“Дорно дахины гүн ухаанд төр бол ард түмний толь гэж үзэх хандлага байдаг” хэмээн эдийн засагч, доктор С.Даваасүрэн яриагаа эхэллээ. Бидний уншигчиддаа хүргэхээр тохиролцсон ярилцлагын маань сэдэв орлогын тэгш бус байдал, баян хоосны ялгаа, ядуурал. Мэдээж, судлаачийнхаа хувьд энэ асуудлын талаар зовниж, шаналж явдаг зүйл түүнд олон бий гэж таамагласан минь оносон байлаа.

-Төр ямар байна, ард түмэн тийм байдаг гэсэн үг үү?

-Үгүй, эсрэгээрээ. Ард түмэн ямар байна, төр тийм л байдаг гэсэн үг. Ард түмэн өлөн зөлмөн, эрдэм мэдлэгээр дулимаг, бор хоног, шар нарыг аргацаахын тулд яахаас ч буцахгүй байвал төр нь мөн л тийм ядуу сэтгэлгээтэй, дундуур мэдлэгтэй, эргээд ард түмнээ хуурч мэхлэсэн, увайгүй байдаг байна. Энэ тухай ярихын тулд эхлээд хоёулаа ядуурлын цикл гэдэг зүйлийг тодруулах ёстой. Ядуу гэр бүлийн дутуу гуцуу, хоол тэжээлийн хомсдолтой байдал тэдний эрүүл мэндийг доройтуулдаг. Сургуульд суралцах боломж хомс дээрээ эрүүл мэндийн доройтол сурах чадварыг нь ч хумина. Ингээд тэдний боловсролын түвшин доогуур, үүнээсээ болоод ажил олох магадлал муу болно. Ажилгүй болохоор орлого нь хангалттай биш байж өнөө л ядуурлын гинжин хэлхээнээсээ гарч чаддаггүй байна. Үүнийг ядуурлын цикл гэдэг юм. Өлөн хоосон ард түмний сэтгэл баян байж яагаад ч чаддаггүй байна л даа. Ходоод шигээ хоосон болдог гэсэн үг. Энэ тохиолдолд төр нь ялгаагүй хоосон, хуурмаг бодлого явуулж эхэлдэг. Үүнийг бид популизм гэдэг шүү дээ.

-Тэгэхээр популизм их байвал ядуурлын түвшин их байна гэж ойлгож болох нь ээ?

-Нэг талаар тийм. Гэхдээ ядуурлаасаа илүүтэй тэгш бус байдлын хэмжүүр болдог гэвэл илүү дөхнө. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор ядуу гэр бүлд төрсөн хүүхдүүд нярай үедээ эндэх нь чинээлэг гэр бүлийнхээс 10 дахин их байна л даа. Цаашилбал, хүн амын бага орлоготой 20 хувийн хүүхдүүд өндөр орлоготой бүлгийн хүүхдийг бодвол ерөнхий боловсролын мэдлэг эзэмших нь 5 дахин бага, дээд сургуульд элсэн суралцах нь бүр 20 дахин бага байна. Хүний хөгжлийн боломж, боловсрол болон эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын энэ харилцан адилгүй байдал тэгш бус байдлыг өсгөдөг. Цаашлаад, төв сууринд амьдрах, алслагдсан бүс нутагт амьдрах нь иргэдийн орлогын тэгш бус байдалд нөлөө үзүүлдэг гэсэн тооцоо бий. Манай улсад ч гэсэн нөхцөл байдал ийм байгаа. Тиймээс хүн амын хөдөөгөөс Улаанбаатар хот руу шилжин ирэх явдал өндөр байна. Мэдээлэл, боломжид ойр байж нийгмийн баялгаас тэгш хүртэх гэсэндээ л хүмүүс нүүж ирцгээж байгаа хэрэг шүү дээ, буруутгах ямар ч арга байхгүй.

-Сая Статистикийн газраас нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн тайланг гаргалаа. Энэ тайланд тэгш бус байдлын үзүүлэлт жини коэффициентоор 0.33 гэж гарсан байна лээ?

-Харин тийм ээ (инээв). Дандаа л тийм байдаг юм. Статистикийн газар 1995 оноос жини коэффициентийг тооцон үнэлж байгаа. Нийтдээ арваад үнэлгээ байгаа байх. Энэ бүх үнэлгээгээр манай улсын тэгш бус байдлын хэмжигдэхүүн 0.3-ын эргэн тойронд байна. Жини коэффициент 0.3-аас бага байх тусам тэгш бус байдал бага, 0.4-өөс их байх тусам өндөр байна гэж үздэг. Тэгэхээр манай үзүүлэлт сайн гараад байгаа гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, тэгш бус байдал манайд бараг байхгүй гээд байгаа хэрэг юм. Хүн амын хамгийн өндөр орлоготой 10 хувийг хамгийн бага орлоготой 10 хувьтай харьцуулахад орлого нь дунджаар 8-9 дахин өндөр байна гэсэн Статистикийн газрынхны гаргасан үр дүн 20 жилд өөрчлөгдөөгүй гээд бод доо. Гэтэл Дэлхийн Баялгийн 2013 оны тайланд, Монгол улсад цөөн хэдэн хүмүүсийн дунд хөрөнгийн төвлөрөл бий болж, хүн амын нэг хувь хүрэхгүй баячуудын хөрөнгө ДНБ-ий 70 орчим хувийг эзэлж байна гэж онцолсон байсан. Ялгаа байгаа биз?

-Манай Статистикийн газар худлаа тооцоо хийгээд байна уу, Дэлхийн Баялгийн тайланд ташаарчихсан хэрэг үү?

-Харин л дээ. Манай улсад 1991 оноос хойш ядуурлын 13 судалгаа, гурван удаагийн үнэлгээ хийсэн байдаг. Би танд нэг хүснэгт харуулъя.



Судалгаа, үнэлгээний тоо уг нь цөөнгүй. Даанч эдгээр судалгааны үр дүнг харьцуулж, динамик шинжилгээ хийх боломжгүй байдаг. Яагаад гээч. Яагаад гэвэл эдгээр судалгаануудын түүврийн хүрээ нь өөр өөр, ядуурлын шугамыг ялгаатай тогтоочихсон. Сүүлийн хоёр судалгааг л нэг аргачлал, түүврээр хийж, өмнө хийсэн судалгааг засварлаж шинэчилснийг оролцуулаад нийтдээ 4 судалгааны үр дүн л одоогоор харьцуулалт хийх боломжтой. Энэ нь маш хангалтгүй. Төрийн бодлогод ядуурал, тэгш бус байдлын нөлөөллийг тооцох динамик мэдээлэл үндсэндээ байхгүй байна гэсэн үг шүү дээ. Төрийн бодлогыг үндэслэл сайтай, сайн судалгаа, бодит тоон мэдээлэл дээр суурилан боловсруулах шаардлагатай биз дээ. Тэгэхээр энд нэлээд асуудал байгаа биз.

-Манай улстөрчид ядуурал ийм байна, тийм байна гээд янз бүрийн тоо хэлээд байдаггүй билүү?

-Ийм нэгдмэл аргачлалаар хийсэн судалгаагүй, мэдээлэлгүй байдал юу бий болгосон бэ гэхээр, ард иргэдийн амьдралын чухал асуудал болсон орлогын ялгаатай байдал, ядуурлаар улс төр хийх таатай хөрс суурь, нөхцлийг л бий болгосон. Хүн болгон цээжний бангаар хашхирч, ташаа буруу гаргалгаа хийх, сэтгэгдлээ ярих, илүү чанга дуугарч, тод ярьсан нь оноо авах популист улс төрийн хэрэгсэл болж ирсэн нь үнэн. Ингэснээр бодит нөхцөл байдал улам л дордож байсан.

-Тэгэхээр Статистикийн газрын тооцоо буруу гэж та хэлэх гээд байна аа даа?

-Өнгөрсөн жил Давосын Эдийн засгийн чуулганаар дэлхий нийтээр тэгш бус байдлын талаар нэлээд нухацтай ярилцсан. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким өнгөрсөн сард дэлхийн ядуу иргэдийн 40 гаруй хувь нь 2015 онд эдийн засгийн өсөлт нь саарсан хөгжиж буй орнуудад амьдарч байна гэж мэдээлсэн. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, дэлхийн 62 баян чинээлэг өрхийн баялаг нь 3.6 тэрбум хүнийхтэй тэнцэж байгаа гэсэн дүн гарсан байна лээ. Ази тивд л гэхэд баян, ядуугийн ялгаа сүүлийн 20 жилд эрс өсч, хамгийн баян өрхүүдийн нэг хувь баялгийн 10 гаруй хувийг эзэмшиж байна. Азийн бүс нутагт жини коэффициент 0.39-ээс 0.46 хувь болж өссөн. Дэлхий дахинд болоод манай бүс нутагт баян, ядуугийн ялгаа өсөөд байхад Монголд огтхон ч өөрчлөгдөхгүй, ард иргэд нийтээрээ ижил тэгш баяжиж, ижил тэгш ядуураад байгаа гэх тоон мэдээлэлтэй л сууж байна даа, бид.

-Монголын баячууд эхнээсээ тив, дэлхийн жагсаалтуудад орж эхлээд байгаа шүү дээ. Гэтэл ядуу хүмүүс цөөрч байгаа янзгүй л байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралаар дундчуур олноороо улаан зураасны доогуур орж байна гэх яриа ч байгаа. Ер нь баян, ядуугийн ялгаа зааг холдох нь хэр хортой вэ?

-Нэг жишээ ярья л даа. Та өөрийгээ нэг урсгалтай гурван эгнээтэй, буцаж эргэх боломжгүй замаар машин барьж яваад түгжрэлд орсон гэж төсөөл дөө. Хэсэг хугацааны дараа баруун эгнээний машинууд хөдөлж эхэлнэ, та дунд эгнээнд байгаа. Баруун талын эгнээний машинууд хөдөлж байгааг хараад түгжрэлээс гарчихлаа, танай эгнээ удахгүй урагшилна гэж итгээд сэтгэл тань сэргэж, найдвар төрнө, тийм үү? Зүүн талын эгнээний хүмүүст ч гэсэн тодорхой найдвар төрөх нь ойлгомжтой. Гэхдээ баруун эгнээний машинууд урагшлаад, таны болон зүүн талын чинь эгнээ хөдлөхгүй байсаар байвал яах вэ? Бухимдаж, хөдлөхгүй байгаа хоёр эгнээний жолооч нар бүгд эгнээгээ өөрчлөх гэж оролдоно оо доо?

-Тэгнэ...

-Баруун талын эгнээнд өндөр орлоготой хүмүүс, дунд эгнээнд дунд орлоготой хүмүүс, зүүн талын эгнээнд бага орлоготой хүмүүс байна гэж бодьё. Хажуу эгнээний машинууд хөдөлж байгааг нөгөө эгнээнүүдийнхэн харж байгаатай адил өндөр орлоготой хүмүүсийн байдал хэрхэн сайжирч байгааг ард иргэд харж л байдаг. Үүнийг ард иргэд хэдий хүртэл тэвчдэг вэ? Бусдын нөхцөл байдал сайжрахаар ойрын ирээдүйд бидний амьдрал ч дээрдэнэ гэсэн эерэг хүлээлт, итгэл найдвар төрнө. Төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд ойлгомжтой, тогтвортой, нээлттэй байвал ард иргэдийн итгэл найдвар, эерэг хүлээлт нэмэгдэж байдаг. Харин хэрэгжүүлж буй бодлого үр дүнгүй, ард иргэдийн сайн сайхан байдал дээшлэхгүй, амьдралын ялгаа зааг өөрчлөгдөхгүй, өсөн нэмэгдсээр байвал дээрх жишээгээр дунд, зүүн талын эгнээнд байгаа жолооч нар бүгд уурлан бухимдаж, баруун эгнээнд шилжих гэж оролдсоноор нийгэмд эмх замбараагүй байдал бий болно. Дээрээс нь энэ нөхцөлд олон нийтийг буруу мэдээлэл, алдаатай шийдэлд хөтөлсөн, популист хүмүүс олноор бий болвол нийгмийн эмх замбараагүй байдлыг улам гааруулах аюултай байдаг.

-Зарим судлаач, онолчид бүр иргэний мөргөлдөөнд ч хүргэдэг гэж бичсэн байдаг?

-Ер нь л тогтвортой бус, ядуу улс төрийн бодлогын сонголтыг бий болгодог л доо. Засгийн газар давагдашгүй, биелүүлэх боломжгүй, популист маягийн эрэлт, шаардлагатай тулгардаг. Тэгээд яалт ч үгүй тийм нийлүүлэлт хийхэд хүрнэ.

-Засгийн газар популист нийлүүлэлт хийнэ гэхээр?

-Урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого, хөтөлбөрийг дэмжихийн оронд, ард олон, массад таалагдах, тэднээс оноо авах зорилгоор ажиллаж эхэлнэ гэсэн үг л дээ. Үр ашиггүй, татаасын хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлдэг. Манай улс өнөөдөр яг ийм байдалд байгаа нь эрх баригч намын бодлогоос харагдаж байна шүү дээ. Шатахууны, хүнсний, эсвэл зээлийн хүүгийн татаасын хөтөлбөрүүд яриад байгаа чинь байдал аль хэдийнээ хүндэрчихсэнийг л илтгээд байгаа юм.

-Энэ хүндрэлээс тэгээд яаж гарах вэ?

-Үндэсний институт, засаглалаа л сайжруулах ёстой. Өргөн хүрээтэй, урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулж, бүх оролцогч талууд хуваалцах "нийгмийн гэрээ"-ний шинэ хувилбарыг бий болгон хэрэгжүүлж байж бид тэгш боломжийг нэмэгдүүлэн, ядуурлаа бууруулах нөхцлийг хангаж чадна. Энэ “нийгмийн гэрээ”-нд хүний хөгжил, өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлдэг эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Өнөөдөр манайд хүн бүр боловсрол эзэмших боломжтой хэдий ч сургалтын чанар тааруу, ур чадвар хязгаарлагдмал байгаагаас өгөөж муутай байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж бүр ч тааруу байгаа. Муу дээр муухай гэгчээр эдийн засаг өдөр өдрөөр саараад байдаг. Энэ хэрээр ард түмний амьдрал дагаад уруудаж, савлаж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Улс төр, эдийн засаг нь савалгаатай, бодлого нь ончгүй, тогтворгүй улсын ард түмний амьдрал, зан үйл хүртэл тогтворгүй болно. Даарин дээр давс гэгчээр иргэдийн энэ зовлон зүдгүүр дээр популизм л цэцэглэж, хүмүүсийг улам л стресстүүлж, хямрааж байна...

Цаашаа ярилцах тусмаа бид өөрсдөө ч хямрахаар болоод ирсэн юм. Тиймээс өндөрлөв. Цуврал ярилцлагын маань дараагийн сэдэв эдийн засгийн хөгжилд иргэдийн оролцоо ба жендерийн асуудал байх болно.