Битүү хар машин дотор юу болж байдгийг бид мэдэх эрхтэй
УИХ-ын чуулганаар ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн “хурц” асуудлуудын нэг нь Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн төсөл, хувилбарыг хэрхэн яаж багцлах тухай маргаантай сэдэв байх бололтой.
УИХ-ын чуулганаар ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн “хурц” асуудлуудын нэг нь Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн төсөл, хувилбарыг хэрхэн яаж багцлах тухай маргаантай сэдэв байх бололтой.
Ингэхэд улс төрийн зарим нам сонгууль бүрээр “хувьсгал” хийхээр амладаг бол улс төрийн бүх нам сонгууль бүрийн өмнө хуулийг өөрчлөх хүсэл, сонирхлоороо нэгддэг жишигтэй болж байна.
УИХ-ын ээлжит 2012 оны сонгуулийн өмнө, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ердөө зургаан сар үлдээд байх үед парламент цаг хугацааны дарамт дор сонгуулийн хуулийг өөрчилж байлаа. Энэ удаад өнөөгийн парламент ч мөн адил сонгууль болохоос өмнөх зургаан сарын хугацаанд амжуулан хуулийг өөрчлөхөөр аахилан дайрч эхлэв.
Эцсийн хугацаанд нь тулган байж баталдаг үргэлжийн “шинэ” Сонгуулийн хууль нь иргэдийн чөлөөт сонголт хийх эрхийг хэрхэн баталгаажуулж, улс төрийн орчинд ямар нөлөөлөл үзүүлж байгаад хөндлөнгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн эрх барьж буй намууд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сонгууль бүрийн өмнө өөрчилдөг байх нь зөв, бурууг уг нь шүүж ярих л ёстой. Яагаад гэвэл энэ нь ядаж л өмнөх алдаагаа дахин давтахаас сэргийлэх дархлаа болж өгөх учиртай.
Ээлжит 2012 оны сонгуулийн өмнө баталсан Сонгуулийн тухай хуулиар санал хураалтын шинэ технологи Монголд нэвтэрсэн юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдыг танин баталгаажуулах хурууны хээ уншуулах машин болон санал тоолох автомат төхөөрөмж, ярианы хэлэнд заншсанаар “Хар машин”. Энэ үнэхээр дэвшил үү. Эсвэл аль ялагдсан намын саналыг зальдаж, залгидаг луйвар уу? Үүнд бодитой хариулт өгч, хар машинд итгэж болох эсэх баталгааг иргэдэд олгохгүйгээр дараагийн сонгуулийг дахиад энэ технологиор явуулах ёс зүйн эрх улстөрчдөд байхгүй гэж бодож байна.
Өмнөх сонгуулийн үеэр хар машин найдвартай эсэхийг батлахын тулд гар аргаар санамсаргүй сонголтоор дахин санал тоолж үзэхэд хоёр тооллогын дүн саналын зөрүүгүй гарсан юм. Гэтэл тэр машинд яагаад сонгогчид ч, улс төрийн зарим нам хүчин ч итгэхээ болив, ямар гажуудал, луйвар бий болов гээд судлахаар тодорхой батлагдсан тохиолдол байдаггүй. Цуу маягийн ярианууд, тухайлбал, орон нутгийн сонгуулийн үеэр олон тооны бөглөсөн саналын хуудсыг онгоцоор авч явааг харсан, мөн Баянзүрх дүүргийн нөхөн сонгуулийн үеэр санал хураах байрны гадна бөглөсөн саналын хуудас дамжиж байхыг харсан тухай мэдээлэл байдаг ч яаж ашигласан талаар баримт олдоогүй. Харин санал тоолох машинд эргэлзэхүйц тодорхой баримт Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарсан талаар тодорхой эх сурвалж бүхий тайланд тэмдэглэгджээ. Уг машиныг сонгууль явуулахаас хоёр өдрийн өмнө туршихад програмын алдаанаас болж хүчингүй саналын хуудсыг зөв тоолохгүй, хүчингүй саналын хуудсын оронд нэр дэвшигчдийн нэгийг мэдээлэхээр програмчлагдсан алдаа байгаа илрүүлсэн аж. Уг туршилтад Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, намуудын төлөөлөл оролцсон байна. Энэ туршилт хийх процесс ч зохион байгуулалт муутай, уррьдчилан бэлтгэсэн шалгуурууд дээр үндэслээгүй гэх. Үүний дараа хар машиныг үйлдвэрлэсэн “Доминион Вөүтинг Системс” компани уг алдааг хүлээн зөвшөөрсөн ч програмын эх кодыг өгөөгүй юм байна. “Хугацаа богино тул уг машиныг дахин програмчлах боломжгүй, уг алдаа үр дүнд нөлөөлөхгүй” гэж хариу мэдэгджээ. Тэгвэл яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн тайлан мэдээгээр орон даяар хүчингүй саналын хуудас 0 гэж гарсан юм?!
Сонгуулийн програмд захиалгат үйлдэл өгдөг, түүнийгээ хяналтгүй газруудад ашигласан гэх хардлага байгааг сонгуулийн ажиглагчид тайландаа тэмдэглэж үлдээсэн нь ч байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн төвийн дүүргүүдэд дунджаар 54 хувийн санал авсан байхад Баянгол дүүрэгт 57 хувийн санал авсан байдгийг ч судалж үзэх шаардлагатай гэж тухайн үед ажиглагчид тэмдэглэж байжээ.
Тэгэхээр дээрх мэт эргэлзээтэй асуудлуудад хариулт өгч, итгэл бий болгохгүйгээр дараагийн сонгуулийг явуулах нь төрийн нэрээр хүч түрсэн хэрэг болох биз ээ. Энэ нь зөвхөн хар, сэрийн асуудал биш, харин сонгогчдын эрх, итгэл үнэмшлийг хүндэтгэх, хамгаалах ардчилсан сонгуулийн үндэс суурь юм. Нөгөө талаар энэ нь сонгуулийн нөхцөл байдал хурцдах, асуудал улстөржих эсэхэд ч нөлөөлөх хүчин зүйл. Хэрэв сонгуулийн дараа ялагдсан улс төрийн хүчин хар машинаар шалтаглан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл нөхцөл байдал яаж эргэх вэ гэдгийг ч бодох л ёстой. Өнөөгийн сөрөг хүчин МАН л гэхэд бараг дөрвөн жилийн өмнөх ялагдлын шалтгаанаа өнөө хэр хар машин руу чихэж байгаа нь санамсаргүй зүйл биш.
Дөрвөн жилийн өмнө сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед санал тоолох автомат төхөөрөмжийг хаанаас авах талаар Ардчилсан намынхан томоохон маргаан дэгдээснээр санасандаа хүрсэн байдал хуралдааны тэмдэглэлүүдээс харагддаг. Тэр нь хэвлэлээр гарсан ярилцлага, мэдээллүүд, албан тушаалтнуудын байр сууриар баталгааждаг. Харин тухайн асуудлаар хамгийн гол шийдвэрийг МАН-ынхан өөрсдөө гаргасан юм. Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүн Д.Лүндээжанцан төслийн анхны хувилбартаа энэ саналыг оруулсан байдаг. Тэрээр энэ талаараа тухайн үед “санал тоолох явцад маргаан их гардаг. Үүнийг анхаарч мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг ашиглахаар хуульд оруулж өгсөн байгаа. Сая 2010 оны тавдугаар сарын 10-нд Филиппинд скайнер машинаар санал тоолсон байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа нь хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй болчихвол маргаантай асуудлууд нь гайгүй болчих юм” гэж мэдэгдэж байжээ. Гэтэл одоо Д.Лүндээжанжан гишүүнтэй Ардын намынхан хар машинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болжээ.
Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдчихэж. Эрх мэдэлтнүүд дахиад л хуулиа өөрчлөх гэж байна. Тэдэнд эрх ашиг байдаг бол иргэд бидний хувьд ч бас эрх ашиг гэж бий. Бид битүү хар машин дотор чухам юу болж байдгийг нээлттэй болгох, ойлгохыг хүсч, шаардах эрхтэй. Энэ бол хууль тогтоогчдын хийх ажил. Австралид ийм төхөөрөмжийн нээлттэй системийг бий болгоход 150 000 ам.доллар зарцуулсан жишээ ч байна. Тэгэхээр энд нэмэлт хөрөнгө, зоригтой шийдвэр л хэрэгтэй аж.