С.Баярын өргөдлийн дараахь улстөрийн дахин хуваарилалт
С.Баяр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАХН-ын удирдах зөвлөлд гаргажээ.
С.Баяр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАХН-ын удирдах зөвлөлд гаргажээ. УИХ-аас томилогдчихоод намынхаа удирдах зөвлөлд ханддаг нь Ерөнхий сайд бол улстөрийн томилгоо, дээр нь хэдий хамтарсан ч засгийн эрхийг МАХН барьж буйнх юм. С.Баяр УИХ-ын гишүүн, Засгийн газрын тэргүүн, МАХН-ын дарга гээд гурван өндөр албан тушаалынхаа зөвхөн Ерөнхий сайдын албанаас чөлөө хүсчээ. Эрүүл мэдийн шалтгаанаас үүдэлтэй түүний шийдлийг түр завсарлага гэх зарим хүний таамаглал бүр чөлөө болж өөрчлөгдсөн бололтой. Уг нь тэрээр Оюутолгойн гэрээг хөдөлгөж, нөхөн сонгуулийн ялалтаар Засгийн газрынхаа нэр хүндийг нэмж Ерөнхий сайдын суудлынхаа тэнцвэрийг улам бөхлөөд байсан юм. Гэхдээ тэр хамтарч засаг барьж байгаа, олон Шадар сайдтайн хэргийг гаргаж, түр завсарлага хүссэнгүй. Ерөнхий сайд хэсэг хугацаанд эзгүй байлаа гээд Засгийн газар удирдлагаар тасалдаж доголдоод сүйд болохгүй ч, С.Баяр улстөрийн эр зориг гаргаж, бүр чөлөө мэдүүлжээ. Түүний хувийн шийдвэр, өргөдөл нь Засгийн газарт, Монголын улстөрд дахин хуваарилалт эхлүүллээ.
Үндсэн хуулийн зөрчих сураг
Эрүүл мэндийн шалтгаанаар зөвхөн Ерөнхий сайдыг солих учир Засгийн газар огцрох тухай ойлголт байхгүй гэж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгджээ. Төрийн ордон доторхи улстөрийн өрнөл ч тэгж явж байгаа бололтой. Хэрэв тиймдээ тулбал С.Баярын өргөдлийг шийдэхэд Үндсэн хуулийн Цэц оролцох шаардлагатай болох нь. Парламент С.Баярыг Ерөнхий сайдаас чөлөөллөө л бол Үндсэн хуульд зааснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Танхимын бүх гишүүд дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол үүрэг гүйцэтгэгчид болно. Нэг ёсондоо Засгийн газар эрхзүйн чадамжгүй болно. Парламентын өмнө гүйцэтгэх засаглалын хариуцлагыг Ерөнхий сайд ганцаараа хүлээж, Засгийн газар танхимын зарчмаар ажилладагийн гол амин сүнс энэ билээ. Хэрвээ танхимыг огцруулахгүй, зөвхөн Ерөнхий сайдыг сольсноор үйл явдал дуусвал Үндсэн хуулийн ноцтой зөрчил үүсч, Цэц өргөдөлд дарагдана.
Засгийн газрын бүрэн эрх Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, дараагийн Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох талаар Үндсэн хуульд хоёргүй санаагаар тун тодорхой заасан. Ерөнхий сайд, эсвэл танихмын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн заалт ч бий “эцэг хууль”-д бий. Тэр битгий хэл, шинэ Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрыг хадгалсан хадгалаагүй, хуучин сайд нарыг үлдсэн үлдээгээгүй шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д мэдүүлнэ. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Эрхэм гишүүн Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн ийм илэрхий заалтыг гуйвуулж, Засгийн газар огцрох тухай асуудал байхгүй гэж бүхэл бүтэн АН-ыг төлөөлж мэдэгдсэн нь харамсалтай. Хэрвээ түүний мэдэгдлээр улстөрийн үйл явдал өрнөвөл тэр нь хууль бус Засгийн газар бий болж Үндсэн хуулийн Цэц маргааны эцэслэх байх. Ерөнхий сайд огцроход түүний Засгийн газар нь бүрэн эрхтэйгээ үлддэг практик дэлхийд бараг байхгүй юм.
Шинэ Ерөнхий сайд.
Шинэ Ерөнхий сайд С.Баярын “залгамжлагч”, “утсан хүүхэлдэй”-н аль нь ч байсан танхимаа шинээр бүрдүүлнэ. Ингэхдээ одоогийн бүрэлдэхүүнийг хадгалах уу, шинээр бүрдүүлэх үү гэдэг нь хамгийн чухал шийдэл. Танхимаа шинээр бүрдүүлбэл өөртэйгөө /Ерөнхий сайдтайгаа/ хамтарч ажиллах багаа сонгоно. Энэ тохиолдолд албан тушаалын төлөөх тулаан бүр том талбарт өрнөж, амбийцаа дарж ядаж яваа хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох их “дайн”-д гарна. МАХН, АН-ын аль алинд дахин хуваарилалт явна. Энэ хэрээр цаг хугацаа алдахаас гадна, бүх салбарт шинэ сайд нараа дагаад газар, хэлтсийн дарга нар шинээр томилогдож, бүх ажил шинээр эхэлж, нэг хүний өргөдлөөс үүдэлтэй их өөрчлөлт улс орны хэмжээний болж сунжирна. Харин бүрэлдэхүүнийг хуучнаар хадгалж тэднийг дахин томилуулбал одоогийн сайд нартай хамтарч ажиллах шинэ Ерөнхий сайдыг С.Баяр тэдэнд санал болгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа бус, танхимаа нь Ерөнхий сайдаа сонгож байгаа бас л нэгэн стандарт бус жишиг юм.
С.Баярын Засгийн газрын тэргүүний албан тушаалаас гадна, түүний сонгуулийн амлалт, төгөлдөршил ч шинэ Ерөнхий сайдад шилжинэ. Иймд шинэ Ерөнхий сайдад нам талаас эрх мэдэл, дэмжлэг их хэрэгтэй. Эрх мэдэл нь хүлээх хариуцлагатайгаа дүйцэх ёстойг С.Баяр хамгийн сайн ойлгодог. Өөрөө яг ийм “шаардлага” тавьж байгаад М.Энхболдыг намын даргаас огцруулж байв. Энэ удаа С.Баяр өөрийнхөө дээрх технологийг урвуугаар нь хэрэгжүүлж МАХН-ын даргыг шинэ Ерөнхий сайдад бус, өөртөө үлдээж байж санаснаа хэрэгжүүлж, ар талаас нь дэмжих байх. Энэ нь улстөрд, тэр дундаа МАХН-д ямар эерэг сөрөг үр дагавар авчирч болох тухай энэхүү өгүүллийн төгсгөлд өгүүлнэ.
Хамтарсан Засгийн газар.
Хуучин сайд нар үлдсэн, үлдээгүй шинэ Ерөнхий сайдтай учраас Засгийн газрыг ч бас л шинэд тооцно. Энэ бол Үндсэн хуулийн заалт. Харин Засгийн газрыг хамтарч байгуулах уу, МАХН дангаараа хариуцлагаа үүрэх үү гэдэг хамгийн том бөгөөд чухал шийдвэр. Энэ нь шинэ Ерөнхий сайдыг томилохоос ч хэцүү, үр дагавар нь хожмоо ямраар ч гарч мэдэх эрсдэлтэй юм.
Уул уурхайн том төслүүдийг дагасан их мөнгөний урсгалыг зөв зарцуулах, байгалийн баялгаасаа хараал бус, хөгжил хүртэхэд тухайн улсад сайн засаглал хамгаас чухлыг хэн хүнгүй хэлж байгаа. Тунгалаг төр, сайн засаглалгүй бол уул уурхайн том гэрээг дагаад эдийн засгийн тусгаар тогтнол ч ганхдаг бодит жишээнээс л “уул уурхай дээр нэмэх нь муу засаглал тэнцүү дампуурал” гэдэг аксиом гарчээ. Төрийн тогтолцоо гадна талаасаа ардчилсан хэлбэртэй ч, дотооддоо авлигал, хүнд сурталд идэгдсэн бол тэр улс хөгждөггүй. Энэ нь муу засаглалтайнх. Харин авлигагүй, хүнд сурталгүй, тэгээд ардчилсан тогтолцоотой бол сайн засаглалтай улс орон гэж үздэг байна. Америкийн дэд ерөнхийлөгч асан Альберт Горын энэхүү томъёоллоор бол сайн засаглалын гол суурь, тулгуур нь хүчтэй сөрөг хүчин ажээ. Гэхдээ ажил хэрэгч сөрөг хүчин л шударга хяналтаар дамжуулж сайн засаглалыг бүрдүүлнэ. Харин гацаадаг сөрөг хүчин бол ажлын садаа. АН бол парламентад 25 суудалтай, тооны хувьд хүчтэй сөрөг хүчин. Энэ талаас нь харвал уул уурхайн том төслүүд хэрэгжүүлэх энэ цаг үед Монголд ардчиллыг эхлүүлсэн шигээ дахин нэгэн түүхэн үүрэг гүйцэтгэх сонголтын өмнө АН ирээд байна.
Ажлаа өгч байгаа С.Баяр хамтарсан Засгийн газраа хадгалахыг хичээнэ, ийм болзлоор шинэ Ерөнхий сайдыг санал болгоно, шинэ танхимыг МАХН дангаараа байгуулахад хэцүү, дээр нь АН ажил хэрэгч бус гацаадаг сөрөг хүчин болчихвол засгийн ажил цааш явахгүй гээд бэрхшээл их бий. Ер нь С.Баяр явснаар хамтарсан, хамтраагүй Засгийн газар цаашид тогтворгүй болох магадлал нэмэгдлээ. Хэрвээ хамтрахгүй бол АН-ын хүчтэй сөрөг хүчин болж Засгийн газрыг ойр ойрхон ганхуулж, огцруулах ч боломжтой. Хамтарлаа гэхэд шинэ Засгийн газар парламентаас дэмжлэггүй, дотооддоо танхимын зарчимгүй ч болох талтай. Ер нь л шинэ Ерөнхий сайдаас их зүйл шалтгаална даа. Хамтарсан танхимыг тэргүүлж байсан Ц.Элбэгдорж, С.Баяр нар бол өрсөлдөгч нам дотроо ч лидерийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн улстөрчдийн төлөөлөл. Одоо С.Баярыг залгамжлахаар хэвлэлээр нэр нь гарч байгаа хүмүүс бол улстөрийн хүчирхэг бүлэглэлтэй л болохоос бэлтгэгдсэн, өөрийн болон өрөөлийн намдаа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрийн хүчтэй лидерүүд биш юм. Хүчний харьцаа ойролцоо, бүлэглэлээр талцсан, эдийн засгийн сонирхол дээр суурилсан амбийц ихтэй ийм хоёр намын хамтарсан Засгийн газрыг бодит байдал дээр Баяр, Элбэгээ нар шиг улстөрийн хүчирхэг лидер л удаан хугацаанд зангидаж явж чадна.
МАХН-ын Засгийн газар.
УИХ дахь гишүүдийнхээ тооны хувьд, хууль эрхзүйн талаасаа ч МАХН дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой. Тус намынхны бодол ч тэр талдаа байгаа. Тэдний амбийцыг дарна, хамтарсан Засгийн газарт итгүүлнэ гэдэг бол шинэ Ерөнхий сайдын хамгийн эхний хүнд сорилт.
МАХН-ынхан УИХ дахь кнопны олноор стандарт бус Засгийн газраа хадгалах АН-ын удирдлагуудын амбийцыг дарж чадахын хувьд чадна. Үүний тулд УИХ дахь МАХН-ын 46 гишүүд хоёргүй сэтгэлээр Ерөнхий сайдынхаа ард нэгдэх нь чухал. Тэднийг нэгтгэж чадах үгүй нь шинэ Ерөнхий сайд, МАХН-ын удирдлагуудын шийдвэр, томилгооны шударга зарчмаас л хамаарна. Нам болон парламентаас цаашид байнга дэмжлэг авахаа бодолцон албан тушаалын хуваарилалт дээр бүлэглэлүүдийн тэнцвэрийг хадгалах нь шинэ Засгийн газар тогтвортой байхад, ажил хийхэд маш чухал хөшүүрэг болно. Энэ талаар С.Баярын туршлагыг шууд хуулбарласан ч буруугүй. Тэрээр өөрийн нам доторхийг битгий хэл, АН-ын бүлэглэлүүдийн тэнцвэрийг одоогийн танхимд хадгалж чадсан шүү дээ. Хэрвээ шинэ Ерөнхий сайд нам доторхи хотын, элсний, залуусын гээд бүлэглэлүүдийн амбийцыг дарж чадахгүй бол тэд АН-ынхантай нийлээд л асуудлыг унагаад, гацаагаад явна. Хэрвээ МАХН дангаараа явна гэхэд шинэ Ерөнхий сайд нэг удаагийн томилгоо бус, цаашид байнга сөрөг хүчнийхээ эсэргүүцэлтэй тулгарна. Энэ нь танхимаа тогтворгүй, өөрийгөө “тоглоом”-ын Ерөнхий сайд болгох ч эрсдэлтэй. Чухам тийм учраас л хамтарсан хамтраагүй аль ч тохиолдолд шинэ Ерөнхий сайд бол нэгд улстөрийн хүчирхэг лидер, хоёрт МАХН-ын дарга байх нь Засгийн газар тогтвортой ажиллах баталгаа болно.
МАХН-ын дарга.
Эрх мэдэл, түүнтэй дүйцэх хариуцлага хоёр хамт байх ёстойг дээр өгүүлсэн. Одоо л унтраад байгаа болохоос АН бол Монголын ардчиллын бэлгэдэл. Энэ намын гол имиж, улстөрийн бэлгэдэл нь хэзээ ч алдаа гаргадаггүй, авлига авах боломжгүй “ардчилал” хэмээх эзэн биегүй тунхаг билээ. Тэгвэл МАХН тулхтай, хатуу сахилга баттай ч, энэ бүхнийг зангиддаг улстөрийн лидер бүхий бие хүнээр дамжиж ард түмэнд хүрдэг. Жишээ нь, 2005 оноос хойш нэр хүнд нь илэрхий унаж явсан МАХН 2008 оны сонгуульд 45 суудал авсан нь сонгуулиас жилийн өмнө С.Баяр гэж хүлээн зөвшөөрөгдсөн лидерийг намын дарга, Ерөнхий сайдаар томилсонтой холбоотой. Тэгэхээр МАХН бол хүссэн хүсээгүй лидер дагасан нэгдэл. Ийм учраас л эрх мэдэл, түүнтэй дүйх хариуцлагыг нэг хүн хамтад нь үүрч эдэлдэг. Эрх мэдэл, хариуцлага хоёр хамтдаа нэг хүнд очсоноор амжилтад хүрч болдгийг С.Баяр өөрийнхөө жишээн дээр 2008 оны сонгуулиар харуулсан. Шинэ Ерөнхий сайдын хувьд яг энэ загвараар 2012 оны сонгуульд МАХН-ын магнайд туг болж намирах лидер болж төлөвших бэлтгэгдэх шаардлагатай. Гэтэл одоогийн байдлаар шинэ Ерөнхий сайд эрх мэдлийг нь эдэлж, МАХН-ын дарга сонгуулийн хариуцлагыг нь хүлээх улстөрийн нөхцөл байдал үүслээ. Энэ байдлаар удаан явахгүй, С.Баяр шинэ аажимдаа Ерөнхий сайдад ажлаа өгөх байх гэж ажиглагчид үзэж байна. Хэрэв тэгэхгүй бол эрх мэдэл хариуцлага хоёр тусдаа хоёр тийш салснаар хамтарсан хамтраагүй шинэ Засгийн газрын хүлээх хариуцлага бүдгэрч, МАХН сонгуулийн амлалттайгаа хамт ард түмнээсээ холдоно. Хэрвээ одоо томилох шинэ Ерөнхий сайдаас огт өөр хүн намын дарга болбол хэсэг хугацааны дараа МАХН-ын даргын тэргүүлсэн дараагийн Засгийн газрыг байгуулж болох бэлэн хувилбар бас бийг мартаж боломгүй. Ер нь л Ерөнхий сайд-МАХН-ын даргыг нэг хүн л хамтад нь хаших болов уу. МАХН-ын дарга Ерөнхий сайд байна гэсэн тус намын XXYих хурлын тогтоол ч бий. Яг үнэндээ бол энэ тогтоолын дагуу тухайн үед М.Энхболд Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаснаар түүний Засгийн газар танхимаараа огцорч байсан билээ. Намын удирдлагад багтаагүй Ерөнхий сайд бол засвсрын, тоглоомын Засгийн газрын тэргүүн байдгийг М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, М.Энхболдын огцролтууд харуулсан билээ. Түүнээс биш, МАХН-ын дарга-УИХ-ын дарга гэж байж таарахгүй. Эсвэл Шадар сайд-МАХН-ын дарга гэж бүр ч байж болохгүй билээ. Тэгээд ч засагт эрх мэдэлгүй намын дарга, намынхаа удирдлагад багтахгүй Ерөнхий сайд нар тус тусдаа яваад аль аль нь лидер болж хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. Ингэж хоёр туулай хөөвөл 2012 оны сонгуульд МАХН хоосон хоцорч ч мэднэ.
Зарим хүн С.Баяр МАХН-ыг Н.Энхбаяраас салгаж үүргээ гүйцэтгэсэн учраас явлаа гэж байна. Энэ тийм бодитой дүгнэлт биш байх. Улстөрийн карьераа золиослох хэмжээний хувийн гүнзгий зөрчил тэдний дунд бий гэдэг эргэлзээтэй. Харин улстөрийн байр суурийн зөрчил, ялгаа бол бий байх. Авлигатай тэмцэх газраар шалгуулж, нөхөн сонгуулийн гадна үлдээснээр Н.Энхбаярыг МАХН холдууллаа гэж байгаа бол эндүүрэл. Түүний хүчийг дутуу үнэлж байна. Ер нь Н.Энхбаярыг намаар дамжиж орох улстөрийн гадна бариад байж чадах, түүнээс үл хамааралтай хоёр л хүн МАХН-д бий. Тэд бол С.Баяр, Н.Багабанди нар юм.
Эцэст нь өгүүлэхэд Ерөнхий сайд С.Баярын өргөдлийг дагасан улстөрийн дахин хуваарилалт дөнгөж эхэлж байна. Цаашид улстөрийн нөхцөл байдал нэр устай өрнөнө, энэхүү өгүүлэл ч үйл явдлаа дагаж үргэлжилнэ.