Ошо: Мүүн...
- Та бидэнд үнэний эрэлчин болж, бясалгалын замд орж байгаа хүмүүсийг хараад даган баясаж байхыг захидаг. Тэгвэл үнэнийг эрсэн гэнэн цайлган залуус хувийн эрх мэдэл, олз ашгийн төлөө дагалдагчдаа ашигладаг Мүүн мэтийн хуурамч мэссия нарт олзлогдохыг хараад бид яах вэ?
- Та бидэнд үнэний эрэлчин болж, бясалгалын замд орж байгаа хүмүүсийг хараад даган баясаж байхыг захидаг. Тэгвэл үнэнийг эрсэн гэнэн цайлган залуус хувийн эрх мэдэл, олз ашгийн төлөө дагалдагчдаа ашигладаг Мүүн мэтийн хуурамч мэссия нарт олзлогдохыг хараад бид яах вэ?
- Энэ бол тун ээдрээтэй үзэгдэл. Өнгөцхөн дүгнэж болохгүй. “Үнэнийг эрсэн залуус...” гэжээ. Хэрэв тэд үнэнийг эрж байгаа бол эрт, орой нэгэн цагт хуурамчийг танина. Үнэний эрэл нь тэдэнд илчлэн харуулахгүй бол өөр хэн илчлэх вэ?
Хэн нэгэн Мүүнийг дагаж байгаа нь адаглаад эрэл хайгуул хийж байгаа хэрэг. Буруу зүгт эрж байж болох, гэвч эрж байгаа нь чухал. Огт эрж хайдаггүй хүмүүс бий шүү дээ. Хаалга эрэн тэмтчиж байгаа хүн харанхуйдаа ээнэгшин суудаг хүнээс илүү. Ямар ч эрэл хайгуул хийхгүй, өөрсдийгөө хэдийнэ олчихсон гэж боддог Христиан, Хиндү, Лал, Жайн байснаас дээр. Төрөхдөө л тэд Христиан, Хиндү болоод төрчихсөн. Энэ бол сонголт биш, зүгээр тохиолдол. Өөрийн хүсэл сонирхлоор эрж байгаа хүн түүнээс хавьгүй амьдлаг. Мэдээж энэ осолтой зам. Гэвч амьдрал тэр чигтээ эгзэг шүү дээ...
Үнэнийг чин зүрхнээсээ эрж байгаа бол тэд чамайг хэдий удаан хуурч чадах вэ? Чиний үнэнч эрлээс өөр хамгаалалт байхгүй. Эрээд л бай, яваад л бай. Зөв үүдээ олохын тулд олон үүд тогшихоос аргагүй. Тийм учир аливаа эрлийг бүү буруушаа. Хэрэв чи Мүүнийг дагах гэж байгаа бол энэ тухай бодох хэрэгтэй. Өөр бусад хүн дагаж байгаа бол тэд өөрсдөө л бодог. Бусдын хариуцлагыг хөндлөнгөөс булаацалдах нь утгагүй хэрэг. Хэрэв хэн нэгэн тэнэгийг дагахаар шийдэж байгаа бол энэ түүний л шийдэл. Түүнд тэнэгийг хүртэл дагах эрх чөлөө бий. Хэрэв чи энэ дэлхийн хамгийн агуу билигтэн Буддаг дагасан ч бай албан хүчинд автсан бол муухай. Тэнэгийг дагасан ч бай өөрийн эрх дураар бол сайхан. Би эрх чөлөөг л онцолдог.
Дэлхий ертөнц уужим, хүн бүхэн сонгох эрхтэй. Хэн нэгэн Мүүнээс үр шим хүртэж болно шүү дээ. Миний харж байгаагаар Мүүн буруу. Хэдий Мүүн буруу байсан ч түүнээс үр шим хүртэх хүн байж болно. Амьдрал үнэхээр сонин гайхалтай. Чи алдаагаараа ч хөгжиж болно. Муктананда мэтийн бусдад өгөх юу ч үгүй олон хүнийг би мэднэ. Мэргэн ухаантнаас илүү тэнэг хүнээс суралцдаг хүн бий. Жинхэнэ багшаас илүү хуурамч гүрүгээс ивээл хүртдэг ч хүн бий...
Энэ бол эдийн засгийн нарийн хууль. Эрэлт хэрэгцээ байгаа л бол ханган нийлүүлэгч хаа нэгтэйгээс гарч ирнэ. Зальтай луйварчид л завшаад байна гэж хүмүүс боддог. Угтаа та нар өөрсдөө завшуулахыг хүсдэг. Завшуулахгүй л бол амар тайван сууж чаддаггүй шүү дээ. Зальтай хүмүүс л илүү зальтандаа завшуулдаг жамтай.
Намайг нэг хотод байх үед Мулла Насрэдин нэг хүнийг гул гаргажээ. Тэрээр шидийн хүчээр мөнгийг хоёр дахин өсгөж чадна гэж хэлээд зуун рупийг хоёр дахин үржүүлж үзүүлжээ. Илбэ байсан ч нөгөө хүн итгэсэн аж. Тэгээд өөртөө байсан хамаг үнэтэй цайтай юмаа авчирч Муллагийн өмнө овоолжээ. Тэр ч тоглолтоо хийж, бүх юмыг нь хуу хамаад алга болсон байна. Нөгөө хүн над дээр ирээд:
- Та яагаад ийм зальтай луйварчдыг дэргэдээ байхыг зөвшөөрдөг юм бэ? гэж уурлав.
- Та өөрөө зальтай учраас л зальдуулсан байна шүү дээ. Ямар ч хүчин чармайлтгүйгээр мөнгөтэй болохыг хүсч. Таны логик, Муллагийн логик хоёрт ялгаа алга. Хэрэв надад эрх мэдэл байсан бол хоёуланг чинь шоронд илгээх байсан. Яагаад гэвэл та хам хэрэгтэн. Та өөрөө шунахайн сэдлийг үүсгэсэн болохоор хариуцлагыг ч хамт үүрэлцэх ёстой гэж би хэлсэн.
Адис буян, ариун хутгийг арын хаалгадчих санаатай бол дурын хүн та нарыг мэхэлж дөнгөнө. Өөрсдөө мулгуу, шунахай, хуурамч байчихаад биднийг зальдаж, мэхэллээ гэж хэрүүл уруул хийх хэрэггүй. Өөрсдөө боол байхыг хүссэн учраас л та нар элдвийн хүлээс занганд ордог. Та нар эрх чөлөөнөөс айдаг, хөгжиж дэвшихээс зүрхшээдэг. Тийм байхад хаанаас ч гэсэн дөвчингүүд гарч ирнэ...
Зөвхөн хямд төсрийг чухалчилж, өөрөө өөрчлөгдөхийг хүсэхгүй бол хэзээ ч хөгжихгүй, Муктананда мэтэд зууралдсан хэвээр үлдэнэ. Ухамсрын хувьд юу ч хийхгүй, зүгээр л хорин минут тарни уншаад байвал бурханд хүрнэ гэхчлэн тэд хэлдэг. Над дээр ирэх юм бол энэ нь хорин минутын асуудал биш, бүх амьдралын асуудал болно. Чи язгуур үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Хуучин үнэлэмж, үзэл бодол бүхнээ таягдах хэрэгтэй. Шинээр төрөхийн тулд цовдлогдох нь Авшигийн утга учир юм... Энэ аяллаар чи дотоод ахуйдаа л амжилт олно. Хорвоогийн амжилтаас харин мултрах байх. Амбиц бол хүчирхийлэл. Энэ ертөнцөд мундаг болох гэсэн чармайлт бүхэн хүчирхийлэл. Би тэр тал дээр чамд юу ч амлаж чадахгүй. Үүнийг хүсч эгээрэх төвшинд хүрсэн хүн өдрийн од шиг.
Хөгжлийн олон үе шат, хүмүүний олон төрөл зүйл бий. Олон зуунууд нэг дор хамт амьдарч байна. Сай Баба руу тэмүүлэгч, над руу ирэгч хоёрыг нэг үеийнхэн гэж хэлэхийн аргагүй. Ид шидийг хүсч Сай Баба руу явж байгаа хүн хэдэн мянган жилийн тэртээд амьдарч байгаа хүн. Тэр балар үед л ид шид, илбэ жатгыг сүнслэг явдалд тооцдог байсан. Будда тийм мулгуу зүйл хийж яваагүй. Гэтэл мянга мянган жил өнгөрсөн ч балар эрт хүй нэгдлийн үеийн ухамсрын төвшинд зарим хүн үлджээ. Тэд л тийм гүрү хайж явдаг. Тэд энгийн зүйлийг олж хардаггүй. Энд маргаж мэтгэлцээд байх шаардлага байхгүй. Гудамжны нэг илбэчин ч тийм зүйлсийг хийж чадна. Гэвч илбэчинг хийхээр та нар илбэ гэж боддог. Шашны хүн ижил зүйл хийхээр ид шид гэж ойлгодог. Нэг Бабагийн илбийг илчиллээ гэхэд өөр нэг Баба гараад л ирнэ. Хүмүүсийн хэрэгцээ байгаа хойно илбэчдийн цуваа тасрахгүй. Яагаад гэвэл тэд үүнээс илүү дээд шашныг мэдэхгүй шүү дээ...
Хүн бүхэн өөр өөрийн төвшинд, өөр өөрийн хэрэгцээнд л бэдэрдэг. Тийм болохоор тэднийг буруутгах хэрэггүй. Явж л байг, яван явсаар нэгэн цагт жинхэнэ эрэлчин болох биз. Үнэнийг олохын төлөө хорвоогийн амбиц бүхнээ таягдахаас нааш жинхэнэ багштай учрахгүй. Энэ хорвоогийн дуусдаггүй ажил, дундардаггүй асуудал дундаа самуурч явдаг хүн зүгээр л идтэн шидтэний мөрөөсөл болдог. “Баба хоосноос юм бүтээдэг” гэж хүмүүс цуурангуут чамд бодол төрнө. “Тийм шидтэн юм бол миний асуудлыг ч ид шидээр шийдээд өгөх юм биш байгаа?” Энэ бол эхний урхи. Бусад хүн чамайг хуурамч мэссия руу явсан тухай ярьж эхэлнэ. Тэр нь чиний эгог эмзэглүүлэх учир хамгаалахаас аргагүй болно. Чи чинь мундаг ухаантан шүү дээ. Тийм хүн хуурамч мэссия дээр очиж болох уу даа? Эгогоо хамгаалахын тулд түүнийг хуурамч биш гэж батлахыг хичээнэ. Одоо чи өөрийнхөө занганд орж байна. Нэг өдөр түүнээс явахыг хүсэвч “Тэр бол хамгийн агуу багш” гэж ам гарсандаа санаа зовж, эгодоо баригдсаар сууна.
Би нэг л зүйлийг хэлье: Хаа хүссэн зүгтээ яв. Гэхдээ эгогийн занганд орох хэрэггүй. Сэрэмж сэхээтэй бай. Ямар нэг зүйл суралцаж чадахаар бол суралц. Суралцах юмгүй бол орхихдоо бэлэн бай. Муучилж гоочилж орхих хэрэг байхгүй. Заавал дайсан болж салах албагүй. Уягдаж хүлэгдэх ч муухай, хорсож жигших ч муухай. Хэн нэгэн дээр очоод юм сурч, хөгжиж дэвшиж байгаа бол суралц, тэндээ бай. Чамд тохирч байна. Тийм мэдрэмж төрөхгүй бол явсан нь дээр. Гэхдээ чиний төлөө хийсэн бүхэнд нь талархаад яв. Тэр юу ч хийгээгүй байлаа гэсэн, адаглаад хуурамч мэссия байдгийг ойлгуулж байна шүү дээ...
Санаа сэтгэл чинь хэрхэн ажилладгийг сайтар анзаар. Мухар сүжигт яаж автаж, эгогоо хэрхэн хамгаалж байна, өөрийгөө хэрхэн ховстож байна? Жинхэнэ ажил чиний дотор л өрнөдөг. Мүүн болон бусдын талаар санаа зовних хэрэггүй. Өөрийнхөө сэтгэлийг л ажиж анзаарч яв. Сэтгэлийн механизмыг ухаарч чадах юм бол түүнд уягдахаа болино. Ухамсар сэхээтэй явбал чинь хэн ч чамайг мэхэлж, боолчилж дөнгөхгүй.
- Ошо “Очир огтлогч судар”