Зохиолч Л.Ванган, найруулагч Д.Жигжид нар тэр нэг сюжетээр монголын ард түмнээ доромжилсон гэж би үздэггүй. Яг байсан байдал нь, магадгүй 1960-аад оны эхээрх байсан байдал нь, түүнд эгдүүцэхдээ кино зохиол болгоод буулгачихсан хэрэг. Харин эдүгээ энэ байдал бүрэн илааршсан уу, яасан бэ гэдэгт хариултыг уншигч Та өөрөө эргэцүүл. Илааршаагүй бол илааршуул, хүчээр эдгээ!

Манай урлагийн алтан үеийнхний бүтээсэн, 54 жилийн тэртээх тэр кинонд ийм нэг яриа гардаг даа:

Герман профессор, түүний хэлмэрч Макс, газарчин Чимэд нар 1921 оны хаврын хавсрагатай өдөр хээр шуурганд төөрч будилан явсаар майхандаа ирж байна.

-    Энд ямар сайхан юм бэ? Өнөөдөр их хүйтэн байна шүү.
-    Тийм байна. Чимээд “Гүүд”, “Гүүд” (эрхий долоовор хуруугаараа “ОK” гэж дохив)
-    Юу гэнээ?
-    Чимээд “Сайн”, “Сайн”.
-    Бас л эрдэнийн чулуу юу?
-    Чамайг чулуунаас илүү зоригтой сайн хүн гэж байна.
-    За яршиг даа. За тэр хөгжим дугаргах маань ч яамай. Та нар одоо Шагдар гуайн тэмээг яая гэж бодож байна даа?



Зэргэлдээх майханд герман геологчдын арын албанд яваа хоёр монгол өвгөн ярьж байна.

-    Чи унтаж байна уу?
-    Үгүй ээ, үгүй.
-    Цаадуул чинь нөгөө хайрцгаа л дугаргаад эхлэх шив дээ?
-    Тэгэх шиг л бололтой.
-    Эд нар маань өнөөдөр яагаад ингэж оройтож ирээ юм бол?
-    Харин ээ. Еэ хайрхаан, тэнгэр маань нэг хэсэг айхтар ширүүсвээ дээ?
-    Үгүй ээ, өнөөдрийн Хүрээнээс ирсэн бичгийг нь аваачаад өгөх үү?
-    Өө за унтая даа, маргааш л болъё.
-    Чулуу түүх гэж ингэж түвэг удаж явдаг улс байх гэж, хамаг мөнгө хөрөнгөө бараад л.
-    Лус савдагийн хорлолоор л хүн ийм болчихдог юм байх даа? Энэ золигууд л зад барьж байгаа байх шүү. Тэнгэр ер өөдлөхөө болилоо.



Герман геологчдын майханд ийм яриа өрнөв. Чимэд бүхлээрээ газар унтаж байна.
 
-    Энэ монголчууд мөн хачин улс юм даа. Хүнд гэмгүй тусархаг, хүний чанараараа мөн ч сайн улс юм байна шүү. Эсвэл нэрлэхүү ч улс юм уу?
-    Ер нь монголчууд хүний өөрийнгүй их зочломтгой гэдэг юм.
-    Би эднийг анхандаа нэг их мөнгө авах гээд шунаад байна гэж бодсон, тэгсэн чинь биш ээ.
-    Эд юм бүхнийг зоосны нүхээр харж сураагүй нь гайхалтай.
-    Харин тийм, их гайхалтай. Тэгээд энэ амьдарч байгаагий нь хараач. Би заримдаа дотроо эднийг их өрөвдөх юм. Эдэнд малынх нь мах, арьс, сүү гурав байвал өөр шаардагдах юм алга. Хүн нь малнаасаа тун ч бага ялгаатай гээч. Ялгаа нь гэвэл малынх нь арьсны үс гадагшаа харсан. Эдний өмссөн хувцасны үс дотогшоо харсанд л байна.
-    Их л зориг тэсвэртэй улс гэж бичсэн байдаг.
-    Тийм байсан гэх ул мөр даан ч алга даа. Одоо тэгээд энэ Монгол улс ч гэж дээ, ёстой хөгжсөн улсын дэргэд юу ч гэхэв дээ. Мохож гүйцэж л дээ. Ганцхан газрын баялаг ихтэй нь тун сайхан юм даа.
-    Харин яагаав, талбай ихтэй, нэг сэхэж сэргээд авах юм бол ч хөгжиж болох орон шүү.
-    Хөгжихдөө ч мөн хол байнаа даа. Хүн ам нь цөөнтэй, эднийг өөд нь татаад улсыг нь улс болгож, хүнийг нь хүн шиг амьдралтай болгоё гэвэл лав 100 жилийн идэвхтэй ажил хэрэгтэй. Идэвхтэй шүү.
-    Яана гэнээ? Арай ч урт байнаа.
-    Урт гэнээ? Чи хар л даа. Малнаасаа ялгаа нь юу байна? (Чимэд рүү заав)
-    Энэ бол юу ч хийж, юу ч сурч чадах, сайхан сэтгэлтэй, сэргэлэн эр дээ.
-    Юуны өмнө эдний зүрхэнд үндэсний үзлийнх нь галыг ноцоож өгөх хэрэгтэй. Нүднийх нь харцыг хурц болгож өгөх хэрэгтэй. Чи ч ойлгохгүй л байгаа байх аа даа.
-    Би ойлгож байнаа. Юу гэвэл Та бид хоёр Германы нэртэй том пүүсний өмнөөс эдний нөөцийг сорох гэж явахад энэ улс биднийг тэмээнийхээ нүд шиг амгалан зөөлөн нүдээрээ харж зочлож байгаагий нь, өрөвдмөөр шүү.
-    Макс аа, энэ юу гээд байгаа юм бэ? Намайг л гоочлоод байна уу? (Чимэд уурлах янзтай)
-    Чимэд ээ, би чамд дараа цөмийг нь ярина. Чи унт унт.
Маргааш нь гадаа тэмээн зэлэн дээр яриа өрнөж байна. Чимэд их л ууртай, гомдолтой байна.
-    Тэгээд тэр чулуун зэвсэг, зэрлэг улс гэдэг чинь бид юм биз дээ? Монголчууд малтайгаа адилхан гэнээ?
-    Чимэд ээ, чи битгий уурла. Сайн санаагаар тэгж хэлсэн юм.
-    Төр улсыг хүн ардтай нь доромжилж байдаг сайн санаа гэж би дуулаагүй юм байна.
-    Жишээ нь чи ямар байна? (Макс Чимэдийг ятгаж байна)
-    Би яагаав?
-    Хамгийн наад зах нь чи өөрийнхөө улсын бичиг үсгийг мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхэд харин би?
-    Миний бичиг эрдэмгүй байх манай төр улсад ямар хамаатай юм бэ?
-    Их хамаатай. Бидний түүж байгаа энэ чулуу хүдэр хаанахын баялаг вэ?
-    Энэ үү? Хангай дэлхийн л баялаг...