Их Фридрих Хааны Сан-Сусид морилно уу
Францын Версаль (Versailles) ордны талаар хүмүүс өргөн мэдлэгтэй. Тэгвэл яг түүнтэй эн зэрэгцэх түүхэн ордон ийм нэг нэрээр Берлиний ойролцоох Потсдам хотноо байх юм аа. Сан-Суси гэдэг нь Герман ба Пруссын Их Фридрих хааны зуны харш бөгөөд “Sans souci” гэх үг нь “анхаарах анзаарах шаардлагагүй” гэсэн утгыг илэрхийлдэг, герман хэлний үг биш гэнэ.
Францын Версаль (Versailles) ордны талаар хүмүүс өргөн мэдлэгтэй. Тэгвэл яг түүнтэй эн зэрэгцэх түүхэн ордон ийм нэг нэрээр Берлиний ойролцоох Потсдам хотноо байх юм аа. Сан-Суси гэдэг нь Герман ба Пруссын Их Фридрих хааны зуны харш бөгөөд “Sans souci” гэх үг нь “анхаарах анзаарах шаардлагагүй” гэсэн утгыг илэрхийлдэг, герман хэлний үг биш гэнэ.
“Фриц” хэмээх үг дайны үеийн кино ном зохиолд муугаар мөн ч их дуудагддаг бол германчууд “Ахмад фриц” гэх алдрыг Их Фридрих хаандаа өргөмжлөн дуудсаар өдий хүрчээ. “Бункер” хэмээх германы уран сайхны кинонд нацист германы их фюрер Их Фридрихийн зургийг ширтээд гөлийгөөд сууж байдаг дүрс гардаг бол тэр шүтээн нь энэ ордны эзэн, Пруссыг 46 жил захирсан, герман орныг дэлхийн тавцанд анхлан гаргаж ирсэн суу билэгт тэр хаан ажээ.
Анх 1745 онд их хаан Потсдам руу шилжиж байрлахаар эргэлтгүй шийджээ. Фридрих нь захирагч, эзэн хаан, байлдан дагуулагч төдийгүй бас соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, гүн ухаанч, номч мэргэн, оюуны их цараатан байсан нь Сан-Суси ордны танхим, үзмэр болгоноос нэвт харагдана. Тэрээр 46 жил хаанчлахдаа гэрээслэлээ хамгийн олон удаа бичсэн хэмээн түүхэнд орсон. Учир нь дайн тулалдаан бүрийн өмнө заавал бичдэг ба сэдэв нь “Би философич хүний ёсоор амьдарсан тул философичийг оршуулж байна л гэж бодоорой” гэх үгс байх аж. Тэрээр 1786 оны зун Сан-Суси ордондоо түшлэгт сандал дээрээ суугаагаараа нүд аньжээ.
Түүний шарилыг тэнд нь хадгалж байтал үхсэнээс нь хойш 160 жилийн дараа дэлхийн II дайны үед вермахтын цэргүүд түүнийг гэмтэх устахаас сэргийлж 1943 онд анх потсдамын бункерт хийж, 1945 оны хавар дахин зөөж Тюринг дэх давсны уурхайд хадгалжээ. Дайны дараа шарилыг нь америк цэргүүд Хессен муж руу аваачиж, 1952 онд Баден-Вюртемберг дэх Хохенцоллерынхны цайзад хадгалжээ. Хоёр Герман нэгдсэний дараа 1991.08.17-нд Их Хааны таалал төгссөн өдрийн ойгоор, 205 жилийн дараа яг хуучин байсан газарт дахин хөдөөлүүлжээ. Сан-Суси ордонд бундесверын хүндэт харуул жагсаж, салах ёс гүйцэтгэж сүрлэг ёслол болжээ. Нэг хүний, нэг хааны шарилыг ингэж их онгичиж олон дахин нүүлгэсэн тохиолдол түүхэнд байхгүй болов уу.
Их Фридрихээс хойш түүний удмын хоёр Фридрих Сан-Сусиг тэгтлээ ойшоож үзээгүй бололтой. Харин элэнц эцгийнхээ Хаан ширээнд заларснаас яг 100 жилийн дараа 1840 онд Фридрих Вильгельм IV хаан энэ ордонд шилжин ирж хаан ширээгээ бэхжүүлжээ. Тэрээр энэ ордны өргөтгөл, засал чимэглэл, өнгө үзэмжийг гоц гойд анхаарсан урлагийн өндөр сэтгэлгээтэн байсан ба түүний өв сан нь эдүгээ ЮНЕСКО-гийн дэлхийн өвд хадгалагдан үлджээ.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германд хаант засаг байхгүй болж энэ ордонг музей болгосон ч ордны усан үзмийн цэцэрлэг хааны гэр бүл, хойч үеийнхний өмчид үлдсэн байдаг. Шаталсан мод бутнууд бол усан үзмийн цэцэрлэг нь, түүгээр уруудан өгсөн явахад сэтгэл үнэхээр сэргэмээр.
Дэлхийн II дайны тулалдаан энэ хавьд өрнөж байх үед ордныг бүрэн бүтнээр нь авч үлдэх гэж германчууд ихэд хичээжээ. Нөгөө аугаа суут уран зураг, үзмэр, баримлуудыг 1942 онд Бранденбургийн Райнсберг, Тюрингийн Бернтерод хотод аваачиж зооринд хадгалжээ.
1945 оны 4 дүгээр сард Улаан арми Потсдамыг бүслэн байлдаж байх үед ордны ботаникийн цэцэрлэг-салхин тээрэм хавьд буудалцаж байжээ. Дайнд баатарласан Зөвлөлт Холбоот Улс нь ордны хамаг фондыг Райнсбергээс дайны олз хэмээн ачиж авч яваад 1958 он хүргэж байж Ардчилсан Герман улсад эргүүлж өгсөн ба америкийн цэргүүд ч нэлээдийг авч яван Висбаденд байлгаж байгаад 1957 онд Баруун Берлиний Шарлоттенбург ордон руу шилжүүлжээ. Тэгж тэгж 1992 он хүрч байж Их Фридрихийн номын санг шилжүүлж авчирсан, 1993-1995 онд уран зургуудын зарим нь хуучин ордондоо ирсэн гэж байна.
Сан-Суси бол Хааны ордон харш төдий биш, урлаг соёлын томхон төв болох нь эл ордны хашаан доторхи байшин барилгуудаас илт харагдана. Үүнд уран зургийн галерей, шинэ танхим, хятад цайны асар, найрамдлын сүм, антик сүм, Руиненберг уулан дээрхи урлагийн цогцолбор, Клаусберг уулан дээрхи луутай асар, цогцолбор, Шарлоттенхоф байгууламж, Ромын усан банн, улбар шар ордон, шаталсан усан үзмийн цэцэрлэг, усан оргилуур, маш олон уран баримал гээд бичээд байвал барагдахгүй. Бидний эрхэм анд доктор Удо Хаазегийнхаа урилгаар эл ордныг үзэн баясаж явсан фото-нийтлэлээс минь тухлан сонирхоно уу.