Монголбанкны цоо шинэ “модель”-ийн үр дүнг хэн залгичихав
Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шинэ бүтцийг бий болгож, түүндээ даалгавар өгч Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгөний төслүүдийг хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг “уянгалуулан” цогцлоосон.
Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шинэ бүтцийг бий болгож, түүндээ даалгавар өгч Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгөний төслүүдийг хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг “уянгалуулан” цогцлоосон. Гэвч эдийн засаг гэдэг нь улс төрийг бодвол хавьгүй бодитой үр дүнтэй байдаг учраас эцэстээ үнэнд гүйцэгдэж нэг л мэдэхэд эдийн засгийн өсөлтийн биш өрийн реформын үүр болж хувирсан юм. Үүнээс татаж гаргах ганц л хүч байсан нь Монголбанк байв. “Тамирын голын мөсийг долоох шахаж байж” цуглуулсан гадаад валютын нөөцөө шавхаж “амь тариа” хийсээр байсан ч “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дүгнэх үеэр Н.Алтанхуягийн Засгийн газар эгээ л “Нүцгэн ноён” лугаа адил яахаа мэдэхээ больж аргаа барахдаа Ерөнхийлөгчийн урилгаар хөрш орнуудын Төрийн тэргүүнүүдийн манай улсад хийсэн айлчлалыг хүртэл тайландаа тусгаж “балайрав”.
Шалтгаан нь ерөөсөө л бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн Чингис бондыг анх авсанаас тэс өөр зориулалтаар зарцуулсан. Энэ нь Монголбанкны эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа болоогүй ч их хэмжээний ажлын ачаалал, төвөг удсан. Гэвч тэд үүнийг хэлэхгүй байх л даа.
Нөхцөл байдлын явцыг ажиглаваас юуны өмнө төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болон даамжирч 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон. Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, Монгол Улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурлаа. 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө найман хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа.
Ийнхүү сүүлийн хоёр жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг туйлын сөрөг орчинд мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах, эдийн засгийн суурь бүтэц, ажлын байрыг хамгаалах нь илүү чухал байсан.
Учир нь Засгийн газраа аврахын тулд эхний ээлжинд бэлэн мөнгөний хомсдлыг арилгах хэрэгтэй болсон. Мөн ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй “шок”-уудыг чимээгүйхэн намдаахын тулд интервенц гаргаж эхлэв.
Валют зохицуулалтын тухай хуулийн 8.2-т Монголбанк улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн байдаг. Гэтэл Монголбанк энэ хуулийг зөрчөөд Засгийн газрыг аварсаар гадаад нөөцийг нь хасаад сууж байна. Яагаад гэвэл Засгийн газар гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах буюу уг хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлээгүй. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн 6.1-д валютын талаарх төрийн бодлогыг тодорхойлох гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн онд мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах бодлого баталж өгдгийг хэлж байгаа хэрэг. Тэгэхээр төгрөгийн ханшийг тогтворжуул гэсэн үүрэг даалгавар ерөөсөө энэ хуульд Монголбанкинд өгөгдөөгүй байна. Гэвч төгрөгөө хамгаалах үйлдэл хийдэг. Одоо Засгийн газарт нэг аврах гарц харагдаад байгаа нь Монголбанкнаас зээл хүсэх явдал юм. Даанч тийм боломж алга.
“Мүүдийз” агентлагийн шинжээч Аннушка Шах өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол Улс өнгөрсөн жилээс одоог хүртэл гадаад валютынхаа бүх нөөцийн 40 хувийг үгүй болгосон, энэ эрчээрээ явбал 2014 оны эцэс гэхэд гадаад валютын ямар ч нөөцгүй болно. Тиймээс дахиж бонд гаргах юм уу, өр зээл тавихаас өөр ямар ч гарцгүй” гэж ярьсан нь тус агентлагийн сайтад нийтлэгджээ. Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн нэгдүгээр сард хоёр тэрбум, 440 сая ам.доллар байсан байна. Монголын эрх баригчид өнгөрсөн хугацаанд бонд болон бусад эх үүсвэрээс ойролцоогоор 2.3 тэрбум ам.доллар бүрдүүлсэн. Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны гаргасан 600 сая ам.долларын бонд, 30 тэрбум иен гэхчлэн эх үүсвэрүүд томоохон нөлөө үзүүлсэн. Өнгөрсөн онд өрийн өсөлтийн жил байсан нь энэ удаад ч уламжлагдах түгшүүр төрүүлэх болов. Үнэ тогтворжуулах, ипотекийн зээлийг санхүүжүүлэх, барилгын тоог нэмэгдүүлэх чиглэлд 3.4 их наяд төгрөг буюу 1.9 тэрбум ам.долларыг зөвхөн 2013 онд зарцуулжээ.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд буюу “ЭЗЭН-100” хөтөлбөрийг зарлахын өмнөхөн Сангийн сайд Ч.Улаан Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн зорилго нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ. Үүнд улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувиас хэтрүүлэхгүй гэж байгаа боловч, бодит байдал дээр өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрэхээр байна” хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж буй. Тэд “Дээрх нөхцөлд Монголын нэг иргэнд долоон сая төгрөгийн өр ногдоно. Энэ нь зөвхөн Засгийн газарт хамаарах өрөөр тооцсон тооцоолол. Бусад өр зохицуулалтгүйгээр үлдэж байна” гэцгээж байна.
Ирэх оны мөнгөний бодлогод “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр өрхийн зардлын бүтцийг зохистой болгох замаар дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн гэж үзэж байна. Энэхүү бодлого нь эдийн засгийн өсөлтийг хуримтлал болгодог загварт суурилснаараа дунд, урт хугацаанд инфляци буурах, эдийн засаг тогтвортой өсөх нэг чухал нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээн Төв банкныхан үзэж буй. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 13 хувьтай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 61 мянгад хүрээд байгаа гэнэ. Энэ нь хамгийн багадаа 120 мянган иргэн сар бүр өрхийн орлогынхоо 30-45 хувийг хуримтлал болгож, ипотекийн зээлийн төлбөрт дунджаар 30 тэрбум төгрөгийг сар бүр төвлөрүүлж байна гэсэн үг юм.
Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн “шок”-оос үүдсэн инфляциудад нэрвэгдсээр байсан уламжлалт хүндрэлээс гарах арга замыг Монголбанкны удирдлагууд эрэлхийлсээр ирсэн. Тиймээс ч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх гарцыг бодож олжээ. Хөтөлбөрийн дүнд мах, гурил, жижиглэнгийн худалдааны шатахуун зэрэг иргэдийн хэрэглээний суурь бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эрс бууруулах, тогтвортой байлгах, дундаж давхаргын бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлэх, хэрэглээний суурь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зэрэг үр дүнд хүрч байна. Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35 хувийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь өнгөрсөн онд хоёр дахин, энэ оны эхний есөн сарын байдлаар долоо дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсаар байна.
Харин импортолж байгаа инфляци буюу Хятадын инфляци, ОХУ-аас авдаг нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийг бол тэд яаж ч чаддаггүй. Сайндаа л ханшийн зохицуулалтаар бууруулах гэж оролддог билээ. Монголбанк мөнгөний бодлогоороо зохицуулах үүрэгтэй. Энэ бүхний дүнд л инфляци цаашид тогтворжих ёстой.
Дашрамд дурьдахад “боломжгүй гурвалжин” гэгддэг үндэсний нийт бүтээгдэхүүн, ДНБ-ий өсөлтийг тогтворжуулах, ялангуяа бууруулахгүй байх нь чухал байсан. Тиймээс ч мөнгөний бодлогын хүүг өнгөрсөн оны 1, 4, 6 дугаар саруудад нийт 2.75 нэгж хувиар бууруулж, эдийн засгийн идэвхжилийг дэмжин, мөнгөний нийлүүлэлтийг бодит секторт эргэлтийн хөрөнгийн зээл олгох хэлбэрээр нэмэгдүүлсэн нь ДНБ-ий бодит өсөлтийг тогтворжуулах, ажлын байрыг хамгаалахад голлох нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд ДНБ-ий бодит өсөлт 11.7 хувьтай гарсны 8.6 нэгж хувийн өсөлтөд мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого шууд нөлөөлсөн гэсэн тооцоотой байна.
Ер нь эдийн засгийн тэлэлт гэдэг нь маш сонин ойлголт. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж бид ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж буй ч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн багасаад байна. Урт хугацаанд энэ хоёрын хоорондын зөрүү ихсээд байвал эдийн засгийн гадаад хамаарал, хэврэг чанар нь улам нэмэгддэг. Энэ нь алсуураа улс төрийн нөлөөлөлтэй байх нь ч бий. Тиймээс богино хугацаанд зоригтой эрсдэл хийгээд түүнийхээ үр шимийг урт хугацаандаа хүртэх эхний богино эргэлт амжилттай болсон гэж хэлж болно.
Түүнчлэн Монголбанкны өнөөгийн удирдлагууд аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид,
бизнесмэнүүдийн үйл ажиллагааг өндөр хүүгээр боомилоод байсан хуучин тогтолцоог бодлогоор зохицуулсаар байгаа. Энэ тохиолдолд мөнгөний хүү зах зээлийн жамаараа бүрдэх тохиолдолд ийм сөрөг нөлөө арилах юм. Урьд нь зөвхөн бодлогын хүүг онилсноор “Боломжгүй гурвалжин”-гийн хаа нэгтээ алдаа хийчихээд байдаг байсныг аль болох тэнцвэртэй аваад явчих гээд зүтгээд байгаа хэрэг.
Мөн санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсч болзошгүй байсан үед банкуудын төлбөрийн чадварыг хадгалах арга хэмжээ авснаар системийн хэмжээнд итгэлийг сэргээж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин, санхүүгийн салбарыг бүхэлд нь хамгаалсан. Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 орчим хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36 гаруй хувьтай байгаа нь Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хамгийн бага шаардлагаас харгалзан таван нэгж хувь, 11 нэгж хувиар тус тус өндөр болж, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулжээ.
Энэ нь нэг талаар дэлхий даяар бий болчихоод байгаа гадаад “шок”-уудын нөлөөллийг багасгах учиртай. Тухайлбал гадаад нөлөөллийн эсрэг Монголын эдийн засагт орох валютын урсгалыг сөргүүлэн тавих аргыг хэрэглэж болдог. Манайх нээлттэй улсорны хувьд Монголбанк үүнд нь хяналтаа тавиад, мөнгөний нийлүүлэлтээ тэлээд явах ёстой. Өөр арга байхгүй. Гэтэл мөнгөний нийлүүлэлтээ тэлэх гэхээр хүүг нь хатуу тогтоочихсон болохоор яаж ч чадахгүй байсан. Тиймээс хүүгийн системийг чөлөөлөх ёстой гэсэн санал санаачилгыг мартахгүй байх нь зүйтэй байж магад. Өөрөөр хэлбэл зах зээл өөрөө хүүгээ тогтоодог. Тэр нь одоогийн мөнгөний бодлогын хүүгээс дээгүүр, доогуур байх нь сонин биш. Ханшийг зах зээл өөрөө тогтоодог болоод удаж байна. Үүний нэгэн адил зээлийн хүүг ч мөн зах зээл өөрөө тогтоодог болсноор эдийн засаг тэлж, эрүүлжинэ, өснө. Түүнээс биш ханшид чирэгдээд байвал экспортоо боомилж болдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.
Монголбанкны өнөөгийн удирдлагуудын нэгэн шинэчлэл нь мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулах, банк хоорондын захын хүүний хэлбэлзлийг бууруулах үүднээс дөрвөн нэгж хувийн өргөнтэй хүүний коридорыг 2013 онд нэвтрүүлснээр Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, 2013-2014 оны эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, банкны зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны гуравдугаар сард 19.5 хувь байсан бол энэ оны есдүгээр сард 16.3 хувь болж 3.2 нэгж хувиар буурсан.
Ирэх онд банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн болзошгүй эрсдэлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын дархлааг сайжруулна гэдгийг мөнгөний бодлогын баримт бичигт тусган баталсан. Мөн банкны системийн тогтвортой байдлыг хангах, активын өсөлтийг өөрийн хөрөнгөтэй нийцүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтүүд болон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шат дараатайгаар нэмэгдүүлэх талаар судалж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ бүхэн банкинд итгэх иргэдийн итгэлийг сэргээж буй.
Дашрамд дурдахад Монголбанкныхан гашуун ч атугай үнэнийг өгүүлж байгаа юм. Жишээ нь тэд мөнгөний бодлогодоо энэ талаар тусгаж энэ оны эхнээс гадаад худалдаа тэнцвэржих эерэг хандлага гарч байгаа хэдий ч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад актив буурсан, төлбөрийн нийт тэнцэл сайжраагүй хэвээр байна. Энэхүү нөхцөл байдал удаан үргэлжлэх нь эдийн засгийн өсөлт удаашрах, суурь инфляци өндөр байх, зээлийн өсөлт саарах, эдийн засгийн бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нэмэгдэхэд тус тус нөлөөлсөөр байгааг дурьдсан.
Үүнтэй уялдуулан нэг талаас эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, нөгөө талаас эдийн засгийг тогтворжуулах зорилгоор мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд эдийн засгийн бодит секторт хувийн хэвшлээр дамжуулж 2013 онд хийсэн мөнгөний нийлүүлэлт нь хөтөлбөрүүдийн зээлийн эргэн төлөлтөөр буурч байгаа нь эдийн засгийн өсөлт дэх нийт хөрөнгө оруулалтын нөлөөг 2014 оны сүүлийн хагас, 2015 онд бууруулахаар байгааг үнэнээр нь “өчжээ”.
Мөн гадаад валютын орох урсгал, төлбөрийн нийт тэнцэл эрс сайжрахгүй бол мөнгөний бодлогоор эдийн засгийн бодит секторыг дэмжих боломж, бодлогын сонголтууд хумигдаж, мөнгөний бодлогыг дахин чангаруулах шаардлага ч үүсч болзошгүйг анхааруулж, төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байгааг онцолсон байна.
Товчхондоо ил тодоор бодит байдлыг өгүүлж олсон амжилтаараа Засгийн газрын алдааг нөхсөн Монголбанкны шинэчлэлийн үр дүнг хэн залгичихав. Үүний хариу нь ердөө л өнөөгийн эдийн засгийн байдал буюу үүнээс муу байж болох байсан тэр үр дүнтэй холбоотой. Хэрэв дээр дурьдсан “үзэгдээгүй юмс”, “байгаагүй модель”-уудыг хийж, хэрэгжүүлээгүй бол статистик тоон үзүүлэлт ч, бодит нөхцөл байдал ч одоо байгаагаас хавьгүй муу байх байлаа. Энэ бүхнийг УИХ, Засгийн газар, Монголбанк хамтарч хийсэн болохоор хариуцлагаа ч хамтдаа хүлээх нь дамжиггүй. Харин цаашид нэг инстиутуцийн үр дүнг хараат бус байх зарчим бүхий нөгөө инстиутуци нь “залгидаггүй”, баллуурддаггүй бие даан явах шаардлагатай. Гэвч улс орны эдийн засаг, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө юун хувийн тоглолт хийж амжилт харамлах, харуулахтай манатай, маш яаралтай маневр хийхийг нөхцөл байдал шаардах болсныг дурьдахгүй өнгөрч үл болно.