Хулсны сүүдэр шатан дээр бүжиглэвч
Агаарт тоос босох нь үгүй.
Сарны гэрэл нуурын гүнд нэвтрэвч
Ус нь дөлгөөн хэвээр.

Зэн үг  

- Оюун ухаан, эгогийн хүлээснээс гарахыг арш нар сургадаг. Гэвч нийгэмд оюун ухаан, эгогүй амьдаръя гэвэл дэндүү хэцүү биш үү?

- “Эгогоос ангижир, оюунаас гэтэл” гэж арш нар хэлэхдээ оюун ухааныг огт хэрэглэж болохгүй гэсэн утгаар хэлдэггүй. Чухамдаа оюун ухаанд уягдахаа больсон үед л түүнийг зүй ёсоор, илүү чадварлагаар ашиглаж чадна. Уялдаж зууралдахад үрэгддэг эрчим хүч сулардаг болохоор тэр. Хоногийн хорин дөрвөн цагийн турш оюун ухаантай зууралдах хэрэггүй. Оюунд ч гэсэн амралт хэрэгтэй. Амьгүй эд хэрэгсэлд ч амралт хэрэгтэй шүү дээ. Мод, төмөр ч бай ядарч туйлддаг. Тэгвэл оюун ухаан шиг нарийн механизмын хувьд ямар байх нь ойлгомжтой. Энэ бол ертөнц дээрх хамгийн нарийн механизм. Энэ бяцхан гавал дотроо чи хүний бүтээсэн ямар ч цахим машинтай харьцуулшгүй биокомпьютер тээж яваа. Ганц хүний тархи дэлхийн бүх номын санг багтаагаад зогсохгүй цаана нь илүүг агуулах зай үлдэнэ гэж эрдэмтэд хэлдэг. Гэвч түүнийг та нар дэндүү үрэлгэн, утга учиргүй ажиллуулдаг. Хэрхэн унтраахаа мартчихсан явдаг. Дал, наян жил тасралтгүй дүнгэнэсээр тартагтаа тулдаг. Хүмүүс оюунлаг сэхээгээ алддаг нь ийм учиртай. Хэрэв оюун ухаанаа амрааж, өдөрт хэдэн цаг хөндийрч чаддаг байх юм бол тэрээр тэнхэрч, залуужиж, улам хурц сэргэлэн болно.

Оюун ухааныг ашиглах хэрэггүй гэж би хэлдэггүй. Харин оюун ухаандаа битгий ашиглуул гэж хэлдэг. Яг одоо бол оюун ухаан чинь эзэн, чи өөрөө боол байна. Өөрийгөө оюун ухаан, бие цогц төдийгөөр бодох юм бол боол болж байгаа нь тэр. Чи бол тэдгээр үзэгдэл юмсаас хэтийдсэн сүнслэг ухамсар. Бясалгал чамайг эзэн, оюуныг чинь албат болгоно. Оюун ухаан эзэн болох юм бол аюултай. Тэр чинь зүгээр л машин шүү дээ. Машиныг эзэн бус, эд хэрэгсэл утгаар ашиглах учиртай. Тэгж чадвал оюун ухаан үнэхээр хэрэгтэй зэмсэг.

Эгогийн хувьд ч адилхан. Түүнтэй битгий ижилс. Тэгээ л гүйцээ. Өөрийгөө бүхэл оршихуйн хувь хэсэг бөгөөд түүнээс ангид биш гэдгийг санаж бай. Энэ нь танай гэрээс хүн хулгай хийж байхад зүгээр хараад сууна гэсэн үг биш. Халааснаас чинь мөнгө суйлж байхад өөрийн гараас ялгаа юу байна гээд хэнэггүй загнахын нэр биш. Харьцангуй төлөвт харьцангуй л бай. Харин яаж амарч тавирахаа бүү март. Бүхлийн хувь хэсэг гэдгээ сэхээрсэн цагт чи оршихуйд уусан хайлж чадна. Түүний үр дүнд шинээр төрж, эргээд хүүхэд болж, эрч хүч, баяр жаргалаар дүүрнэ.

Эго-г нийгмийн харилцаанд хэрэгсэл маягаар ашигла. “Би” гэдэг үгийг хэрэглэхгүй бол яаж энэ хорвоод амьдрах вэ? Гэхдээ энэ бол үг төдийхөн гэдгийг санаж яв. Хорвоод ирсэн хойноо хүн нэр зүүдэг. Энэ дэлхийд ганцаараа байсан бол нэрээр ч яах билээ. “Би” байхын тулд “чи” байх хэрэгтэй. Бусадтай харьцаж байж л “би” утгатай болдог. Тиймээс намайг ташаа ойлгох хэрэггүй. Эго-г ашигла. Гэхдээ гутал, хувцас, шүхэр хэрэглэдэг шигээ хэрэглэ. Бороо орж байхад шүхэр хэрэгтэй. Утга учиргүй цаг үргэлж барьж яваад яах вэ. Зүүдэнд бороо орж магадгүй гээд орондоо шүхэр авч орох хэрэггүй. Хэрэгтэй үедээ хэрэглээд, хэрэггүй үед далд хийчиж сурахыг “үл ижилсэх” гэж байгаа юм. Гутал, хувцас шиг тэр бүхэн эд хэрэгсэл болохоос үнэмлэхүй үнэн биш шүү.

Би та нартай ярилцах үедээ оюун ухаанаа хэрэглэдэг. Хэрэглэхээс ч аргагүй. Гэвч өрөөндөө орох үедээ түүнийг тайлж, цэлмэг хоосон болдог. Хүмүүстэй харьцахдаа үг хэлийг хэрэглэнэ. Өөртэйгөө байхад үг хэлний хэрэг юун?  Нам жимхэн дотоод ахуйдаа уусна. Ямар ч асуулт, хариулт хөврөхгүй. Энэ бол ухамсрын ондоо төлөв. Бие цогц, оюун ухаан, эго, үг хэл гээд бүх юмсыг ашиглаж болно. Гэхдээ “Эзэн байх” гэсэн ганцхан болзолтой. Тэр нь хувьсан өөрчлөгдөх юмс үзэгдэл өөрийн огторгуй чанарт үл нялзахыг ажиглан гэрчлэх ухамсар юм. Тэгж гэмээнэ хорвоод мөртлөө хорвоогоос хэтийдсэн амьдралыг амтална.

 

Амьдрал гуниг биш

 - Ошо, амьдрал надад маш уйтгартай байна. Би юу хийх ёстой вэ?

 - Чи хэдийнэ дэндүү ихийг хийчихсэн байна. Амьдрал хэмээх ийм тансаг бүжиг цэнгүүнийг уй гунигт урвуулжээ. Энэ бол ид шид. Илүү юу хийж амжих вэ. Мунхаглал (ignorance) бол ажиггүй, хайхрамжгүй (ignore) –н утга гэж өмнө хэлсэн. Чи шувуудыг, моддыг, цэцэгсийг, хүмүүсийг хайхарч анзаардаггүй юмсанж. Түүнээс биш харж л чадах юм бол амьдрал зогсолтгүй инээж баясмаар наадам. Гаднаа биш ч, дотроо чи хөхөрсөөр явна. Амьдрал уйтгартай биш, оюун ухаан л уйтгартай. Цагаан хэрэм шиг лут бат оюун ухааны хэрмээр бид өөрсдийгөө хашаалдаг. Амьдрал тийшээ нэвтрэх хориотой. Энэ шоронгийн ханан дундаа чи элин халих шувуудыг үзэхгүй, эрхис наадах тэнгэрийг харахгүй. Тийм хойно амьдрал уйтгар гуниг л санагдаж таараа.

Чи буруу орон зайд, буруу үзэл бодол дунд амьдарч байна. Магадгүй шашин номын ягшмал үзэлд автаж, мэдлэгт баригдсан буйза. Хэт их мэдлэгтэй хүн л ийм үгсийн уйтан шоронд ордог. Эргэн тойрон хоосон амьгүй үг л хүрээлэхээс, бодит амьдрал харагдахгүй. Мэдлэг бол амьдралыг хүртэхүйн саад. Мэдлэгээ хойш тавь. Хоосон тунгалаг нүдээр харах юм бол амьдрал үргэлжийн сюрприз. Би аль нэгэн диваажингийн тухай яриагүй. Ердийн амьдрал өөрөө ер бусын. Хүүхэд уйлах, нохой хуцах, тогос бүжих... аар саархан тохиолоос ч Бурханы оршихуйг нээж болно. Гэвч мэдлэгийн хөлхөнд бүрхэгдсэн болохоор чи түүнийг харж чадахгүй байна. Оюун ухаанаар амьдардаг хүн хамгийн ядуу хүн. Оюунаас хальж, сэтгэлийн хаалга цонхоо нээсэн хүн ертөнц дээр хамгийн баян хүн.

Гэхдээ энэ ганц чиний амсуур биш. Дийлэнх хүн өөртэй чинь санал нийлнэ. Тэд хаанаас ч бишрэм сайхныг олж хардаггүй. Амьдрал хэзээ ч давтагдахгүй, агшин хором бүр нь шинэ сюрприз байхад шүү. Тийм гайхамшигтай яаж харьцахгүй байж чадна вэ? Харьцаж хавьтахгүй байх ганц л зам бий: Өнгөрсөнтэй зууралдах, мэдлэгтээ уягдах, ой санамж, оюун ухаандаа хашигдах. Тэгснээрээ л энд-одоог алдаж байгаа юм. Одоо цагтаа орших юм бол чи хэзээ ч уйтгарлахгүй. Эргэн тойрноо жаахан хүүхэд шигээр хар л даа. Эргээд хүүхэд бол! Энэ бол бясалгалын утга учир: Эргээд хүүхэд болох, эргээд Үл мэдэх болох, эргээд цагаан цайлган болох. Тийм учраас Багш “Мэдэхгүй нь хамгийн ойрхон” гэж хэлжээ.

Амьдралд ойрхон байх, элгэмсүү байх, амраглангуй байхыг чи мартсан аж. Мэдлэг хана хэрэм болдог бол цайлган чанар гүүр болдог юм. Хүүхэд шиг хараад эхэл. Далайн эрэгт очоод хүүхэд шиг хясаа түү. Хясаа түүж буй хүүхдийг хараарай. Очир алмааз олсон шиг хөөрөн баясч байгаа. Элсэн дээр шилтгээн барин наадаж суугаа жаалыг аж. Сүндэрлэх шилтгээнээс нь өөр юу ч түүнд чухал биш. Эрвээхэй хөөцөлдөж буй хүүхдийг хар. Өөрөө эргээд хүүхэд болж, хясаа түүж, элсэн шилтгээн барьж, эрвээхэй хөөж гүйгээд үз. Мэдлэгээр бүү амьдар. Үнэндээ чи юу ч мэдэхгүй. Чиний мэдэж байгаа бүхэн зүгээр л тухай, тухай, бас дахин тухай. Үнэхээр мэдэх, ойлгох цагт уй гуниг замхардаг. Уйтгар гуниг мэдлэгтэй л оршиж чадна, мэдэхүйтэй оршиж чадахгүй.

Дахин сануулъя: Би та нарт тэртээх диваажин, тэнгэрийн орон яриагүй. Энэ амьдралыг л ярьж байна. Жаахан цэлмүүн, жаахан цайлган нүдээр харах юм бол амьдрал үнэхээр хөгжилтэй шүү.

Эх сурвалж: Talks on Zen Ah, This! by Osho.