- Би өөрийгөө бүтээлч биш гэдэгт итгэдэг байсан. Бүжиглэх, зурах зэргээс өөр бүтээлч чанар юу байж болох вэ? Бүтээлч авъяас билгээ хэрхэн нээх вэ?

- Зураг зурлаа ч бүтээлч бишээр зурж болно. Дуу дууллаа ч бүтээлч бишээр дуулж болно. Шал угааж, хоол хийхдээ ч бүтээлч байдлаар хийж болно.

Тийм болохоор эхний санах зүйл: Бүтээлч чанарыг тусгай үйлэнд хаших хэрэггүй. Хүн өөрөө бүтээлч байх юм бол юу ч хийсэн уран бүтээл болно. Зүгээр алхаж, эсвэл нам жимхэн сууж байгаа нь хүртэл. Бодь модны дор зүгээр л сууж байгаа Будда энэ ертөнцөд хэнтэй ч зүйрлэшгүй бүтээлч юм. Юу хийхээс биш, өөрөө хэн байхаас бүх зүйл хамаардгийг ойлговол ээдрээ тайлагдана.

Хүн бүр дуучин, бүжигчин болж чадахгүй, тийм шаардлага ч үгүй. Гэхдээ хүн бүр бүтээлч байх боломжтой. Дотоод чанадаас төрж, эргээд дотоод хөгжлийг чинь тэтгэж байгаа бүхэн сүнслэг, тэнгэрлэг бүтээл болно. Бүтээлч чанар оргилдоо хүрч, бүх амьдрал чинь уран бүтээл болох цагт чи Бурхан дотор л амьдарна. 
 
Юу ч хийсэн хайраар үйлд, бясалгагч ухамсраар үйлд. Юу хийх нь чухал биш, яаж үйлдэх нь чухал. Та нар Жуан Зу танхимын шалыг цэвэрлэж буй Парасыг харсан уу? Ямар сайхан хайраар үйлдэнэ вэ? Дотроос нь дуу, бүжиг ундрах шиг. Хэрэв чи тийм хайраар шалаа угаах юм бол тэр чинь урлаг болно. Тийм бүтээлч үйл тутамдаа хүн хувирч хөгждөг.

Оршихуй, бүтээлч байх хоёр нэг утгатай. Орших мөртлөө бүтээлч биш байх боломжгүй. Гэтэл боломжгүйг болгож, жам ёсноос гажууд явдал болжээ. Та нарын бүтээлч чанар хаагдаж, сүйтгэгдэж, хамаг эрчим хүч чинь нийгмийн чухал гэж боддог бүтээлч биш зүйлс рүү сорогдох болжээ. Бидний амьдрал өнгө мөнгө, эрх мэдэлд төвлөрөх болсон. Мөнгөнд шунасан хүн бүтээлч биш сүйтгэгч л болдог. Мөнгөтэй болохын тулд бусдаас завшиж, хулгайлахаас өөр аргагүй. Эрх хүчтэн болохын тулд чи бусдыг өөрөөсөө дорой байлгахын төлөө тэмцэж таарна. Энэ бүхэн сүйтгэгч үйл. Бүтээлч үйл дэлхий ертөнцийг сайн сайхнаар л баяжуулдаг. Өглөг болохоос авах, завшихын нэр биш. Бүтээлч хүнийг энэ дэлхийд ирээд буцахад ертөнц урьдхаасаа илүү гэгээн сайхан болж, илүү хайр найраар дэлгэрч үлддэг. Түүнийг бусад хүн мэдэхгүй байж болно. Энэ нь чухал биш. Гагцхүү дэлхий ертөнцийг баяжуулаад явдаг нь үнэн.

Эд мөнгө, эрх мэдэл, нэр төрийн шунал, тэмцэл бол бүтээлч бишээр зогсохгүй сүйтгэгч үйл гэдгийг санан сэрэмжил. Тэдгээрээс сэрэмжилж чадах юм бол бүтээлч болоход амархан. Бүтээлч чанар чинь алдар нэр, ашиг олз авчирна гэж би хэлэхгүй. Харин ч төвөг бэрхшээл дагуулж магадгүй. Гэвч дотоод гүндээ хангалуун жаргалтай, хамгаас баян байхыг би амлаж чадна. Амьдрал чинь аясаараа бурханлаг болж дэлгэрнэ...

Өөрийгөө бүтээлч биш гэсэн итгэл үнэмшил нэн хортой болохоор даруй орхи. Оршихуй бүтээлч биш байх аргагүй. Мод, чулуу хүртэл бүтээлч шүү дээ. Мэдрэг, сэхээлэг нүдээр ажвал тэр бүхэн өөрийн орон зайг бүтээдгийг харна. Түүнийг өөр ямар ч мод, ямар ч чулуу нөхөх боломжгүй байдаг.

Аварга чулууг өргөж тавьдаг Зэн мастерийн тухай түүх бий. Эгэл турьхан мөртлөө их хүчтэний ч хөдөлгөж чадахгүй чулууг өргөдөг байжээ. Ямар арга заль хэрэглэдгийг нь асуухад тэрээр: “Ямар ч арга заль байхгүй. Би зүгээр л чулууг хайрладаг болохоор чулуу надад тусалдаг юм. Би түүнээс тусламж гуйж, хамт хөдлөхийг хүсээд хайрлан тэвэрч, хариу дохио хүлээдэг. Чулууг дохио өгөх үед миний нуруугаар долгион гүйж мэдрэгдэнэ. Тэр үед би өргөдөг юм. Та нар чулууг сөрж хөдөлдөг болохоор асар их хүч гаргадаг. Харин би чулууны аясыг дагаж хөдөлдөг. Үнэндээ би чулууг хөдөлгөдөггүй, чулуу өөрөө хөдөлдөг. Би зүгээр л хамт байдаг юм” гэжээ.

Бас нэг Зэн мастер мужаан байжээ. Түүний хийсэн сандал, ширээ хүний сэтгэл соронздох увдистай. “Та яаж тэднийг урладаг юм бэ?” гэж асуухад мужаан “Би тэднийг хийдэггүй, өөрсдийнх нь тааллаар бүтдэг юмаа. Ой руу явж, ямар мод сандал болмоор байгааг нь асууж тодруулах л миний үндсэн ажил” гэжээ. Бид оршихуйн хэлийг мэдэхгүй болохоор ийм зүйл элий балай санагдах биз. Тэрээр ойд гурван өдөр байна. Нэг модны дор сууж байснаа босож өөр модны дор сууна. Мододтой ярилцаж байгаа нь тэр. Бусдын нүдэнд солиотой хүн шиг харагдах боловч модыг жимсээр нь шинждэг шиг мастерийг уран бүтээлээр нь цэгнэх учиртай. Түүний урласан цөөн сандал өнөөдөр хүртэл Хятадад үлдсэн бөгөөд нууцлаг хүч, амьдлаг эрчим нь хэвээр аж. Мянган жил өнгөрсөн ч гэлээ...
Нэгэн удаа Хятадын эзэн хаан түүнээс номын тавиур хийж өгөхийг хүсчээ. Тэр яваад гурван өдрийн дараа “Хүлээж хайрла. Ордон луу явахад бэлэн мод одоогоор алга” гэжээ. Гурван сарын дараа хаан дахин лавлав. “Би ятгаад л байна. Нэг мод нааштай байгаа. Хүлээх хэрэгтэй” гэж хэлжээ. Хэдэн сарын дараа л тэр нэг модыг зөвшөөрүүлж чаджээ. “Модыг хүсэл тааллаар нь авчрахад хамаг ур ухаан оршдог. Тэгсэн хойно мод өөрөө мужааны тусламжийг гуйдаг” гэж мастер өгүүлжээ.

Хайрлангуй байх юм бол бүх ертөнц амьдлаг болохыг харна. Аливааг хүчилж, түрэмгийлэх хэрэггүй. Хүлээцтэй ажиж, элгэмсүү харилцаж, тусламжийг нь хүрт. Тэгвэл асар их эрч хүч хэмнэнэ. Мод бүхэн, чулуу бүхэн бүтээлч байхад хүнийг өгүүлэх юун. Чи бол ертөнцийн оргил, ухамсарт оршихуй. Нийгмээс суулгасан буруу үзлийг орхиж, өөрийгөө шинээр нээ. Чин зүрхний эрэлчин бай. Хүн бүр энэ дэлхийд онцгой хувь зохиол, оршихуйн илгээлтийг өвөрлөж ирдэг. Чамаар дамжуулж нэгийг хийж, хоёрыг бүтээх төлөвлөгөө Бүхэлд бий юм шүү.

- Ошо “Ай даа, энэ шүү дээ”