Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд

“Монгол хошин шог ярианы дээж” бүтээлийг 2001 онд академич Х.Сампилдэндэвийн хамт миний бие хэвлүүлж байсан билээ. Уг бүтээлд эрт цагаас монголчуудын дунд түгэн дэлгэрсэн Далан худалч, бадарчны явган шогоос авахуулаад орчин цагийн аман зохиолын чухал нэгэн төрөл болох хошин шог яриаг ч дээжлэн оруулсан юм. Хошин шог яриа нь аман зохиолын хүүрнэл хэлбэрт багтдаг бөгөөд дэлхий дахинд маш их тархсан төрөл билээ. Ийнхүү бид хошин шог яриаг европ зүгийн хэлээр анекдот (онигоо) гэж нэрлэдгээр нь илүү сайн мэдэх болжээ.
   
Дээрх бүтээлд ард түмний дунд тархсан бүхий л төрөл зүйлийн шог ярианаас дээжлэн оруулсан бөгөөд энэ дунд түүхэн буюу эзэнтэй шог яриа нэлээд хэсгийг нь эзэлдэг юм. Эзэнтэй шог ярианд нийгэм соёл, улс төрийн зүтгэлтнүүдээс авахуулаад зохиолч, уран бүтээлчдийн тухай ч багтсан билээ. Гэхдээ социализмын үеийн түүхэн хүмүүсийн шог яриа дийлэнх хэсгийг нь эзэлсэн бөгөөд мэдээж үүнээс өмнө түүхэн хүмүүсийн тухай шог ярианууд зохиогдож байсан хэдий ч бичиг номд бага тэмдэглэгдэн үлдсэнтэй нь холбоотой. “Монгол хошин шог ярианы дээж” бүтээлд эзэнтэй шог яриануудыг ангилан оруулж байхад академич Б.Ринчен гуайтай холбоотой цуврал шогууд үнэхээр их байдаг нь анзаарагдсан бөгөөд тиймдээ ч уг бүтээлд “Академич Б.Ринчений шог яриа” хэмээн тусад нь бүлэглэн оруулахаас аргагүй болж билээ.
   
Орчин цагийн монгол хошин шог ярианы нэгэн томоохон баатар академич Б.Ринчен бол асар өргөн боловсролтой эрдэмтэн, авьяас билэгт зохиолчоос гадна шударга бус явдалтай үл эвлэрэгч, үндэсний хэл соёлоо дээдлэгч, эгэл жирийн хүмүүст элгэмсүү, дарга сайд нарын хоцрогдол, хуудуутай явдлыг ёжтой оноч үгээрээ тууштай шүүмжлэгч нэгэн байв. Тухайлбал, социализмын үеийн эдийн засгийн хувьд үрэлгэн, чанар муутай үйлдвэрлэлийн тухай Сүхбаатар хотын шүдэнзний үйлдвэрт очоод “Бүтээгдэхүүний чанар” сэдвээр яриа хийхдээ индэрт гараад бүтэн хайрцаг шүдэнз зурсаар байгаад тамхиа асааж чадалгүй “За үүгээр уулзалт яриагаа дуусгах уу даа” гэж хэлээд яриагаа өндөрлөсөн тухай яриа бий. Мөн урьдын цагт лам нар Төвдөөс эрдэм ухааны хүчээр маарамба лхаарамба цолтой ирдэг байсан бол эдүгээ элдэв заль мэх, хөрөнгө мөнгө, бэлэг сэлтийн хүчээр эрдмийн зэрэг цол хүртэгсдийг “хуурамба гэвэл таарна” гэх буюу монголчуудын монгол ахуйгаасаа холдож харин машин унасан албатнууд олширсон тухайд “Тэргэнд зүтгэдэг мал ховордож тэрэг унадаг дарга элбэгшжээ” гэх мэтээр эрдэмтэн зохиолч Б.Ринчений ёжлол егөөдөл тун олон.
   
Түүнтэй холбоотой хошин шог ярианы дийлэнх нь Ринчен гуайд тохиолдсон бодит түүхэн явдлууд гэдэг нь гарцаагүй. Харин Б.Ринчений зарим хошин шог ярианууд нь хэдийгээр түүнд тохиолдоогүй боловч ард түмний амнаас ам дамжин яригдахдаа чимэг хачир нэмэгдсээр дэгс агуулгатай болсон гэмээр нь ч байдаг. Голдуу эх хэл, өв соёлоо хамгаалсан агуулгатай хошин шог яриануудыг ард түмэн түүний нэртэй холбон хошигнодог байсан болов уу гэж анзаарагддаг юм.

Монголд 18-р зууны үеэс бадарчны үлгэр, шог яриа мэтийн зүйлс улам олноор зохиогдсон гэж үздэг билээ. Үүний шалтгааныг академич Х.Сампилдэндэв “энэ нь ноёлогч ангийн үзэл бодол, ёс суртахууны ялзрал улам ихсэж түүнийг уран сайхны шог хошин хэлбэрээр илчлэн шүүмжлэх нийгмийн шаардлага ихэссэнтэй холбоотой” гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү академич Б.Ринчен энэхүү олон шүүмжлэлт хошин шог яриануудынхаа дийлэнхийн зохиогч, эзэн нь өөрөө байлаа. Дүгнэж хэлэхэд, түүнтэй холбоотой яригддаг өөр олон хошин шог яриаг коммунист тогтолцооны дарангуйлал, нийгмийн хоцрогдол, удирдагчдын шударга бус явдал, үндэсний өв соёлоо гээн улам оросжиж байгаа байдлыг түүгээр төлөөлүүлэн ёгтлон шүүмжилсэн жирийн шударга ард түмний тэмцлийн илэрхийлэл гэж ойлгож болно. Б.Ринчен ийнхүү ард түмний эрх чөлөөний баатар, ард түмэндээ домог болон хайрлагдсан нэгэн байсан нь дээрх олон хошин яриануудаас батлагддаг билээ.

Д.БОРОЛЗОЙ


Б.РИНЧЕНИЙ ШОГ ХОШИН ЯРИАНААС

Нэг хүн Ринчен гуайгаас:
-Урьдын цагт Төвдийн цаст орон орж олон ном үзсээр, ном хаялцсаны эцэст манайхан аграмба, маарамба, лхаарамба, дооромбо гээд сайхан цолтой болж ирдэг байсан. Одоо тэгвэл Москва, Ленинградад очоод нэхий дээл, савхин цамцаар дэд эрдэмтэн, доктор болж байгааг юу гэж нэрлэх вэ? гэжээ. Ринчен гуай ер түгдэрсэн янзгүй:
-Тэднийг хуурамба гэвэл таарна даа гэж хариулжээ.

*    *    *

Ринчен гуай иргэдтэй уулзаж байх үеэр нэг хүн:
-Танай яамны (жинхэнэ сайдгүй удсан Соёлын яамыг хэлжээ) сайдыг яагаад үргэлж үүрэг гүйцэтгэгч гэдэг юм бэ? гэж асуужээ. Тэгэхэд нь Ринчен гуай тайвнаар:
-Би учрыг нь сайн мэдэхгүй юм. Хувийнхаа бодлыг хэлэхэд манай яамны сайд л ганцаараа үүргээ гүйцэтгэдэг, харин бусад нь үүргээ гүйцэтгэдэгүй юм болов уу гэжээ.

*    *    *

Манайд уйгаржин монгол бичгээ орхиод кирил үсэг авсанд их л дургүйцэж байсан Ринчен гуай:
-Орос бичиг ер нь муу ёрын бичиг юм аа. Уншихад “ойлгогдохгүй, ойлгогдохгүй” гэж толгой сэгсрүүлээд байх юм. Гэтэл монгол бичиг бол бэлгэ дэмбэрэлтэй “ойлгогдоно, ойлгогдоно” гээд л толгой дохиулаад байдаг гэжээ.

*    *    *

-Ринчен гуай та чинь намд элсэхгүй юм уу? гэхэд нь:
-Би Лениний зохиолыг уншиж дуусаагүй байна даа гэсэн юм гэдэг.

*    *    *

Манайхан Оросын яблоко гэдэг үгийг “яавлаг” гээд болж өгдөггүй гэнэ. Үүнийг алим гэж хэлэх ёстой юм гэж Ринчен гуай бичээд, хэлээд, сануулаад яджээ. Тэгээд нэг удаа аргаа барахдаа айлын найран дээр түүнээс нэг ая бариач гэхэд:
    -Яавлаг жимстэй уул байна хө гэж алдарт дууг аялсан гэдэг.

*    *    *

Ринчен гуай нэг орос хүнтэй монгол, орос хэлний аль нь баян болох талаар их маргаж гэнэ. Тэгээд нөгөө орос эрдэмтнээсээ “Гавлын ясан доторх юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж асуужээ. Цаадах нь “головный мозг” гэдэг гэж. “Нурууны ясан дотор байдаг юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж бас асууж. “Спинной мозг” гэж хариулж. “Чөмөгний ясан доторх юмыг юу гэдэг вэ?” гэж мөн лавлаж. “Костный мозг” гэдэг гэж. Тэгэхэд Ринчен гуай “Монголоор гавлын ясан доторхийг тархи, нурууны ясан доторхийг нугас, чөмөгний ясан доторхийг чөмөг гэдэг юм даа. Нэртэй нь та нар хамар дотор байдгийгаа “носовой мозг” гэхгүй дээ гэсэн гэдэг.

*    *    *

Нэг удаа Ринчен гуай Хужиртын рашаан сувилалд амарч байхдаа Шунхлай уулын өмнө наминчлан зогсож байгааг нь хүмүүс хараад:
    -Юу болов? гэж сонирхоход нь:
    -Бурхан минь, энд мөн ч олон хүн өөд болж дээ гээд Ринчен гуай хаданд бичсэн хүмүүсийн нэр рүү гунигтайяа харсан гэдэг. Төдөлгүй амрагчид хаданд бичсэн нэрсийг арилгаж, дахин ийм болгоомжгүй зүйл хийхгүй байхыг залуучуудад анхааруулж зөвлөсөн ажээ.



Б.Ринчен
 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн шинжилгээний анги: Зүүн гар талаас шинжилгээний ангийн ахлагч Э.Вандуй, жолооч Лхасүрэн, Б.Ринчен, Д.Цэрэнсодном нар. 1965 он


Б.Ринчен хөдөөгийн эгэл түмний хамт


Зүүн гар талаас зохиолч Ч.Лхамсүрэн, Э.Оюун, Ч.Лодойдамба, Б.Ринчен, Ч.Чимэд нар. 1948 он


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэд