“Муу дайсан” хэмээгч уулын тухай лүндэн
Богд эзэн хаан Монгол улсын олноо өргөгдсөний Зургаадугаар онд цаг төрийн тухай учир шалтгаан Цаг хэмжээ ямар болохыг тус тус тодорхойлсон нь:
Богд эзэн хаан Монгол улсын олноо өргөгдсөний
Зургаадугаар онд цаг төрийн тухай учир шалтгаан
Цаг хэмжээ ямар болохыг тус тус тодорхойлсон нь:
Ховд хот дайны хөл болсон үед (*)
Богд Жавзандамба Дарнатын гэгээнтнээ (хувилгаан)
Нууцаар дээд бошго зарлиг буу[лга]сан нь:
Ар Халх Монголын олон амьтны
Зовлонг арилгах тусын тулд
Нийтээр зарлиг тараасан учир дамжиг бүү сана (1).
Богд Жавзандамба Дарнатын гэгээн танаа:
Зүүн хойт зүгт “Муу дайсан” (2) хэмээх уулын
Зүүн үзүүрт газар хагарч цөмөрсний дотор (3)
Нэгэн зэс хаалга бий.
Түүний дотор арван настай нэгэн хөвүүн бий.
Зүүн хаалганы гадна баруун биед
Луу овогт нэгэн хөвүүн бий.
Бас нэгэн хаалганы дэргэд уулын дотор
Зэс могой бий.
Зүүн биед нь гуулин царцаа бий.
Үүдний хаалганы өмнө биед нь
Ван цолт нэгэн хөвүүн бий.
Бас хаалганы дотор зэс хорхой бий.
Зүүн биенд нь Муу овогт нэгэн хөвүүн бий.
Бас урд биенд нь гуулин үхэр бий
Баруун хаалганд нь Мандшир бий
Шар хаалганд нь Махгал бий
Хөх хаалганд нь Лхам тэнгэр бий
Эл бүгдийн дотор нэгэн хаалга бий
Түүний баруун биед гуулин хоншоортой нохой бий.
Хар хаалганд Авид бурхан бий
Цагаан хаалганд Охин цагаан тэнгэр бий
Эдгээрийн баруун хаалганы дотор
Зэс хошуутай, гуулин хошуутай хоёр нохой бий.
Эдгээр бүгд хятадуудыг барьж идмүй.
Энэ бүгд өөрсдөө бүтсэн амьтад болой (4)...
Богдын зарлиг нь:
Бурханы санваарыг хурдан авагтун.
Хятад тоорцог, улаан бүрх малгай бүү өмс (5)
Хонь, бичин жилийн дөрвөн сарын
Шинийн гурван, дөрвөнөөс эхлэн
Хятадтай бүү хэлэлц
Олон үг хэлэлцэн тархваас барьж идэх вий (6)
Тариа иддэг гуулин хорхой бий
Тариа хишиг олонд тараа (7)
Монгол айл дарцаг хийсгэ
Дөрвөн сард бороо, цас мөс, таван сард хур элбэг
Манай Монгол хүмүүн уур хилэнгүй, амар жаргалаар
Идээ будаагаа идэх, эд бараагаа эдлэх болно
Ялангуяа хятад, орос хүмүүсийн
Гашуун зовлон их болно
Хонь, бичин жилийн (8) долоон сард их гамшиг болох
Хятад, орос лугаа бүү зөрөлдөгтүн
Монгол эр хүмүүн цагаан өмд,
Эм хүмүүн нь хар өмд өмсөх хэрэгтэй.
Гэнэт ханиад томуу тохиолдвол цагаан үзмийг
Адилсан буцалгаж ууваас өвчин илааршина
Миний хувраг шавь нарууд “сайн сайн” гэж бүү хэтэр
“Муу муу” хэмээн бүү доромжил
Цөм л нэгэн адил бурханы шавь болой (9)
Бичин жилийн дөрвөн сараас эхлэн
Хаан төр тогтож төвширмой.(10)
Монгол хүмүүний есөн хүсэл ханах бий
Ламын гэгээн, Ноён хутагтын гэгээн,
Гүндсамбуун гэгээн, Арз богдын гэгээн,
Хоншим бодисадын гэгээн тэргүүтэн
Энэ арван найман гэгээн Маналын сүмд заларч
Шар чулуун арслан мэт дөрвөн зүгт хандаж зогсоно.
Цаг хэмжээ болно.
Энэ зовлонт муу цагийн дашрамын
Гэмт цагийн байдал
Үйлийн үрийн авьяас хэзээ дуусах тэр үед
Арван зургаан зуун мянган манж нар (11)
Хятад газрын сүмд бүгдээрээ цуглараад
Бичин жилийн дөрвөн сард
Наян нэгэн шидтэн гарч ирж
Халхын олон амьтанд энэ зарлигийг тараана.
Хятад, Орос улсын элдэв тамхийг
Гурван зоос хүрэвч хямд гэж бүү авч тат
Янз бүрийн архи зуун зоос хүрэвч
Хямд хэмээн бүү ав. Ууж үл болмой.
Хэрэв авбал Хятад, Оросын хор хүрмүй (12)
Монголчууд аа, үүднийхээ өмнө үнэн овоо босго
Монгол хүмүүний тэмдгийг түүгээр мэдмой.
Монгол эхнэр үсээ өндөр болгон бүү овоол
Самнаж байх хэрэгтэй
Толгойгоо алаг эрээн элдэв юмаар бүү боогтун
Үсээ нэг боож үл болмой.
Хуучин төрийн ёсоор сүлжих хэрэгтэй.
Оросыг дагаж болохгүй.
Ядах хоосрохын зовлонг эдлэнэ.
Зургаан сард тахианы өндөгтэй хоол бүү ид
Идвээс орос, хятадын хор хүрмүй.
Оймс гутлаа гаднаа бүү босго (?)
Монгол хүний тэнэгийг түүгээр мэдмүй
Аливаа хүмүүн эдгээрийг
Худал явдал хэмээн санаж хэлбэл
Хамар амнаас нь цус гарч үхмой
Өглөгийн эздэд их сүсэглэх хэрэгтэй.
Үүнд:
Алтангэрэлийн тарни, Билгийн зүрхний тарни,
Найман мянгатын тарни эдгээрийг
Гэр, хүрээний дөрвөн зүгт хийсгэ.
Ирэх бичин жилд цэргийн морь, эмээл, хазаар бэлтгэ
Бичин жилийн дөрвөн сарын шинийн гурванд
Арван найман гэгээн, наян нэгэн шидтэн гарч
Таван зуун цэрэгтэй, гурван мянган
Зэс, гуулин нохой цөм цуглармой. (13)
Монголын сайн хувь заяатай хүмүүс
Сүсэг бишрэлээ нэн хичээвэл их хэрэгтэй.
Бурханы шашныг мандуулагч Түвд орноо
Дашлхүмбэ хийдийн хамгийг айлдагч
Богд Банчин эрдэнийн гэгээн,
Амьтны тусыг нийгүүлсэгч Ламын гэгээн
Тэр хоёрын айлдсан зарлиг гарна (#)
Түүнээс хойш бас жилээс
Долоон сарын арван таван хүртэл
Хятад, Орос орны амьтанд муу тул
Хойшид Монгол улсын эдлэх зовлон
Хуучирч нилээд арилах болно.
Бас хонин жилийн долоон сарын арван нэгэнд (14)
Баруун хойд зүгээс их гал, ордны гэрэл гарч байсан.
Түүний шалтгаанаар тэнгэрийн хилэн их болж
Хан хурмаст болон найман аймаг, лусын хаад,
Элдэв шашны сахиус, савдгууд ихэд хилэгнэн,
Орос, хятадуудад хөнөөл авчрах болно.
Тэр учир шалтгаанаар тэнгэрийн аюул
Лусын аюул, газар хөдлөхийн аюул
Түүнд хөнөөгдсөн үхэхийн аюул
Цэрэг дайны аюул хийгээд
Мэдэх, мэдэхгүй жижиг өвчний аюул
Салхи шуурга тэргүүтэн гал, усны аюул
Эдгээр муу ёрууд биелэхийн өмнө
Алтангэрэл /Сэр од/, Бисман тэнгэрийн /Намсрай/
Сайн уншвал өлзий хутаг орших болно
Шашны олон тойн, хуврагууд минь ээ
Маани, мэгзэмийг амны уншлага болгон
Оточ, Дарь эх хийгээд Цагаан шүхэртийн
Хариулга уншлага хийх хэрэгтэй
Эргэл мөргөлийг цаг үргэлж хий
Ялангуяа бичин жилийн
Цагаан сарын шинийн нэгнээс эхлэн
Долдугаар сар хүртэл шар, хар олон амьтан
Энэ номыг толилж айлдвал нэн сайн болой (15)
Муу явдлыг хариулах нь хөх даавуун дээр зурж
Гурвалжин эвхэж, гар, хөлийн тарнийг бичиж
Гар, хөлдөө зүүх аваас муу ёрыг ариутган дарах бий.
Найман сараас эхлэн манай Монголын (16)
Хамаг буян хишиг, цог хийморь эргэн сэргэж
Аливаа санасан сайн үйл дэлгэрнэ
Дээдийн жаргалаар жаргах болно
Тиймийн тулд лам гурван эрдэнэд сайн залбирахтун
Буян их хийхтүн
Ном их уншиж, эргэл хийвээс сайн болно.
Зарим нэгэн тайлал:
*-Бошгыг 1912 онд сонссон Богд хаан 1916 онд үүнийг лүндэн болгож бичүүлжээ.Богд хаан Ховдыг чөлөөлсний дараа тэнд байсан Чандмань эрдэнийг Баяр гүнээр авчруулж өөрийн болгосноор бошгыг сонсож, лүндэнгүүдийг бичүүлсэн гэдэг. “Ертөнцийг хэн эрхшээх вэ? буюу Чулууны домог”. (baatarhuyag.niitlelch.mn/content/2178.shtml-оос үзнэ үү!)
1-“Дамжиг бүү сана” гэдэг нь дам үг, жигтэй хэрэг гэж бүү гайх
2-“Муу дайсан” гэгч Хүн нар болой. Эртний хятад түүхэнд Хүн нарыг “муу дайсан, муу хулгай” гэж ингэж бичнэ, үүнийг эртний лүндэн гэдгийг тооцвол бас ойлгож болох нэр мэт. Зүүн хойд зүгт гэх нь хүрээнээс зүүн хойд зүгт байгаа Ноён уулын чиг таарч байна.
3-Ноён уулын зүүн суганд буй Гацууртын шороон ордыг ухаж ашигласан нь “газар цөмөрч хагарсан” гэсэн утга болой.
4- Дурдсан “өөрөө бүтсэн” амьтас нь Хүн нарын шарилын дотор буй хүн хийгээд эд зүйлсийг дүрсэлсэн утга байна. Орчин цагийн хэллэгээр бол археологийн олдворууд юм уу даа. Үүнийг сүйтгүүлж болзошгүй гэхдээ ухаад үзвэл мэдэгдэх биз ээ. Тэд “хятадуудыг барьж идмүй” гэх нь ухвал тэнд ажиллагчдад муу хараал хүртэн хөнөөнө гэсэн утга бололтой. Хуучин үгэнд хар, шар хятад гэж харийнхныг хэлнэ.
5-“Хятад тоорцог, улаан бүрх малгай бүү өмс” гэдэг нь Монголчууд гадаадад хийсэн улаан дуулга, каскан малгай өмсөж бүү ухалц гэсэн санаа байх.
6-“Хонь бичин жилийн 4 сарын шинийн 3, 4-нөөс Хятадтай бүү хэлэлц олны үг тархваас барьж идэх” гэсэн нь өнгөрсөн хонь жил ч, энэ жил ч гадыхантай хэлэлцээд амжилт олохгүй гэсэн үг бололтой. Өнөөгийн байдлаас харвал. 4 сарын 4-нөөс хойш хаашдаа ухаж эхлэх ба Монголчууд өөрсдөө хэлэлцэн нэгнээ татан авбаас ухагч харийнханд муу хүртээл ёсоор болно гэсэн санаа болов уу?
7-Тариа иддэг гуулин хорхой тариа хишиг олныг тараа гэдэг нь “Тариалангийн комбайнтай хүн олонд нүглээ наманчилж хишиг тараа гэсэн үг гэж ухав.
8-Хонь бичин жил гэгч энэ жилийг хэлж байна. Хонин жил дуусч бичин жил эхэлж байна. Хавар хур ихтэй болох төлөв заажээ.
9-Лам нарыг бусад монголчуудаа бүү гадуурх гэж захисан байна.
10- Шинэ Засгийн газар 4 сард бүрэлдэж дуусах...?
11-Манж гэж хийдийн шавь бандийг хэлнэ
12-Оросод хортой архи гарсныг хэлсэн ба хямд архи бүү уу гэж анхааруулжээ.
13-Ахиж бүү хэлэлц гэсэн сар өдөртэй таарч байна. Олон төмөр хөлөгтэй, хамгаалагчтай зочид ирэх бололтой.
14-Өнгөрсөн зун Төвдийн Дашлхүмбээр дайрч Кайласын нуурын тахилгад оролцох зуур уулзсан ламын хэлдгээр...
14- Өнгөрсөн жилийн наадмаар Орос талаас ямар нэг болсон бололтой. Эсвэл солир унаж, түймэр ассан байж магадгүй, үүнийг магадлана уу?
15-Лүндэнд заасан ёсоор үүнийг тараалаа.
16-АСЕМ дууссанаас хойш...
Богд Жавзандамба хутагтын ийм нэг лүндэн байна. Үг үсгийг огт өөрчлөлгүй заримыг өөрийн ойлгосон хэрээр тайлбарыг зүүж Та бүхэнд толилуулж байна.
Жилийг хуучнаар, харин сар өдрийг хэрхэн тодорхойлохыг дараах байдлаар тооцвол зөв болов уу? Олноо өргөгдсөний зургаан сарын 15 бол Европын долоон сарын 19 юм. Үүний учир нь “МонЦаМэ” агентлагийг байгуулсан Засгийн газрын тогтоолд ингэж бичсэн байна. 6 сар 30 хоногтой тул 34 хоногийн зөрүүгээр тооцож болно. Эсбөгөөс лүндэнд хэрхэн буулгасныг ёстой тэнгэрийн бошго мэднэ. Барим тавим огноотой юмыг би ямар өөрчлөлтэй биш.
Яахав дээ, цагийн эрхээр “Ноён” уулыг ухаж болох ч лүндэнд ингэж бичсэн гээд мухар сүсэгт автан гар хумхин суух нь сайн зүйл биш ээ. Гэхдээ хуучны лүндэн бошго ухаж байтал ийм сонирхолтой лүндэн таарсанд зохих тайлбартай хүргэхгүй байж чадсангүй. Наад зах нь сонирхолтой биз дээ?
Мэдсээр хүргэлгүй дарваас өөрт муу болуузай гэж болгоомжилсон аминч сэтгэлийн айдас бас бий. “Аливаа хүмүүн эдгээрийг худал явдал хэмээн санаж хэлбэл хамар амнаас нь цус гарч үхмой” гэсэн байх тул газруу ухахыг улайран зүтгэгч “монголоо алдсан” нэгэн твийтэрт тэгж хэлэхийн дараа сонжиж үзвэл ямар бол гэх сониуч бодол бас төрөв. Муу ёр байгаадаа, адилхан монгол байж... Хэрэв ес хувилж тараахгүй бол яана гэпдэг билээ, нэг балай захианаас л арай л ондоо юм шиг санагдаад байгаа юм даа. Бас аргаа барсан энэ тэр бодол алга, үйл бүхэн үртэй болохоор муу хүртээл тохиосон тохиогоогүй жам ёсыг хэн өөрчлөх билээ?
Би өөрөө нэг их шашин энэ тэр шүтэж гэж сүйд болдоггүй л дээ. Гэхдээ хүнтэй ярьж суухад л лүндэнгийн сэдэв орж ирж, номын сангаа ухахад олдож, шүүн үзэхэд таарч байхыг бодвол тэгэх ёстой юм байлгүй дээ. Харин элдэв батлагдсан бошго лүндэн, далд нууцын тайлал сэлттэй холбоотой аливааг сонирхож, тархи оюунаа баясгах интэй болсон нь үнэн. Чухам тиймээс найз Магнайн хамт Төвөдийг зорьсон маань нэг талаас юм үзэж нүд тайлах аялал, нөгөө талаас дотор сэтгэлдээ нуун боосон “Шамбалын эрэл” байсан юм даг. Энгийн хүнд аялал нь чухал гэж тэмдэглэлээ бичсэн, харин эргүү хүнд үг дуулгаж болохгүй тул зцувралын зургаа дахь “Шамбалын эрэл”-д компьютерт хадгалаастай байж л байна. Харин сонирхогч, мэдсэн хүнд их л гайхалтай байгаа бололтой.
Бид өөрийн эрт эдүгээн арвин баялаг гайхам сантай улс аа. Алтыг байг гэхэд өрнө дахинаар дамжин дэлхийг гайхуулагч Ванга, Нострадамус, Мессинг нартай эн зэрэгцэхүйц ирээдүйг үзүүлсэн эш, бошгыг арвин өвтэй юм шүү. Гагцхүү түүнийг тайлах нь Нострадамусын цэнтурийн түгжээг тайлахтай адил хүнд хэцүү болсны учир нь бид соёл түүхээсээ холдож, монголоо алдаж буйнх.
Наад зах нь бичиг үсгээ гүйцэд мэдэхгүй, цаг тооллоо зөв тоолж чадахгүй, далд утга байтугай ил цагаан утгыг ч ухаарч мэдэхээ больтлоо мэнэрэн мангуурсан ба харийн юм бол зуланд шатагч эрвээхэй мэт шунан зүтгэж, өөрийн юмныг сэг зэм үзсэн үхэр мэт сэжин, самарч, уухиран муулах сэтгэлтэй болжээ.
Энэ лүндэнг хайвал Л.Түдэв гуайн эмхэтгэж, хоёронтоо хэвлэсэн “Богдын лүндэн” ном ба Бурханч Г.Пүрэвбатын эмхэтгэсэн “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд” номд бий. Түүнийг харж айдсаа дарж болно шүү. Харин үүнийг монголчууд уншаад ийм гэх л байх, нөгөө Канадуудад орчуулаад уншуулаад үзвэл гэх адбиш хүсэл төрөх. Ээ, алтаар урс гэж...
Зочин
Зочин
leo_mgl
Gan
sfv
Зочин
Зочин
erdemee
зочин
Зочин
Ганбат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Сэр
Сэр
Сэр
Зочин
Зочин
Зочин
Б.Есvхэй
Б.Есvхэй
Б.Есvхэй
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch