Америктай үзэлцдэг бацааны ард түмнийг бид өмөөрч байх ёстой
Хойд Солонгос нь НҮБ-ын хоригт орлоо. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа хийж, тив алгасах алсын зайны пуужингийн туршилтаа явуулсан.
Хойд Солонгос нь НҮБ-ын хоригт орлоо. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа хийж, тив алгасах алсын зайны пуужингийн туршилтаа явуулсан. Мөн ус төрөгчийн бөмбөг туршиж сүйд болов. Их гүрнүүд их цочлоо. Ер нь энэ улсыг удирдан жолооддог сандаг халимагтай бацаан бол ерөөсөө зүгээр байхгүй, америктай үргэлж л дээр доороо орон үзэлцэж байх юм. Энэ бүх цөмийн туршилтынх нь эцэст НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангатгасан юм. Улмаар Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон БНХАУ-ын удирдлагууд уулзаж, Хойд Солонгосын цөмийн туршилтын талаар хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрсэн нь Хятад улс хоригт нэгдсэн үйл явц байлаа.
Хориг арга хэмжээнд Хятад ийнхүү оролцох болсноор Хойд Сологосын хувьд цөмийн туршилтаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж байгаа бололтой. AFP агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Сололнгос өнгөрсөн онд 20 сая тонн нүүрс БНХАУ-д арилжаалж нэг тэрбум ам.долларын орлого олсон нь цөмийн туршилтаа үргэлжлүүлэх эдийн засгийн хөшүүрэг болсон гэж шинжээчид дүгнэж байгаа юм билээ. Мөн энэхүү орлогоороо БНХАУ-аас цөмийн туршилтад ашиглагдах түлш худалдан авч байсан юм билээ. Үнэндээ хойд Солонгос нь төсвийнхөө бараг 90 хувийг цэрэг зэвсэглэл, цөмийн туршилтад зарцуулчихдаг улс орон. Тэгээд улсынхаа 27 сая иргэнийг юугаараа тэжээж тэтгэдэг нь асуудалтай болчихсон. Хойд Солонгосын гол спонсор нь Хятад улс гэж болно. Гэтэл өнөө Хятад нь хориг арга хэмжээ авчихаар одоо юу болж хувирах уу. Эхний хор хохирол нь хүнсний хомсдол. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 25.6 тэрбум доллар. Үүнээс гадаад худалдааны эргэлт нь 6.9 тэрбум ам.доллар байдаг. Гадаад худалдааны гол түнш нь БНХАУ. Гадаад худалдааны 90 хувь нь Хятадтай хийгддэг. Хойд Солонгос нь жижигхэн газар нутагтай ч басчиг хоосон ард түмэн биш. Төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цемент, барилгын төмөр хийц, оёмол нэхмэл, далайн бүтээгдэхүүн гаргаж оронд нь Хятадаас нефть бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, коксжих нүүрс, бордоо авдаг, хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүн авч ирсэн. Эдгээр экспорт дотроо нүүрсээрээ Хятадаас тэрбум долларын орлого олдог. Хойд Солонгос бол Орос-Хятадтай зэрэг хиллэдэг Расон гэх боомттой. Энэ нь зүүн хойд Хятадад их хэмжээний нүүрс гаргадаг боомт нь. Учир нь Хятадын зүүн хойд хэсэгт Хайлаар, Харбин, Мүгдэн... гээд тус улсын хүнд аж үйлдвэрийн голлох том хотууд байдаг. Эдгээр үйлдвэржсэн олон сая хүнтэй хотуудад нүүрсний хэрэгцээ маш их. Үүнийг нь хойдуул нийлүүлж ирсэн юм. 20 сая тонн нүүрс шүү дээ. Нарийн тоо яривал энэ жил Вьетнамын нүүрсний экспорт эрс унасантай холбоотойгоор Хойд Солонгос нүүрс нийлүүлэлтээ Хятадын зах зээлд өсгөсөн цорын ганц улс болсон юм. Гаалийн мэдээллээр Хятадын нүүрсний импорт Вьетнамын зүгээс 91 хувь унаж, Хойд Солонгосын нийлүүлэлт 25 хувь нэмэгдсэнээр Хойд Солонгос нь Орос, Монголыг гүйцэж Австрали, Индонезийн дараа Хятадын гуравдагч том нүүрс нийлүүлэгч болоод байлаа. Ингэснийхээ хүчинд хойд солонгосчууд гурван сар үргэлжилсэн ган гачгаас болж ургац алдсаныхаа төлөө хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос гарч байсан юм. Гэтэл энэ бүх эдийн засаг нь бүрэн царцлаа. Гэхдээ Хятад улс бүх крантаа хаавал хойдуул баларна гэдгийг мэдэж байгаа болохоор ил далд, их бага хэмжээгээр “юм” өгч л байгаа байх. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж дорнын ард түмний үг бий. Монголчууд бид солонгос, япончуудтай дэлхийд ижил төстэй ард түмэн. Бидэн шиг ижил төстэй ард түмэн дэлхийд ховорхон. Үүнийгээ бодох л ёстой. Тийм болохоор Хойд Солонгосчуудад туслах л ёстой. Яаж вэ гэдгийг одоо ярья.
Тэгэхээр зүүн хойд Хятадын аж үйлдвэржсэн том хотууд нүүрсгүй суужээ. Энэ нь өөрөө Хятадын хүнд аж үйлдвэрт бас нэг хямрал гэсэн үг. Харин Монгол Улсын хувьд бол энэ нь том боломж юм. Өнөө Австралийн нүүрсний уурхайнууд үерт автсан жилүүдэд бид бондойгоод явчихсан шиг боломж. Үүнийг манай нүүрсний компаниуд боломж, ашиг, эдийн засаг болгомоор байна. Жишээ нь Хайлаар, Харбин бол манай Дорнод аймгийн цаахна байгаа хотууд. Зүүн хойд Хятадад эрэлт нь ихэссэн, бүр гачигдалд орсон нүүрсийг манайхан нийлүүлвэл яасан юм бэ. Үүнийг бизнесийнхэн, төр засаг ч анхааралдаа аваач, судалж үзээч. Яг тэр зүгт буюу Монголын зүүн хязгаарт хил, гаалийн гурван ч том боомт ажиллаж байна. Нүүрсээ хил л хүргэхэд цаашаа Хятадын дэд бүтэц гайхамшигтай. Засмал зам, төмөр замууд нь дурайж байгаа. Зүүн хойд Хятадын аж үйлдвэрүүдэд хойд солонгосчууд 20 сая тонн нүүрс нийлүүлж байсан. Үүнийг нь бид чадахгүй юм аа гэхэд гачигдалд орчихсон энэ зах зээлийн ядаж 30 хувийг нь бид хангая л даа. Тэгэхэд л хангалттай. Тэгэхээр НҮБ, Хятадын зүгээс хойдуулд үзүүлж буй хориг нь Монголд ашигтай тусаад байгаа юм.
Ингэж чадвал эртнээсээ ах дүүгийн барилдлагатай хойд Солонгосын ард түмэндээ нүүрснээс олсон орлогоосоо тусламж үзүүлье. Үнэндээ хойд солонгосчууд өнөөдөр Ленинградын бүслэлтийн 360 хоног гэдэг шиг хүнд байдалд орчихоод байна. Азийн хамгийн хөндүүр цэг болчихоод байна. Тэнд хүүхдүүд өлсөж байна, хүмүүс өвдөж байна. Шулуухан хэлэхэд нүүрсээ хятадуудад зарж олсон орлогоосоо Америктай үзэлцэж буй бацааны ард түмэнд ядаж хоол хүнсний зүйлээр нь ч болтугай тусалъя. Тэдний турж үхэхийг нь хармааргүй байна. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дунд ижил төстэй зүйлээрээ ялгаран ижилсдэгийн хувьд тэдэндээ тусалъя аа, өөрсдийнхөө хэмжээнд өмгөөлж хамгаалья.