С.Даваасүрэн: Өр бол томуу төдий биш бүр хорт хавдар
“Манай улс аюулт өвчин тусаад, улам хүндэрч байна” гэж МУИС-ийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн хэллээ. Тэрээр улсын өрийг хорт хавдартай зүйрлэхдээ бүх эд эрхтэнд үсэрхийлж, эрүүл юм үлдээхгүй тархаад эцэст нь үхэлд хүргэдэг хамгийн өршөөлгүй шинжийг нь онцлон авсан юм.
“Манай улс аюулт өвчин тусаад, улам хүндэрч байна” гэж МУИС-ийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн хэллээ. Тэрээр улсын өрийг хорт хавдартай зүйрлэхдээ бүх эд эрхтэнд үсэрхийлж, эрүүл юм үлдээхгүй тархаад эцэст нь үхэлд хүргэдэг хамгийн өршөөлгүй шинжийг нь онцлон авсан юм.
-Зах зээлийн эдийн засагтай улс орнуудад өр, зээл байдаг л зүйл юм биш үү?
-Алсаа харсан, үр ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүддээ зориулж гадаадын зээл, хөрөнгө оруулалт босгох явдал байлгүй л яахав. Харин манайх шиг ингэж тооцоо судалгаагүй бонд гаргаж, огцом их хэмжээний хөрөнгийг үрэлгэн зарцуулж болдоггүй юм л даа. Сүүлийн 3-4 жилийн дотор манай улс “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.0 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээл, Хөгжлийн банк, Чингис болон Самурай бонд зэрэг эх үүсвэрээс 7.0 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Ноднингийн буюу 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн. Өнөөдрийн ханшаар тооцвол 43.4 их наяд төгрөг болно.Манай улсын өр цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Засгийн газар Мазаалай бондын асуудлаар зарим тохиролцоо хийх байсан нь хойшлох шиг боллоо. Энэ мэтийг нэмж тооцвол та бид хоёрын ярьж суугаа тоо улам л данхайж таарна аа даа?
-Зээл, бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулсан гэж хэлэх хүмүүс мэдээж гарна. Ажил хариуцсан улсууд янз бүрийн тайлан, сурталчилгаа гаргадаг. Та үр ашиггүй зарцуулсан гэж үзэж байгаагаа тодруулж тайлбарлахгүй юу?
-Ганцхан үндэслэл хэлэхэд л хангалттай. Зээл авахын өмнөх эдийн засгийн нөхцөл байдал, зээлийн дараах нөхцөл байдал хоёрыг харьцуулахад л гараад ирнэ. Зээл авсаны дараа манай эдийн засаг өмнө байснаасаа маш их хэмжээгээр доройтлоо шүү дээ. Энэ бол бидний авсан зээлүүд эдийн засгийг сайжруулаагүй байна гэсэн үг. Мэдээж, эдийн засгаа унагах гэж зээл аваагүй нь ойлгомжтой. Унагая гэвэл зээлгүй л унагана биз дээ? Тэгэхээр үр ашиггүй л зарцуулсан хэрэг.
-Аймгуудыг авто замаар холбосон, нийслэлийн уулзваруудыг засаж сайжруулсан гээд их л ажил бий дээ?
-Энэ ажлууд урт хугацаанд үр өгөөжөө өгөх л байх. Гэхдээ эдийн засгийн бодит тооцоогоор бол, 20-30 жилийн дараа ашгаа өгөх юмыг 10 жилийн хугацаатай зээлээр санхүүжүүлнэ гэдэг үр ашиггүй зарцуулалт яах аргагүй мөн. Гэхдээ зээлээ яаж зарцуулсан бэ гэдэг бол өөр асуудал. Одоо бидэнд өрөө яах вэ гэсэн асуудал тулгараад байна. Өр гэж юу юм бэ, ямар хортой, аюултай вэ гэдгийг манайхөн сайн ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Өр бол хамгийн адгийн ядуурал. Айл өрхөөр л төсөөлье л дөө. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өрөнд орсон айлын нөхцөл байдал ямархуу болдог билээ? Банкны байнгын нэхэл, мөнгө төгрөг хайсан, хаанаас олох вэ гэж зовнисон үргэлжийн стресс нь тэр өрхийн амьдралыг ямар болгох вэ? Өрхийн гишүүд, үр хүүхдийнх нь амьдрал, ирээдүй ямар байх талаар бодоод үз дээ. Яг үүнтэй адил өрөнд нэрвэгдсэн улс орнууд юун хөгжил дэвшлээ шийдэх манатай болдог. Зөвхөн өр төлбөрөө хэрхэх вэ, яаж барагдуулах вэ гэдэг асуудалд л бүх анхаарлаа хандуулна. Ингээд улам буурай болж, алсдаа засаглалын эрх мэдлээ алдах, иргэд нь ирээдүйдээ итгэх итгэл найдваргүй болох, улмаар улс орноо, газар нутгаа, тусгаар тогтнолоо хүртэл тавиад туучих аюулд ордог.
-Манай улсын хувьд арай ч ийм эрсдлийн өмнө тулчихаагүй байлгүй дээ?
-Хүмүүс яг таных шиг ийм хайнга назгай хандлагатай байгаагаас л би илүү их айгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын өрийн хэмжээ хэр том бэ гэдгийг ойлгохгүй байна. Төр засгийн эрх баригчид маань өндөр хөгжилтэй орнуудын өр, зээлийн хэмжээгжишээлж, энэ бол хүндрэлтэй асуудал биш гэх мэтээр ярьж, олон нийтийн тархийг угааж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Оймс нэхдэг жижиг цех, том компанитай санхүүгийн чадавхиа адилтгаад, энэ компани ийм их зээлтэй байгаад болоод байхад бидбас ийм хэмжээний өртэй байхад санаа зовох зүйлгүй гэж хэлж байгаатай адил хэрэг юм. Харьцуулалт хийе. Манай улсын 2015 оны ДНБ ойролцоогоор 23 их наяд төгрөг болно. Хуулиараа бид өрөө үүний 40 хувиас илүү гаргаж болохгүй, тийм үү? Гэтэл бараг 200 хувьд хүргэчихсэн явж байна. Манай улсын гадаад өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол нэг хүнд 14.5 сая төгрөгт ногдож байгаа гээд бод доо. Одоо энэ 2016 онд манай улс зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөрт 950 орчим тэрбум төгрөг төлнө. Бараг л 1.0 их наяд төгрөг гэсэн үг. Энэ мөнгө улсын төсвийн маань 10-аас хол давсан хувь нь юм шүү дээ.
-Одоо 2017 оноос үндсэн өрөө төлж эхэлнэ...?
-Тийм. Зээлийн хүүгээс гадна зээлийн үндсэн төлбөрөө төлөхөөр улсын маань төсөвт ирэх дарамт ихээхэн нэмэгдэнэ. Гэтэл Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын таамаглаж байгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт энэ жил 1.0 хувь ч хүрэхгүй. Манай эдийн засаг их хэмжээгээр хумигдаж байна. Ер нь өр эдийн засагт ямар хэмжээний дарамт үзүүлэх нь тухайн эдийн засгийн дотоод хүчин чадал, валютын ханш, тухайн улсын нөөцийн хэмжээтэй холбоотой байдаг. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болдог нөөц баялгийн үнэ ханш өөдрөгөөр төсөөлөгдөхөөргүй байгааг бид бүгд мэдэж байгаа.Дэлхийн санхүүгийн зэрэглэл тогтоодог Фич, Мүүдийз, Эс-энд-Пи зэрэг байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа шүү дээ. Ингэхдээ ямар ямар үндэслэлүүдэд тулгуурласан бэ гээч? Фич агентлаг л гэхэд Монгол Улсад эдийн засгийн сэргэлт ойрын ирээдүйд бий болохгүй гэж дүгнэсэн байгаа юм.Мүүдийз болохоор бараа бүтээгдэхүүний үнэ унасан, улсын төсвийн алдагдал нэмэгдсэн, импортын хэмжээ багассан зэргийг харгалзаж зээлжих зэрэглэлийг бууруулсан. Энэ нь манай улс гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгоход улам л өндөр зардалтай болж байна гэсэн үг юм.
-Улсын өр, Засгийн газрын өрийг ялгаа заагтай тооцъё, Засгийн газрын баталгааг өр төлбөр гэж үзэхгүй байя гэх мэт янз бүрийн байр суурь байдаг шүү дээ?
-Яаж ч баллуурдсан өр өрөөрөө л үлдэнэ. Бид төлөх л болно. Улсын нийт гадаад өрийн 10.0 гаруй их наяд нь Засгийн газрын гадаад өр байгаа. Дээр нь Засгийн газрын дотоод өр 4.0 орчим их наяд төгрөг байгаа. Зөвхөн эдгээр Засгийн газрын өрүүд улсын төсвийн 200 хувьтай дүйцэх хэмжээнд хүрчихсэн байна аа гэдэг чинь хангалттай өндөр тоо биз дээ? Аргачлал, тооцоогоо янз бүр болгож, өөрсдөө өөрсдийгөө өнөөдөртөө хуураад, дөнгөөд байж болох ч дэлхий нийтийн хүрээнд яваад орохоор бидний энэ арга явуургүй л дээ. Олон улсын судалгааны байгууллага Jubilee Debt Campaign өнгөрсөн долдугаар сард улс орнуудын өрийн байдлыг тодорхойлж, таван ангиллаар жагсаахдаа манай улсыг өрийн хямралд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй улсуудын тоонд оруулсан. Энэ өрийн хямралд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй буюу муу гэсэн ангилалд 14 улс орсны 7-д манайх жагссан. Мөн 11 дүгээр сард Renaissance Capital байгууллагаас дэлхийн 108 орны гадаад өрийг ДНБ-д харьцуулан жагсаахад манай улс Исланд улсын дараа хоёрт орсон. Өрөнд нэрвэгдэж дампуурснаа зарласан Грек улс манай ард, гуравт жагссан байсан.
-Өө, за за. Грекийг гүйцчихсэн...?
-Тэгсэн.
-Өр төлөх хугацаагаа хойшлуулах ч юм уу, хөнгөвчлөх байдлаар зохицуулах боломж бий болов уу?
-Боломжгүй. Хойшлуулах асуудал хөндөж болох ч бүх зээлээ нийтэд нь нэг ижил нөхцөлтэйгөөр тохиролцож чадахгүй. Учир нь бид маш олон субъектээс зээлчихсэн байгаа шүү дээ. Манайхан өнөөдрийн энэ зах зээлийн, арилжааны өр төлбөрийг хуучин Зөвлөлтийн их өртэй адилхан гэж бодоод байх шиг байгаа юм. Тэр өрийг шийдсэн, ийм байдалд орж байсан, гарцаа олно гэж санаад байх шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Зөвлөлтийн өр бол шал өөр зүйл. Өнөөдөр бид жинхэнэ зэрлэг капитализмын дүрмээр тоглоод эхлэсэн. Ямар ч өршөөл байхгүй. Ийм байдалд манай улс урьд өмнө огт орж байгаагүй. Бидний мэддэг, үзэж туулсан өр зээл биш гэдгийг маш сайн ойлгох учиртай. Өрийн хямралаасаа болж олон арван жилээр хөгжлөө ухрааж, хохирч хоцрогдсон улс орон цөөн биш. Латин Америк, Африкийн улсууд, Аргентин, Венесуэл, Мексик хамгийн сүүлд Грек. Бусдын гашуун сургамжаас суралцах хэрэгтэй. Хоцрогдол, доройтлыг бид Африкаар жишээлж ярьдаг байх аа? Тэгвэл тэр тивийн орнуудын хөгжлийг хойш татахад өрийн хямрал чамгүй нөлөө үзүүлсэн гэдгийгхэлмээр байна. Одоо Украйныг л хар л даа. ОХУ бондын төлбөрөө хийж чадахгүй default болсон Украйныг Лондонгийн шүүхэд өгчихлөө. Эдийн засгийн эрх чөлөөгөө, бие даасан байдлаа л алдаж байгаа хэрэг шүү дээ.
-Таны ярьж байгаагаас дүгнэхэд манай улс өрөнд нэрвэгдэж, өрийн хямралд орох нь гарцаагүй болчихсон юм шиг л ойлгогдоод байна?
-Ялимгүй эргэж харъя л даа. АНУ-ын орон сууцны зах зээлээс үүдэлтэй санхүүгийн хямралаас хойш 10 жил, Грекийн төрийн санхүүгийн хүндрэл, Ирландын орон сууцны зах зээлээс улбаалсан Евро бүсийн санхүүгийн хямралаас хойш 6 жил өнгөрч байна. Одоо энэ хоёр бүс нутагт үүссэнтэй адил хямрал, өөрөөр хэлбэл, хямралын гурав дахь их давалгаа хөгжиж буй орнууд руу, тэр дундаа огцом өсөлттэй эдийн засгууд руу шилжиж байна. Эдийн засаг, санхүүгийн хямрал нь өрийн хямралыг дагуулдаг. Огцом буюу үсрэнгүй өсөлттэй хөгжиж байгаа эдийн засгуудын өрийн хэмжээ дунджаар 2009 онд ДНБ-ий 150 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд 195 хувьд хүрсэн. Корпорацийн өр 2008 онд ДНБ-ий 50 хувьд хүрэхгүй байснаа өнөөдөр 75 хувь болоод байна. БНХАУ-ын өр болон ДНБ-ийх нь харьцаа сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 хувиар өссөн. Эдгээр эдийн засгуудын өндөр өсөлтөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө их байсан. АНУ-ын болон Евро бүсийн хямралын ид үед хөгжиж байгаа эдийн засаг руу урсаж байсан хөрөнгө оруулалт одоо эрс багасчихлаа. Яагаад гэвэл тэдгээр бүсүүдэд хямрал саараад, эдийн засаг үндсэндээ сэргээд эхэлчихсэн. Гэхдээ Хятад зэрэг үсрэнгүй өсөлттэй эдийн засгууд манайхыг бодвол дотоодын нөөц боломж харьцангуй сайн болохоор хөрөнгө оруулалтын урсгал буцсан ч гэлээ өрийн асуудлаа богино хугацаанд, хүндрэл багатай шийдчих болов уу.
-Харин манай улсын хувьд?
-Манай эдийн засгийн дотоод нөөц боломж ямар билээ дээ? Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Гэтэл хөрөнгө оруулалтын урсгал хөгжингүй орнууд руу буцсанаас гадна бид хөрөнгө оруулагчдын итгэлийг маш их алдсан. Ноднингийн гуравдугаар улирлын дүнгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 10.1 сая ам доллар гэж гарлаа шүү дээ. Энэ чинь 2011 онд 4.6 тэрбум ам.доллар орж ирж байсантай харьцуулахад 460 дахин буурсан үзүүлэлт юм. Ийм хэмжээний хүчээр бид тэднийг түлхсэн л гэсэн үг л дээ. Ер нь улс орнууд өрөнд унах гол шалтгаан нь богино хугацаанд хэтэрхий их зээл авч, зээлийнхээ хэмжээг огцом өсгөх, оновчгүй, үр ашиг багатай төслүүдийг санхүүжүүлэх, зарим нь хэт үнэтэй хөрөнгө худалдан авахад зориулж өндөр хүүтэй, их хэмжээний зээл авах зэрэгтэй холбоотой байдаг. Товчдоо, бодлого, төлөвлөлт, санхүүгийн алдаатай үйлдлийн үр дүн. Манай улсын өрийн хүндрэл ч гэсэн ийм л шалтгаантай.
-Өрөө төлж чадахгүй бол...?
-Хүсэх ч юм биш. Үндсэндээ улс орон дампуурна гэсэн үг. Өрөнд нэрвэгдсэнээ зарлана. Улсын өр надад ямар хамаа байх вэ гэж манайхан бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нарийндаа бол хүн бүхний нуруун дээр бууна. Улс мөнгөө өрөө төлөхөд зарцуулж, нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх орлого хумигдана. Төсөл, тендерүүд цуцлагдаж, ажлын байрууд алга болно. Та, би, бид бүгдээрээ “өрөнд нэрвэгдсэн улс”-ын иргэд болно. Бизнес, ажил хэргийн түншүүд маань биднийг ингэж л харна. Улс нь өрөнд нэрвэгдчихсэн хүний бизнес урагштай байж чадахгүй гэж тэд үзнэ. Ингээд бидний гадаад харилцаа, худалдаа бүх түвшиндээ бүтэлгүйтэж эхэлнэ. Цаашилбал, маш их юм бий. Өрөнд нэрвэгдсэн улс орны ирээдүй нь тодорхойгүй, хөгжил нь боомиглогдсон, ард түмэн нь гутранги, итгэлгүй, засаг төр нь хүч чадлаа алдахад хүрдэг. Хамгийн гол нь улсын өр төлбөрт хүн бүр анхаарч, Засгийн газрын авч байгаа, зарцуулж байгаа зээл санхүүжилтэд хяналт тавьж байх ёстойг би хэлэх гээд байгаа юм. Өр бол энгийн нэгханиад томуу шиг амархан эдгээж болдог өвчин бус, хорт хавдар шиг уршигт нөлөөг улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралд авч ирдэг аюултай. Өнөөдөр Монгол Улс энэ хорт хавдраар өвчлөх улаан дохио асчихсан байгааг сэрэмжлүүлэх нь эдийн засагч хүний хувьд миний үүрэг юм.
Сая гэхэд л Монгол Банк бодлогын хүүгээ буулгаж 12 хувь болголоо. Макро эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр төгрөгийн ханш суларч, инфляци өснө. Төгрөгийн ханш сулрах нь улсын гадаад өр өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд томоохон хүндрэл бий болгоно. Аюул, эрсдэлийн түвшин хэт их болсон өнөөдрийн нөхцөлд бид хаа хаанаа сэрэмжтэй байж, алхам тутмаа хянаж, бодлого шийдвэр бүрээ сайтар нягталж байх шаардлага тулгараад байна.
Улсын өрийн тухай энэ удаагийн ярилцлагаа бид өндөрлөхөөс аргагүй болсон юм. Доктор С.Даваасүрэнгээс асууж магадлах, эргэлзээ тээнэгэлзээгээ тайлах олон зүйл надад үлдсэн. Эдийн засагчид тэр бүр хэлж тайлбарлахгүй, улс төрчид янз бүрээр уншиж, улмаар хүмүүсийг төөрүүлж, будлиулж буй асуудал хуримтлаатай бий. Тэр бүгдийг нэг бүрчлэн задалж шинжлэхэд мэдээж, цаг хугацаа, хүч хөдөлмөр их орно. Хэдий тийм ч боломжийнхоо хэрээр ярьж, тайлж, олон нийтэд цэгцтэй, зөв мэдээлэл хүргэе гэж бид тохиролцон, дараагийн ярилцлагаа орлогын тэгш бус байдал, баян хоосны ялгаа, ядуурлын сэдвээр хийхээр болсон юм. Шинэ ярилцлага удахгүй уншигч танд хүрэх болно.
DR. ADITYA
DR. ADITYA
DR GUS TEO
OYUN
DR. ADITYA
DR. ADITYA
МУИС -ЭЗС-ийг төгсөгч
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Гана
Gur guruus 195,406.*.*122.201.*.*
Tsetseg
zochin
Иргэн
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Өр
Грек
Үнэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
123
123
zochin
Зочин
Anhaar
zahialgat yariagaa boli
Зочин
What the conclusion
бүгд дэмжсэн байна аа
Зочин
Bid
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
шила
шила
Зочин
Зочин
Zochin
Зочин
зочин
зочин
Зочин
ganaa
ИРГЭН
Зочин
Зочин
ikhe
Зочин
зочин
Zochin
Овоо
Иргэн
onc
onc
Иргэн
Иргэн
зочин
Зочин
иний хэдэн сарын өмнө гаргасан санал