“Оюутолгой”-д орж ирэх зээл аз уу, эз үү?!
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд өнөөдөр нэгэн “баярын” өдөр. Түүний Засгийн газрын бодлого өнгөрсөн хугацаанд ердөө гурван субьектэд үйлчилсний нэг нь Рио Тинто гэж манай сайт өчигдөрхэн бичсэн бол өнөөдөр яах аргагүй манай хамтрагч Рио Тинтод хамаарах ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд оролцож байна.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд өнөөдөр нэгэн “баярын” өдөр. Түүний Засгийн газрын бодлого өнгөрсөн хугацаанд ердөө гурван субьектэд үйлчилсний нэг нь Рио Тинто гэж манай сайт өчигдөрхэн бичсэн бол өнөөдөр яах аргагүй манай хамтрагч Рио Тинтод хамаарах ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд оролцож байна.
Зөвхөн Ч.Сайханбилэгийн ч биш 2009 оноос хойшхи, үүнээс цаашхи бүхий л Засгийн газар Оюутолгойн ордыг Рио Тинтотой хамтран эзэмших нь тодорхой юм. Энэ утгаараа Риогийн эрх ашиг манай Засгийн газрын эрх ашигтай давхцаж байгаа учраас түүнтэй үг хэлээ олохыг эрмэлзэхээс ч өөр аргагүй байдаг бизээ.
Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь руу бид зөвхөн далд уурхайгаар дамжин хүрэх ба Хьюго Норт-1 хэмээх далд уурхайг байгуулахад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр авсны баярын ёслол өнөөдөр Улаанбаатар хотноо болно. Гацаад байсан төсөл урагшлахаар болж буй нь Засгийн газрын хувьд баяр мөн байх. Харин эдийн засгийн агуулгаар нь харвал энэ зээлтэй зөвхөн баяр дагалдан ирж байгаа гэвэл худал болно.
Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.
Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах зардалд өнөөдөр орж ирж буй 4.4 тэрбум ам.долларыг зориулах юм. Бусад далд уурхайг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй төдийгүй бусад далд уурхайг байгуулахад хэчнээн ам.доллар шаардлагатайг одоогоор хэн ч яриагүй байгаа гэхэд болно. Нэг удаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гишүүн С.Ганбаатарын асуултад хариулах үеэрээ “нийт 24 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж дуугарч байжээ.
Тэгвэл цаашид 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаас одоогийн байдлаар 10 тэрбум ам.долларыг нь зарцуулаад байна. Үүний 7 тэрбум ам.доллар нь бүтээн байгуулалтын зардал бол гурван тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал юм. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх 10 тэрбум ам.долларын зардлын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа юм. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л “Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байна.
Гарын үсэг зурах, ёслолын арга хэмжээ зохион байгуулж, оргилуун дарс буудуулах мэдээжийн хэрэг таатай боловч үүний цаана олон “зовлон” нүүрээ нууж байгаа юм. Үүнийг олон нийтээс булзааруулах, тэдэнд бодох зай үлдээхгүй байх нь Засгийн газрын PR-ийн зорилго. Яагаад?