Шуудангийн марк анх 1840 онд Англид хэвлэгджээ. Энэ нь мэдээлэл дамжуулах процесст гарсан том түүхэн дэвшил. Захидал, мэдээлэл, илгээмжийг  нэг цэгээс нөгөөд хүргэх үйлчилгээний хөлс төлөгдсөн баталгаа нь марк юм. Захидал илгээмж хил даван өөр оронд очдог тул үүнийг зохицуулах хэрэгтэй. Ингэж 1860 онд Олон улсын шуудангийн холбоо буй болсон нь дэлхийн анхны олон улсын байгууллага байлаа. Гэтэл шуудангийн маркыг өөр зориулалтаар сонирхдог хүмүүс гараад иржээ. Энэ бол цуглуулагчид. Эд өөрт байхгүйгээ өөр бусдаас сураглах хэрэг гарна. Ингэж марк цуглуулагчдын холбоо буй болов. Өнөөдөр дэлхийн улс болгонд ийм холбоо бий. Марк цуглуулагчдын холбоо бол дэлхийн анхны сайн дурын байгууллагын нэг. Хүмүүс сонирхлынхоо дагуу нэгдэн тодорхой эрх ашгийн төлөө зүтгэдэг иймэрхүү төстэй байгууллагууд хожим төрөл төрлөөрөө буй болсон. Эднийг Төрийн бус байгууллага гэдэг. Алив нийгэмд янз бүрийн эрх ашиг байдаг, түүний төлөөлөл үй түм. Ардчилсан нийгмийн гол хөдөлгөгч хүч нь Төрийн бус байгууллага байх ёстой гэсэн онол болоод практик хэрэгжилт өндөр хөгжилтэй орнуудад ихэд тархсан зүйл. Ингэхээр нийгмийг зохицлын гол мотор гэгдэх Төрийн бус байгууллагуудын анхдагч - Марк цуглуулагчдын холбоонд гүн хүндэтгэл үзүүлсү.

Марк цуглуулагчид бол гэмгүй номхон хүмүүс. Марк нь улсын онцгой монопол, валютийн нэгэн адил үнэт цаас, ингэхээр тэд энэ эрхийг нь авна, өөрснөө хэвлэнэ гэж дайрдаггүй. Эдний дараахан байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлийнхэн бол арай ширүүн. Ажилчдын эрхийг хамгаалах энэ байгууллага цалин нэмэгдүүлэх, ажлын цаг багасгах, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зэрэг олон шаардлага тавиад ажил олгогч зөвшөөрөхгүй бол жагсах, эвдэж сүйтгэх, Төрд дарамт учруулах, хуулинд өөрчлөлт оруулахыг шаардана. Майн нэгний баяр гэж байх. Чикагогийн ажилчид цалин нэмэгдүүлэхийг шаардан гудамжинд гаран эвдэн сүйтгэл явуулжээ. Төр хэний ч өмчийн халдашгүй байдлын баталгаа болох хуулийн дагуу цагдаа нар арга хэмжээ авч сүүлдээ галт зэвсэг хэрэглэсэн юм. Түүнээс жагсаж үзэл бодлоо илэрхийлэх нь мөн л хуулиар хамгаалагдсан үйлдэл. Хооронд нь хутган хольж болохгүй өөр шалтгаанууд. Гэхдээ л үйлдвэрчнийхний хүчээр ажлын 8 цаг, хүүхдийн хөдөлмөрийг хориглох гээд олон сайхан жишиг гарч өдгөө бараг дэлхий даяар мөрдөж байна. Энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Үйлдвэрчнийхэнд гүн хүндэтгэл үзүүлсү. Нилээд ширүүн дориун хөдөлгөөн бол эмэгтэйчүүдийнх байв. Тэд нахаалдсаны хүчинд 1920-иод оны үеэс эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болсон. Үнэндээ тэдний зүтгэлээр өнөөгийн эмэгтэйчүүд өмд өмсдөг, тамхи татдаг болсон юм. Эмэгтэйчүүдийн байгууллагыг марталгүй мөн хүндэтгэсү.

Зарим Төрийн бус байгууллага терроризм руу хальтардаг. Бүр олон улсын хэмжээнд. 1969 онд Канадад анх байгуулагдсан Гринпийс гэж байгууллага байх. Хүрээлэн буй байгалийг хамгаалах зорилготой. Тэд Гадаад далайд хийж буй Францын цөмийн туршилтыг их эсэргүүцэнэ. Ингэхээр улс төржинө. Цаашлаад гүнзгийрэн хүчирхийлэлд орно. 1980-аад оны үед америкчууд Европод Пэршинг пуужин зоох болоход эд “хүн гинж” гэдэг хөдөлгөөн зохиож их үймүүлсэн. Хүрээлэн буй байгалийг хамгаалах зорилготой. Пуужин зоохоор байгаль сүйдэнэ! Зөвлөлт-Баруун Европын цөмийн зэвсгийн харьцаа бараг 10:1 болчихсон байлаа. Энэ илт давамгайлалдаа түшиглэн зөвлөлтүүд дуртай шахалтаа хийж байв. Цөмийн дайн гаргах гээгүй л юм бол биенээ онилж сөргөлдсөн зэвсгийн харьцааг тэнцүүлэх ёстой. Үүнийг Рэйган хийсэн юм. Пэршинг пуужин байгаль орчинд хортой, тэр байтугай эрүүл мэндэд ч муу байх, гэхдээ дайн гарч цөмийн сүйрэл болбол яах болж байна? Ер нь ч эсэргүүцлээ илэрхийлэх, хүч хэрэглэх хоёр шал тусдаа ойлголт. Нэг нь үзэл санаагаа илэрхийлж байна, нөгөө нь хүн амын эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөнд заналхийлж террор үйлдэж байна. Их ялгаатай шүү. Гээд Гринпийс байгууллага олон буянтай юм хийсэн. Арьс нэхий, булган дээл нөмөрсөн баян авгайчуудыг отож байгаад будаг шүршин хорлосоор байсны дүнд өнөөдөр лав хөгжингүй орнуудад үнэтэй арьсан шуб өмсдөг хүнгүй болсон. Ингэсний үрээр далайн хавны зулзага, булга, минж, шиншилла гээд олон зүйл амьтан аврагдсан. Ногоонтны хөдөлгөөнд гүн хүндэтгэл үзүүлсү.

ХIХ зуунд нэгэн өвөрмөц олон нийтийн байгууллага мэндэллээ. Ардчилал гэдэг нь нийгмийн гишүүдийн зөвшил. Ард түмэн өөрийн итгэлээ хүлээлгэсэн хүнийг сонгож төрийн шийдвэр гаргах эрх олгох тогтолцоо нэгэнт буй болсон байлаа. Гэтэл энэхүү сонгуулийг зохион байгуулдаг бас нэг олон нийтийн байгууллага гараад ирлээ. Дандаа анхдагч байдгийн хувьд Англид. Үүнийг улс төрийн нам гэж нэрийдлээ. Олон хэлэнд үүнийг “парти” гэдэг нь бүлэглэл гэсэн үг л дээ. Орчин үеийн ертөнцөд улс төрийн нам маш чухал үүрэгтэй болсон. Зөвхөн сонгууль зохион байгуулаад зогсохгүй Төрийн боловсон хүчнийг бэлдэх, Төрийн бодлогыг тодорхойлох, Төрийн хуулийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт. Улс орны хөгжлийн шугамыг ийм байх ёстой, тийм байж болохгүй гэж үзсэн хүмүүсийн нэгдэл. Үүний тулд ард түмнээс энэ эрхийнхээ мандатыг авна. Мандат авах процессийг сонгууль гэнэ. Ард түмний олонхи нь дэмжсэн тэр бүлэглэл улс орныг авч явах зарласан зорилтоо хэрэгжүүлэх хуулийн эрх авч буй хэрэг. Улс төрийн нам нь Төрийн бус байгууллагаас эрс ялгаатай. Ард түмнээс зорилтынхоо хэрэгжүүлэх зөвшөөрлийг авсан учир тэд төрийн эрхээр дамжуулан хууль тогтооно, гүйцэтгэнэ, захиран зарцуулна. Ийм эрх тэдэнд нийтийн зөвшлийн үр дүнд олдсон. Ингэхээр энэ нь эрх төдийгүй үүрэг нь юм.Пэршинг пуужин байрлуулах эсэх нь эдний эрх, бас үүрэг, харин пуужин эрүүл мэндэд хортой талаар саналаа хэлэх нь ногоонтнуудын эрх, гэхдээ үүрэг нь биш. Үйлдвэрчнийхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардах нь тэдний эрх, харин үүний төлөө цонх хагалж бусдын өмчид халдаж буйг хуулийн дагуу тэрбайтугай хүч хэрэглэн зогсоох нь улс төрийн намын төрөөр дамжуулж гүйцэтгэх үүрэг. Улс төрийн намуудад нэгэн цацал өргөмү.

Улс төрийн нам үүсэнгүүт л түүний үндсэн санааг гуйвуулж эхэллээ. Ард түмний хүсэл зоригоор биш, харин булааж авах замаар Төрийн эрхийг эзэмшдэг хэсэг бүлэг гараад ирэв. Коммунистууд! Эсвэл ард түмнийг хуурч нэг удаа гарч ирчихээд эргээд буцааж өгдөггүй бүлэглэл. Нацистууд, фашистууд. Тэнэг жишээ халдвартай. Хөгжиж буй ядуу буурай орноор нэг ийм маягийн намууд. Монгол хэлний “нам” гэдэг үг “сэм хуйвалдаж нам үгсэнэ” гэдгээс гарчээ. МАХН 1990 оны 5-р сард Дээд шүүхэд анх удаа бүртгүүлсэн. Оршин тогтнож буйгаа бүртгүүлээгүй, зөвшөөрөл ч байхгүй 70 шахам жил мандатгүй ноёрхсон байна. Жигшмү. Өөртөө үйлчилдэг өчнөөн Олон нийтийн байгууллага гэгчийг байгуулсан байгаа юм.  Үйлдвэрчний, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, залуучуудын, зохиолчдын... тэр байтугай байгаль хамгаалах! Эд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг байсан юм шүү дээ.  Үйлдвэрчний, зохиолчдын, эмэгтэйчүүдийн байгууллагын дарга нар нь Сайд нарын зөвлөл хэмээх 40-50 хүнтэй нүсэр кабинетэд ордог. Ингэхээр өөрөөсөө бусдын оршин тогтнохыг үл зөвшөөрдөг улс төрийн нам нь ард түмнээс мандатгүй, олон нийтийн байгууллага гэгч нь төрийн өөрийнх нь байгуулсан тоглоомын газар! Дахин жигшмү.

Ерэн оноос Монгол ардчилсан тогтоцтой боллоо. МАХН шүүхэд бүртгүүлэв. Өөр намууд ч эн тэнцүү эрхтэйгээр бүртгүүлэв. Сонгууль болж хэн нь ард түмний итгэл хүлээхээ үзлээ. Анхны сонгуульд МАХН өөрийн эвсэгчээр Үйлдвэрчин, Залуучууд, Эмэгтэйчүүдийн байгууллагыг авч байсан юм. Тэгсэн мөртөө Марк цуглуулагдын холбоог мартсан байгаа юм!Уг нь ижил зиндаа шүү дээ. Ер нь Үйлдвэрчний эвлэл ч, Марк цуглуулагчид улс төрийн нам гэж бүртгүүлээд ард түмний итгэл хүлээхээр сонгуульд орж болно л доо. Европын зарим оронд Пивонд дуртайчуудын нам гэж бүртгэгдээд сонгуульд гайгүй амжилт үзүүлж байсан тохиол бий. Энд нэг л зарчим байна. Марк цуглуулагчид төрийн шийдвэр гаргаж болноо, гагцхүү үүний тулд улс төрийн нам гэдгээ зарлан бүртгүүлээд сонгуульд орон ялж ард түмнээс мандатаа авах ёстой. Тэгээгүй бол маркаа л ярь, тэгэж ярьдаг хэдэн хүн байдаг юм - тэр хүрээндээ л ашиг сонирхлоо илэрхийл. Тэгээгүй бол марк цуглуулагчид Монгол орны гадаадтай хийж буй гэрээ хэлэлцээрийг хянах эрх байхгүй. Харин марк цуглуулагч хэн ч хувь хүнийхээ хувьд, нийгмийн нэгэн гишүүний хувьд, эрх чөлөөт орны иргэний хувьд төрийн бодлого шийдвэрийг шүүмжилж, эсэргүүцэж болно. Гэхдээ хуулийн хүрээнд. Бусдын эрхийг хөндөлгүйгээр, алив өмчид халдалгүйгээр.

Ардчилсан тогтоцтой газар хүмүүс эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа илэрхийлэх эрхтэй. Энэ зарчмын дагуу одоо Монголд 20 мянга гаруй Төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. “Монголд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах 300 орчим ТББ-д 500 гаруй эмэгтэйчүүд нэгдсэн байдаг” гэсэн шоглол бий. Шоглол ч биш бараг үнэн дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах 70 гаруй ТББ бий нь үнэн. Энэ тоо бэрхшээлтэй хүнийхээ тооноос давах вий дээ. ДОХ-той тэмцэх 10 шахам ТББ байгаа шүү дээ! Цаад шалтгаан их амархан, гаднаас элдэв тусламж их ирдэг юм. Гол ус нуур хамгаалах сонирхолтой гэх 600 гаруй ТББ байгааг юу гэх вэ? Компаниудыг дарамталж мөнгө дээрэмддэг л улс даа. Эрүүл нь согтуугаас, согтуу нь галзуугаас айдаг. Согтууг эрүүлжүүлэхэд, галзууг Шархад руу хүчээр аваачдаг нь олон нийтийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Харин манайд аль алинийг нь улстөрчид хөөргөж зуудаг нохой болгон ашиглана. Өөрснөө ч бас сэтгэцийн хувьд зүгээргүй дээ! Эхнэр хүүхдээ оруулад нэг ТББ хэдхэн гишүүнтэй. Олон улсын хурал зөвөлгөөнд хүн явуулна гэж виз гаргах цаанаа ганцхан шалтгаантай ТББ ямар олон гэж санана? Татвараас зугтаах зориулттай ТББ элдэв компаниудад хамаардаг. Харин ТББ-ууд үндсэн ажлаа хийж буй эсэхийг Нямдорж шалгаад унах вий дээ! Заримыг нь хаагаад л, заримд нь төрөөс тусламж үзүүлэх болоод л... чадах гайхал шүү. Яваандаа цагийн эргэлтэнд засарч чөлөөт ертөнцөд ойлгогддог Төрийн бус байгууллагын жишиг стандартадочих биз ээ. Үүнд цаг л нэлээд орно доо.

Ерөнхий сайд ойрмогхон төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Тэднийгээ яагаад ч юм иргэний хөдөлгөөн гэж нэрлэв. 20 мянган тэгш эрхтэй байгууллагаас долоог нь л урьсан. Ном дэгээр ярьвал Марк цуглуулагчдын холбоо хамаагүй ахмад байгууллага нь шүү дээ, эдэн дотроо. Ер нь тэгээд марк цуглуулагчид иргэн биш юм уу? Тэд хөдөлдөг иргэд, гагцхүү хууль зөрчилгүйгээр өөрсдийн нэгдсэн цаад шалтгааныхаа хүрээнд л хөдөлдөг учраас Засгийн газар тэднээс айдаггүй, ингээд урьсангүй. Монголд марк цуглуулдаг ямар олон иргэн бий гэж санана? Өөрсдийгөө Монголын ард түмнийг төлөөлөх эрхтэй гэж зарладаг онц галзуу хэдхэн ТББ-ийн нийт хамрагсадаас хавьгүй олон хүн марк цуглуулдаг. Ерөнхий сайд онц догшнуудтай хамтарч ажиллана гэнэ, төрийн олон тэндэр өгнө гэнэ, төрийн гүйцэтгэх ажлуудаасаа заримыг нь шилжүүлнэ гэнэ. Тэднийгээ төрийн өмчит компаний төлөөлөн удирдах зөвлөл рүү илгээлээ. Нийгмийн ардчилсан тогтолцооны хамгийн анхдагч үндсэн зарчмыг гутаав. Америкийн Үндсэн хуулийн 1-р нэмэлт гэж бий, тэрийг ардчилсан тогтолцооны үндсэн амин сүнс гэж үздэг. Тэнд, хэн ч эвлэлдэн нэгдэх, шүтэх, үгээ хэлэх эрхтэй учраас ТББ, хэвлэл, шашиныг төрөөс онцгойлон дэмжихгүй, хориглохгүй гэсэн санаа бий. Олон хэвлэл, олон шашин, олон ТББ байж байгаа нь ардчилал байгаагийн гол үзүүлэлт, тэгэхээр төр хэнийг нь ч хориглохгүй гадуурхахгүй, гэхдээ хэнийг нь ч онцгойлон дэмжихгүй, тал засахгүй. Ардчилалын энэ үндсэн зарчимд цацал өргөмү. Ардчиллын зарчмыг гутаагч Ерөнхий сайдыг жигшмү.

Хотын төвд байгаа өгөршсөн байшинг нурааж оронд нь өөр юм барих шийдвэр гаргах эрх хотын захиргаанд бий. Тийм үүрэгтэй, Шийдвэр гаргах эрхийг нь сонгуулиар ард түмэн өгсөн. Ард түмнээ төлөөлөх эрхтэй гэгдэх ганц авгайгаас айгаад байгаа бол ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн том илрэл. Ард түмнээс олгогдсон мандат, ард түмнийг төлөөлөх эрхтэй гэж үздэг ганц авгай хоёр хоорондоо тэнцэж байгаа нь ардчилал биш шүү дээ. Газар өгөхдөө авилгатай орооцолдсон, эсвэл сонгууль будилаантай болсон гэх асуудал байвал энэ нь тусдаа өөр замаар шийдэгдэнэ. Дээр үеийн онигоо: Америк сурвалжлагч зөвлөлтийн иргэнээс ямар цалинтайг нь асуухад “Танайд ч гэсэн нигерүүдийг зоддог шүү дээ” гэсэн гэдэг.

Хэдэн жилийн өмнө Сангийн яам олгогдсон эрх, хүлээсэн үүргийнхээ дагуу Оюу толгойн ордын талаар гадны компанитай гэрээ хийсэн. Гарын үсэг зурагдангуут 300 сая доллар авна, Монголын тал 34 хүртэл хувьд хөрөнгө оруулах ба энэ мөнгийг цаад компани зээлдүүлэхэд зуучлана, зэсийн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр барина гэх мэтээр тогтжээ. Эдийн засгийн хямралын одоогийн шатанд энэ бол мөрөөдөөд олдохгүй болчихсон нөхцөл. Өнөөгийн нөхцөлд гадны ямар ч компани монголчуудад туслая гэж гүрийгээд ч биелэх бололцоогүй. Үндсэн хуулиар Монголын газар, газрын хэвлий нь Монголын ард түмний өмч. Үүнийг өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван тусдаа ойлголтод салгана. Ашиглах онцгой эрх нь Засгийн газарт бий. Бусдаар ашиглуулсан ч болно, өөрөө ашигласан ч болно, хамтарч ашигласан ч болно. Сангийн яам Оюу толгойн өмчлөх, эзэмших эрхийг хэнд ч өгөөгүй, тийм эрх ч байхгүй. Тэд хамтарч ашиглах тухай л тохирсон.

Харин энийг нь ТББ-ууд нурааж орхидог гэнээ. Маш хямдханаар. Хэдэн цуглаан зохиогоод, мэдээллийн хэрэслэлээр довтлоод. Гэхдээ дандаа гуйвуулсан байдлаар, эсвэл өөрснөө буруу ойлгосон байдлаар. Монголын газар шороо бусдын өмч болчихсон, арай гэж гуйж байж 34 хувийг нь эргүүлж авсан маягтай. Төр өөрийн үйлдлээ ард түмэнд тайлбарлах үүрэгтэй. Гэтэл таг шүү, нэг л их буруу юм хийгээд хууль зөрчөөд, газар шороогоо бусдад үнэхээр өмчлүүлчихсэн юм шиг. Тэгээд Марк цуглуулагчдын холбоог оруулаагүй мөртөө ард түмнийг төлөөлсөн гэх ТББ-ын шахалтаар хийсэн ажлаа огоорчиж байгаа юм. Ард түмнээс олгосон мандат, эрх үүрэг нь ард түмний нэр барьсан хэдэн рэкетчингүүдийнхтэй тэнцэхийг ардчилал гэх үү, тэгээд?2005 онд эхлээд, одоо хэдийнээ олзворлоод эхлэх байсан ордын боломжит алдагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Төр! Олгогдсон эрх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас. “Ойрын 10 жилд зэсийн үнэ 12 мянган доллароос унахгүй гэдгийг интернэтээс олж мэдлээ!” гэсээр байгаад шийдвэр гаргасан төр төлөөлөгчид. Харин хариуцлагыг интэрнэт хүлээхгүй. ТББ-ууд хуулийн хүрээнд ажиллах үүрэг хүлээсэн болохоос гэрээ хэлэлцээр биелэгдсэн тасалдсанд ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл тэдэнд ард түмнээс зөвшөөрөгдсөн мандат байхгүй. Интэрнэт, ТББ хоёрын хооронд бага ялгаа бий.

Алив хэлэлцээний явц нууц байдаг. Ялангуяа улс хоорондын хэлэлцээ. Утга нь ерөөсөө ийм юм. Эцсийн тохиролцоо бичиг баримтыг нууцалж болохгүй тухай хуулинд бий.Хэлэлцээ, хэлэлцээр, гэрээ гэх нэршил нь хоорондоо шал өмнөө утгатай. Одоо хэдэн ТББ нийлж аваад хэлэлцээнд оролцох 9 хүнээ сонгосон гэнэ. Улс төрийн товчооны 9 гишүүн гэж МАХН-д дээр үед бүхнийг шийддэг мангас байлаа! Тэгээд хэлэлцээний явцыг ард түмэндээ цаг минутаар мэдээлж байх гэнэ. Товчооны 9 гишүүнд явц таалагдахгүй бол ард түмнээ босгох гэнэ. Хувьсгал хийх юм байхаа. Улс төрийн товчоонд нь эднээс хавьгүй олон гишүүнтэй Марк цуглуулагчдын холбооны төлөөлөл алга. Ер нь эдэнд ийм эрхийг хэн олгосон юм бэ? Эхлээд ард түмнээс авсан мандатаа, дараа нь алтан улиас хуга мөргөдөг эврээ, тэгээд алсын газраас цавчдаг туурайгаа харуулах хэрэгтэй. Эд өөрснийгөө марк цуглуулдаг үй олон эрүүл хүмүүсээс дээгүүр зиндааных, эх орондоо илүү хайртай гэж дайрна даа? Жигшмүү...

Хэн юу дуртайгаа ярьж болно. Хүн ямраар ч мөрөөдөж болно. Харин ард түмэн өмнөөс нь шийдвэр гаргах төлөөлөгчиддөө л мандат өгсөн. Тэд нигерүүдийг зоддог л доо, гэхдээ л тодорхой хугацаанд эрхээ авсан учраас шийдвэрээ өөрснөө гаргах үүрэгтэй. Энэ эрхийг тэд мандат аваагүй хэнтэй ч (Марк цуглуулагчдын холбоог оруулаад шүү) хуваалцах ёсгүй. Чингэвэл тэд хууль зөрчиж буй төдийгүй ард түмнээс олгогдсон эрхийг хөсөрдүүлж байна гэсэн үг. Ардчилсан тогтоцын үндсэн логик энэ! Үүргээ огоорч, ардчилалын үзэл санааг гуйвуулдаг Монголын Төрийг жигшмү!

2009 оны 1-р сарын 16