Анхны яруу найргийн түүврээ гаргалаа!

"Нэпко" хэвлэлийн газрын орчуулагч, редактор Э.Цогзолмаа өөрийн анхны яруу найргийн түүврээ уншигч танаа өргөн барьж байна.  70 гаруй шилдэг шүлгийг багтаасан энэ түүвэр нь кино, хөгжмийн уянгатай хослон, уншигчдад өвөрмөц мэдрэмж төрүүлнэ.

 “Шөнийн гүн, таг дуугүй” хэмээх энэ бүтээл хоёр бүлгээс бүрджээ:

1. Өдрүүд”, Wong Kar-Wai, Days of Being Wild (1990), 梅林茂 – In the Mood for Love – Yumeji’s Theme

2. “Шөнө дундын шүлгүүд” , Kim Ki-duk, Dream, Tomaso Albinoni – Adagio,  Sarah Brightman, Noa Dori – Anytime, Anywhere


Хорин тавны хавар-

Хөл холговч алхах,

Хэл загатнавч хүлхэх,

Тэвчээр.

Нүд хатгавч үл далдирах

Сэтгэл цөхөрч, сэдрэвч үүрээд амьдрах,

Амьдрах, амьд явахын тусдаа, тусгаарыг ухах.


Залуу нас минь энд хатаж

Өсгөлүүн зүрх сэтгэлдээ өстнөө ч багтаах,

Өшиглүүлсэн, нулимуулсан бүхнээ өрөвдөхөд суралцаж-

Өвдлөө, өсөрхлөө, өрөөлийг танилаа

Өөдрөг үзэлтэн л болсонгүй.


Өгөр, балчир намагтаа живэгч

Өтгөн шинхэгтээ хутгалдагч

Бялдууч, бяр тэнхээ, зориг зүрхгүй баатруудаас ангид

Баруунаас мандагч нар л боллоо, өөртөө.


Өртөө бүр дээр өрвөлзөгч, тархиа хушга мэт ухуулан идүүлэгч

Өчүүхэн амьтас таарах вий.

Тэд бол өвөг эцгээсээ оптивизм, ленинизм, орос-изм

Олдсон арчдасаа судас мэдрэлдээ шахуулсаар нэгэнт алдуурсан

Шарх сорви, шаналгаат инээд

Шөнийн зугаа, хүсэл сонирхол юм.


Ай хөөрхийс өө!

Амьдарсаар л бай!

Аав чинь бүрлээч, ээж чинь ч бүрлээч, амь бөх яв!

Аврал чинь аль эртний бурхан төдий Адисалж, сүсэлж яв!





*********************************************

Эцэст нь бүх өвдөлтийг тэвчиж сурлаа гэтэл 

Энэ амьдралд минь ахиад л, шинэ доройтол хэрэгтэй боллоо 

Эмгэнэж суртлаа, зовох юм шүү! 


Цөхрөл минь даанч, цөхрөл биш 

Сөс минь даанч, сөс биш 

Зүсээ арилтал амьдрах юм шүү! 


Босож сууна, гэмшинэ, мэгшинэ. 

Байж түвдэх газаргүй болсондоо л 

Ой ухаанаа галзууралд бүрэн тавиад туучихгүйн тулд 

Одоо ядаж ганц шөнө сар гарахыг харахын тулд ч юм уу? 

Зүрх одоохон цээжний арьсыг яраад чинэрсэн улаан юм гараад ирэх шиг 

Сэтгэл яг л хамаг судсыг минь гогдож 

Сэртхийлгэхээс өмнө 

Нүдээ тас аньж, шүдээ зуугаад үүнийг бичлээ.