Д.Боролзой: Сэтгүүлч хүн мэргэжлийн түвшнээрээ иргэний сэтгүүл зүйгээс ялгарах ёстой
“Олон улсын эх хэлний өдөр” (2016.02.21)-т зориулсан эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзой “Эх хэл: Цахим хэвлэл ба нийгмийн сүлжээний онцлог” сэдвээр илтгэл тавив. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
“Олон улсын эх хэлний өдөр” (2016.02.21)-т зориулсан эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзой “Эх хэл: Цахим хэвлэл ба нийгмийн сүлжээний онцлог” сэдвээр илтгэл тавив. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
-Цахим сэтгүүл зүйд сэтгүүлчийн бичлэг сонин сэтгүүлээс ялгарч хөнгөн байх ёстой гэсэн шаардлагыг сэтгүүлчдэд заримдаа тавьдаг. Хөнгөн бичлэг байх нь зөв үү. Та энэ талаар товч хэлж өгнө үү?
-Интернэт гэхээр л манайхан бүхэлд нь нэг болгож хараад байдаг. Үнэндээ интернэт орчны мэдээ мэдээллийг авч үзвэл нэг талд нь мэдээллийн сайт, харин нөгөө талд нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, твиттер, хувийн үзэл бодлын блог хэмээх хоорондоо ялгаатай хоёр өөр төрлийн, өөр түвшний оролцогчид байдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу.
-Мэдээллийн сайтын сэтгүүлч бичлэгийн ямар хэм хэмжээг мөрдөх ёстой юм бэ?
-Сонин нийтлэлийн хэл найруулга гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр албан ёсны мэдээллийн сайтууд нь олон нийтэд зориулсан сонин, сэтгүүлийн нэгэн адил бичгийн хэлний хэм хэмжээг чандлан мөрдөх ёстой.
-Монгол хэлний тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Хамгийн гол заалт нь юу вэ?
-Өнгөрсөн онд УИХ-аас “Монгол хэлний тухай хууль”-ийг баталж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулахаар болсон нь тун чухал үйл явдал боллоо. Уг хуульд сэтгүүлчдэд хандсан тодорхой заалтууд бий. Тухайлбал, уг хуулийн 19-р зүйлд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хүлээх үүрэгт “Монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах” гээд “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх” гэсэн тун чухал заалтууд багтсан. Энэ хуулийн дээрх заалтууд цахим орчны мэдээллийн сайтуудад ч мөн адил үйлчлэх ёстой.
-Мэдээллийн сайтууд болон нийгмийн сүлжээний зааг ялгааг тайлбарлаж өгөөч?
-Мэдээллийн сайтууд нь албан ёсны харилцаа бол нийгмийн сүлжээ нь хянах харьцангуй боломжгүй, басхүү шаардлагагүй гэж хэлж болох олон нийтийн хувийн харилцааны орчин юм. Манайхан үүнийг буруу ташаа ойлгож цахим орчинд л бол замбараагүй эрх чөлөөтэй байх ёстой мэтээр хандаж болохгүй. Бид фэйсбүүк, твиттерт цаг хугацаа, зай талбайгаа хэмнэх зорилгоор янз бүрээр л бичдэг. Товч бичих, ярианы хэлээр бичих, этгээд хэв маягаар бичих эсвэл латин монгол үсгийн стандарт баримтлаагүй бичсэнээс алдаатай бичлэгүүд энд олон тааралддаг. Гэхдээ энэхүү иргэний цахим орчин бол сэтгүүлчдийн мэдээллийн сайтаас тусдаа орчин юм. Иргэний цахим орчинд иргэдийг ингэж бичиж болохгүй гэж хичнээн хэлсэн ч бид хяналт тавьж чадахгүй шүү дээ. Харин нөгөө мэдээллийн сайтын орчинд хяналт тавьж, хэл найруулгын хэм хэмжээг нь мөрдүүлэх шаардлага тавьж хэлний алдаагүй байлгах боломжтой. Тэгэхээр энэ бүхэнд тэнд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгүүлчдийн санаачлага, эх хэлээ хамгаалах зөв сэтгэл чухал үүрэгтэй юм.
-Мэдээллийн сайтын бичлэгийн хэл найруулга нь ярианы, бичгийн хоёр хосолж байвал олон түмэнд илүү сонирхолтой байх уу. Эсвэл ерөөсөө л сонин, нийтлэлийн хэл найруулгын хэм хэмжээгээ баримталж бичих ёстой юм уу?
-Хэл найруулгын олон өнгө аяс байдаг л даа. Жишээлбэл, манай алдартай нийтлэлч Баабар илүү их ярианы хэлэнд ойр гэхдээ бичгийн хэлний хэм хэмжээг чанд баримтлан нийтлэлээ бичдэг. Тийм нийтлэлийг хүн уншихад их сонирхолтой, ойлгомжтой, хөнгөн байдаг. Ер нь бидний хэл үргэлж хөгжиж байдаг амьд зүйл шүү дээ.
-Баабар бол иргэн хүнийхээ хувьд нийтлэл бичдэг. Сэтгүүлчид бол сэтгүүлчийн үүргээ биелүүлж мэдээ, нийтлэлээ бичдэг. Тиймээс монгол хэлний баялаг бичгийн хэл найруулгыг ашиглаж бичих зайлшгүй эрх, үүрэгтэй. Гэхдээ Баабар нийтлэлчээс мэдээж ялгаатай биш үү?
-Баабар нийтлэлчийн нийтлэлийг уншихад миний хувьд хэл найруулга нь таалагддаг, ойлгомжтой сайхан монгол хэлээр бичиж чаддаг. Тухайн хүн бичлэгтээ өөрийн хэл найруулгын өвөрмөц өнгө аясыг оруулж бичиж болно. Ийм ч учраас баруунд энэ төрлийн нийтлэлчдийг “columnist” гэж нэрлэдэг шүү дээ. Харин манай сэтгүүлчид олон түмний өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу сонин нийтлэлийн бичгийн хэл найруулга, хэм хэмжээг баримтлан бичих нь зөв гэдгийг ойлгох хэрэгтэй биз ээ.
-Нийгмийн сүлжээ хөгжиж байгаа энэ үед иргэний сэтгүүл зүй мэргэжлийн сэтгүүл зүйгээс бичлэгийн хэл найруулга, өнгө аяс нь ямар ялгаатай байж болох вэ?
-Сэтгүүл зүйн салбарын үндсэн сэтгүүлчид тодорхой хэмжээний их дээд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс байдаг. Хүн сэтгүүлч болохын тулд яагаад дөрвөн жил сурч, дээд мэргэжил эзэмшиж, монгол хэлний найруулан бичих арга ухаан, сэтгүүл зүйн ур чадвар заалгадаг билээ. Мэдээж, ингэж суралцсан мэргэжлийн сэтгүүлчид иргэний сэтгүүл зүйгээс ялгарах ёстой шүү дээ. Иргэний сэтгүүл зүй амжилттай хөгжиж байгаагийн нэг шалтгаан бол орчин цагт мэдээллийн хурд чухал байгаатай холбоотой. Одоо хүмүүс фэйсбүүк, твиттер рүү ороход л хамгийн түрүүнд шуурхай мэдээллийг олон эх үүсвэрээс авч чадаж байна. Жишээ нь, газар хөдөллөө гэхэд л тэр дор нь нийгмийн сүлжээ рүү ороод харахад л аль хэдийн хаана хөдөлсөн, бараг хэдэн балл байсан бэ гэдгийг олон эх үүсвэрээс маш шуурхай мэдээлсэн байдаг. Гэхдээ мэдээллүүд нь буруу ч байж болно. Харин сэтгүүлч хүн мэргэжлийн түвшинд иргэний сэтгүүл зүйн мэдээллээс илүү ялгарч бичиж, олон түмэнд мэдээллээ хүргэх ёстой биз дээ. Иргэний сэтгүүл зүйд хурдан шуурхай мэдээллэх нь чухал зорилго байдаг. Тэгвэл сэтгүүлч монгол хэл, утга зохиолын хэм хэмжээг зөв боловсон, зөв бичихийн дүрмийн алдаагүй бичих ёстой.
-Нийгмийн сүлжээний ач холбогдол, тэнд бичигддэг иргэдийн үг яриа, хэл найруулга хүмүүсийн хэл ярианы хөгжил, мөн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Нийгмийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхэд залуучууд байна. Залуучууд, ялангуяа хүүхдийн яриа, үг хэл эвдэрч байна гэдэг цаашдаа том болохдоо бичгийн хэл найруулга, ярианы хэл тааруутай болно гэсэн үг. Яалт ч үгүй орчин үеийн технологийн сөрөг талд автаад байна л даа. Би нэг жишээ байнга ярьдаг л даа. Аливаа хүн гэрийнхээ хувцастай ёслолын арга хэмжээнд хэзээ ч очихгүй. Ёслолын арга хэмжээнд ёслолын хувцастай л очно. Үүнтэй адил хувийн харилцаа болох мэссэж, эсвэл фэйсбүүк твиттерт “алдаатай” бичсэн шигээ албан харилцаа болох өргөдөл гомдол бичихдээ ч юм уу, олон нийтэд хандахдаа “алдаатай” бичиж болохгүй юм. Албан болон хувийн харилцааны орчинг аливаа хүн өөрөө ялгаж салгаж сурах ёстой биз ээ. Өөрөөр хэлбэл, хувийн лекц тэмдэглэдэг хэллэгээрээ мэдээллийн албан ёсны харилцаанд орж болохгүй гэж зүйрлүүлж хэлж байгаа юм. Ялгаа заагтай хандах ёстой.
-Мэдээллийн сайт төдийгүй бусад хэвлэлийн редактор, сэтгүүлчдэд хандаж хэлэх зүйл байна уу?
-Ер нь бүх нийтийн зөв бичиж, зөв ярьж сурахад, эх хэлний боловсролд сэтгүүлч та бүхэн маш том үүрэгтэй билээ. Олон хүн телевиз үзэж, радио сонсч, вэб сайт, сонин, сэтгүүл үзэж, уншиж байна. Тэр орчинд сэтгүүлч хүн ёс зүйгээ баримталж, эх хэлнийхээ мэдлэг чадвараа дайчлан ажиллах нь зүйтэй байх гэж бодож байна.
Ярилцсан Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn
Эх сурвалж: www.breakingnews.mn
hi
Зочин
Туяа