-фельетон-

Газар сайгүй оны шилдгүүдээ тодруулж байна. Энэ ажлыг “Оны шилдэг дэлхий сөнөлт”-өөр эхэлсэн нь зөв байх. Хэдийгээр бүтэл муутай байсан ч, өөр өрсөлдөгч байгаагүй болохоор өнгөрөгч 12 сарын 21-ний үйл явдал энд тэргүүлж таарна.

Оны шилдэг шалгаруулахад хамгийн их асуудал үүсгэдэг нөхдийг эхлээд шийдэх учиртай байдаг. Маргаан гаргахгүйн тулд номинациа зөв сонгох учиртай. Ингээд 2012 оны “монгол улсын шилдэг ерөнхийлөгч”-өөр ерөнхийлөгчөө, “Монгол улсын шилдэг ерөнхий сайд”-аар ерөнхий сайдаа, “Монгол улсын шилдэг их хурлын дарга”-аар их хурлын даргаа тус тус шалгаруулж замаа цэвэрлээд цаашаа явна аа. Өрсөлдөх хүн гарахгүй гэж найдаж байна.

Мөн манай ерөнхийлөгч даруу хүн болохоороо “Оны шилдэг тэргүүн хатагтайн нөхөр”, “Оны шилдэг Ц.Элбэгдорж” зэрэг номинацид тэргүүлснээ олонд зарласангүй, тэгсхийгээд өнгөрсөн байна.

Мөн оны шилдэг анхны ерөнхийлөгчөөр шалгарсан П.Очирбат гуай, оны шилдэг Чингэс хаанаар шалгарсан Е.Тэмүүжин гуай нартаа халуун баяр хүргэх учиртай.

Цаашлаад 2012 оны шилдэг “Батэрдэнэ аварга” шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд өнгөрч УИХ-ын гишүүн Б.Батэрдэнэ хамгийн олон саналаар тэргүүлсэн гэнэ лээ. Түүнчлэн “оны манлай Ц.Нямдорж”, “Оны хамгийн У.Хүрэлсүх”  энэ тэрийн тэргүүн байрыг бол дуулаа л байлгүй.

Оны шилдэг хөл бол маргаангүй манай хэний хөл болж таарч байна. Гудамжинд явсан арваад иргэнийг их хурлын танхимд ортол өшиглөсөн энэ хөл бол үнэхээр топ хөл ажгуу. Харин оны шилдэг толгой...за энэ ч төвөгтэй юм аа. Гэхдээ бодоцгооё, хэн толгойгоороо яалаа? Толгойгоо ашиглан нэрд гарсан хэн байна?

Хөл шалгаруулж болоод байсан атлаа толгой руу очихоор болохоо байгаад байна. Бидний хувьд толгой нэг их чухал эрхтэн биш болтой тул номинациа тэр чигээр нь хаслаа. Толгойг орхиод уруудахаар гар луу ороод “салаавч” гэдэг номинаци дээр чихэлдээд ирж байна.

Монголын мянга мянган иргэнийг, хөхөө өвлийн хүйтэнд яг л дуунд гардаг шиг “майхан чиг тогоо шанагаа ачаад...” дагахад хүргэсэн орифлеймын Оюунгэрэл яалт ч ч үгүй “оны шилдэг хөтөч” мяндаг хүртэж таарна.

Манайхны цог хийморь ч бадарч өгсөн жил байлаа. Зуны олимпийн шилдэг хүрэл медаль шалгаруулахад манай тамирчдын авсан хүрэл медаль орчихсон л байх жишээний. Бас “Дэлхийн шилдэг Улаанбаатар хот” номинацид манай нийслэл багтчихсан ч байх шиг.

Оны шилдэг шилдэг, топ, онцлох зүйлүүдийг шалгаруулах хүрээг илүү нарийсгаж өгсөн нь миний хувьд том завшаан боллоо.

Энэ хүрээнд оны шилдэг “Би”-гээр би өөрөө шалгарснаа дуулгахад таатай байна. Түүнчлэн оны шилдэг “Чи”-гээр шалгарсан чамд болон “оны онцлох та нар”-аар шалгарсан та бүхэндээ бас баяр хүргэе.

Мөн өөрийн биеийн хүрээнд зохион байгуулагдсан  “Оны шилдэг хамар”, “2012 оны топ гүзээ”, “Онцлох хоёр хөл”, “Шилдэг хоёр гар” зэрэг шалгаруулалтад амжилт дүүрэн оролцоод баяр хөөртэй сууж байна.

Ингээд эцсийн эцэст монгол улсын “Топ-2,863,726 хүн” –д багтсан нийт иргэддээ амжилт хүсэх нь зүйтэй байх.