Түрүүч нь

18 жилийн өмнө буюу 1998 оны 10 сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг гэрт нь онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарч, улс орон даяар айдаст автаж байсныг өнөөдөр тэр үед ухаан орсон байсан хүүхдүүдээс авахуулаад хэн ч мартаагүй байгаа билээ. Ээлжилж эрх барьсан бүх улс төрийн нам хүчин энэ хэрэгт зохих төвшиндөө анхаарлаа хандуулсаар ирсэн. Энэ үгээрээ би төрийн төвшинд ч энэ хэргийг мартсан, хаясан тухай ойлголт байхгүй гэдгийг онцолж буй юм.

Нэгэнт сонгууль тун ойртсон энэ үед ахин эл хэргийн талаарх дуулиан босч ирсэн учраас араас нь хөөцөлдөж, чухам юу юу болоод буйг, хөлд нь ямар хүмүүс үрэгдэж хохирч байгааг олж уулзах гэж Эрдэнэт хотыг зорьсон билээ. Миний сурвалжлагын эхний хэсгийг түрүүчийн дугаараас уншигч та уншсан болов уу.

Тэрхүү эхний хэсгээрээ би 2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар гарсан нэгэн иргэнийг тагнуулынхан сүр дуулиантайгаар баривчилсаныг, гэр оронд нь нэгжлэг хийж, ар гэрийнхнийг нь хэрхэн яаж санаа сэтгэлийн дарамтад оруулсныг ээжийнх нь ярилцлагаар дамжуулан хүргэсэн билээ.  Жавзмаа гуайн хүү Батдагвын Содномдаржаа эдүгээ Төв аймгийн мөрдөнд долоон сар хоригдож байна. Хаана аваачиж хорьсноо ч ар гэрийнхэнд нь дуулгаагүй. Эрэл сурал болж байж арай гэж тэд олж мэдсэн. Тэгээд хүүгийнхээ барааг харж уулзсан. Чингэж уулзахад хүү нь маш их турж эцсэн төдийгүй дүйнгэтдэг болсон нь анзаарагдсан гэх. Энэ бүхэн бол зөвхөн харагдах байдал. Харин чухам цаана нь юу болж буйг ар гэрийнхэн нь битгий хэл өмгөөлөгчид нь мэдэх бололцоо байхгүйтэй адил байгаа тухай гэрийнхэн нь ярьж байв.

Гэнэт 17 жилийн дараа С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүд баривчлагдлаа. Тэр тусмаа Эрдэнэтээс гэх дуулианыг яагаад босгож ирэв. Тэрхүү баривчилгаанаасаа хойш дөрвөн сарын дараа талийгаачийн гэргий Б.Булганыг мөн яагаад баривчлав. Мөн яагаад энэ хэрэгт одоогоос 14 жилийн өмнө онгоцны ослоор амь насаа алдсан УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, одоогийн хотын мээр Э.Бат-Үүл нарын нэрийг холбосон гарт баригдаж, газарт сүүдэр нь тусашгүй хачирхалтай зүйлс хэвлэлээр цацав. Энэ бүхэн өнөөдөр олон түмний хувьд гайхширал хэвээрээ л байна.

Энэ удаа манай тагнуулынхан Эрдэнэтээс ямар ямар хүмүүсийг баривчилсан юм бэ. Тэд чухам ямар төвшний аж амьдралтай, хүмүүжил төлөвшилтэй, ямар гээчийн үүх түүхтэй улсууд байв гэдгийг судлаад үзэхээр улам л гайхширал төрөх....

Олон сараар хоригдож буй тэдгээр гурван иргэний нэрийг Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэдэг аж. Харин энэ гурван иргэн хоорондоо ямар холбоотой вэ гэдгийг доорх ярианаас та  бүхэн ойлгох биз ээ.

Ингээд ярилцлагынхаа дараагийн хэсэг рүү оръё.

-Жавзмаа гуай (Б.Содномдаржаагийн ээж) та бараг бүх газруудад өргөдөл гомдол бичжээ. Нэлээн олон гишүүдэд ч хандаж. Тэгээд үнэхээр тоймтой хариу хэн ч өгөөгүй гэж үү?

-Би үнэхээр гараа сарвайтал бичиг бичлээ. Үртэй хүний гол тасрахгүй. Үхчихдэггүй л юм бол би хөлөө хүрэх газар хүртэл явна. Явахгүй байж би чадахгүй. Би Ц.Нямдорж гишүүнд бас бичсэн юм. Ганцхан тэр хүн надтай утсаар ярьсан. Хөөрхий минь ёстой аягүй их санаа нь зовсон шүү дээ. Миний бүх учир байдлыг тэвчээртэй утсаар сонссон. Тэгээд надаас таны хүү өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу гэж асуусан. Би үгүй ээ, миний хүү ерөөсөө хэрэг төвөгт орж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Нямдорж гишүүн наадах чинь яасан хэцүү явдал вэ. Би таны хүүг ингэж ярилцлаа гээд шоронгоос гаргачих биш. Бүх юм маш төвөгтэй шүү дээ. Би чадахаараа л анхаарал хандуулъя. Та өөрөө сэтгэлийн хаттай байгаарай гэж хэлсэн.

-Та нар өмгөөлөгчийн асуудлаа яаж зохицуулж байна. Өртөг өндөртэй үйлчилгээ шүү дээ?

-Одоо яая гэхэв дээ. Үртэй хүний гол тасрахгүй. Хоёр ч өмгөөлөгч аваад чадлаараа л явж байна даа. Хүүгийнхээ төлөө би юунаас ч айхгүй. Юугаа ч харамлахгүй. Эцсэ хүртэл үзнэ л гэж бодож байгаа. Даанч надад чадал алга.

Энэ эмэгтэй бол баривчлагдаад долоон сар болж байгаа Б.Содномдаржаагийн ээж. Хэдийгээр хашгирах дуу нь хана мөргөж, явах газар нь мухардаж байвч үрийнхээ төлөө гэсэн эхийнх нь сэтгэл цуцаагүй байна. Эднийхэн хүүг нь энэ аймшигт хэрэгт холбогдуулж татуулаад байгаа ялтан Амгаланбаатарын өргөж авсан ээжийнхтэй 30 гаруй жилийн өмнө хамар хашааны айл хөршүүд болж анх учирчээ. Баянчандмань САА-гаас ажил амьдралын мөрийг хөөн, нөхрийнхөө нутгийг бараадаж ирээд Эрдэнэтэд хашаа хатгаж буухад нь тохиосон гэсэн үг.
 
Хөршийн хашаанд гүйж харагддаг байсан тав зургаан насны Амгаланбаатар хэмээх шар хүү ямар учиртай, хэн гээч вэ.  Энэ эрэл маань товчхон, бас тодорхой хариулттай эргэж ирэв. Түүнийг Эрдэнэтийн нэгэн эмэгтэй таван сартайд нь анх өргөж авчээ. Тэр эмэгтэй өмнө нь бас нэгэн охин өргөж авсан. Түүний нэрийг Гансүрэн хэмээнэ. Ингэхээр Амгаланбаатар нэгэн гэрт өссөн өргөмөл эгчтэй болж таарах нь. Ингээд иргэн Гансүрэнг олж уулзахаар хайсан юм.

60 дөхөж яваа болов уу гэмээр, нэлээд болгоомжтой, болгоомжтой гэхээсээ илүүтэй айж дарамт шахалтад орсон нь илт тэр эмэгтэй юутай ч зорьж очсон надтай уулзахыг зөвшөөрсөн юм. Түүний эргэн тойрноос эдүгээ гурван хүн нь хоригдож байна. Тэдгээрээс нэг нь шоронд олон жилийн ял эдэлж буй өргөмөл дүү Амгаланбаатар нь. Нөгөө хоёр нь Гансүрэнгийн төрсөн дүү эрэгтэй, бас нэг эрэгтэй дүүгийнх нь эхнэр хоёр 2015 оны наймдугаар сараас хойш Төв аймгийн мөрдөнд хоригдож байна. Гэнэт л С.Зоригийн амь насыг хороосон гэх байж боломгүй хэрэгт сэжигтнээр татан баривчилж явсанаас нь хойш найман сар өнгөрч байна. 

-Өнөөдрийн байдлаар та гэр бүлээсээ хоёр хүнээ хориулчихаад байж байгаа юм байна. Бас таны Амгаланбаатар гэж өргөмөл дүү тань шоронд олон жил ял эдэлж байгаа залуу байдаг юм байна.

-Тийм. Маш аймшигтай юмтай л учраад байна.

-Би таны зовлонг хөндөж, түүн дээр элдэв шуугиан нэмэх гэж зорьж ирээгүй гэдгийг таныг ойлгоосой гэж би хүсч байна. Золгүй байдлаар энэ хорвоог орхисон хоёр том төрийн зүтгэлтний нэр энэ дуулианд холбогдож байна. Чухам яагаад танай бас нэг дүү, бэр хоёрыг баривчлаад явчихав аа?

-Намайг Гансүрэн гэдэг. Тэр Амгаланбаатар бол талийгаач С.Зоригийг алагддаг тэр  1998 онд бол 16 настай, Улаанбаатар хот ч орж үзээгүй л ийм хүүхэд байсан.

-Ер нь танайх хэдэн настай өргөж авсан юм бэ?

-Таван сартай. Манайх юу байхав дээ, миний ээж л тавхан сартай тийм нэг хүүхэд өргөж авсан. Тэгээд л хүн шиг хүн болгох гэж бүх насаараа зүтгэсэн. Хүн болгоноос өмгөөлж, хайрлаж өсгөсөн. Намайг ч ээж маань өргөж авсан.

-Амгаланбаатар тэгээд яаж яваад шорон оронд орчихсон юм бэ. Их аймшигтай хэрэг үйлдсэн гэх мэдээлэл байна?

-2007 онд манай Эрдэнэт хотод нэг аймаар хэрэг гарсан. Тэр хэргийг үйлдсэн хүнээр тогтоогдож, цаазын ял авсан. Тэгээд манай улс цаазын ялыг халсан тэр шийдвэрийн хүрээнд өршөөгдөж 25 жилийн ялаар шийтгэл нь солигдсон. Одоо шоронд яваад ес дэхь жилдээ орж байна.

-1998 оны 10 сард дүү тань хаана байсан юм?

-Эрдэнэтэд л байсан.

-Ял авсан хэрэг нь бол үнэхээр аймшигтай хэрэг байна билээ. Таксины жолооч эрийг мөчилж хороосон гэх тэр хэргийг хэдэн онд үйлдсэн юм бэ?

-2007 оны намар, есөн сард үйлдэгдсэн хэрэг гэж сонссон.

-Тэр хэргийг тохчихсон байх магадлалтай юу, эсвэл үнэхээр яг хийсэн нь нотлогдсон юм уу?

-Тэр бол тогтоогдсон юм билээ. Эрдэнэтийн шүүхээс цаазын ял авсан. Тэр хэргийг шалгах явцад Эрдэнэтийн мөрдөнд гурван жил болсон.

-Найман сарын өмнө таны төрсөн дүү, өөр нэг дүүгийн тань эхнэр хоёрыг баривчилсан. Тэр өдөр танайд яг юу болсон юм бэ?

-Яг тэр өдөр нь бол би гэртээ байгаагүй. Гадуур ажилтай явж байсан. Тэгтэл орой 16-17 цагийн үед арваад хүмүүс манайд ирж, гэрт маань хөнгөн маягийн нэгжлэг хийсэн гэсэн. Манай өвгөнд хэлсэн байсан. Амгаланбаатарыг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгаж байгаа гэдгээ хэлсэн юм билээ. Гэхдээ гэр бүлийнхэнд маань гар хүрсэн, үл ойлголцол үүсгэсэн явдал болоогүй.

-Дүү, бэр хоёрыг тань баривчлахдаа нэгжсэн биз дээ?

-Бүх хүмүүсийг нь гаргаж байгаад л нэгжсэн гэсэн.

-Хэд орчим насны хүмүүс юм бэ?

-Нэг нь 40 гаруй, нөгөө нь 50 орчим.

-Танай тэр бэр тогооч хүн юм уу?

-Тогооч биш, зүгээр л нэг цайны газар ажилладаг.

-Дүү тань ямар ажил байдал эрхэлж байсан хүн юм?

-Бид хоёр нэг эхээс төрсөн. Би бол өөр айлд өргөгдөөд явчихсан, ийм л учиртай.
 
-Өргөж авсан ээж, аав хоёр тань одоо байгаа юу?

-Хоёулаа байхгүй. Ээж маань 2013 онд нас барсан.

-Амгаланбаатарт тохиолдсон явдлыг бол ээж тань мэдэж байсан юм байна, тийм үү?

-Мэдэж байсан. Бид нар цаазын ял авсан, сүүлд 25 жилийн ял болсон гэж тодорхой хэлээгүй. Ял аваад явсан л гэж хэлдэг байсан.

-2015 оны наймдугаар сарын 31-нд баригдаад явсан тэр дүү, бэр хоёртойгоо та эргэж уулзсан уу?

-Би ерөөсөө уулзаагүй. Ар өврөөс нь явах чадал надад байхгүй. Би энэ гурван хүнд маш их сэтгэл зовж байна. Зүв зүгээр ажил хөдөлмөрөө хийгээд явж байсан улсуудыг ингээд бариад явсанд үнэхээр шаналж байна. Манай дүү Амгаланбаатар гэнэт энэ хүмүүсийг ингэж гүтгэж, хүний ой тойнд оромгүй хэрэгт холбогдуулж зовлонд унагаж байгаад үнэхээр их харамсаж байна. Тэр хүмүүст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа. Ард нь маш олон хөгшчүүд байна.
 
-Тагнуулын газраас таныг хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах болон өөр ямар нэгэн алхам хийхийг хязгаарласан, хориглосон зүйл байна уу. Айлгаж ичээсэн бол та өөрийгөө хамгаалах ёстой шүү дээ?

-Намайг ерөөсөө ярилцлага өгч болохгүй л гэсэн. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас та юм ярьж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Би одоо тантай уулзаж байгаадаа ч айж түгшиж л байна.

-Би таныг ойлгож байна. Тийм учраас энэ ярилцлагыг зогсооё. Таны дүү Амгаланбаатар хожим гэнэт учир утгагүй мэдүүлгүүд өгч, айл хөрш явсан, бас бус хүмүүсийг хэрэгт гүтгэж татуулж байх шиг ?

-Ямар гээч нь хатгахаараа ийм юм хийж байдаг юм бол доо. Манайтай дээр үед хөрш байсан Батдагва гуайнх бол ажил хөдөлмөрөөрөө гайхагддаг л улсууд. Содномдаржааг би мэднэ. Ёстой нэртэй хүний, зүстэй хүүхэд. Үнэхээр харамсаж байна.

-Ер нь бол хүнд байдалд орсон бол өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах чадвараа хэзээ ч хумиулж болохгүй. Ардчилсан нийгмийн чинь мөн чанар энэ шүү дээ.

-Учир битүүлэг зовлонд унасан хоёр айл л байна. Бидэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй байна. Айдас хүйдэс гэдэг чинь ямар аймшигтай байдаг юм бэ. Монгол улсад үнэн мөн гэж байдаг бол энэ хэрэг үнэнээрээ шийдэгдээсэй. Битгий энэ олон хүмүүсийг хэлмэгдүүлээсэй л гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

-Тэр олон жилийн өмнө шоронд явсан хүн яаж өөрчлөгдсөнийг та бол мэдэхгүй шүү дээ. Ер нь эргэж тойрч байсан уу?

-Эрдэнэтийн мөрдөнд байхад нь бол эргэдэг байсан. Манай ээж амьд сэрүүн байсан. Долоо хоногт нэг удаа эргэдэг байсан. Дарьтад очсоноос нь хойш би дөрвөн удаа эргэсэн. Сүүлийн хоёр жил л холбоо тасарсан, одоо хаана байгааг би мэдэхгүй. 

Гансүрэн гуай нулимс унаган байж ийнхүү ярив. Эрдэнэт явсан энэ удаагийн томилолт маань эргэцүүлэх зүйл ихтэй, эмзэглэл дүүрэн орчинд өнгөрөв. Олж уулзсан хэдэн хүн маань зовлонд унасан, үймэж сандарсан улсууд байх. Тэдэнд туслах хэн ч байхгүй.

Гансүрэнгийн ээж гэж бас л сонирхолтой амьдрал туулсан эмэгтэй байжээ. Нэг охин, нэг хүү өргөж авч өсгөсөн. Гансүрэн гэнэт нялх дүүтэй болохдоо таагүй байж. Нөхөрт гарчихсан, өөрөө үр хүүхэдтэй болчихсон байсан болоод тэр үү, эсвэл удам судар нь ч тодорхойгүй хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй улаан нялзрай хүүхэд. Гэсэн ч эх нь тэр хүүг хайрлан өсгөжээ. Сүүлд судлахад орон шоронд орсон хүний хаягдмал хүү л байж таарсан бололтой юм. Хүний амьдрал яаж, хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Амгаланбаатар 1998 онд 16 настай байсан гэх. Үүнээс хойш есөн жилийн дараа буюу 2007 оны намар нэгэн таксины жолоочийн амь насыг бүлэглэн хороосон хэргийн улмаас цаазаар авах ял шийтгүүлжээ. Хүнийг мөчлөн хороосон аймшигт хэргийг нэгэн иргэний хамт үйлдсэн. Гэсэн ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр буюу монгол улс цаазын ялыг халсаны дараа өршөөгдөж, 25 жилийн хорих ялаар солигдсон.

Нэг ёсондоо энэ хүн тэр газрын харъяат хүн болжээ. Надад олдсон мэдээллээр бол Амгаланбаатар шоронгийн ялтан атлаа байнга гар утастай байдаг. Олон жилийн турш айл хөршийнхнөө, ах дүүсээ дарамталж байсан бололтой. Гадуур гарч, элдэв хэрэг хүлээж зугаацах донтой ч болсон байх магадлал өндөр. Эрдэнэтэд гарсан бүх том хэргүүдийг хүлээж зугаацсаныхаа дараа С.Зоригийн гэх алдарт хэргээр тоглох хүсэл төрсөн байхыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү манай тагнуулынхан ийм хүний мэдүүлэгт түшиглэж олон хүнийг хилсээр зовоож байгааг хэрхэн яаж тайлах учраа олохгүй нь. Талийгаач Ш.Отгонбилэг баахан дорой буурай хүмүүсийг хөлсөлж С.Зоригийг хөнөөлгөсөн гэх домог. Э.Бат-Үүлийг холбож насан турш тамлаж буй зовлон. Талийгаач С.Зоригийн гэргий хатагтай Б.Булганы цорын ганц хувь зовлонт тавилан... Одоо түүнийг зохиомол мэдүүлэг өгүүлэх гэж зовоож байж ч мэдэх. Энэ бүхэн чухам юуг өгүүлнэ вэ. Элдэв зохиол бичиж тулган хүлээлгэдэг харгис технологи хэвээр байсаар л уу. Энэ удаа арай л гэнэн тоглоом зохиосон юм биш үү....гэх асуултыг хэн ч тавихаар.

Сэтгүүлч миний бие олон баримт цуглуулсан ч энэ удаа та бүхэнтэй энэ хүрээнд хуваалцахаар шийдэв. 1999 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар С.Зоригийн амь насыг хороосон гэж нийтдээ зургаан хүн хүлээсэн байдаг. Тэрнээс хойш хэдэн ялтан ингэж тоглосныг одоогоор мэдээгүй байна. Тэр зургаан тохиолдол бүгд нотлогдоогүй, үндэслэлгүй болох нь тогтоогдсон тухай тэр үеийн ажлын хэсгийн ахлагч, хурандаа Д.Алтангэрэл надад өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Тэр үед нийтдээ 1557 хүн энэ хэрэгт сэжигтнээр тооцогдож шалгагдаж байв. Зөвхөн 13699 хүнийг үсний шинжилгээнд хамруулсан гэхээр ямар хэмжээний өртөг зарсан, нерв зарцуулсан, тэр хэрээрээ олон хүнийг сэтгэлийн тамд унагасан нь тодорхой. Ингээд дараа уулзатлаа баяртай, уншигчид аа.