О-Нами буюу Их давалгаан гэдэг үлэмж хүчтэй, уран мэхтэй бөх байжээ.

Хүн бүхэн үлэмж хүчтэй. Алд биехэн харагдавч тийм өчүүхэн биш, орчлон ертөнцийн мөн чанараас гадуур байх боломжгүй. Өчүүхэн атомд хүртэл ямар их эрчим агуулагддагийг шинжлэх ухаан нээсэн. Хүний нүдэнд өртөхгүй жаахан бөөмсөд энгүй их эрчим нуугддаг. Тэгвэл хүний тухайд юу ярих вэ? Дотоод ухамсрын бяцхан дөлөөс ямархан хүч цацрахыг төсөөлж чадах уу? Тэр дөл нэгэнтээ асан түгэх юм бол гэрэл эрчмийн шавхагдашгүй эх сурвалж болдог. Будда, Есүст тийм зүйл тохиолдсон.

Хүн бүхэн оршихуйд үндэслээстэй. Үүнийгээ мартах юм бол сул дорой болно. Сул дорой болсон хойно хүчтэй болох хуудуу арга сүвэгчилнэ. Сая сая хүн ийм л зүйл хийдэг. Мөнгө хөөхдөө та нар чухам юу хайна вэ? Хүч чадлыг л хайдаг. Эрх мэдэл, нэр алдарт улайрч байхдаа юу эрнэ вэ? Хүч чадлыг л эрдэг. Гэвч та нар буруу зүгээс хайж байна. Хүч чадлын эх булаг дэргэд чинь, дэндүү ойрхон, үргэлж нээлттэй байвч та нар төөрөн бэдэрсээр.
    
...Их давалгаан гэдэг үлэмж хүчтэй, уран мэхтэй бөх байжээ. Далдуур барилдах үедээ багшаа хүртэл давдаг мөртлөө олны өмнө барилдахдаа өөрийн залуу шавь нарт ч унадаг байлаа.

Учир нь, олны нүднээс далдуур барилдах үедээ тэр би-гээ мартдаг байж. Би буюу эго-г мартсан цагт энгүй хүчтэй болно. Харин олны өмнө барилдахдаа тэр би-д автдаг байж. Энэ судрыг тогтоож ав: Би-г санаж байхдаа чи Бурханыг мартана. Би-г огоорсон үедээ Бурханыг санана.
    
Зүгшрэх аргаа олж ядсан тэрээр далайн эргийн сүмд байдаг Зэн багш дээр очиж, зөвлөгөө хүсчээ. “Чиний нэр Их давалгаан биз дээ? Өнөө шөнө энэ сүмд хонож, далайн давалгааг анирд.”

Багш (Мастер) бол хүн бүрт тохирох тусгай аргыг бүтээдэг нэгэн. Жинхэнэ Багшид хэвшмэл арга, ягшмал тогтоол байхгүй. Тэрээр О-Нами буюу Их давалгааныг хараад түүний нэрэнд дулдуйдсан аргыг сэджээ.

“Чиний нэр Их давалгаан биз дээ? Өнөө шөнө энэ сүмд хонож, далайн давалгааг анирд.”

Сонсох нь Бурханы сүмд нэвтрэх үндсэн нууцын нэг. Сонсох нь хүлээцтэй, нээлттэй байхын нэр. Өөрийгөө бүрэн мартахын утга. Тэгж байж л чи сонсож чадна. Бусдыг анхааралтай сонсох үедээ чи өөрийгөө мартдаг. Өөрийгөө мартаж чадахгүй бол сонсож чадахгүй. Өөрийн би-д баригдсан цагт сонсож буй дүр эсгэхээс биш, сонсохгүй.

Сонсох үедээ чи зөвхөн нээлттэй үүд, хүлээн авах сав болно. Бурханд халдан довтлох, түрэмгийлэх замаар хүрэхгүй. Бурханд хүрэхийн тулд... эсвэл Бурхан чамд хүрэх гэж хэлсэн нь дээр. Гагцхүү эмэгтэйлэг буюу билиг эрчим – ин болсон үед л үүд нээгдэнэ. Чи зүгээр л хүлээх учиртай.

“Өөрийгөө тийм давалгаан хэмээн төсөөл. Бөх гэдгээ мартаж, өмнөө байгаа бүхнийг хамагч хүчит давалгаан бологтун” гэж Багш хэлжээ.

Багш түүнд эгогоос ангижрах аргыг заажээ. Эхний алхам нь хүлээн авагч болох. Хүлээн авахуйн агаарт эго замхардаг. Эго зөвхөн зөрчил тэмцэл дунд оршдог. Хүлээн авагч болсон цагт чиний онгод билиг сэрнэ. Хүлээн авагч, мэдрэг хүмүүс уран бүтээлч байдаг. Сав шим, ургамал моддын гэрлийг харж, ямарваа түрэмгийлэл үгүйгээр уусан нэгдэж, амин шимийн урсгалаас нь хүртэж чадна. Уран бүтээлч хүн ертөнцийг хүлээн авч өөртөө уусгаад, тэр бүхнээ төсөөлөлд юүлдэг юм.

Уран сэтгэмж бол Бурханд хамгаас илүү ойртох увдисын нэг. Бурхан уран сэтгэмжийн далай биш гэж үү? Ийм их хотол баялаг ертөнц, зүйл бүрийн цэцэг, эрвээхий, ийм олон янзын мод, уул, гол мөрөн, хүн амьтан... ийм олон од эрхис, гараг ертөнц, ертөнцийн цаанах ертөнц – эцэс төгсгөл үгүй... Дорно дахинд орчлонг Бурханы зүүд гэж өгүүлдэг. Бид Бурханы зүүд, уран сэтгэмжийн нэгээхэн хэсэг.

Багш О-Намид “Өөрийгөө тийм давалгаан хэмээн төсөөл” гэж хэлэхдээ “Эхлээд хүлээн авагч бол, тэгээд уран бүтээлч бол. Эгогоос салахад чиний төсөөлөл бодит лугаа ялгалгүй уян хатан болно” гэж хэлсэн байна.

О-Нами сүмд үлдлээ. Зөвхөн давалгааг сонсохыг хичээвч зүсэн зүйлийн бодолд ээдэрсээр байв.

Мэдээж хэрэг эхний үед хэцүү байна. Гэхдээ тэр маш хүлээцтэй байжээ.

... аажмаар сэтгэл зүрхийг нь давалгаан эзэмдэж эхлэв.

Хэрэв хүлээцтэй байх юм бол тийм агшин ирнэ. Чин зүрхнээсээ өөрийгөө нээж гэмээнэ олон төрөл дамжин хайсан зүйлтэйгээ хормын зуур учрах болно.

Шөнийн турш тэдгээр давалгаан улам бүр нэмэгдсээр.

Улам улмаар эрчлэн хуйлрах эл давалгаан бол бодит давалгаан биш. Түүний төсөөлөл доторх давалгаан. Гэхдээ тэр мөчид төсөөлөл, жинхэнэ хоёрын ялгаа замхарчээ. Аль нь төсөөлөл, аль нь жинхэнэ гэдгийг ялгаж салгахаа больсон байна. Тэр эргээд цав цагаахан хүүхэд болжээ.

Давалгаан Буддагийн өмнөх вааранд байсан цэцгийг хамав. Дараа нь вааруудыг ч хамав. Тэгээд хүрэл Буддаг ч хамав.

Энэ үнэхээр гайхалтай! Буддын шашинтан хүний хувьд Буддаг хүртэл хамж төсөөлөх тун бэрх. Шүтлэгт автсан нэгэн бол Буддагийн өлмийд хүрээд зогсох байсан. “Буддаг хүртэл авч чулуудах би хэн сэн билээ? Одоо хангалттай!” гэж хэлэх байлаа.

Санаж ав: Хэзээ нэгэн өдөр зам мөрт ороход чинь тус болсон Будда нарыг ч түлхэх учиртай. Уялдан зууралдах юм бол үүд хаалга ч тотгор болдог юм.

Үүр цайхын үест сүм бүхэлдээ эрчлэн хуйлрах их усан болж...

Зөвхөн О-Намид тохиолдсон үзэгдэл гэдгийг санаарай. Тэр үед чи дэргэд нь байсан бол сүм усанд автахыг харахгүй. Энэ бол оршихуйн ондоо хэмжээсэнд болсон явдал. Яруу найраг, зүүд зөн, эмэгтэйлэг нээлттэй, хүүхэдлэг цайлган чанарын хэмжээсэнд. Тэрээр дотоод туурвих билгийн үүдийг нээжээ. Давалгааг анирдаж, хүлээн авагч болсноор уран бүтээлч болжээ. Түүний зөн сэтгэмж мянга нэгэн дэлбээт лянхуа болон цэцэглэжээ.

Үүр цайхын үест сүм бүхэлдээ эрчлэн хуйлрах их усан болж, тэнд суусан О-Намигийн царайд үл мэдэгхэн мишээл тодорлоо.

Тэрээр Будда болжээ! Тэр нэгэн өдөр Бодь модны дор Буддагийн царайд тодорсон мишээл түүний нүүрэнд мөн тодорчээ. О-Нами гэнэт арилж замхарсан байна. Энэ бол эх сурвалж – төрөлх гэртээ эргэн харигчийн мишээл. Өөр хаашаа ч зүглэх эрэл хүсэл үгүйн мишээл. Үхээд дахин мэндлэгчийн мишээл юм.

Тэр өдөр олон хүн чуулсан барилдаанд О-Нами учраа бүхнээ давжээ. Хожим нь ч түүнийг дийлэх хүн Японд гараагүй гэдэг.

Учир нь, энэ бол түүний хүч биш. Тэр О-Нами байхаа больсон. Давалгаан төдий байхаа больж, их далай болсон. Давалгааг л ялж болно, далайг ялах хэн ч үгүй. Эгогоос нэгэнт салбал унал, ялагдал бүхнээс гэтэлнэ.  
    
    - Ошо “Зэн түүхүүд”