгэхээр энэ хуваарь бол надад илгээсэн хуваарь л гэж би боддог юм. Би өөрөө сонгож аваагүй.

- Тэр багш чинь тоо, физикийн багш юм уу?

- Тэр багш математикийн багш маань байсан хүн байхгүй юу.

-Тэгэхээр хүүхдүүдээ мэдэж байна л даа?

- Бас өөрийнх нь хүүхэд тэр өдөр алтан медальтай төгссөн. Тэгээд хүүхдийнхээ хуваарийг авсан юм билээ. Тэгээд миний хуваарийг дуудаад байсан. Би өөрөө очиж амжаагүй байсан учраас багш маань миний хуваарийг очоод авчихсан байсан юм.

-Тэгэхэд гадаадын хуваарь байсан уу?

- Байлгүй яахав. Тэгэхэд чинь түмэн хуваарь байлаа. 1990 онд төгссөн шүү дээ, би. 1990 онд гадаадын хуваарийг авдаггүй байсан үе. Тэр үед нийгэм задраад, тогтвортой биш байлаа. Тийм учраас гадаад руу явж болохгүй, явбал амь насаа ч алдаж болзошгүй гэсэн сэтгэл зүй нийгэмд байлаа шүү дээ. Тэгээд дандаа дотоодын хуваариа авдаг байсан үе. Сүүлд нь бодоход би хамгийн сайхан хуваарийг авсан байдаг юм. 

- За, ингээд их сургуульд ороод ирлээ?

- Оюутан боллоо. Намар бид нар чинь 8 сарын 25 гэхэд бүртгүүлэх ёстой. Тэгээд ирээд бүртгүүлсэн. Одоогийн МУИС-ийн дугуй байранд ирж бүтгүүлээд, тэр байрны хойно банз зөөдөг байлаа. Хичээл эхэлтэл зөөнө шүү л гэсэн. Тэгээд 9 сарын 1-нд хичээлдээ орлоо. Долоо хоноод аж ахуй явлаа. Анх Жаргалантын сангийн аж ахуй дээр очоод 45 хоног төмсөн дээр ажилласан. Тухайн үед манай ээжийн дүү Улаанбаатарт амьдардаг. Ганц бие өвгөн байсан юм. Намайг Завханаас наашаа явахад нутагтаа амарч очсон үе нь таараад надад гэрийнхээ түлхүүрийг өгсөн. “Миний дүү очихоор чинь аж ахуй явуулдаг юм шүү. Ахынх нь нэг куртка, гутал байгаа. Тэрийг өмсөөд яваарай” гэсэн. Тэгээд очсон гутал нь тосгүй болчихсон цав цагаан гутал байна. Курткаг нь өмсөөд гутлыг нь сайжруулах гээд их дэлгүүр лүү орж тухайн үеийн оросын шар хадаастай бакаль авлаа. Хөөрхөн мөнгөтэй хот орсон гэж байгаа. Манай ах шүдлэн үхрээ зараад намайг явуулж байгаа юм шүү дээ. Тэгээд шар хадаастай бакаль аваад гангараад оччихсон байж байтал эхний өдөр эрчүүдийг төмс буулга гэлээ. Төмсөө тэвшин дээр задгүй асгачихсан. Тэгээд дээрээс нь буулгаад үлдэгдлийг нь залхуураад хөлөөрөө өшиглөж буулгадаг. Тэгээд өшиглөөд байтал нөгөө бакалийн ул нь салаад уначихсан. Тэгэхээр нь мяндасаар боогоод 45 хоног ажилласан. Сүүлдээ цас орлоо. Цасанд ханзархай гуталтай, хөл нороод л явдаг байлаа. Тэгээд оюутны амьдрал сайхан шүү дээ. Дөрвөн жил аж ахуй явсан шүү.

- Гэр бүлээсээ хамгийн анх та дээд сургуульд явж байсан юм уу?

- Ер нь тийм. Манай гэр бүлээс хамгийн өндөр боловсролтой нь тракторын жолооч ах маань л байлаа. Дараа нь манай нэг эгч Архангайн Багшийн сургуулийг төгсөөд, бага ангийн багшаар очлоо. Тэгээд тэрний дараа би сургууль авч байгаа нь тэр.

- Төгсөөд шууд Сангийн яаманд хуваарилагдсан гэж байгаа ?

- Тийм.

- Сайн сурсны л шинж байх, тийм үү?

-Тийм байлгүй. Тухайн үед боловсон хүчиндээ их анхаардаг байсан. Эртнээс судалдаг. Тэгээд диплом хамгаалалт гээд болж байхад Сангийн сайд, дэд сайдынхаа хамт ирж суудаг байлаа. Тухайн үеийн Сангийн сайд, дэд сайд нар ирж суугаад, тэндээсээ хүүхдүүдээ шилж авсан юм билээ. Тэгээд би Сангийн яамны Гадаад валютын газрын мэргэжилтнээр анх томилогдож очиж байлаа. Төрийн том яаманд. Тухайн үедээ бас од болж байлаа шүү дээ. Хөдөөний нэг малчны хүүхэд МУИС төгсөөд, төрийн том яаманд тэр тусмаа Гадаад валютын газарт нь ажиллана гэдэг.

- Тэр үед Сангийн сайд хэн байсан бэ?

- Би сайн санадаггүй юм. Сайд ирсэн юм гэнэ лээ гэж сонссоноос нэрийг нь мэдэхгүй. Тэгээд би Сангийн яаманд нэг сар ажилласан юм. Тэр үед чинь нэг сар ажиллуулаад нутаг руугаа явах 14 хоногийн цалинтай чөлөө өгдөг байлаа. Тэгээд 14 хоногийн цалинтай чөлөөгөө аваад нутагтаа очоод, тэгээд буцахгүй гэж шийдсэн юм. Тэр үед бас шалтгаан байсан л даа. Би чинь гэр бүлийнхээ хүнтэй 9 дүгээр ангиасаа эхэлж үерхээд оюутан байхдаа нэг гэрт орчихсон байлаа. Манай хүн намайг яг төгсдөг жил төрж, том охиноо гаргасан. Миний хонхны баярын өдөр төрсөн юм. Тэгээд би сургуулиа төгсөөд, хонхны баяраа хийгээд, ажлаа авсан тул охин дээрээ очиж чадаагүй байсан. Тэгээд сар ажиллаад охин дээрээ очиж байгаа юм. Тэгээд очсон чинь хадам аав маань хорт хавдараар өвдөөд хүнд байсан. Ингээд эхнэр хүүхдээ аваад ажил руугаа явах уу, эсхүл орхиод явах уу. Хадам аавын бие тааруу үед хаяад явах уу, үлдэх үү гэдэг сонголт тулж ирж байсан. Дээр нь миний бодолд байнга байсан зүйл бол “Өндөр байшин босгохын тулд өргөн, бат бөх суурь тавих ёстой. Би ирээдүйд өөрийнхөө амьдралыг хэнээс ч хараат бусаар авч явахын тулд ажлын гараандаа маш сайн суурь тавих ёстой” гэх бодол байсан. Амьдралаа хөдөөнөөс, эгэл бор амьдралаас эхлэе гээд л шийдэж байсан. Тэгээд ер нь багшилж үзье гэж. Багшлах санаачилга нь юунаас болсон бэ гэхээр биднийг төгсдөг өвөл манай Завхан сургуулийн захирал ирээд аймгийнхаа хүүхдүүдтэй уулзаад, манай сургуульд багшлаачээ гэж намайг урьсан юм. Би тухайн үед нь очихгүй гэж хэлээд урилгаас татгалзсан. Тэгээд сүүлд нь бодож байгаад Сангийн яамаа орхихоор шийдэж, нөгөө захиралтайгаа уулзаад “Би ажиллана. Ганцхан жил ажиллаад явна шүү” гэж нэг жилийн гэрээ хийгээд тэр чигтээ гурван жил ажилласан. Дунд нь нэг ирсэн чинь Сангийн яамнынхан нөгөө алга болсон нөхрийг барьж аваад “Чи Гаалийн ерөнхий газарт очиж ажилла” гээд. Тэгээд ГЕГ-т очиж тушаалаа гаргуулчихаад бас буцаад явчихсан хүн шүү дээ. Тэгэхээр миний тавилан угаасаа орон нутаг л байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэндээ багшлаад байж байтал 1996 онд анх Ардчилсан холбоо эвсэл улсын хэмжээнд том ялалт байгууллаа. Тэгээд Ардчилсан холбоо эвсэл Завхан аймагт нэг суудал дутуугаар аймгийн ИТХ-д ялагдсан. Тухайн үед Дашзэвэг гэдэг хүн эвслээс аймгийн Засаг дарга болж байсан юм. Тэр үед би Ардчилсан холбоо эвслийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг нь хийж өгч байсан. Дараа нь Засаг дарга болчихоод дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилдаа намайг урьж байсан. Би тухайн үед Дашзэвэг даргын үйл ажиллагааний хөтөлбөрийг боловсруулж байлаа. Тэр үед компьютер гэж байгаагүй. Тэгээд А4-ын бор цаасан дээр гараар хийгээд, шугамдаад, бичээд нөгөөхийгөө наагаад өгсөн. Тэгээд хөтөлбөрөө батлуулчихаад намайг Тамгын газарт ирж ажиллаач гэж урьсан. Тэгээд урихад нь, “Би танд юм хийж өгчихөөд өрөө авч байгаа юм шиг албан тушаал дээр очихгүй” гээд татгалзсан. Тухайн үед Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга болооч гэсэн юм. 1996 онд би 24-тэй байсан. 24 настай залуу Санхүүгийн хяналтын хэлтсийн даргаар ажиллах нь миний сэтгэлд буугаагүй. Яагаад гэхээр тэр үед Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга чинь нягтлангуудыг шалгадаг байхгүй юу. Санхүүгийн баримтыг нь шалгадаг. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа нягтлан дор хаяж 24- 25 жил ажилласан хүн байгаа. Намайг төрөхөд тэнд нягтлан байсан хүнийг би шалгана гэж ямар юм байхав дээ. Тэгээд татгалзаж байсан. Тэгээд нэг жилийн дараа 1997 оны хавар аймгийн Засаг дарга дуудаж байна гэхээр нь яваад очсон чинь шууд тэр хэлтсийн даргаар томилсон. Миний урд нэг цаас тавьчихаад, наадахтайгаа танилц гэж хэлээд гараад явсан. Эргүүлээд харсан чинь Батсайханыг Санхүүгийн хяналтын хэлтсийн даргаар томилсугай гэсэн байсан. Эхний удаад би татгалзсан учраас хоёр дахь дээр нь шууд тулгаад томилж байгаа юм. Тэгээд ажлын хэсэг орж ирээд, аймгийн даргатай уулзах гэж очсон хүн чинь ажлаа хүлээж авчихаад гэртээ очиж байлаа. Тэгж хэлтсийн дарга болоод долоон жил ажилласан. Хоёр Засаг даргын нүүр үзсэн. Улсын шилдэг хэлтэс болгож байлаа. Тухайн үед намайг ажил авахад манай хэлтэс хамгийн сүүлийн байранд байсан.

- Хяналтын ажил их дайсантай болдог ажил. Та их залуудаа хяналтын ажил хийсэн байна?

-Тийм. Гэхдээ аливаа юм хоёр талтай. Хэцүү ажил гэж байдаг ч сайхан хийж болдог. Би хяналтын ажлыг долоон жил хийхдээ дайсантай болоогүй. Тухайн үед яахав шалгаж байсан, төлбөр, торгууль тавьж байсан олон хүн бий л дээ. Тэр бүхэн надад дайсан болоогүй. Бас ойлголцож, ажлаа ойлгуулж ажиллаж байсан. Би гэдэг хүн чинь аймгийн Засаг дарга дээрээ акт тавьж явлаа шүү дээ. Уг нь манай хэлтэс чинь аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс шүү дээ. Тэгээд тухайн үед аймгийн Засаг дарга Батмөнх гэж мундаг хүн байсан. Нөхөр томилолтоор ажиллаад томилолтынхоо хуудсыг намаараа таглуулчихсан байсан юм. Тэр нь дүрэм журмандаа болохгүй. Нам таглаад, Төр тайлагнаж болохгүй . Тэгэхээр нь 300 мянган төгрөгийн акт тавьсан. Тэгээд намайг дуудаад асуухаар нь “Та хууль зөрчсөн учраас акт тавьж байгаа юм. Уучлаарай” гэсэн чинь “Чи мөн шулуухан хүн шүү” гэж байна. Тэгснээ “Би төлнө. Энэ муу жолоочийн актыг чи жоохон багасга л даа. Энэ чинь жолоочийн буруу биш. Миний буруу юм. Энэ хүний цалин бага, амьдрал нь хэцүү шүүү дээ” гэсэн. Тэгээд би жолоочийн актыг чөлөөлөөд, даргынхыг төлүүлж байлаа. 

- Тэгээд хот руу хэзээ ирэв?

- 2003 он хүртэл хэлтсийн даргаараа ажилласан. 2003 онд санхүүгийн хяналт татан буугдаад Мэргэжлийн хяналтын газар байгуулагдсан. Аймгийн санхүүгийн хяналт, мэргэжлийн хяналтын хэлтэс нэгдээд газар болсон юм. Тэгээд тэр газар 51 орон тоотой байх ёстой. Хоёр газар нийлээд нөгөө тооноосоо хэтэрчихсэн. Тэгээд тэр үед СГЗ П.Батсайрхан мэргэжлийн хяналтын дарга байлаа. Хоёр Батсайхан хоёр хэлтсийн дарга байсан үе. Тэгээд СГЗ П.Батсайханыг газрын даргаар, намайг дэд даргаар томилсон. Тэгээд хоёр талаас орж ирсэн ажилтнуудаа нөгөө тоондоо бариулах гээд хэдэн өдрийн юм болов. Тэгээд явсаар явсаар нэг орон тоон дээр гацсан. Нэгээр хэтэрчихлээ. Тэгэнгүүт санхүүгийн хяналт гуван хүнтэй байсныг 10 болгосон. Тэгээд “Чи 10 хүнийнхээ нэгийг хас. Би мэргэжлийн хяналтаасаа зөндөө хассан” гэхээр нь би чадахгүй гэлээ. 540 байгууллагын санхүүг шалгадаг хэлтэс 10-хан хүнтэй. 10 хүнээс нэг нь дарга, нэг нь жолооч, нэг нь бичиг хэрэг, долоон шалгагчтэй. Тэгэхээр нэг хүнд бараг 70, 80 газар ногдож байгаа юм. Тэгээд хэн нь хасахав гэдэг тэмцэл өрнөлөө. Тэгээд нэг орой шөнийн 12 цаг өнгөрөөд сууж байтал танайх заавал нэг хүнээ хас гээд байхаар нь “За, амархан хасъя. Намайг хасчих. Дэд даргагүй ажиллаж болно” гээд би гарсан. Манай ажилтнууд нэг хүн хасна гэдгийг мэдчихсэн намайг өрөөнөөс гарахад түгшчихсэн хэн нь хасагдах бол гээд хүлээж байсан байгаа юм. Тэгээд намайг инээгээд гараад ирсэн чинь “Ашгүй дээ. Хасуулаагүй гараад ирлээ” гэж бодсон гэж байгаа юм. Тэгээд гарч ирээд яав гэхээр нь “Би өөрийгөө хасуулчихлаа. Та нар ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд гарсан. Тэгээд долоо хонож байтал “Хасбанк”-наас утасдаад салбарын захирлаар ажиллах урилга ирүүлсэн. Ажилгүй байсан учраас зөвшөөрөөд очтол бас сонгон шалгаруулна гэж байна. Тэгээд баахан хүмүүстэй өрсөлдөөд нэгээр гарч, банкны салбарын хүн болсон түүхтэй.

- Шинэ тутам банк ч байсан, бас л гоё урилга иржээ?

-Тийм. Бас тэр чигээрээ шинэ менежмент. “Хасбанк”-нд бас амжилттай ажилласаан. 80-аад сая төгрөгийн активтай байсан салбарыг жилийн дотор 500 сая хүргэж байсан юм. Тэгээд байж байтал “ХААН” банкин дээр асуудал гараад захирал, нягтлан, ахлах эдийн засагч нь гээд бүгд халагдлаа. Ингээд бөөн хэрэг мандаад байж байтал “”ХААН банкнаас салбарын захирлаараа урихад нь би татгалзсан л даа. Яагаад, танд цалин урамшуулал амлаж байна шүү дээ гэхэд нь “Би Завхан нутгийн иргэдэд хамгийн сайн банк “Хасбанк” шүү. “Хасбанк”-тай, надтай хамтарч ажиллаарай гээд уриад бүх байгууллагаар нь явсаар байгаад 80 сая төгрөгийг 500 сая болгочихоод маргааш нь “ХААН” банк хамгийн сайн нь гээд явж болохгүй. Ёс жудаг, этик гэж ойлголт байна. Болохгүй” гээд татгалзаж байсан. Тэгсэн “Монголбанк”-ны захирал дуудаад “Банкны систем эрсдэлд орж байхад чи амиа бодож болохгүй. Тэр тусмаа чиний ажиллаж байгаа “Хасбанк” бол ганцхан салбартай. “ХААН” банк бол 24 салбартай. Чи яагаад амиа бодоод байгаа юм бэ” гэсэн. Би амиа бодоогүй, ёс суртахуун барьсан гэдгээ тайлбарлаад байж байтал “ХААН” банкнаас дахиж утасдаад дахиж, уриад цалин санал болгосон. “Би цалин харж банкнаас явдаг хүн биш. Та нар намайг зөнгөөр нь орхичих. Надад хүний өмнө хүлээсэн үүрэг, итгэл байна. Энийгээ хийгээд л явж байя” гэтэл ахиад нэг бодооч гээд байхаар нь эхнэртэйгээ ярьж байгаад болъё гэж хэлээд орхичихсон юм. Тэгтэл маргааш нь “Хасбанк”-ны захирал залгаад “За Батсайхан юу болоод байна” гэж байна. Тэнд бас шуум очсон байна. Юу ч болоогүй. “ХААН” банк санал тавихад нь татгалзсан гэдгээ хэлсэн чинь “Үгүй, чи тэгж живж байгаа онгоцонд ороод суучихгүй юм байгаа биз дээ” гэж байна. Тэгэхээр нь дургүй хүрээд “Живж байгаа онгоцонд суугаад босгоод ирвэл та яах юм бэ” гэсэн чинь “Тийм юм байхгүй шүү” гэж байна. Тэгэхээр нь “Тиймээ тийм. Та жаахан эвгүй үг хэлэхээр чинь миний шар хөдөллөө” шүү гэж хэлээд орхичихсон юм. Тэгээд байж байтал цаг гаруйн дараа факс ирж байна. Тэр үед факс ирнэ гэдэг чинь онгоц буух шиг л юм болдог байлаа. Танхим дүүрэн хүн сууж байхад факс ирэхээр түрр гээд л сүртэй дугардаг. Тэгээд факс ирэхээр шинэ мэдээ ирдэг. Факсаар бичиг баримт ирдэг. Тэгээд факс ирээд манайхан очиж үзсэнээ “Энэ таны юм байна” гээд өгөхөөр нь хартал миний цалинг нэмэх тушаал байна. Тэгсэн “ХААН” банкны тавьсан саналаас илүү болгоод цалинг маань нэмжээ. Тэгээд би бодлоо. Энэ салбар 10 орон тоотой. Энэ салбарын цалингийн сангийн 50 хувийг би авчихаар энэ хүмүүс яах юм бэ. Дээр нь би “ХААН” банкнаас санал авчихаад гарлаа, орлоо шүү гэж айлгаж байгаад цалингаа нэмүүлсэн амьтан шиг болчих гээд байна шүү дээ. Тэгээд ийм хүнд байдалд оронгуут нь захирал руугаа утасдаад тушаалаа хүчингүй болгочих, би цалингаа нэмүүлэхгүй гэдгээ хэлсэн. Яаж байгаа юм бэ гэхээр нь “Би явахгүй. Гэхдээ цалингаа нэмүүлэхгүй. Энд чинь ийм хүнд нөхцөл байдал бий болж байна. Хамаг цалинг нь би ганцаараа авчихаад энэ хүмүүсийг би яаж удирдах юм бэ” гэсэн чинь “Тийм юм байхгүй. Чи сайн ажиллаж байгаа учраас нэмсэн” гэж байна. Тэгэхээр нь “Цалин нэмсэн тушаалаа хүчингүй болгохгүй бол би бүр ХААН банк руу явлаа шүү” гэсэн “Тийм юм байхгүй” гээд утсаа тавьчихгүй юу. Тэгэнгүүт нь өөрөө “ХААН” банк руу утасдаад “За би шийдлээ” гэж хэлээд “ХААН” банкинд орсон юм шүү дээ.

-Сонин сонин нөхцөл байдалд шийдвэр гаргадаг хүн байна. Тэр чигээрээ адал юм юм аа?

- Их сонин нөхцөл байдал болж байсан. Тэгээд би “ХААН” банкны захирлаар нэг жил ажиллаад, бүх асуудлуудыг нь шийдвэрлээд 1.9 их наядын активтай болгосон шүү. Тухайн үед 300-400 сая төгрөгийн хасах бланктай байсан. Тухайн үед Питер Морроу захирал Завханд нэг ирсэн юм. Захирал ирэхээр аялалын хөтөлбөр гаргадаг юм. Салбарын захирлаас ямар аялал, яаж хийх талаар асуудаг. Тэгэхээр нь би дандаа сумуудаар аялуулж, харилцагч нартай уулзуулна гээд дандаа сумуудаар аваад явсан. Олигтой нэг хоол өгөөгүй дээ. Сумдаар бүтэн тойруулж байгаад буцаачихсан. Яагаад гэхээр тэр хүнийг би тэгж ашиглаж л харилцагчаа өсгөнө шүү дээ. Тэгсэн дараа нь нэг сургалтан дээр яваад очсон чинь Пит захирал нэг орой хоол идье гэж байна гэнэ. Тэгээд хоол идсэн чинь “Чи бол үнэхээр менежер хүн” гэж хэлэхгүй юу. Тэр том хүнээс тийм үг сонсоно гэдэг аймаар ч юм шиг, аз жаргалтай ч юм шиг сонин болдог юм билээ. Тэгээд яагаад тэгж хэлснийг нь асуухад, “Би олон аймаг, сумаар явж байгаа. Намайг очиход П хэлбэрийн ширээ засаад миний хоёр талд аймгийн хоёр том даргаа суулгаад хүлээн авалт хийдэг. Чи бол тийм юм хийгээгүй. Намайг бүх харилцагчтай нүүр тулж уулзуулсан. Чи надаар манай банк сайн шүү гэж хэлүүлсэн. Чи надаар ажлаа хийлгэсэн. Тийм учраас чи сайн менежер” гэж байна. Тэгээд баярлалаа гэж хэлээд л нутаг буцаж байсан. Тэгсэн дараахан нь төв банкинд ирж ажиллана уу гэсэн урилга ирсэн. Тухайн үед нь би тэр урилгаас татгалзсан юм. Тэгээд яагаад ирэхгүй байгааг асуухаар хариулах шалтгаан олдохгүй болохоор нь “Би ламаас асуусан чинь болохгүй” гэсэн гээд хэлчихгүй юу. Тэгээд татгалзчихаад дараа жил нь...

- Үнэхээр ламтай байсан юм уу тэр үед. Танайх чинь бас хутагтуудын өлгий шүү ?

-Тухайн үедээ асуугаагүй л дээ. Зүгээр л тэгээд л хэлчихсэн юм.(инээв) Дараа жил нь эхнэртэйгээ хотод ирчихсэн тууж явлаа. Тэгсэн нэг семинар болж байсан юм. Семинар дундуур захирал дуудаж байна гэхээр нь яваад орсон чинь Пит захирал “Одоо чи төв банкинд ирэх болчихсон. Энэ Зээлийн газар дампуурчихлаа. Энэ газрын захирлаар ир” гэхээр нь бодож үзнэ гэдгээ хэлтэл “Чи дахиад ламаасаа асуухгүй биз дээ” гэсэн. Тэгэхээр нь “асууна шүү дээ” гэж хэлчихээд орой эхнэртээ хэлтэл “Чи энэ том хүнээр гуйлгаад байхдаа ичихгүй байна уу. Энэ хүн хоёр удаа гуйлаа. Болоо юм бишүү. Тэгээд ч хүүхдүүд томорч байна. Хүүхдүүдийнхээ боловсролыг бодъё” гэсэн.

- Таны лам чинь эхнэр тань л байсан байна шүү дээ?

-Тийм шүү дээ. (инээв) Тэгээд маргааш нь зөвшөөрч байгаагаа хэлээд “ХААН” банкны Зээлийн газрын даргаар томилогдсон. Питер Морроу захирал тухайн үед их баярлаж хүлээж аваад бүх хүмүүсээ дуудаад “Батсайхан Зээлийн газрын захирлаар ажиллана. Энэ хүнд Улаанбаатарт орох орон байхгүй шүү. Орон сууцыг нь шийдэж өг. Гэхдээ зээлээр. Хамгийн бага хүүтэй зээлээр орон сууцыг нь шийдэж өг. Чи өөрөө байраа ол. Байраа олоод ортол нь энэ хүнд зочид буудалд өрөө авч өг. Өрөөнийх нь мөнгийг банк төл” гэж хэлж байсан. Тэгээд 13 дугаар хорооллын Ундрам билүү Бөхийн өргөөний хойно байдаг хоёр давхар зочид буудалд нэг өрөө авч өгсөн. Яагаад гэхээр манай банк Жуковт байсан юм. Тэгээд би тэр буудлын өрөөнд нэг сар амьдарсан юм. Тэр үед эхнэр бие давхар байсан. Орой ажил тарах үед би “Зар мэдээ” сонин аваад гэртээ хариад эхнэртэйгээ хамт үзэж байгаад л орой хэсэг байр үзнэ. Ингээд бүтэн сар үзэж байгаад 13 хороололд гурван өрөө байр зээлээр авсан. Тэгээд Зээлийн газрын захирлаар ажиллаад дараа нь дэд захирал болсон. Дараа нь гүйцэтгэх захирлын орлогч болсон. Гүйцэтгэх захирлын орлогчоор дөрвөн жил ажилласан. Тэгээд 2012 онд банкнаас гарч байсан даа. Тухайн үед намайг гаргах дургүй байсан. Тэгээд “Би 10 жил боллоо. Дараагийн залуучууддаа зайгаа тавьж өгье. Миний мэдлэг чадвар, мэддэг чаддаг юм ч багасаа биз. Юм шинэчлэгдэж байна. Одоо нэг өөрчилье” гэж хэлсэн. Яагаад тэгж байгаа юм гэхээр нь “Та нарын мэддэг барууны соёлд чинь нэг хүн нэг байгууллагад 10-аас дээш жил ажиллахаараа зэвэрдэг гээ биз дээ. Би зэвэрмээргүй байна” гээд гарч байсан түүхтэй юм. Тэгээд 2012 оны сонгуулиар Я.Санжмятав гишүүний менежерээр нь ажиллаж сонгуульд гаргасан. Дараа нь Н.Алтанхуяг сайд Ерөнхий сайд болчихоод 2013 оны нэгдүгээр сард Төрийн банкы захирал бол гэсэн. Тэгэхэд нь би бас татгалзсан. Яагаад гэхээр би банкинд 10 гаруй жил ажилласан. Бүх албан тушаалд нь ажиллаж ирэхдээ үнэндээ би маш их ядарсан байхгүй юу. Банкны ажил хүн харахад цэвэрхэн, сайхан оффист суудаг ажил юм шиг мөртлөө цаанаа байнга юм бодож, тоо ширтэж, тооцоо хийдэг ажил. Тийм учраас банкнаас хөндийрөх бодолтойгоор ажлаа өгсөн байтал ахиад банк санал болгохоор “Би чадахгүй. Төрийн банк чинь ямар ч банк юм билээ” гэсэн. Гэтэл, “Үгүй ээ чамаас өөр тэр банкыг босгоод ирэх хүн алга. Тэр банк чинь уначихаад байна. Чи банкны салбарт өдий олон жил ажиллачихаад юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд дуудсан өдөр нь очоод ажлаа авч байлаа. Тэгсэн тэр өдөр нь гудманд жагсаал болж байлаа. Тэр үед 6 хувийн зээл гэж байсан. Энэ зээлийг Төрийн банкаар дамжуулж олгож байсан. Тэр зээл авах гэж байсан хүмүүсийг будлиулаад очерь дугаарыг нь наана цаана болгоод бөөн тэмцэл болоод Сүхбаатарын талбай дээр жагсаал болгоод хаячихсан байлаа. Тийм үед би Төрийн банкны захирал болж байх жишээтэй. Тэгээд ажлаа тэр ажлыг шийдэхээс эхэлсэн. Тэр нөхцөл байдлыг нь судлаад үзсэн чинь тал талд очерь бичээд, тэгээд дундуур нь нэг хэсэг нөхдүүдийг дайруулаад, тал талаас бичсэн очероо нэгтгэхээрээ урд хойно нь оруулаад түмэн хүний зовлон болгочихсон байсан. Тэгээд тэр үед хяналт шалгалт, дотоод аудит, хүний нөөц гээд ажлын хэсэг гаргаад бүх юмыг анхнаас нь эхлээд бүгдийг шударгаар дарааллуулж, цэгцлээд тэр жагсаал тарж байлаа. Тэр чинь 2013 оны нэгдүгээр сар. Тэгээд зун боллоо. Тэр жил манай аймгийн 90 жилийн ой боллоо. Аймгаараа хөдлөөд хандив цуглуулаад бөөн юм боллоо. Би тухайн үед 90 жилийн ойдоо явах гээд долоодугаар сарын 18, 19 шиг санагдаж байна. Ээлжийн амралтаа авлаа. Амралтаа авчихаад зуслан дээрээ гэрийнхэнтэйгээ очоод машин тэргээ бэлдээд, 19-ний өглөө Завхан руу гарах гээд байж байлаа. Долоодугаар сарын 23-нд ойтой байсан юм. Ингээд 19-ний өглөө яг гарах гэж байтал Монголбанкнаас дуудлаа. Тэр үед Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч байсан юм. Тэгсэн “Чи буцаад ажилдаа ор” гэхээр нь “Би амралтаа албан ёсоор авсан. Амралтын мөнгө ороод ирсэн. Аймгийнхаа ой руу явах гэж байна” гэлээ. Тэгсэн “Болохгүй. Хадгаламж банк дампуурч байна. Энийг чи авч явах ёстой. Шилжүүлж ав” гэхээр нь “Би ирж байгаад авъя” гэсэн чинь “Юу балайрч байгаа юм. Чамайг наадамлаж яваад ирэхэд энэ банк чинь дампуурчихдаг юм байгаа биз дээ” гэж байна. Хэзээ гэдгийг нь тодруултал маргааш гэж байна. Тэгэхээр нь “Би мэдэхгүй байна. За, яахав би нутаг явах, 90 жилийн ойгоо хаялаа. Гол нь ийм тулгуу үед наад банкинд чинь юу байгааг би яаж мэдэх юм бэ. Надад блансыг нь ч уншсан юм байхгүй. Тийм учраас би авмааргүй байна” гэтэл чи ав гээд. Тэгээд Ч.Улаан сайд дээр очлоо. Ч.Улаан сайд Сангийн сайд байлаа. Манай Төрийн банкны эзэн Сангийн яам байхгүй юу. Тэгсэн Ч.Улаан сайд яах талаар асууж байна. Нөхөр хашир хүн учраас. Тэгэхээр нь би “Та хүлээж авахгүй гээд бичиг өгчих. Наад банк чинь юу ч болсон юм билээ би мэдэхгүй. Бланс нь юу байгаа юм, дотроо юу байгаа юм. Хичнээн зээл нь чанартай, хэд нь чанаргүй байгаа юм. Сүүлд нь бөөн лай болж та бид хоёр хөлөө чирэх ажил болно. Би бол татгалзаж байна” гэсэн. Тэгсэн Ч.Улаан сайд бичиг хийгээд өгчихдөг юм. Тэгээд би банкин дээр ирчихсэн яах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй байж байтал орой нь яаман дээр дуудлаа. Яваад очтол Ч.Улаан сайдын өрөөнд Н.Золжаргал ерөнхийлөгч болон бусад баахан хүмүүс цуглачихсан байна. Тэгсэн тэнд нэг самбар дээр зурдаг юм. Энэ банк ийм болчихсон. Аврах ганц боломж нь Төрийн банк. Төрийн банк руу шилжүүлж байж л аврахгүй бол энэний цаана байгаа 2.3 сая харилцагчийн эрх ашиг хохирох гээд байна. Тэгсэн Ч.Улаан сайд гайхаад дугардаггүй. Би дугардаггүй. Тэгсэн чинь Золоо ерөнхийлөгч “Танай Төрийн банкинд шилжүүлэх гол нөхцөл чинь Батсайхан байхгүй юу” гэсэн. Яагаад гэдгийг нь тодруултал “Чи ХААН банкыг авч явж байсан. Тиймээс энэ олон салбартай банкыг авч явж чадах хүн нь чи байна. Дуугай ав наадхаа”. Тэгсэн Ч.Улаан сайд “Нэгэнтээ төрийн шийдвэр юм бол түмэн олныг хохироох эрх чи бид хоёрт байхгүй шүү дээ” гээд л. Тэгээд маргааш өглөө нь юу авч байгаагаа мэдэхгүй 12.00 цагт Монголбанкны зөвлөл хуралдаад 15.00 цагт хэвлэлийн бага хурал хийгээд, “Төрийн банк руу шилжүүлнэ. Ямар ч эрсдэл гарахгүй. Маргааш 09.00 цагт бүх салбар Төрийн банк болж хувираад хэвийн ажиллана” гээд зарлачихсан. Надад 18 цаг л байгаа юм. 18 цагийн дотор 500 салбарыг шилжүүлэх хүнд үүрэг ирж байгаа юм. Тэгээд хийхгүй гэлтэй биш, тэгээд л ажилласан. Хамгийн түрүүнд юу хийсэн гэхээр бүх бланкуудыг хэвлүүлэх, салбарын хаяг, тамга, туг, теллер хаяг, тэмдэг зэрэг хэвлэлийн ажлыг эхэлж хийх ёстой юм байна гэж бодсон. Тэгээд бүх хэвлэлийн компаниудыг дуудаад МҮХАҮТ-аас онцгой нөхцөл гэсэн гэрчилгээ авдаг юм. Төрийн өмчийн банк учраас тендергүй юм хийж болохгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулиар онцгой нөхцөлд шууд гэрээ байгуулж болно гэсэн заалттай. Онцгой нөхцөл байдал гэдгийг МҮХАҮТ тогтооно. Тэгээд танхимаар тогтоолгоод гэрчилгээгээ аваад, шууд гэрээ байгуулж, шөнөд нь хэвлүүлээд хамгийн хол аймгаас эхэлж хэвлүүлээд хоёр ээлжийн жолоочтой машин гаргасан. Тэгээд шөнөд нь хүргүүлээд маргааш өглөө нь 09.00 цагт салбаруудаа нээж байсан. Энэ бол түүхэн юм болсон шүү. Банкууд нэгдэж, шилжиж байсан олон процедур бий. Гэхдээ 18 цагийн дотор, өмнөх өдөр нь шийдээд, маргааш өглөө нь улс орон даяар нээж байсан түүх байхгүй. Тэр түүхийг бичсэндээ баяртай байдаг.

- Бас л сайхан түүх. Нөхцөл байдал үнэхээр амаргүй байсан. Хэвлэлийнхэн бүчээстэй...

- Би унталгүй долоо хонож байсан. Тэгээд л өглөө хэвлэлийнхэн ирдэг. Өглөө болонгуут тэр телевизэд яриа өгнөө л гэдэг. 

- Харилцагчид үймж болохгүй. Банк бол эмзэг зүйл...?

-Тийм. Маш эмзэг. Харлцагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд чадах бүхнээ хийж байсан. Би өөрийн гарын үсэгтэй захидлыг харилцагч бүрт хүргэж байсан. Банкны салбар бүрийн үүдэн дээр өөрийн гарын үсэгтэй захидлаа нааж байлаа. Энэ банк эрсдэлгүй. Ямар ч эрсдэл гарахгүй тул та тайван байж болно гэдэг захидлыг бичиж байсан нь тэр. Улс орон даяар нэг шөнийн дотор хаягнуудаа солиод маргааш нь 09.00 цагт гүйлгээ хийж эхэлсэн. 09.00 цагаас эхлээд программ харахад хадгаламжууд гадагшилж эхэлсэн. 11.40 цагт эхний шинэ хадгаламж нээгдсэн. Бас их сонин. Хадгаламж гадагшлаад эхлэхэд үнэхээр зовж байсан. 11.40 цагт эхний хадгаламж нээгдэхэд би маш их баярлаж байсан. Эхний өдрөө 10 тэрбум төгрөгийн хадгаламж гадагшилсан шүү дээ.

- Үнэхээр хэцүү нөхцөл байдал л даа. Савалгаа үүсвэл яана?

- Маш хэцүү. Тэгээд маргааш өглөөнөөс нь хадгаламжууд буцаж орж ирээд тайван болсон. Тэгээд банк ашигтай ажилласан. Ингээд 2016 онд банкаа сайхан банк болгоод хүлээлгэж өгч байлаа даа.

- Банк дандаа таныг дуудаж байсан байх юм. Харин та орхиж явдаг ?

- Хувь зохиол нь тийм юм уу. Их сонин түүхтэй шүү, ер нь бол.

- Сүүлийн 30 жилийн түүхэнд аймаг, орон нутагтаа очиж ажилласан төрийн зүтгэлтнүүд цөөхөн байдаг. Хууччуулаас Л.Жавзмаа дарга нэг очиж байсан байх. Түрүүн хэлснээр жигүүрээ ургахаар нутгаа орхиод нисэхээ мэддэг. Буцаж нутагтаа буух нь ховор. Та нутагтаа буцсан нь сонин шийдвэр санагдаж байсан. Өнгөрсөн дөрвөн жил танай нам цөөнх байлаа. Ажил хийхэд их улс төрийн үсэрхийлэл, савалгаа дороо хэр байв ?

- Манай аймгийн түүхэнд гурван дарга очиж байсан түүхтэй юм. Гансүх дарга гэж хүн бий. Боловсролын яамны газрын дарга байж байгаад аймагтаа очиж Засаг дарга хийж байсан. Санжмятав дарга очиж байсан. Гурав дахь нь би. 2016 онд тантай ярилцлага хийж байхдаа УИХ-д нэр дэвших бодолтой байгаагаа хэлж байсан. Тэгээд нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Нөхдийнхөө шийдлийг дагаж, нөхдийнхөө өмнө хамгийн эхэнд буулт хийсэн хүн нь би л дээ. За, УИХ-аа больё доо. Намаа аваад орон нутгийн сонгуульд ялалт байгуулъя. Тэгээд аймгийн Засаг дарга болно гэсэн. 2016 онд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хамт явсан. Ингээд би штабаа удирдаад, намаа удирдаад сонгуульд орохдоо шууд нэг зүйлийг зарлаж орсон юм. “Хэрэв та УИХ-д нэр дэвшсэн энэ хүнийг маань сонгуульд ялуулаад өгвөл би аймгийн Засаг даргаар ирнэ” гэж. Тэр үед ард түмэн надаас “Чи яг ирэх юм уу” гэж асуусан. Би ирнэ гэдгээ хэлсэн. Завхан нутгийн ард түмэн надад итгэсэн. Бид түүхэнд байхгүй ялалт байгуулсан. Хоёр УИХ-ын гишүүнээ гаргаад, орон нутагтаа ялж байгаа юм. Орон нутагт АН ялсан ганцхан түүх байдаг юм. Я.Санжмятав гишүүн 2008 онд “Би аймгийн Засаг дарга болно” гэж очиж нэг ялсан түүх байдаг. Гэхдээ ганцхан хүнээр ялдаг юм. 2016 онд би долоон хүнээр ялсан байхгүй юу. 24:17 харьцаатайгаар. Ингээд аймгийн Засаг дарга боллоо. Тэгсэн манай нам ганцхан Завхан аймагт ялдаг юм. Сонгуулийн орой тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийсэн. Одоо фейсбүүк дээр байгаа. Тэр мэдэгдэлдээ УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхгүй ялалт байгууллаа. 21 аймгаас Завхан аймгаас бусад аймагт бид ялалт байгууллаа гэж зарлаж байсан. Тэгж ганцаараа ялсан. Хувь тавилан намайг өөрөө ганцааранг нь болгосон. Ингээд аймгийн Засаг дарга боллоо. Бүх аймгийн Засаг дарга нар цуглалаа. Семинар хийлээ. Дараа нь сум, багийн хурлын сонгууль болох байсан. Тэгээд Төрийн ордонд 21 аймгийн Засаг дарга цуглахад би ганцаараа АН-ын гишүүн, үлдсэн 20 нь нөгөө намын дарга нартай сууж байгаа юм. Тэгээд өдөр ундны цаг дөхөж байтал над дээр нэг хүн ирдэг байхгүй юу. Таныг Ерөнхий сайд хоолонд оруулаарай гэсэн юм гээд. Тэгээд намайг аваад явдаг. Гоё ресторанд оруулаад хооллодог. Миний хоолны мөнгийг даадаг. Тэгээд 2- 3 өдөр ингэлээ. Тэгээд би “Энэ хэд сонгуулиа ярих гээд. Би хажууд нь өөр намын нөхөр суугаад байна. Би бас хоол даалгах азтай юм даа” гэж бодоод явж байтал хамгийн сүүлийн оройны хүлээн авалтын өдөр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сайд дуудаж байна гэнэ. Тэгээд орсон чинь “За, Батсайхан дарга та ойлгож байгаа биз дээ. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа учраас бид хэд бас улс төр яриад байгаа юм. Тэгээд таныг бас зүгээр хаяхгүй гээд хоолонд уриад байгаа юм шүү” гэсэн. “Тиймээ тийм. Би ойлгож байгаа” гэсэн. “Өнөө оройны хүлээн авалтыг яах вэ” гэж байна. Тэгэхээр нь “Би Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон. Ард түмэн тэр сонголтыг хийсэн. Тэгэхээр би энэ бүрэлдэхүүнээс гарч яваад байх нь бас ёс зүйн хувьд муухай юм. Дотор нь байгаад байхаар та хэдэд хэцүү юм. Тийм учраас би дөрвөн жил ингэж явалтай биш. Тиймээс би чих онгорхой, ам хаалттай байя. Тэгээд би хамт олон дундаа байя” гэсэн чинь “Тэгвэл болж байна. Тэгвэл тохирлоо шүү хоёулаа” гэлээ. Ингээд тохирлоо. Тэгээд орой хүлээн авалтан дээр очсон чинь Ж.Мөнхбат сайд үг хэлэхдээ, “Өдөр Батсайхан дарга бид хоёр уулзсан. Чих нь онгорхой, ам нь хаалттай байна гэж надад хэлсэн шүү. Тийм учраас та нар өнөө орой намаа, сонгуулиа, улс төрөө ярихдаа Батсайхан даргаас битгий цэрвээрэй. Энэ хүн цааш нь ярихгүй шүү” гэж хэлсэн. (инээв) Ингээд анхны тайвшрал тэнд үүсээд, нөгөөдүүл ч надаас цэрвэхээ болиод би ч нөгөөдүүлийн дунд хавтгайрч ороод сонгууль, улс төр ярьсан. Бүгдээрээ ялна шүү гээд хундага тулгасан. Бүгдээрээ сумынхаа сонгуульд ялна шүү гээд хундага тулгахад нь би дунд нь ороод хундага тулгасан юм. Тэгээд Ерөнхий сайдтай хундага тулгасан чинь “Хөөе, та ямар нам ялуулах гээд байна” гэхээр нь өөр өөрийнхөө намыг ялуулъяа гээд тулгаж байсан. Тэгээд дараа нь сонгуульдаа орцгоогоод сонгуулийн дараа бас аймгийн дарга нар цугласан. Тухайн үед Ерөнхий сайд орж ирээд А-гаас нь эхлээд яриулдаг юм. За, Архангай аймаг хэдэн суманд ялсан, ямар үр дүнтэй байна гээд. Бүгд ялчихсан бас. Сумынхаа сонгуульд. Завхан дээр ирлээ. “За, Батсайхан дарга яах билээ” гэхээр нь “Би тайлангаа тавина. 24 сумаас 23-т нь яллаа” гэсэн чинь нөгөөдүүл инээлдээд надад баяр хүргэсэн. Тэгээд бид хэд дөрвөн жил ямар ч асуудалгүй нэг анги, нэг баг болж ажилласан. Анхнаасаа тэгж нээлттэй ажилласан учраас би энэ дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраа нэг ч удаа муулаагүй. Засгийн газрын эсрэг нэг ч үйлдэл хийгээгүй. Тийм учраас Засгийн газар намайг бас алагчилж үзээгүй. Энэ дөрвөн жилд би бусдын адил л ажилласан. Бусдын адил хөрөнгө оруулалтаа авч, бүтээн байгуулалтын ажлуудаа явуулсан.

- Дошин дээрээ эргээд очиход цаг хугацаа алсарсан байдаг. Гундсан ч юм шиг. Тэгээд бас хөгжлийн төвөөс очиж байгаа шүү дээ. Хэдий нутагтаа ажиллаж амьдарч байсан ч гэсэн юу их хэцүү, зүрхшээмээр санагдаж байв. Ажлаа яг юунаас барьж авав ?

- Хамгийн хүнд асуудал зам байсан. Загастайн давааны 67 км зам. Уг нь 67-хон км. Тэнд жижиг тэрэг 3-4 цаг, том тэрэг 6-7 цаг явдаг байлаа. 15-20 км/цагийн хурдтай явдаг. Бүр хонхор дотор явдаг байсан. Тухайн үед онигоо маягийн зүйл гарчихсан байсан. “Зам муудлаа. Завхан ойртлоо. Улам муудлаа. Улиастай ойртлоо” гэдэг. Тэгээд гаднаас ирсэн хүмүүс танай зам хаашаа юм бэ. Мод тарих гэж байгаа юм уу гэж хэлдэг байсан. Тухайн үед аймгийн Засаг дарга болчихоод тамгаа аваад гарч ирэхэд хэвлэлийнхэн надаас ажлаа юунаас эхлэх вэ гэж асуусан юм. Тэр үед би “Алтан шар замаасаа эхэлнэ” гэж хэлсэн. Тэгээд замаа засахаас эхлэх гэтэл “Замын сан” нь 1634 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл тэр 67 км замыг сайжруулаад, шороо асгаад индүүдээд засахад хамгийн багадаа 100 сая гаруй төгрөг шаардлагатай байсан. Арай ахиу бол 600-700 сая төгрөг хэрэгтэй. Надад мөнгө байдаггүй. Алтан шар замаасаа эхэлнэ гээд хэлчихсэн хүн эхлэх ёстой шүү дээ. “Болгоно гэвэл аргаа олдог” гэж сайхан үг байдаг. Тэгээд би аймагтаа очоод Хөгжим, бүжгийн театртаа иргэдийн уулзалт зарласан. Уулзалтад ороод “За, алтан шар замаас ажлын гараагаа эхэлнээ гэж хэлсэн. Одоо замаасаа л эхэлнэ. Гэтэл бэрхшээл байна. Замын сангийн мөнгөөр зам засдаг. Энэ сангийн үлдэгдэл мөнгө 1634 төгрөг л байна. Тэгэхээр би яаж засах вэ. Мөнгө олох арга алга. Би та нартаа хандаж байна. Та бүхэн хандив өргө. Би хандивын данс нээлээ. Та энэ замаар гурван удаа явахдаа зарцуулдаг цаг хугацаагаараа ганц л удаа явдаг болно. Тийм учраас нэг удаа явсан гэж бодоод тэрнийхээ зардлыг л хандивын дансанд хийчих” гээд үнэнээсээ иргэддээхандсан. Фейсбүүкээр гаргаж тавьсан. Хаа байсан франц, швейцариас хүртэл хандив ирсэн. Ингээд 90 сая төгрөг, хэдэн хонь цугласан. Ингээд замаа засаж эхэлсэн. Улаанбаатар хотод ирээд Завхан аймгийн гаралтай замын компаниудын захирлуудтай уулзсан. Уулзаад, “Нутаг хэцүү байна. Зам хэцүү байна. Би та бүхнээс нэг л юм гуйя. Нэг компани нэг бригад гаргаад өгчих. Би цалин өгч чадахгүй. Би шатахуун өгнө. Жолоочийг чинь хоолтой байлгана. Компани нийгмийн хариуцлага хүлээгээд ажилтнуудаа цалинжуулчих” гэсэн. Гурван компани зөвшөөрөөд гурван баг гарсан. “Завхан АЗЗА” гэж төрийн өмчит компаниас бас нэг баг гаргаад нийт дөрвөн багтай. 15, 15 км-ээр нь хувааж өгөөд бүгдийг нь ажилд гаргасан. Засах гэж бас сонирхолтой юм болсон. Есдүгээр сарын 2-ны өдрөөс замаа засна гээд зарлачихсан. Эндээс компаниудаа аваад оччихсон. Замаа хуваагаад өгчихсөн. Тэгээд аюулгүй, шуурхай явуулах үүднээс 15 км болгоныг нэг нэг хүнд хариуцуулж өгч байгаа юм. Эхний 15 км газрыг цагдаагийн даргадаа хариуцуулж өгсөн. Энэ бол цагдаагийн 15 шүү гээд. Дараагийнхыг онцгой, цэргийн анги, цэргийн штаб гээд дөрвөн хурандаад өгч байгаа юм. Энэ хооронд ямар нэгэн осол аваар, эрсдэл үүсвэл та хариуцна гээд.

- Сайжруулахын тулд эхлээд хуулж байгаа биз дээ. Тэр жоохон мөнгөөр чинь?

- Тийм. Тэгээд шороо асгаад түрээд, индүүдэж байгаа юм. Ингээд 14 хоногийн дотор замаа засна гэдэг төлөвлөгөөгөө гаргаад эхлэв. Есдүгээр сарын 2-нд бүх техникээ жагсаагаад нээлт хийнэ гээд сүртэй байж байв аа. Тэгсэн есдүгээр сарын 1-ний үдээс хойш яаралтай факс ирлээ. ЗТЯ-ны сайд Д.Ганбатын гарын үсэгтэй. Огноо, дугаар байхгүй. Тэр бичгэн дээр “Та улсын шинжтэй автозамыг хүн хүч дайчлан засах гэж байгаа юм байна. Энэ зам чинь дараа нь хатуу хучилттай зам тавигдах үед ажлын зургийн болоод ажлын нөхцлийн өөрчлөлт гарах эрсдэлтэй байгаа учраас энэ үйл ажиллагаагаа зогсооно уу” гэсэн бичиг ирж байгаа юм. Тухайн үед манай өрсөлдөгч намынхан бичиг биччихжээ. Тэрний дагуу энэ замыг зогсоо гэжээ. Яагаад гэвэл энэ замыг засчихвал сумын сонгуульд бид нар ялагдах гээд байна гээд. Яг сумын сонгуулийн өмнө ийм юм болохгүй юу. Тэгээд бичгийг нь сайн уншлаа. Тэгсэн “хүн хүч дайчлан” гэдэг үг байна. Тэгэхээр нь нөхдүүдэд нээлтээ болиод, шууд маргааш ажилдаа ор, би албан бичгийн хариуг бичнэ гэж хэлсэн. Тэгээд би хариундаа, “Таны бичгийг хүлээж авлаа. Хүн хүч дайчлан засах гэснээ бид болилоо. Харин АЗЗА компаниараа дамжуулан засах боллоо” гэсэн хариу бичиг өгсөн. Тэгээд хотоос авч ирсэн бригадуудаа дандаа АЗЗА-тай гэрээ хийлгээд, АЗЗА-г толгой компани болгоод 14 хоногийн хугацаанд засаж байсан.

- Үндсэндээ зальдаад?

-Зальдаад. Тэгж алтан шар замаа засахаас ажлаа эхэлж байсан. Өнөөдөр эргээд харахад дөрвөн жилийн хугацаад Завхан аймаг 335 км хатуу хучилттай замтай болжээ. 90 жилийн түүхэнд 26 км хатуу хучилттай замтай байсан л аймаг. Нөгөө Загастайн давааны айхтар зам маань одоо хатуу хучилттай болж баригдаж байна. 67 км-ээс 17 км-т нь хучилтаа хийчихсэн байна. 50 км нь хучигдаж байна. Энэ намар 11 сар гэхэд энэ давааны 67 км зам тэр чигтээ хатуу хучилттай болно. Эргээд үр дүнгээ харахад үнэхээр баяртай байна.

- Завхан байгалийн баялаг хэр билээ. Орон нутагт ажил явуулдаггүй нэг юм нь уул уурхай эсэргүүцсэн хөдөлгөөнүүд байдаг. Ялангуяа баялагтай газруудад ажил нь яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ойлголцол хэцүү байдаг. Танайд ашиглаж байгаа болон ашиглах гэж байгаа ордууд бий юу. Энэ талаар хэрэгжиж байгаа төслүүд юу байна вэ?

- Та чухал сэдвийг хөндлөө. Их сайхан асуулт байна. Уул уурхай хүнд сэдэв. Намайг очиход Завхан аймагт 99 лиценз байлаа. Тэгээд уул уурхайн асуудал нэлээд хүчээ авсан, нинжа нар цугласан байсан үе. Тэр үед ард түмэн уул уурхай тойрсон асуудлуудыг цэгцлэхийг шаардаж байсан. Тэгээд би хамгийн түрүүнд зарласан. “Завхан аймаг уул уурхайгаас ангид бүс нутаг болно” гэж . Тэгж зарлахад тухайн үед надад маш хүнд байсан. Тэр олон нинжаг яаж тараах вэ. Тэр 99 лицензийг яаж хүчингүй болгох вэ. Гэтэл надад ямар ч зэвсэг байхгүй. Лицензийг хэн олгодог вэ. УУХҮЯ, АМГТГ. Тэрийг олгох эрх нь энд Улаанбаатарт, яаманд байдаг. Аймгийн Засаг даргад ямар ч эрх байдаггүй. Гэхдээ би үүнийг хийх ёстой байсан. Засаг дарга л юм бол хийх ёстой. Ингээд би уул уурхайгүй аймаг болгоно гэдэг уриалга гаргаж зарлаад, аймгийн ИТХ-аар оруулж тогтоол гаргаад, тэмцэж эхэлсэн. 2-3 арга хэрэгсэл байдаг юм. Юмыг болгоно гэвэл аргаа олдог, болохгүй гэвэл шалтаг хайдаг гэж сайхан үг байна. Тэгээд аргаа олоё гэж бодсон. Надад эрх байхгүй ч арга байна. Хамгийн түрүүнд уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх. Нэмж олгохгүйн тулд аймгаас нэг санал авдаг. Тэр саналд би дандаа татгалзсан хариу өгөх ёстой. Гэхдээ би татгалзсан ч гэсэн АМГТГ олгож болно. Би татгалзсан хариу дандаа өгсөн. Энд ирсэн хурал болгон дээрээ тэрийг ярьсан. Бид уул уурхайгаас ангид аймаг болно. Татгалзаад байхад та нар олгох гээд байна гэдэг хэрүүл тэмцлийг хийсэн. Ингээд дөрвөн жилийн хугацаанд 96 лиценз шинээр олгогдохоор ирснийг 100 хувь олгуулаагүй. Татгалзаж чадсан. Эхнийхээ аргыг хэрэглэсэн. Хоёр дахь арга нь нөгөө лиценз авсан газар ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ хийдэг. Тэр төлөвлөгөөнд сумын Засаг дарга дарга баталж, гарын үсэг зурдаг. Аймгийн Байгаль, орчны газрын дарга зөвшөөрч гарын үсэг зурдаг. Тэгэхээр би бүх сумын Засаг дарга, Байгаль орны газрын даргаа дуудаад, “Нэг ч лиценз дээр гарын үсэг зурж болохгүй. Ард түмнийхээ өмнөөс та нар үүнийг андгайл. Битгий зур” гэсэн. Тэгээд зурахгүй байхаар нөгөөдүүлийг шүүхэд дуудуулаад эхэлсэн. Шүүх дээр очсон. Шүүхтэй тэмцсэн. Зурахгүй байгаад байхаар ажил нь явахгүй зогсож байгаад хугацаа нь дуусна. Хугацаа нь дуусахаар нь хүчингүй болгоно. Нэг ийм арга хэрэглэсэн. Гурав дахь арга нь лицензтэй компаниудтай би өөрөө уулзсан. “Завхан аймаг онцлогтой. Монгол Улсыг даасан Отгонтэнгэр хайрхан энэ нутагт байдаг. Очирваань бурханы орон. Хутагт хувилгаадын өлгий нутаг. Ийм газрыг та нар ухчихаад яаж үр хүүхдээрээ, үе удмаараа сайн сайхан амьдарна гэж бодож байна вэ. Тийм учраас та бүхэн ойлгооч. Ойлгоод тэрийгээ буцаагаад өгчих” гэсэн.

- Сэтгэлзүйн “дайн” хийсэн байна. Гэхдээ гаднаасаа их шашин шүтдэг, бурханлаг төрхтэй, лам хар дагуулсан нөхдүүд л архи, үйлдвэрлэж алт ухахыг бүгдийг хийж байна. Тийм хүмүүс татгалзаад, таны түрлэгэнд орох уу?

- Татгалзсан хүмүүс бий. 10 гаруй хүмүүс татгалзсан шүү. Эхлээд лиценз эзэмшдэг хоёр залуутай уулзсан чинь “Аймгийн дарга нь ингэж байгаа бол бид хоншоортойхон буцаагаад өгье” гээд өгсөн шүү. Дараагийн арга нь тусгай хамгаалалтад авах. Газар нутгаа тусгай хамгаалалтад авчихвал лиценз олгохгүй. Тэгээд нийт газар нутгийнхаа 40 хувийг дөрвөн жилийн хугацаанд тусгай хамгаалалтад авсан. Тав дахь арга нь “Бэлчээр ашиглалтын журам” гаргаад малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ хийсэн. Тэгэхээр бэлчээр ашиглалтын гэрээ хийсэн газарт лиценз олгож болохгүй. Ингээд таван аргаар тэмцсэний үр дүнд өнөөдөр 99 лиценз 52 болсон. Лицензийнхээ тоог дөрвөн жилийн хугацаанд 50 хувиар бууруулсан. Одоо уул уурхайтай холбоотой проблем харьцангуй багассан. Нөгөө ченжүүд алга болсон. Нөгөө нинжанууд байхгүй болсон. Өнөөдөр харьцангуй тайван болсон ч 52 линценз байгаа. Үүнийг бас хүчингүй болгох ёстой.

- Нинжа нарын ухсан газрыг та нар яав?

- Нөхөн сэргээнэ. Гэхдээ манайд харьцангуй бага газар байгаа. Энд тэндгүй замбараагүй ухуулаагүй.

- 20- иод жилийн өмнө танай аймгаар явж байсан. Машины дугуйн дороос оч үсэрсэн их түймэр асч байсан ?

- 2000 он шүү дээ. Тэр түймрийн үеэр 50 цагдаатай 45 хоног уулын орой дээр байсан хүн шүү дээ, би. Одоо сайхан болсон. Тэрнээс хойш 19 жил боллоо. Энэ хугацаанд нөхөн сэргэсэн. 2018 онд Я.Санжмятав гишүүнтэй хамтраад “Зөв тэмүүлэл, Эх оронч манлайлал” гэдэг сургалт зохион байгуулж, ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн 2000 хүүхдийг цуглуулаад цэрэг, эх оронч үзлийг сурталчлах цэргийн цугларалт маягийн арга хэмжээ хийгээдхүүхдүүдтэйгээ хамт тэр үеийн түймрээс үлдсэн моднуудыг цэвэрлэсэн.

- Манай монголын ой их сийрэгжсэн, гал түймэрт өртөж гэмтсэн, өвчилсөн юм билээ. Хүүхдүүд тийм ажлыг хийх саналыг хэр хүлээж авч байх юм ?

- Хүн болгон сэтгэлээсээ тэр ажил руу явж орсон. Гоё арга хэмжээ болсон. Манай залуучууд их өөр болсон шүү дээ. Тэр чинь өөрсдийнх нь л нутаг ус. Энийгээ ч сайн мэдэж байгаа. 

- Ой цэвэрлэдэг компани гэж манайд байхгүй шүү дээ. Өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлийн компаниуд уг нь их амжилттай ажилладаг юм билээ.

- Нигүүлсэнгүй үзэл гэдэг юм тэндээс бас бий болдог юм билээ. Тэгж ой цэвэрлэх ажлыг хийж байхад хүүхдүүд гарч ирээд уйлаад ярьж байсан. “Энэ мод гэдэг чинь хүүхэд шүү дээ” гээд. Тэр 2000 онд шатаад унасан бүдүүн моднуудын дороос зулзаган мод ургаад гараад ирчихсэн ч модонд дарагдчихсан байж байгаад дарсан модыг нь авангуут мөчир нь өндийгөөд ирж байгааг нь харсан хүүхэд уйлж байгаа юм. Нэг ёсондоо миний дүүг өндийх гэж байхад нь дээрээс нь дараад өндийлгөхгүй байна шүү дээ. Би тэр дарсан юмыг нь аваад хаяхаар миний дүү урдаас инээгээд босож ирж байгаатай яг адилхан санагдаж байна гэж ярьж байсан. Тэрийг үзсэн хүүхэд хэзээ ч байгаль орчинд сөрөг юм хийхгүй. Байгалиа хамгаалдаг, хайрладаг хүн болж төлөвшинө.

- Орон сууц барив уу. Хангайнхан ч голдуу хувийн сууцнуудаа өөрсдөө бариад амьдарчихдаг ч орон сууц барих л ёстой ?

- Орон сууц олон баригдсан. Олон орон сууц ашиглалтад орж байна. Манай аймгийн төв дээр олон орон сууц баригдсан. Суманд ч амины хаусууд баригдсан. Аймгийн төвд Хаус хороолол гээд 200 айлын хороолол үүсгэлээ. Ер нь Улаанбаатар луу хүмүүс их явж байгаа нь юутай холбоотой вэ гэхээр хоёр л хүчин зүйл байгаа. Нэг нь ахуй орчин. Хөдөө амьдарч байгаа хүн чинь ядаж л өвлийн хүйтэнд гарч бие засах хэрэг гарна. Тэгээд усанд явах, түлээ хагалах гээд ахуй маш хүнд. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд бид юу хийсэн бэ гэхээр сумдыг нэгдсэн халаалтад холбосон. Манай аймгийн 24 сумаас 14 сум нь дөрвөн жилийн хугацаанд нэгдсэн халаалттай боллоо. Нэгдсэн халаалттай болгоод цэвэр усны шугамыг нь татаад өгчихөөр тэнд хувийнхаа байшин бариад, гал түлэхгүй, усанд явахгүйгээр амьдрах бололцоо, нөхцөл нь бүрдсэн. Зарим газраа дотроо 00-той болж эхэлж байгаа. Хоёр дахь юм нь бол ажлын байр. Орон нутагт ажлын байр бий болж байж л тэр хүмүүс тэндээ сайхан амьдрах бололцоо бий болно.

- ЖДҮ-ийн хэрэг гээд жинхэнэ орон нутагт очих ёстой, тэнд бизнес эрхэлдэг иргэдийн боломжийг булаасан хэрэг зөрчлүүд гарсан. Танайх тэр сангаас юм хүртэж чадсан уу ?

- Манай аймаг бол гурван төсөл авсан. Гурван төсөл гурвуулаа амжилттай хэрэгжсэн. Нэг нь одоо өвлийн хүлэмж болсон. Өвөл зунгүй шинэ ургацын ногоогоо идэж байна шүү дээ. Завханчууд хүлэмжтэй болсон. Нөгөөдөх нь, орчин үеийн стандартаар ресторан, зоогийн газар байгуулсан. Гурав дахь нь, талх нарийн боовны үйлдвэртэй болсон. Хиамны үйлдвэр байгуулагдсан. Манай авсан гурван төсөл гурвуулаа амжилттай хэрэгжсэн. Жинхэнэ бодит утгаараа хийгдсэн. Тэгээд бид бас ажлын байр бий болгохын тулд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болно гэсэн зорилго дэвшүүлээд “Сайн бизнесмэн” гэдэг дэд хөтөлбөрийгхэрэгжүүлсэн. Таван сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. “Сайн багш”, “Сайн оюутан”, “Сайн эмч”, “Сайн бизнесмэн”, “Сайн малчин”. “Сайн бизнесмэн” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд бизнесмэнүүддээ дандаа сургалт хийсэн. Амьдрах ухааныг заасан. Яаж бизнес хийх вэ гэдгийг заасан. Яаж үйлдвэрлэлтэй болох вэ гэдгийг нь заасан. Дараа нь бас гадны төслүүдийг оруулж ирсэн. Жишээлбэл, Дэлхийн зөнгийн Франц дахь салбартай хамтран Европын холбооны санхүүжилтээр 3.2 тэрбум төгрөгний эдийн засгийн тусгай төслийг хэрэгжүүллээ. Энэ төслийн хүрээнд 60 жижиг үйлдвэр байгуулагдсан. Аймгийн Засаг дарга бас санаачлан гадны зах зээл дээрээс мөнгө босгоод тэрүүгээрээ сум болгонд нэг жижиг үйлдвэр байгуулсан. Гэхдээ тэрийгээ дандаа иргэдийн оролцоотой хийсэн. Суман дээр нь очиж хэлэлцүүлэг хийгээд танай сум ямар үйлдвэр байгуулах вэ. Ямар төрлийн үйлдвэр байгуулах вэ. Хэн авч явах вэ. Аймаг юуг нь хийх вэ гэхээр тэр хүмүүсийг нь сургаад өгье, эргэлтийн хөрөнгө дээр нь дэмжлэг үзүүлээд өгье. Тэгээд энэ суманд жижиг цех ч болов босго. Өнөөдөр энэ ажил явж байна. 24 суманд бий болсон. Мөн Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчдын чуулган гэж хийгээд бизнесүүдэд би ганцхан зүйл хэлсэн. Завханд хөрөнгө оруулчих, бид хандив авахгүй. Та үйлдвэрийнхээ нэг цехийг, нэг салбарыг Завханд байгуулчих. Завхан аймаг газар өгье. Байшин барилга өгье. Жишээ нь актлагдсан хуучин барилгаа бид нар өгье. Тэнд үйлдвэрээ оруулчих. Дээр нь зөвшөөрөл байдаг бол тэрийг нь бид дор нь гаргаж өгье. Тэгээд хөрөнгө оруулагчид 60 гаруй төсөл хэрэгжүүлэхээр бидэнтэй гэрээ байгуулсан. 68 төсөл байгаа байх. Одоо жишээлбэл, Дөрвөлжин сум байгалийн зэрлэг цацарганатай сум байхгүй юу. Бор бутны цацаргана гэж. Тэнд “Хомын талын тахь” гэж компани төрийн бус байгууллагын дэмжлэгээр цацарганы үйлдвэр байгуулсан. Их амжилттай явж байна. Идэр суман дээр Германы технологиор сарлагийн сүүгээр бяслаг хийж байна. Экспортонд гаргана. Хятад руу, Солонгос руу, Япон руу гаргана. Энэ үйлдвэр маш амжилттай явж байна. Тэгэхээр сум экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж байна шүү дээ. Тосонцэнгэл суманд махны үйлдвэр байгуулагдаж байна. Ингээд тооцох юм бол 100 гаруй жижиг үйлдвэрийн суурь тавигдчихлаа. Өмнө нь байсан үйлдвэрүүд маань урагшаагаа давшчихлаа. “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” зорилго бол 100 гаруй үйлдвэр байгуулагдаж, за яг бодит үр дүнг нь авахын бол манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6-7 дахин өсөж байна. Анх намайг 2016 онд очиход таван тэрбум төгрөгний үйлдвэрлэл хийдэг байсан бол 40-өөд тэрбум төгрөгний үйлдвэрлэлийг жилдээ хийдэг болсон байна. 

- Өрсөлдөх чадвараараа хэдэд явж байна вэ?

-Өрсөлдөх чадвараараа бид 16-д орж ирсэн. Урьд нь 21-д байсан. Жил болгон 1- 2 шатаар урагшилж байгаа. Өрсөлдөх чадвараараа урагшлах хэцүү. Хүмүүс бол их энгийн хардаг. Бараг тэрний чинь үнэлгээний 50-60 хувь нь дэд бүтэц байдаг байхгүй юу. Замаас хамаарч байгаа, агаарын тээврээс хамаарч байгаа, харилцаа холбооноос хамаарч байгаа, эрчим хүчнээс хамаарч байна. Тэгэхээр Завхан аймаг бол алслагдсан бүс нутаг учраас зам харилцаа, дэд бүтцийн хувьд нэлээн сул дорой. Тэрийг богино хугацаанд хийж амжихгүй. Тэгэхдээ бид маш амжилттай ажилласан. Энэ дөрвөн жил 330 гаруй км хатуу хучилттай зам тавина гэдэг чинь. Өөрийн брэндүүдтэй болсон шүү дээ. Манайд “Сармай дээлт” брэнд байна.“Улаан хальст сармис” гэж брэнд байна. Эсгий эдлэлийн брэндтэй болж байна. Оёдлын брэндтэй болж байна. Нэхий эдлэлийн брэндтэй болж байна. Жимс жимсгэний брэндтэй болж байна. “Завханы баялаг” гэж компани уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт бүтээгдэхүүнээ борлуулжбайна. Яагаад гэхээр завханд байгаа жимс жимсгэнэ бол байгалийн натурал бүтээгдэхүүн байхгүй юу. Байгалиасаа ургадаг түүнийгээ боловсруулдаг. Жимс жимсгэний нөөц ихтэй. Дээрээс нь бид аялал жуулчлал дээрээ анхаарч байгаа. Нэгэнтээ уул уурхайгаасаа татгалзсан юм бол аялал жуулчлал хөгжих хэрэгтэй ш дээ. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг хийгээд аялал жуулчлалын бүс нутгуудаа тогтоосон. Бүс нутагтаа тохирсон аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө хийгээд дуусч байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд “Нүүдэлчдийн соёлын наадам” гэдэг брэндийг бий болгож 2017 онд том арга хэмжээ зохион явуулсан. Тэр арга хэмжээн дээрээ бид гадаадын Элчин сайдын яамдууд, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын удирдлагуудыг бүгдийг нь урьсан. Нэг талаасаа хүн харахад наадам юм шиг. Нөгөө талаасаа бид хөрөнгө оруулагчийн чуулган хийсэн байхгүй юу. Тэгээд тэр сайхан газраа хүмүүсийг урьж авчраад Завханы хөгжлийг ярьсан. Гурван өдөр бид хэлэлцүүлэг хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас орж ирсэн байна. Олон төсөл хэрэгжиж байгаа. Өнөөдөр ч гэсэн бид Европын холбооны Элчин сайд, НҮБ-ын Хөдөө аж ахуйнсуурин төлөөлөгч Завхан аймагт хоёр өдөр ажиллалаа. Ажлын байр нэмэгдүүлэх 1.3 сая еврогийн төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэл хийгээд явж байна. 


.