Конкурс хэмээх наян минутын баривчилгааг болимоор байна
Хүүхдүүд ерөнхий боловсрол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян минутаар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монголчуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шалгалт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз хоёрын аль нь ч тохиож болно.
За яахав “Элсэлтийн шалгалтаар хүүхэд ба сургуулийн ерөнхий ноён нуруу гардаг гэж бодъё. Тийм юм бол шоо орхиж байгаа юм шиг заавал ингэж илүү ажил хийхийн хэрэг юу байна. Өмнөх сурлагын дүн, улсын шалгалтын материал гээд баахан үзүүлэлтүүд байгаа. Тэрнийг нь үндэслэж байр эзлүүлэх конкурсдэх хоёр зарчмын хувьд ялгаагүй байх ёстой. Ялгаа байх бол аз, гай хоёрыг нь хураасан мэдлэгнээс илүү чухалд үзсэн болж таараад байна. Энэ үеэр шашин, бөө үзмэрч төлөгч нарын ачаалал эрс нэмэгдсэн байдал ажиглагдах боллоо. Багш, сургууль сурагчдын үнэлгээнүүдийг худлаа гэж үзээд түүнд үнэмшдэггүй учраас элсэлтийн шалгалт үүссэн ч юм шиг.
Захиргаадалтын үед конкурс хүний хувь заяаг орвонгоор нь өөрчилж орхидог байв. Онц сурлагатнууд оноо дутан сургуульгүй хоцорч байхад дундчуудад “арын хаалга” нээгдэн их дээд сургуульд орон улмаар дарга даамал болох тохиолдол маш их гарч байсан. Одоо бол конкурс нь дотоодын аль ч сургуульд ороход тийм аймаар хадны мангаа биш. Тэгээд ч их дээд сургуульд ороод төгсөх суралцах нь өөрөө улам үнэ цэнэгүй болсоор байна. Оюутнууд дотор шал өөр зорилго, учир шалтгаанаар элссэн, бүр дунд сургуулиа завсардсан этгээд хүртэл шургаад орчихсон, хичээлдээ бараг суулгүйгээр дипломоо авчихдаг завхарсан явдал хэвийн үзэгдэл болоод байгаа. Гэтэл өнөөдөр нийгмийн бүх салбар мэргэжилтний хомсдолд орчихлоо. Сургууль төгсөж ирсэн залуугаас мэргэжлийн судалгааг үндэслээд, үгүй ядаж холбогдох хууль дээр тулгуурлаад журам боловсруулаадах гэхээр өөдөөс мэл гайхаж байгаа юм даа. Санаа нь бол тухайн салбарын зүгээр л удирдах ажилтан болж аваад “тэг, боль” гээд сууж байх юм гэнэ. Батаа, Болороо нар “хүнд үзүүлэх” зорилгоор ямар нэгэн дээд сургуулийн дипломтой болсон болохоос сурсан юм байхгүй.
Олон улсын хэмжээнд танигдсан нэр хүндтэй сургуулиудад тохиолдлоор тэнцсэн оюутан байдаггүй. Мөн баян айлын тэнэг хүүхэд ороод ирэх вий гэж маш болгоомжилдог. Тийм нөхөд олширвол дараа нь сургуулийн нэр хүнд унагаж орхино гэж үздэг. Элсэлтийн ерөнхий зарчим нь тамирчин олимпод өрсөлдөх эрх авах гэж байгаа мэт элсэгчид тухайн сургуульд орох оноо цуглуулдаг. Жилийн өмнөөс манайх энэ жил төчнөөн элсэгч авна гээд ичнээ шалгалтуудаа явуулна. Эхний удаа тестүүдийг манай одоогийн конкурсны хэлбэрээр явуулаад дараа нь эссэ бичүүлээд эхэлдэг. Эссэнээс бүх тар нь танигддаг. Хүүхдүүдэд энэ дашрамд сануулахад бичих маш өндөр ур чадвар эзэмших хэрэгтэй болоод байгаа юм шүү. Сайн бичнэ гэдэг нь мэддэг ба мэдэхийг хүсч буй зүйлээ ухаалаг, ойлгомжтой илэрхийлэх явдал юм. Эцэст нь сургуулийн шалгалтын комисс элсэгч нэг бүртэй нүүр тулан уулзаж амаар шалгалт аван сая үүд хаалгаа нээнэ. Хүнээр л гэрийн даалгавраа хийлгээд байгаагүй бол сайн бичдэг хүн муу ярина гэж байхгүй. Энэхүү шалгалтын дэс дараалал нь сурах эвээ олчихсон, тодорхой мэдлэг цуглуулсан хүүхдэд итгэл баярыг авчирдаг. Дараа нь сургуульдаа орчихсон хойноо санаа амраад үлгэн салган яваад байвал төгсгөлгүй хасч орхино.
Ёстой нөгөө диплом үзээд шууд ажилд авчих хэмжээний сургуулиудын жилийн дундаж төлбөр 15000 доллар хавьцаа байх шив. Манайхаар бол хорь гаран сая, төгстөлөө зуун саяыг төлнө гэсэн үг. Энэ их мөнгийг идсэн багш сурагч хоёр хоёулаа бөөн хариуцлага хүлээх тул аль нэг нь муу байх ёсгүй. Тэгэхлээр бүх л үед (хойшид ч гэсэн) зөвхөн боломжтой айлын сурлага сайтай хүүхэд л дээд боловсрол эзэмшсээр иржээ. Тэгвэл бусад нь яадаг юм. Баян ядуу аль ч орны их дээд сургуулиудын оюутны багагүй хувь нь тэтгэлгээр орж ирсэн байдаг. Тэтгэлэгт хамрагдах нь ядуу айлын хүүхэд гэсэн биш. Харин ч бүр нэр хүндийн хэрэг байх нь олонтаа.
Хүүхэд ахлах сургуулиасаа эхлээд дараагийн сургуулийн оноо цуглуулах, мөн үүнтэй зэрэгцэн төрөл бүрийн тэтгэлгийн болзлуудыг судалж ханддаг. Орчлонгийн бүх л залуучууд хаа ч ялгаагүй тарчигхан тул хэнээсээ ичихэв. Манайхан шиг айл гэр болчихоод хүртэл малчин аав ээжийгээ зулгааж амьдардаг амьдрал их л ховор доо. Улс орнуудын засгийн газрууд конкурсыг биш тэтгэлгийг анхаардаг. Гэхдээ төр засаг гэхээсээ илүү шашин, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн байгууллагуудаар дүүрэн оюутны сургалтын хөнгөлөлтүүд зарлагддаг. Шинжлэх ухааны салбар болгон хүрээгээ тэлэхийн тул дэлгэрүүлэгч хөгжүүлэгч бэлдэх сонирхол бий. Бизнесмэнүүд өөртөө хэрэгтэй гэж үзсэн салбаруудыг санхүүжүүлэх нь тэдэнд дам ашиг өгдөг. Эдгээр эрх ашгууд нь төрийн болон эцэг эхийн нуруун дээрх том ачааг сэвхийтэл аваад хаячихаж байгаа юм.
Манай нөхцөлд бол их хандив орлого олдог сүм хийд, урлаг соёлын одууд, хүүхдийн төлөө, байгаль орчны төлөө гэх мэт ариун гэгээнээ байнга тунхагладаг хувь хүн олон нийтийн байгууллагууд үнэхээр нийгмийн хариуцлага хүлээх чадамжтай юм бол чиглэлийнхээ боловсон хүчинг бэлдэхэд хөрөнгө зарцуулах ёстой. Мөн спортын холбоод, нутгийн зөвлөл гэсэн ашгийн бус байгууллагуудын чиг үүргийг төрөөс ийш нь чиглүүлж өгмөөр байгаа юм.
Энэ бүхний эцэст хэн юуны төлөө яах гэж сурч буй нь ойлгомжтой болоод ирнэ. Хуулийн дээд төгсөөд худалдагч хийдгээ болино. Нөгөө талд сургуулиудын төлбөр нэмэгдэж босго өндөрсөнө. Эзэн биегүй төр биш мөнгөндөө харамч том компаниуд, бөөн хэл ам бүхий олон нийтийн хөдөлгөөн байгууллагууд оюутнаа илгээсэн сургуулиа олигтой хичээллэхгүй бол бариад идчихнэ шүү дээ. Залуучууд бусдын тэтгэмжээр сурч сурчихаад дараа нь өөр чиглэлээр ажиллах, эсхүл бултвал мафийн гарт орсноос ялгаагүй юм болно.
Элсэлтийн шалгалт гээд нэг нь шалгаж байгаа нөгөө нь шалгуулж байгаа дүр үзүүлж наян минут болдог уг арга хэмжээ улам утгагүй болсоор байна. Төрөөс төсөв авдаггүй өөрөөсөө санхүүждэг их дээд сургуулиуд элсэлтээ хэрхэн зохицуулахыг боловсролын яам биш зах зээл шийддэг. Сургуулиуд уриад ч очдоггүйгээс эхлээд хүсээд ч олдохооргүй улам ялгарах цаг дор зөвхөн шалгалтын оноо бүхнийг шийдэх боломжгүй юм.
Зочин
Зочин
Зочин
Tenegtehed khyazgaar bui
asdasd
buyan
Эрдэнэ
hh
hh
Зочин
Нэмка
Нэмка
Зочин