"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа!
Зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа хэдэн компаниа дэмжээд, төр өөрөө хувь эзэмшигч болчих. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй
УИХ-ын гишүүн, Уул уурхай, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны ярилцлага baabar.mn сайтад нийтлэгджээ. Сайд энэ ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэж катодын зэс боловсруулах үйлдвэр барих асуудал Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Бид компани байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, тогтоол батлагдвал үүнийг хийх болно” гэв ээ.
Анзаарвал хамтарсан Засгийн газраас 2025 онд эхлүүлэхээр шийдсэн 14 мега төсөл бий. Үүний 10-рт зэс боловсруулах үйлдвэрийн асуудал багтсан. Харин 1-рт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын асуудал байгаа. Энэ ч аргагүй, бүтээн байгуулалт хийхийн тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олох, орлогоо нэмэгдүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд хүрэх хамгийн дөт зам нь хилийн хоёр талд гацсан бүдүүн, нарийн царигтай төмөр замын холболтыг хийх учиртай. Үүнийгээ саяхан Хятадын талтай тохироод “Чайна Энержи”-тэй хамтрахаар болсон шиг байна лээ.
Араас нь залгаад эрчим хүчний гурван том төсөл жагсаж байгаа. Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төсөл. Яагаад гэвэл Монгол Улс эрчим хүчний дутагдалд ороод даруй гуч гаруй жилийг ардаа үдлээ. Бүр ерээд оноос эхтэй. Станцуудынх нь тогоо хагараад улсаараа хөлдөж, харанхуйлж байх үед Япон улс бидэнд буцалтгүй тусламж үзүүлж, плиткээ асаах хэмжээнд хүрсэн. Түүнээс хойш энэ салбар үлгэн салган явсаар өдийг хүрлээ. Ганц удаа зориг гаргаад Амгалангийн дулааны станцыг бариулсан сайд нь шоронд орсноор карьераа дуусгасан. Энэ салбарт шинэчлэл хийхгүй бол хуучин арга барил, технологиор явах боломжгүй болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ өвөл цахилгаанаа төдийгүй дулаанаа хязгаарлахад хүрнэ шүү гээд салбарын сайд нь хэлчихсэн.
Харин зэс боловсруулах цогцолборын асуудал араасаа тавдугаарт бичигдсэн. Учир юу гэвэл юутай ч манай улс зэс экспортлогч орон. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ хийж чадаагүй ажлыг хувийн компаниуд хийгээд эхэлчихсэн. Зүгээр хогон дээрээс зэс ургуулаад эхэлсэн.
Эрдэс баялгийн сайдын хувьд зэс боловсруулах үйлдвэр барих нь салбарын сайдын амбиц байж болох ч эдийн засгийн чадамжаа эхний ээлжинд харах ёстой. Зэс боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээний мөнгө төрд, өөрөөр хэлбэл төсөвт бий юу гэдгийг. Тэгээд дээр нь төрийн хийсэн менежмэнт хэр тогтвортой, үр ашигтай явж ирсэн бэ?
Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компанийн “балансын бус” буюу хаягдал овоолгоос хувийн хэвшлийн гурван компани зэс үйлдвэрлээд эхэлчихсэн. “Балансын бус” гэдэг нь баяжуулах үйлдвэрт ашиглах боломжгүй, агуулга багатай хүдэр агуулсан хөрс буюу шороон овоолгыг хэлж байгаа юм.
“Эрдэнэт”-эд ийм 12 овоолго бий. Энэ хөрсийг угаагаад зэсийг нь ялгаж авдаг гурван ч үйлдвэр, компани бий. Америкийн хөрөнгө оруулалттай "Эрдмин", орон нутгийн хувь эзэмшилтэй "Зэс эрдэнийн хувь", нийтэд хамгийн ил тод болсон нь “Ачит Ихт” компани. Тус компанийн хувьд эрх баригчдын “овоо хараа”-нд олон ч жил боллоо. Ингэхэд 5-6 жилд улс, орон нутгийн төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн, шилдэг татван төлөгчөөр шалгарч байсан компани. Хөрөнгө оруулалтаа гаднаас татсан, дотоодын банкууд нь зээл олгоход эрсдэлтэй гэж татгалзсан учраас гадаадын банкнаас зээл аваад үйлдвэрээ байгуулсан. З00 гаруй ажилтантай, тэр тооны гэр бүлийн амьдралыг авч явдаг гэсэн үг.
Атал эрх баригчдын зүгээс уг компанийг, компанийн удирдлагуудыг оролдсоор бараг таван жил өнгөрлөө. Сонгууль болохоор л хэрэг үүсгэнэ, хуурамч мэдээлэл тараана. 2024 оны сонгуулийн өмнө бүр компанийн үйл ажиллагааг зогсоож, татвараас зугтсан, мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг хүртэл үүсгэсэн байдаг. Мэдээж сонгууль дууссаны дараа үйл ажиллагааг нь буцаагаад эхлүүлсэн. Гэтэл тэр хугацаанд компанийн 300 гаруй ажилчин цалингийн урамшууллаа, улс, орон нутаг татварын орлогоо алдсан. Хамгийн гол нь компани нийлүүлэгч байгууллагынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээлсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй. Энэ бол бизнесийн байгууллагын хувьд маш том алдагдал.
Гэтэл тус компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 34 хувиа санал болгосон, үйлдвэрийн үе үеийн захирлуудад арав гаруй удаа санал тавьсан. Авчиг үйлдвэрийн удирдлагууд хувь эзэмшихээс татгалзсан байдаг юм. Тэр нь ч зөв. Учир нь энэ чинь ТӨҮГ, төрөөс буюу эрх барьж байгаа намаас шууд хамааралтай этгээд. Товчхондоо хуульд захирагдаж ажиллах боломжгүй, компанийн засаглал, соёл энэ тэр ч байхгүй гэсэн үг.
Тийм учраас хэрвээ зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа гурван компаниа дэмжээд төр өөрөө хувь эзэмшигч болчих. Засгийн газар нь шийдвэрээ гаргаад, ТУЗ-д нь хүмүүсээ оруулаад, хяналтаа тавиад яв. Үүнээс илүү дөт зам байхгүй. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй.
Угаасаа 30-40 жил хуримтлагдаад, салхинд хийсч, бороо усанд нэвчээд байж байгаа хүдрийн овоолго чинь байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлээд, ан амьтан, ургамал, орчиндоо сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн гэдгийг орон нутгийнхан, мэргэжлийнхэн ярьж хэлсээр удлаа. Гэтэл өнөөдөр ийм 12 овоолгоос эхний гурвыг нь л ашиглаж байгаа.
Ийм байхад дахиад катодын зэс боловсруулах үйлдвэр барина, төр эзэмшинэ гэх чинь хэтэрхий үрэлгэн зардал, тансаглал болно. Ер нь бол төр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч байхаа болино. Бизнес эрхлэгчдээ, хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон бас нэг том бодлого, шинэчлэл биз дээ. Дампуурсан төрийн өмчитүүдээ хаачихаад дахиад нэгийг байгуулах ямар шаардлага байна. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдээ хаагаад ашигтай ажиллаж байгааг руу нь довтолно гэдэг ямар төрийн бодлого вэ? Нэг гараараа аваад, нөгөө гараараа өглөө гэдэг болж болохгүй биз дээ.
Засгийн газраас 2025 онд хэрэгжүүлж эхлэх 14 меа төсөл:
- “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
- Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
- Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
- Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
- Зэс боловсруулах цогцолборын төсөл
- Гангийн цогцолборын төсөл
- Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
- Үндэсний хиймэл дагуулын төсөл
inews.mn
зочин
Зочин
Зочин
Зочин