“Хомын талын тахь” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат

Монгол Улсад 1992 оны зургаадугаар сарын 5-нд анхны 16 тахийг Европын амьтны хүрээлэнгүүдээс Төв аймгийн Хустайн нуруунд, мөн Говь-Алтай аймгийн Тахийн талд, харин 2004 онд Завхан аймгийн нутаг Хомын талд тээвэрлэж ирснээр “байгальд устсан” гэх ангилалд бүртгэгдсэн Пржевальскийн адуу буюу тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах нарийн төвөгтэй, нүсэр төслийн ажил эхэлсэн юм. Эдүгээ Хустайн байгалийн цогцолбор газарт 300 гаруй, Тахийн талд 300 шахам, Хомын талд 150 гаруй нийт 800 шахам тахь нутагшиж, Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай орон болжээ. Энэ бол гайхамшиг. Яагаад гэвэл том хөхтөн амьтныг гаршуулж, гэршүүлж байснаас бус ингэж байгальд тавьж зэрлэгшүүлж амжилттай нутагшуулсан түүх, туршлага бараг үгүй юм. 

Гэхдээ тахийн популяцын тоо толгой байгальд цааш бие даан амьдрах хэмжээнд хүрэх яагаа ч үгүй гэнэ. Ингэхэд монголчууд бид эх нутагтаа эргэн ирсэн тахийн талаар, энэ төслүүдийн талаар ер нь хэр мэдэх билээ. Хамгийн сүүлд 1969 онд Монголд харагдаад устаж мөхсөн тахь эргэн ирэхэд нь нулимстай, хадаг, сүүтэй тосож угтсан монголчууд бидний тэр их баяр хөөр хэвээрээ юү, үгүй юү? Эсвэл төр,засаг шигээ энэ түүхэн үйл явдалд анхаарал тавихаа мартчихсан байгаа бол эргэн сануулах үүднээс Хомын талд тахь сэргээн нутагшуулах, байгаль хамгаалах нэгдсэн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч ”Хомын талын тахь” ТББ-ын Гүйцэтгэх захирал, байгаль хамгаалагч, биологич Ц. Мөнхбаттай хийсэн ярилцлагаа толилуулж байна. Энэ намар Хомын талд тахь сэргээн нутагшуулсны 20 жилийн ой тохиож буй юм.

Юуны өмнө Танд болон танай баг, хамт олонд энэхүү өвөрмөц төсөл, хөтөлбөрийг анх гардан хэрэгжүүлж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Ингэхэд адуучин, тэмээчин, үхэрчин…гэдэг шиг тахь үржүүлж, өсгөж, арчилж, хамгаалж, судалж байдаг та нарыг тахьчин гэвэл зохилтой бус уу. Цаашдаа ингэж нэрлээд явж болох уу?

-За,баярлалаа. Та сонин асуулт тавьлаа. Үнэхээр л бидний ажил мэргэжлийн нэрийг тахьчин, тахь судлаач, тахьчин-байгаль хамгаалагч гэнэ л дээ. Монголд 1992 онд анх тахь сэргээн нутагшуулах болсон цагаас цоо шинээр бий болсон ажил мэргэжил мөн юм. Урьд нь зөвхөн байгаль хамгаалагч гэдэг байсан бол 1992 оноос хойш тахьчин-байгаль хамгаалагч гэсэн ажлын байр шинээр бий болжээ.

Тэгвэл өнөөдөр манай улсад ийм ажил мэргэжлийн хэдэн хүн байдаг бол. Тэднийг хаана бэлтгэдэг юм? Жишээ нь Та хэзээнээс тахьчин болж, тахьтай хувь заяа, ажил үйлсээ холбох болсон бэ?

-Хустайн байгалийн цогцолбор газар (ХБЦГ), Говийн Их Дархан Цаазат газар, манай Хомын талын байгалийн цогцолбор газарт (ХТБЦГ) яг тахьтай гардан ажиллаж байгаа 20-30 тахьчин байна. Тэднээс гадна тахь судлаач, байгаль хамгаалагч мэргэжилтнүүдийг олноор сургаж бэлтгэсэн байдаг. Миний тухайд МУИС-ийг биологич мэргэжлээр 1998 онд төгсөөд Хустайд тахь судлаачаар ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 20 шахам жил тахьтай “ноцолдож” явна даа. 2000 онд энэ төслийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч Францын талаас (Францын тахь хамгаалах холбоо) надад ажлын санал тавьснаар Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажилтай хувь заяа минь холбогджээ. Энэ хугацаанд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслүүд дээр ажиллахаас гадна хүрээлэн буй орчны менежментээр Австралид суралцаж төгссөн. Хомын талд 2004 оны есдүгээр сарын 5-нд Европоос нисэх онгоцоор тээвэрлэлт хийж анхны 12 тахь авчирсан юм.

Тэгэхлээр тахь нутагшуулах 3 дахь бүс нутгаар Хомын талыг яагаад сонгох болсон юм бэ гэдгээс яриагаа үргэлжлүүлье! Миний дуулж сонссоноор бол энэ талд аль социализмын үед Ази тивд хамгийн томд орох усжуулалтын системийг асар их мөнгө зарцуулж бариад ямар ч үр дүнгүй хөсөр орхиж хаяад, хожим тоногдоод дууссан гэдгээр нь мэдэх юм.

-Тийм ээ, тухайн үед асар их мөнгийг Хомын талд ямар ч үр дүнгүй цацсан төсөл байсан гэдэг л дээ. Гэхдээ та яагаад энэ асуултыг асууж байгааг би мэдэхгүй байна (инээв) Манай төсөл тэр төсөл шиг бүтэлгүйтээгүй л дээ. Ер нь Хомын тал бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт буюу Их нууруудын хотгорт оршдог, Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Бага нуур, Дөргөн нуур, Завхан гол, Тээлийн голоор хүрээлэгдсэн, ус намгархаг газруудтай, өмнө талаараа өндөр элсэн манхнуудаар хашигдсан байгалийн маш өвөрмөц тогтоцтой “арал” юм. Энэ өвөрмөц байдал нь ямар ч амьтны хувьд аюулгүй, таатай амьдрах орчин болдог. Магадгүй зарим амьтдын хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болно. Түүнчлэн эрт үеэсээ л тахь тархан байсан уугуул нутгийн нэг юм билээ. Цөлөрхөг хээрийн экосистем зонхилж, олон зүйл туруутан амьтдын тааваараа өсөж үржих, шилжин нүүх коридор нутаг болдгоороо онцлогтой. Энэ бүхэн мэдээж тахь нутагшуулахад тохирох хамгийн тэргүүн чухал шалтгаан байсан.

20 жил үргэлжилж байгаа энэ нүсэр төслийн үр дүнгийн талаар ярилцахаас өмнө анх яаж эхэлж байснаа эргэн дурсаач. Сонирхолтой санагдаад байна л даа? Уугуул нутагтаа анх ирээд тахь хэрхэн нутагшив?

-Францын мэргэжилтнүүд хов хоосон Хомын талд ирээд хамгийн түрүүнд нийт тойргоороо 50 км үргэлжлэх 14 мянган га талбайг хашсан тусгай хашааг босгосон юм. Монголд урьд өмнө зэрлэг амьтанд зориулсан, ийм том, нарны дэлгэцтэй, тэндээсээ гэрэл, цахилгаанаа гаргадаг нүсэр хашаа барихыг хараад монголчууд бид ёстой л соёлын “шооконд” орж байлаа шүү дээ. Ингээд Хомын талд тахь нутагшуулах хөтөлбөрийг Францын Тахь хамгаалах холбоо, Швейцарын МАVА сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж, 2004, 2005 онд нийт 22 тахь тээвэрлэн ирсэн. 2011 онд БНЧУ-ын Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэгээр дөрвөн тахь нэмж авчирсан юм. Байгальд нэгэнт устсан, дэлхийд нэн ховорт тооцогдох энэ амьтныг өсгөж үржүүлэх, амьдрах орчныг аюулгүй байлгах, хүн, малын сөрөг нөлөөллөөс хамгаалах нь онцгой чухал бөгөөд маш хэцүү, өдөр бүрийн анхаарал, үйл ажиллагаа шаардсан ажил байлаа шүү дээ. Одоо ч гэсэн ийм л байгаа. Эцсийн эцэст тахь маань амжилттай нутагшиж, онцгой дасан зохицож, өсөж үржсээр эдүгээ 150 гаруй тоо толгойд хүрээд байна. Хомын талд тахийг сэргээж нутагшуулах төсөл хөтөлбөрийг хариуцаж хэрэгжүүлэх зорилготой “Хомын талын тахь” ТББ маань 2014 онд байгуулагдсан юм. Би өөрөө энэ нутгийн, Дөрвөлжин сумын уугуул хүн учраас өсөж төрсөн нутагтаа, өөрийнхөө сурсан мэргэжлээр, ховор төслийг удирдан хэрэгжүүлж, өөрийнхөө дуртай ажлаа хийж яваа минь том хувь заяа хэмээн бэлгэшээж, баярлаж явдаг. Францчуудаас энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүргийг хүлээж аваад нэр төртэй гүйцэтгэж явна. Өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд Монгол Улсын төсвөөс сохор зоос ч авалгүй явж ирлээ. Сайн хамт олны хүч, хөдөлмөр, сэтгэл зүтгэл, гаднын тухайлбал, Францын тахь хамгаалах холбоо, хувь хүмүүсийн дэмжлэг, ивээн тэтгэлэг дээр л түшиглэж хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж ирлээ шүү дээ.

Пөөх, улсаас тэгээд ямар ч тусламж, дэмжлэггүйгээр энэ олон жил явж ирсэн гэхээр сонин санагдлаа. Төр, засгийн анхааралд байх ёстой чухал асуудал биш юм уу? Би л гэхэд тахь сэргээн нутагшуулах энэ төслүүдийг улсаас санхүүждэг гэж бодож иржээ.

-Тийм шүү. Төрөөс буюу төсвөөс нэг төгрөг ч авдаггүй гэдгээ хэлсэн. Манай Хомын талын төслийг үндэслэгч бол Швейцарын иргэн Люк Хоффман гэх шувуу судлаач, биологич мэргэжилтэй бас буяны үйлстэн байсан юм. Төслийн “загалмайлсан эцэг” гэж хэлж болно. Францад төслийг эхлүүлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд энэ хүний мөнгөөр л Хомын талд тахь нутагшлаа. Үнэхээр гайхамшигтай хүн л дээ. Анх Монголд тахь нутагшуулах зорилгоор 11 тахийг Европын амьтны хүрээлэнгүүдээс цуглуулж, Францад 400 га газар худалдан аваад тэр газартаа 10 жилийн хугацаанд хооронд нь ижилсүүлж дасган, нэг гэр бүл мэт болгосныхоо эцэст Монголд өөрийн зардлаар тээвэрлэж авч ирсэн юм. Өнөөг хүртэл ажилчин, албан хаагчдын цалин пүнлүүгээс эхлүүлээд, сургалт, судалгааны гээд ер нь гаргасан бүх зардлыг энэ хүн дааж ирсэн юм. 2016 онд бурхан болсон доо зайлуул. Дөрвөн хүүхдийнхээ нэрийн эхний үсгүүдийг оролцуулж “МAVA” хэмээн нэрлэсэн хөрөнгө оруулалтын сангаасаа энэ хугацаанд Монголд за бараг 20 гаруй сая доллар зарцуулсан байх шүү. Зөвхөн Монголд биш Африк, Европ, Азийн нэлээд улс оронд байгаль хамгааллын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хувиасаа санхүүжүүлж хэрэгжүүлсэн хүн. Эцгээсээ хойш том хүү Андрей Хоффманн ажлыг нь үргэлжлүүлж 2022 он хүртэл бидэнтэй хамт яваад сангаа татан буулгасан. Тэгэхдээ бас дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндийн нэг, цагны алдарт “ROLEX” фирмтэй биднийг холбож өгөөд, цаашаа биеэ даагаад яваарай гэсэн. Бид энэ төслийг Францчуудаас хүлээж авахдаа 5 жилийн дараагаас өөрөө өөрийгөө санхүүжүүлээд авч явж чаддаг болно гэж амласан. Тиймээс өөрийн орлогын эх үүсвэр бий болгох хэрэгтэй болж байгаа юм. Бидэнд өнөөг хүртэл тусалж ирсэн гаднын тэр олон сайхан хүмүүст итгэлийг нь монголчууд хөсөрдүүлэхгүй биелүүлж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй байна. Энэ чинь зөвхөн тахь сэргээн нутагшуулах төслөөр дамжуулаад дэлхийн анхааралд орсон Монголын нэр хүндтэй холбоотой асуудал. Монголд байгаль хамгааллын олон улсын байгууллага, сангууд их итгэдэг болж байна. Өө, монголчуудад тусалж болно, хөрөнгө оруулж болох юм гэсэн итгэлийг гадныханд төрүүлж байна гэдэг чинь л манай төслийнхний бахархал, бидний хамт олны 20 гаруй жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм даа.

Танай хамт олонд баярлахаас ч аргагүй юм байна. Миний бодлоор танайх шиг болон байгаль хамгааллын чиглэлийн төслүүдийг нийгэм, олон нийтийн анхааралд байлгаж, хүн бүрийн оролцоо дэмжлэгээр, бүр төрийн бодлогоор хэрэгжүүлэх баймаар юм. Энэ чинь өргөн утгаараа хүн төрөлхтний оршихуйн төлөөх үзэл баримтлал шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Дэлхийн улс орнууд, төр, засгуудын нэн тэргүүний анхаардаг асуудал, цаашдын зорилт нь байгаль орчны хамгаалал болчхоод байна. Ногоон эдийн засаг, экологийн боловсролыг дэлхийн улс орнууд ирээдүйн зорилтоо болгоод амжилттай хэрэгжүүлж байна. Манай улсын төр засаг ч гэсэн хүн төрөлхтний нийтлэг энэ хандлага руу бодлогоо чиглүүлж байгаа. Одоогоор Монгол Улсын нийт нутгийн 21,7 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Цаашдаа 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилготой. 2000 оноос эхэлсэн манай ажлын үр дүнд үндэслэн 2020 онд Хомын талын нийт 411,403.80 га талбайг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг төр, засгаас гаргасанд маш их баярладаг. Байгаль орчныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол газар нутгийг тусгай хамгаалалтад авах явдал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Тусгай хамгаалалтад авсан, хамгаалаагүй зөнгөөр нь орхисон газар хоёрын хооронд асар их ялгаа гардаг. Тэр нь жил ирэх тусам мэдрэгдэнэ, нүдэнд ил харагдана. Хамгаалалтад авсан газрын байгалийн унаган төрх хэрхэн сэргэж, ургамал, амьтны тоо, толгой өсөн нэмэгдэж байдгийг нутгийн иргэд маш сайн мэднэ. Зөвхөн хамгаалалтад аваад зогсохгүй тухайн газарт байгальд ээлтэй хөгжлийн бодлого, зохистой менежмент хэрэгжиж байдаг юм. Яг үнэндээ эргээд харахад Монголд тусгай хамгаалалтад авсан газрууд л уул уурхайн хөлд үрэгдэлгүй үлдэж байгаа биз дээ. Таны хэлдгээр төрийн бодлогоор хандахгүй бол болохгүй. Хомын талыг тусгай хамгаалалтад аваагүй бол ашигт малтмалын тусгай лиценз, алт хөтөлбөрийн хөлд үрэгдээд өнгөрөхөд тун ойрхон байсан юм шүү дээ. Анх бидний төслийг нутгийн ард түмэн шууд л дэмжээд явсан юм биш л дээ. Эсэргүүцэл маш их байлаа. Одоо ч эсэргүүцдэг, өдөөдөг хүмүүс байна. Гэхдээ ойлгож, дэмжиж, хамтран ажиллах иргэдийн тоо илүү давамгайлдаг болж байгаа шүү.

Яагаад эсэргүүцдэг юм бол?

-Мэдээж малын тодорхой бэлчээрийг хашаалан, тусгай хамгаалалтад оруулчихаар уурлаж, бухимдах хүмүүс гараад ирнэ. Адуу, малаа тахийн бэлчээр рүү шахаж тууна. Бид өмнөөс нь хөөнө. Хамгийн гол нь энэ нутагт ашигт малтмалын уурхай, лицензтэй нөхдүүд нутгийн иргэдийг өдөөж, турхираад байдаг юм. Энэ мэт зөрчил 20 жил болоход тасарсангүй. Зарим нь бүр “Бидний мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг юм шүү. Энэ хэдэн тахийг чинь ер нь яасан ч яадаг юм” энэ тэр гээд дайрна. Алтны уурхайнхныг айлгаж, мөнгө, энэ тэр аваад бүр сурчихсан буйлчихсан хүмүүс шал өөр зорилготой, мэргэжлийн “шантаажчид” ч байна. Ер нь тэгээд малын тоо толгойд анхаарсан бодлогогүй байх юм бол энэ замбараагүй их өсөж байгаа, чанаргүй мал сүргийн тоо хүн, байгалийн хоорондын зөрчлийг улам нэмэгдүүлж байна. Мал сүргийнхээ тоонд бус чанарт анхаарсан бодлого хэрэгжүүлэхгүй энэ хэвээрээ яваад байвал Монголд зэрлэг амьтан нэгээхэн ч үгүй болох өдөр ойрхон байна. Түүнээс гадна малын шүлхий, мялзан, боом гээд л гоц халдварт өвчин зэрлэг амьтанд халдварлах маш том эрсдэл байнга дагадаг. Зэрлэг амьтанд малын халдварт өвчин тусвал ёстой хиарна шүү дээ. 2017 онд халдварт өвчин, зуд хавсарсан өвлийн дараа Монголын бөхөнгийн тоо 15 мянгаас 3 мянга болтлоо үхэж цөөрснийг мартаагүй биз дээ. Ер нь бол тахийг шүтэж, хийморь лундаатайгаа холбодог, энэ төслийг хэрэгжүүлснээр шинээр орлоготой болж, сургалт хөтөлбөрт хамрагдаж, ажил амьдрал минь дээшилж, уул уурхайн аюулаас аврагдаж улсын тусгай хамгаалалтад орсон гээд манай нутаг тахь нутагшуулаад ёстой ёндоотой байна гэж халуун сэтгэлээр ханддаг масс нь дийлэнх байдаг л даа. Гэтэл тахь ямар ч ашиггүй, хүнс, мөнгө болдоггүй, бэлчээр булаагаад гэж дургүйцэх хүмүүс ч байна. Захын нэг айл л 100 адуутай байхад тэр нэг 100 гаруй тахийг ад үзэх хэрэг юу байхав дээ. Амин хувиа хичээсэн ийм цөөхөн хүмүүсийг нөгөө шантаажчингууд, зарим нэг дарга нар нь дэмжээд улс төр хийгээд явчихна. Тэгээд л орон нутгийн иргэд бүгдээрээ эсэргүүцээд байгаа юм шиг харагдуулна гээч.

Хомын талд тахь эргэн ирснээр, бүр тодруулбал энэ төсөл хэрэгжиж эхэлсэн 20 жилд Монголд тахийн тоо толгой өссөнөөс гадна, өөр ямар эерэг өөрчлөлт гарав?

-Сайхан асуулт байна. Байгаль хамгаалалд шүхэр зүйл гэдэг экологийн ойлголт, ухагдахуун байдаг. Тахь бол яг ийм шүхэр амьтан байгаа юм. Тахь нутагшуулж байгаа гурван газрын биологийн олон янз байдал хамгаалалтад багтаж, хүрээлэн буй орчны чанар сайжирснаар бүхий л амьтдын хувьд диваажин бий болгож байна. Өнөөдөр хөгжлийн нөлөөгөөр байгаль орчин шал өөр болчихсон байгааг та мэднэ шүү дээ. Үүний эсрэг, байгалийн унаган төрх шинжийг өөрчлөх хүчин зүйлсийг сааруулж байгаа үр дүнтэй ажлын нэг бол яах аргагүй тахь сэргээн нутагшуулах төслүүд юм. Жишээ нь Хомын талд тахь ирснээр энэ нутгийн экологи, нийгэм, эдийн засгийн гээд бүхий л үнэ цэн өсөж байгаа юм. Үнэ цэнтэй болохын хэрээр цаашид сайтар хамгаалах учиртай болж байна. Тахь нутагшуулах, байгаль хамгаалах төслийн маань амжилттай хэрэгжилт дэлхийд үнэлэгдэж, бахархал нь болж байна шүү дээ.

Монгол Улсын нэр хүнд байгаль хамгааллын салбарт илт өсөх боллоо. Энэ салбараас Монголд хөрөнгө оруулахыг хүссэн хөрөнгө оруулагчдад итгэл өгч байна. Олон улсын хэмжээнд ховор амьтныг сэргээн нутагшуулах олон төсөл амжилттай болж байгаагүй юм. Тэр тусмаа тахийг ОХУ, Казахстан, Хятадад сэргээн нутагшуулж байгаа ч тийм ч бүтэлтэй болоогүй л байна. Монголд хамгийн амжилттай хэрэгжиж байна шүү дээ. Хомын талаар жишээ авъя л даа. Тахь ирж, бүс нутгийг хамгаалалтад оруулснаар энд цагаан зээр, монгол бөхөн, хар сүүлт, янгир, зэрлэг гахай зэрэг нэн ховор зүйл амьтны тоо толгой илт өсөж байна. Маш олон зүйлийн шувууд үрждэг, дайран өнгөрдөг нүүдлийн зам нутаг болдог. Түүнчлэн Завхан гол дагуух зэрлэг чацаргана, бургасан ойн байгалийн нөхөн сэргэлтийг дэмжсэнээр эзлэх талбай 100 га-аас 1000 гаруй га болж тэлсэн. Одоо тахь болон бусад амьтад Завхан голоос ус уухад нь саад болохуйц тийм ширэнгэ шугуй болчхоод байна. Гадаад, дотоодын аялагч, жуулчид Хомын тал руу ирдэг болж байна. Энэ нутгийн экосистемийн үнэ цэнэ нэмэгдэж нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд эерэг нөлөө үзүүлж байна. Тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд орон нутгийнхан байгаль хамгаалагчдын сүлжээнд нэгдэж, эргүүл хяналт хийх, ойн нөөц баялгаа хамгаалах, мэдээлэл солилцох, экологийн мэдлэг боловсрол эзэмших зэргээр байгаль хамгаалах ажил үйлсэд идэвхтэй оролцож, тахийг ад үзэх бус харин үнэт зүйл хэмээн үзэх өөриймсөг хандлагатай болж байна.

Танай байгууллагаас орон нутгийн иргэдэд хандсан олон сургалтыг үнэ төлбөргүй хийдэг гэж сонссон. Тэр ч бүү хэл Дөрвөлжин сумын иргэд брэнд бүтээгдэхүүнтэй болж Европ, Францын зах зээлд гаргаж байгаа гэх юм?

-Тахийг сэргээн нутагшуулах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанаас гадна “Хомын талын тахь” ТББ маань орон нутгийнхаа иргэдийн амьжиргааг дэмжих, хөгжлийн ажлыг давхар хийдэг. Олон улсын байгууллага, хувь хүмүүсийн санхүүгийн дэмжлэгээр нутгийн иргэдэд сүү цагаан идээгээ боловсруулах, борлуулах, ноос, эсгий бүтээгдэхүүн хийх, гар урлалд сургах, нүүдлийн номын сан аялуулах, нөхөрлөл хоршоо байгуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, аялал жуулчлал эрхлэх гээд маш олон төрлийн сургалтыг тогтмол, уламжлал болгож хийдэг юм. Эсгий бүтээгдэхүүнийг нь Франц руу экспортод гаргахаас гадна Хомын талын торомны ноосыг Францын нэг үйлдвэрт тогтмол нийлүүлснээр “Хомын тал” нэртэй брэнд (алчуур) үйлдвэрлэж Францад нэг бүрийг нь 410-610 еврогоор борлуулж байгаа шүү дээ. Нэг хэсэг ямар ч үнэ цэнэ үгүй хаягдал болж байсан тэмээний ноос үнэд орж малчдын сэтгэлгээнд ямааны оронд тэмээ өсгөж, үржүүлэх нь дээр юм байна гэсэн сонирхол бий болгох зорилгоор үүнийг хийж байна. 2006 оноос эхлэн ургамал, амьтныг хамгаалах эко клубуудыг байгуулж, малчдын хүүхдүүдэд тогтмол сургалт явуулж байна. Ингэснээрээ байгальд ээлтэй, хайртай, сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлж байгаа юм. Жил бүр малчдын форум, хүүхдийн зуны сургалтыг Хомын талд хийж нутгийн иргэд идэвхтэй оролцдог болсон. Мөн 2022 онд олон улсын аялагчид, зочид гийчдийг хүлээн авах “ТАХЬ” эко жуулчны баазыг байгуулснаар ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Ёстой мундаг юм аа! Гардныхан бидний төлөө ийм их сэтгэл гаргаж, хөрөнгө мөнгөө ямар ч хариу нэхэхгүйгээр зарцуулж байхад манайхан бид өөрсдөө болж бүтэж байгаагаа шүүмжилж, доромжилж л суух юм даа гэсэн гашуун бодол төрж байна?

-Надад ч тийм бодол төрдөг. Гадны улс орнуудад жирийн иргэдээсээ эхлээд тэрбумтнууд нь байгаль хамгаалал, экологийн боловсролд хөрөнгө мөнгөө ёстой харамгүй зарцуулдаг юм. Тэд хүн төрөлхтөн, эх дэлхийнхээ ирээдүй, хойч үеийнхнийхээ төлөө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүн гүнзгий ухамсарлаж, ойлгож байна л даа. Манайд тийм хандлага, сэтгэлгээ, боловсрол тогтоогүй байна. Монголын хөрөнгөтэй хүмүүсээс чухам хэн нь байгаль хамгааллын төлөө мөнгө гаргаж байна вэ? Тийм ухамсартай хүн хараахан төрөөгүй ч юм уу мэдэхгүй. Монгол бол байгалийн асар их нөөц баялагтай орон. Эндээс маш их баяжсан, хөрөнгөжсөн хувь хүн, байгууллага, компаниуд бишгүй олон. Баяжиж хөрөнгөжсөнийхөө хэрээр байгалиа хамгаалдаг байх ёстой. Байгаль дэлхий чинь бидний амьдралын эх үүсвэр юм шүү дээ. Энэ эх үүсвэрийг таслахгүйн тулд мөнгө зарцуулах ёстой. Үндэс тасарвал амьдрал тасарна. Дэлхийн хандлага ердөө л энэ шүү дээ. Тэгээд харь орны иргэд Монголын төлөө, монголчуудын төлөө хамаг хөрөнгө мөнгөө зарцуулаад баярлалаа гэдэг үгийг ч сонсохгүй явж байна. Бид ийм хүйтэн, хөлдүү байж болохгүй. Люк Хофманн гэж тэр гайхамшигтай хүнд төр, засгаас ядаж баярлалаа гээд хэлчхэж чадахгүй байсаар үүрд буцаасанд нь маш их харамсдаг. Байгаль хамгаалал гэдэг тийм л хүмүүсийн нинжин сэтгэл дээр тогтдог юм билээ.

Үнэхээр харамсалтай юм аа. Тийм хүмүүст л гадных гэлтгүй нөгөө одон тэмдгээ ядаж харамлалгүй өгчхөж баймаар. Тахь сэргээн нутагшуулах төсөл гэхэд л Монголыг зөвхөн тахьтай болгоод зогсохгүй үнэлж үл болох тийм их үнэ цэнтэй зүйлсийг хүмүүсийн сэтгэлгээнд, амьдралд, хандлагад шинээр бий болгож чаджээ гэдгийг манай том дарга нарт ядаж ухааруулах сан даа!

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, богино хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо аль алиндаа байгаль хамгааллын асуудлыг чухалчилж оруулсанд нь баярладаг. Монгол Улс маань дэлхийн өмнө маш том амлалтыг олон жилийн өмнө авчихсан улс шүү дээ. П. Очирбат гуай ерөнхийлөгч байхдаа “байгаль орчин ба хөгжил” НҮБ-ын олон улсын чуулга дээр “Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авсан улс байх болно” гэж хэлээд нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж үдүүлснийг санаж байна уу? Тэгэхээр бид хүн төрөлхтний өмнө авсан тэр амлалтаа биелүүлэх ёстой. Одоогоор нийт нутгийнхаа 21,7 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байгаа гэдгийг би дээр дурдаад өнгөрсөн дөө. Ингэж газар нутгаа тусгай хамгаалалтад авснаар үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал ч утгаараа баталгаажиж байгаа юм. Газар нутаг минь үнэ цэнтэй болж байгаа юм. Үнэ цэнтэй болсон газар нутагтаа бид юу хийж болох вэ? Яаж хэрхэн ашигтай, үр өгөөж ихтэй болгох вэ гэдэг ч тодорхой болоод ирнэ. Нөгөө Монгол Улсын хөгжлийн гол тулгуур салбар гэж тодорхойлсон аялал, жуулчлал бодитоор хөгжих боломж үүнийг дагаад нээгдэж байгаа юм. Хустайн нурууны жишээнээс хар л даа. Энэ бүс нутгийг 1998 онд Байгалийн Цогцолборт Газар болгосноор гадна, дотнын жуулчид хамгийн их очдог газар болсон байна шүү дээ. Хомын талын БЦГ-т ч энэ жишгээр аялал жуулчлалыг хөгжүүлж, улс орны ногоон эдийн засагт хувь нэмрээ оруулах бодлого, төлөвлөгөө бидэнд бий. Ийм боломж бүрэн байна.

Та түрүүн Монголоос бусад улс оронд тахь нутагшуулах төсөл төдийлөн амжилт олоогүй гэж ярьсан. Сонин юм шүү. Монголын цаг уур илүү хатуу, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай атал тахь ёстой л төрсөн уугуул нутаг нь болоод л амархан дасан зохицож байх шиг байна тийм үү?

-Яахын аргагүй тийм онцлог бий шүү. Монголын уул, ус, ургамал, өвс бэлчээрийн онцлог байгаа нь мэдээж. Хамгийн гол нь адууг маллах арга ухаан, таньж мэддэг тэр их мэдлэг, мэдрэмж, туршлага, өв уламжлал, соёл зөвхөн монголчууд бидэнд л байна. Энэ гайхамшигтай суурь өгөгдөл тахийг сэргээн нутагшуулахад онцгой нөлөөлж байгаа юм. Жишээлэхэд бид тахийг нойрсуулах сумаар буудаж барихаасаа илүү ихэнх тохиолдолд яг л адуугаа барьдаг шиг бугуйлдаад барьдаг. Монголчуудаас өөр зэрлэг тахийг ингэж бугуйлдаж барьж чадах үндэстэн байхгүй л болов уу. Монгол хүний хандлага шал өөр. Хүндээр бэртэж гэмтсэн, өвдсөн бол бусад улс оронд шууд л тариад ч юм уу устгадаг. Гэтэл монголчууд бид тийм тахийг яаж ийгээд босгохыг, эдгээж, эмчлэхийг хичээдэг юм. Ёстой болохоос нь болохгүйг хүртэл янз бүрийн аргаар үзнэ. Тэгээд ч ихэвчлэн босгоод л ирдэг. Ийм том ялгаа байдаг. Тахь байтугай адуун дээр очиж үзээгүй хотын хүүхдүүд төслийн ажилтнаар ирээд дороо л эвээ олчихдог. Гадныхан бол тусгай нойрсуулагч сумтай буугүйгээр тахинд ойртож чадахгүй шүү дээ. Монгол хүн бол чаддаг. Тэгэхээр тахь бол үнэхээр эх нутагтаа, эзэн монголчууддаа эргэж ирсэн хосгүй хувь заяатай, аргагүй л тэнгэрлэг амьтан гэж надад бодогддог юм. Аргагүй л Төв Азийн уугуул, унаган амьтан гэдэг нь илэрхий мэдэгдээд байдаг л даа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд дээр Монголын энэ тахийг амжилттай нутагшуулж байгаа туршлагыг их онцолж ярьдаг. Биднээс тэд суралцацгааж байна. Тахийн монгол адуунаас ялгарах нэг онцлог нь маш тэсвэртэй, тэвчээртэй, цаг агаар хүйтрэх тусам улам өнгө ороод байдаг нь гайхамшигтай.

Монголд ирсэн тахь одоо тоо толгойн хувьд хүний харуул хамгаалалтаас гарч бие даах хэмжээнд хүрэх болоогүй юу?

-Яалаа гэж, болоогүй ээ. Хустай, Тахийн тал, Хомын талд өсгөж байгаа тахийн сүрэг бүр наанадаж 1500-гаас дээш тоо толгойд хүрсний дараа л энэ тухай ярьж болно. Одоо бол Монголд тахь сэргээн нутагшуулах төслүүдийн туршилтын үе шат хараахан дуусаагүй, үргэлжилж байна.

Статистикаас харахад тахийн сүргийн өсөлт, адуутай харьцуулахад арай удаан байдаг шиг санагдлаа. Ер нь тахийн сүргийн тоо, толгойд нөлөөлдөг эрсдэлүүдийн талаар яриач?

-Мэдээж тахь гэлтгүй амьтад ус, идэш хоолгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ. Тахь хэдийгээр хүйтэнд тэсвэртэй ч, их хэмжээгээр цас унаж, бэлчээрийн өвсгүй болсноос болж олноор үхэж хорогдох нь бий. Ялангуяа Говь-Алтайн өвөр говьд өвөл асар их цас унаж, хэдэн өдрөөр шуурна. Маш хатуу нөхцөл шүү дээ. 2 жилийн өмнө Тахийн талын 400 гаруй тахиас бараг тал нь хорогдсон Хустайд гэхэд л хэдхэн жилийн өмнө 100 шахам тахь хорогдсон байсан. Шалтгаан нь нөгөө л малын бэлчээрийн өрсөлдөөн, бас байгалийн гамшиг байдаг. Ийм масс хорогдол гарах эрсдэл хаана ч адилхан байна. Хомын талын тахийн тоо толгойн өсөлт харьцангуй удаан боловч тогтвортой шугаман өсөлтийг харуулдаг. За, тэгээд малын халдварт өвчин гэж маш том эрсдэл байна. Монголд зэрлэг амьтны эмч гэж бэлтгэгддэггүй болохоор өвдсөн, бэртсэнийг эмчлэхэд амаргүй. Ер нь тэгээд тахь төдийгүй ховор амьтныг судлахын тулд нойрсуулах эм тариа зайлшгүй хэрэгтэй байдаг юм. Гэтэл энэ төрлийн эм тариа нь мансууруулах эм бодисын төрөлд ордог учраас импортлоход хүндрэлтэй. Хомын талд анх авчирсан тахийн гүүнүүд 4-5 жил сувайрсан юм ш дээ зарим нь бүр огт төллөөгүй. Шалтгаан нь хээлтэй гүү тээвэрлэх нь эрсдэлтэй гэж үзээд хээл авахаас сэргийлэх эм, тариа хэрэглэхдээ тунг нь хэтрүүлчихсэн байсантай холбоотой байж таарсан. Тэгээд тэр эм тарианы үйлчилгээ гарсны дараачаас унагалж эхэлсэн байх жишээтэй. Тахь маш сонин зан араншинтай. Танихгүй, мэдэхгүй нэгнээ сүрэгтээ ойртуулна гэж байхгүй. Өөр азарганы үр төл сүрэгт нь мэндлэхэд зарим азарга шууд л барьчихна. Энэ тал дээрээ маш дошгин, хэрцгий амьтан. Тийм болохоор л Францаас авчрахдаа хооронд нь ижилсүүлж дасгах гэж 10 жил болсны дараа Монголд авч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгэнт найз нөхөд, нэг бүл болсон тахиуд ялангуяа чоно, махчин араатангүй газраас ирсэн хэдий ч ямар ч аюулаас сүргээрээ нэгдэн хамгаалах инстинкттэй болчихоод ирсэн. Мөн тахийг тээвэрлэхтэй холбоотой гардаг өөр нэг эрсдэл гэвэл зэрлэг амьтныг битүү чингэлэг, хайрцагт хийгээд тээвэрлэхэд зүрх нь зогсож үхэх тохиолдол ч гардаг. Монголд тахь нутагшуулж байгаа газрууд нийлээд тахь тээвэрлэх, зөөвөрлөж нутагшуулах заавар стандартыг боловсруулж саяхан албажууллаа. Тахь нутагшуулах ажил Монголд одоо ч туршилтын шатандаа үргэлжилсээр байна гэж хэлээд байгаагийн учир энэ л дээ.

Хэдийгээр энэ олон бэрхшээл, эрсдэлийг туулсан цаашид ч олон сорилт хүлээж байгаа ч бидний хувьд ирээдүй гэгээлэг харагдаж байна. Хомын тал гэдэг нутгийг дэлхийд данстай, улсын хамгаалалттай газар болгож чадсан болохоор тахийн сүргээ байгальд бие даан амьдрах чадвартай тоонд хүртэл нь өсгөх, энэ ажлаа хийхдээ санхүүгийн хувьд хандивлагчдаас хараат бус болох гээд томоохон зорилтуудын төлөө дараагийн хорин жилд хийх ажлууд маань тун ч тодорхой байна. Хомын талын БЦГ-ын менежментийг “Хомын Талын Тахь” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээг 2023 оны 11-р сард БОАЖЯ-тай үзэглэсэн нь өнгөрсөн хугацаанд бидний ололт амжилт ямар байсныг цаашдын үүрэг хариуцлага хэрхэн нэмэгдсэнийг илтгэх биз ээ.

За, их баярлалаа. Энэ сэдэв маань маш сонирхолтой учраас дараа заавал үргэлжлүүлье. Танай хамт олонд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд төслөө амжилттай хэрэгжүүлж, Монголд ногоон эдийн засаг, экологийн боловсрол, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санааг улам түгээн дэлгэрүүлж, монголчуудын оюун санаанд гэрэл гэгээ нэмж, эерэг зөв хандлагыг төлөвшүүлж, үнэ цэнийг ямагт бүтээж яваарай хэмээн ерөөе!

Танд баярлалаа!

Ярилцсан: Ш.ДАВААДОРЖ