Магнай, Батзандан, Элбэгдорж гурав буруутай. Хэрэв тэр гурав жишээ нь багадаа салхин цэцэгээр мажийчихсан бол Монгол улс өдийд тайван амгалан төдийгүй нэлээд сүрхий хөгжчихсөн байх байсан юм биш үү? Мань гурав ганц орилоодохсон чинь талбай дээр хорь гучин мянган хүн цуглаадахаж. Тэгэхээр нь яахав дээ, дайраад гэхгүй юу. Тэгээд л пир пар болоод л явчихсан чинь намын байр үнсэн нурам, баахан морин хуур шатааский. Таван үхсэн хүнийг алсан бууны гохон дээр мань гурвын хурууны хээ байж байгаа юм биш байгаа гэсэн нууцлаг, сайн хөөцөлдвөл үндэслэл нь гараад ирэхүйц таамгийг зарим нэг зоригтой нь сүүлийн үед нэлээд зориг муутай боловч илэрхийлээд эхэлсэн. Энэ бол ирээдүйн Монголын болон МАХН-ын түүхэнд баримт болон бичигдэх ба таамгийг анх дэвшүүлэгчид яваандаа энэ суут таамаглалынхаа төлөө төрийн шагналд нэр дэвшихийн эхлэл билээ. Манай түүх ингэж л явсан болохоор үүнд сонин гаж юм юу байхав!

    Хүний нийгэм аль ч цаг үед, ямар ч дэглэмд хүнийхээ тоогоор биш гэхэд үй олон үзэл бодол багтаан тээдэг. Нийгмийн байтугай байгалийн үзэгдлийг ч хүмүүс өөр өөрийнхөөрөө янз бүрээр тайлбарладаг, ойлгодог. Хүн байхын утга учир ч энд байж болох юм. Гэвч дэглэм болгон хүмүүсийн нэг үзэл бодолтой байхыг шаарддаг. Гагцхүү бүгдийг нэг бодолтой байлгах үр дүнтэй механизмыг ХХ зуун хүртэл хэн ч олж чадаагүй явсан. Ийм нээлтийг коммунистууд л хийж дөнгөжээ. Хүнийг өөрийн гэх өмчгүй болгож орхихоор л хар аяндаа нурнайгаад ирдэг аж. Өмчгүй хүн хүнээ байчиж байгаа юм. Өмчгүй нийгэм хүний нийгэм биш болоод ирэх аж. Өмчгүй нийгмийн гишүүд өөрийн гэх бодолгүй болоод ирдэг аж. Ингээд л үйлдвэрээс хэвээр цутгаад гаргаад ирсэн юм шиг сүрэг тугалган цэрэг бий болно доо. Тэдэнд юу бодохыг нь, юу хэлэхийг нь заагаад өгчихөд л болоо. Мөн юу хэлж болон бодож болохгүйг нь анхааруулчихдаг. Өөрөөр бодсон сэтгэсэн ярьсан хүмүүсийг нийгэм аймшигтайгаар залхаадаг төдийгүй тэдэн рүү бусдыг нь боргон дайрч хэмлэн тасчих сургуультай болгодог. Нохой шиг сургачихана гэсэн үг. Ганц зангахад л сондгойрсон нэгнийхээ эсрэг нийгмээрээ боргон дайрч тасар татахад бэлэн болно. Үнэн марзан нийгэм! Бүгдээрээ өөрийн гэх өмчгүй төдийгүй өөрийн гэх үзэл бодолгүй энэ сүргээ “тэгш нийгэм” гэж нэрлэнэ. Эртний Египтийн боолын нийгэм ийм дуулгавартай сүрэгтэй байж чадаагүй гэж судлаачид ярих юм билээ.

    Лоохууз руу сүрэглэн дайрдаг, Чойномыг шоронд хийчихээр бие нь тавирдаг, намын XVIII их хурал хуралдахаар тэнэг хүн шиг баярлан догдолдог гаж хүмүүсийн нийгэм 1990 оны хувьсгалаар задарсан. Нийгмийн нэг төлөв задарч дараагийн бүтцэндээ эвлэн ороход үнэхээр их хугацаа ордог аж. Хувьсгалаас хойш 18 жил өнгөрлөө. Энэ хооронд хүмүүс өөрийн бодолтой байх, тэрбайтугай түүнээ илэрхийлэх эрхтэй боллоо. Удалгүй өөрийн гэх өмчтэй ч болж эхэллээ. Мэдээж өнөөгийн манай нийгэм төгс төгөлдөр юм биш, магадгүй хэзээ ч тийм болохгүй биз. Гэхдээ бид “хүний” гэх нийгэмтэй болж байна. Хүн болгон өөрийн өмчтэй, үзэл бодолтой, тэрийгээ хэнээр ч хөндүүлэх дургүй ердийн хүмүүсээс бүрдсэн нийгэм.

    Саяхи Долоон сарын нэгний үймээн манай нийгмийн олон сул талыг харууллаа. Үүнээс хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгдүгээрт нийгмийн хуваагдал. Бурхан хүнийг янз бүрийн авъяас чадвартай заяадаг болохоор бүгд хоорондоо ялгаатай, тэр л чинээгээрээ амьдралын чанар хийгээд утга нь өөр өөр байдаг. Үүнийг тэгштгэх аргагүй. Ганцхан коммунизм тэгштгэх гэж оролдоод аймшигтай сүйрлээр дууссан. Гэхдээ нийгэм хэт ялгаралд орох нь үүнээс дутахгүй сүйрэлд хүргэдгийг түүх нотлоно. Манай нийгэм сүүлийн хориод жилд дэндүү хурц ялгаралд оржээ. Баян-ядуу, хот-хөдөөгийн, жиптэй-явган, Ардчилалын-Хугийн, авилгач-цалингаараа амьдрагч, гэр хорооллын-хаусны... гээд л. Хэт ялгарал зөрчилдөөн үүсгэнэ. Зөрчилдөөн явсаар үзэн ядалт болно. Дайсагналд хүрнэ, биенийхээ орших эс оршиход тулна. Саяхи үймээн үнэндээ сонгуулийн дүнгээс ч болсон биш, ерөөс байсан, улам гүнзгийрэн бугшиж байгаа зөрчил туйлдаа хүрч дэлбэрчээ. Ганц сонгуулийн дүн ч биш шалтаг л байвал шал өөр юунаас ч болж дэлбэрч болохуйц. Ид үймж байхад нь “дэлхийн дулаарлын эсрэг тэмцэе” гэж уриалбал “тэгэе, байр нь хаа байдаг юм?” гээд л чулуу шүүрээд дайрахад бэлэн байлаа.

    1980 онд хүнсний хорийн өмнө хэдэн зуун хүнийг хамарсан аймаар том зодоон үймээн болсон юм. Комендантынхан нэг оргодол цэргийг бариад чирснээс л болжээ. Гэтэл дэлбэрэх шахсан бухимдал нийгэмд бэлээхэн байж байсан хэрэг. Ямар том зодоон болсон гэж санана? Нийгэмд бухимдал л байвал ямар ч шалтгаар хамаагүй дэлбэрч байж тайлагддаг аж. Нийгэмд бухимдал үүсгэх шалтгаан мундахгүй байна. Ажилгүйдэл хотод 46 хувь хүрчихээд байна. Хамгийн өргөн хэрэглээний бараа, үүн дотор хүнсний үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Хот маань сая хол гаруй хүнтэй болчоод шилжин ирэгсэдээр дүүрлээ. Ингээд хотын үгэйгүйчүүд хүн амын дийлэнх хэсгийг эзэллээ. Үүнээс үүссэн утаажилт монголчуудын уушгийг аль хэдийнээ хордуулаад эхэлчихсэн. Энэ олон бухимдал дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлбэрч л таарна. Дахиад ч дэлбэрнэ. Саяныхаас ч аймаар юм болж болно.

    Хоёрдугаар онцлох юм нь одоо болтол оршсоор байгаа үл тэвчил. Үл тэвчил бол коммунизмын архаг хууч. Ер нь коммунист байна гэдэг нь ямар нэг үзэл бодолтой байна гэдгээс илүүтэй араншин юм. Коммунист үзэлтэй биш, коммунист араншинтай гэвэл илүү зөв мэт. Манай нийгэм олон ургальч болоод хориод жил боллоо. Хэн нэг нь ямар нэг үзэлтэй байх нь нөгөөдөө харш биш. Зарчим маань уул нь ийм юм. Гэтэл бүтэн үе өнгөрчихөөд байхад коммунист араншин биднээс салаагүйгээр барахгүй ямар гүн ул суурьтай байгаа нь үймээний дараа нэт харагдаж байна. Өдөр тутмын сонин эрхэлдэг найз минь утасдаж байна:

    -Манай сонин баларч байнаа. Сонин зах зээл дээр оршихын тулд дундын баримтлалтай байх ёстой. Гэтэл үймээнээс хойш манай сонин мөнгөөр зодсон Хугийн захиалгад дарагдаад алуулах нь. Үнийг нь гурав нугалж төлж байгаа болохоор бид өгч байгаа юмыг нь гаргаад л байхаас. Гэтэл үүнээс болоод уншигчдаа алдах гээд байна. Ардчилсан талын өгүүлэл энэ тэр олж өгөөч. Бид үнэгүй тавина, нэгдүгээр нүүртээ гаргая, хамаагүй.

    Мэдээллийн хэрэгслэлүүд мөнгөнд зодуулж л таарна л даа. Гэхдээ гарч байгаа нийтлэл өгүүлэл, нэвтрүүлгийг нь хар даа. Буруутныг аль хэдийнээ олчихсон, цээрлүүлэхийг шаардаж цус нэхнэ. Буруутнуудын биеийн галбир, царайны өнгө төрхийн муу муухай нь хараалын анхдагч бай болж байх жишээтэй. Ой гутмаар! Аль хэдийнээ үхчихсэн гэж бодсон суртал хийгээд сурталтнууд нөгөө ертөнцөөс хараал ерөөлөө илгээнэ. Үнэндээ Магнай, Батзандан нар нэгэнт цугласан олон дээр очиж тодрох гэж оролдсон болохоос өөр ямар ч гэм хийгээгүй. Энэ утгаараа тэд өнөөдөр улс төрийн хэрэгтэн болчоод байна шүү дээ.  

    Нийгэмд буй болсон ахуйн гаралтай бухимдлыг яагаад геополитикжуулаад унав? Ийм анхны тайлбар оросуудаас гарсан. Үүнийг эхлээд “өнгөт хувьсгал” гэж оношилж байснаа сүүлдээ “урааны хувьсгал” нэр хайрлав. Монголчууд зүгээр л нэг бухимдаж болдоггүй, заавал хэн нэг нь корридогийн үхэр шиг урдуур нь өнгөтэй даавуу намируулж уурыг нь хүргэх ёстой юм гэнээ. Үхэр мал болж дууслаа л даа. Дараа нь сонинуудад олон дахин үнээр төлбөртэй нийтлүүлж буй “Чулууны хувьсгал” мэтийн бичвэрүүдэд Монголын урааны нөөцийг граммаар нь тогтоож ач холбогдлыг нь нарийвчлан илэрхийлсэн байх юм. Хугийн захиалгаар гэх нэрээ нуугаачийн ард шинээр тодорч буй нас ахисан сэтгүүлчин авгай байгаа нь бүр ч гайхмаар. Хаанаасаа гэнэт юун геополитик мэддэг болчихов? Бодоход бэлэн өгсөн юман дээр нь өөрийнхөө хувийн хорслыг нэмжилдээ. Ингэхээр үймээн нь биш сүүлд нь гарч буй үнэлгээ тайлбар нь гадны оролцоотой болж буй юм биш үү? Харин манайд амь бөхтэй оршсоор байгаа үл тэвчил энэхүү гадны оролцоонд ургах сайхан хөрс нь болж байна. Төр ч төр! Гурил зөөдөг, лиценз олгодог, иргэдийг дарамталдаг үндсэн ажилтай болчиж. Нийгмийн амар амгаланг хангах, нөгөө геополитикаа гадны оролцоогүйгээр өөрийн тархиар (хэрэв тэр нь байдаг бол?) боловсруулах нь уул нь төрийн жинхэнэ үүрэг шүү дээ.

    Нийгэмд буй болоод байгаа бухимдал цаанаа гүн шалтгаантай. Чухам тэр шалтгааныг ул суурьтай илрүүлж эмчлэх нь бидний өнөөгийн тулгамдсан шаардлага. Үймээний үеэр галдан шатаасан, тонон дээрэмдсэн, бусдын эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан хүмүүс зөвхөн энэхүү эрүүгийн үйлдэлдээ л шийтгүүлэх ёстой. Ардчилсан дэг ёс, олон ургалч үзэл бол бидний цаашид оршин тогтнох магадгүй цорын ганц зам. Тэртэй тэргүй цагийн эргэлтээр коммунист араншин хожимдоо ор мөргүй алга болох л биз. Эзэд нь ч цагийн ая даахгүй. Харин улс орон маань оршсоор байх ёстой юм байгаа биз дээ, нөхдөө!  

2008.8.5