Намбарын Энхбаяр. Энэ нэрийг мэдэхгүй хүн байхгүйтэй адил түүнд хашиж үзээгүй төрийн дээд албан тушаал гэж үгүй. Одоо бол “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номын автор, Дээд шүүхэд бүртгэлтэй 18 дахь нам болох МАХН-ын даргын албан тушаалыг хашиж яваа нэгэн. Номоо бичих хийгээд МАХН-ыг шинээр байгуулах сэдэл төрөөгүй байхдаа тэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Үүнээс өмнөхийг хөөж үзвэл УИХ-ын спикер, Ерөнхий сайд, Бүлгийн дарга, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Гэгээрлийн сайдын албан тушаалтай байв. Дундаа ямар нэгэн завсарлага авахгүйгээр шүү дээ. Түүнийг ийн улс төрийн карьераа өсгөж, намтраа арвижуулах бүрт өмнүүр нь орж “стоп кран”-ыг нь татаж зүрхлэх хүн ч гараагүй байдаг. Үүгээрээ төрийн болон улс төрийн бүхий л албан тушаалыг доороос нь дээд цэг хүртэл хашиж явснаараа титэм зүйгээгүй болохоос Н.Энхбаярыг хааны хэмжээнд харах хүн олон байв. Харин өнөөдөр тэр бусдаас хариугаа авах хорсолдоо бялхсан өшөө авагчийн дүрээр л олон нийтэд харагдах боллоо.

МАХН-ыг байгуулж, улс төрд онжавуудаа биш “шинэков”-уудыг хөтлөх болсон түүний зорилго өнгөрсөн намар баталсан Өршөөлийн хууль дээр илүү тодорч байлаа. Баргийн шалтгаанаар Монголд ирдэггүй байсан тэрбээр хуулийг баталсны маргааш өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Буянт-Ухаад газардаж, Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирснээ учирлаж байв. Цаг хугацааны хувьд тэгээд таарчихсан байж болох ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах үеэр МАХН-ын мандаттай гишүүдийн бухимдал сонгогдох эрхээ олж авахаар ирсэн намын даргынхаа зорилгыг бараг илчилчихсэн. Гэвч урьд, хожид, өчигдөр, өнөөдөр бий болгосон бат цайз, ган хэрмээсээ буух сонирхол Н.Энхбаярт маргааштаа бий болохгүй бололтой. Сонгогдох эрхээ олж авч чадаагүй ч сонгууль хүртэл сайдын алба хаших нүүдлээ тэр хийж эхэллээ.

Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүн болгосон хийгээд Шадар сайд болтол дэвшүүлсэн хүн нь мэдээж Н.Энхбаяр, болзол нь Өршөөлийн хууль байлаа шүү дээ. Шадар сайд Ц.Оюунбаатар болзлоо биелүүлж, гишүүн болсныхоо дараа Өршөөлийн хуулийг санаачлан өргөн барьж, батлуулж чадсан ч Н.Энхбаярт боломж олгохыг энэ парламент хүсээгүй. Үүнд шаралхсан тэрбээр хаалгаар биш тооноор нь орохоор зэхэж Шадар сайдад нэрээ дэвшүүлж орхилоо. Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАХН-аас энэ саналыг тавьсан, тиймээс АН-ын гишүүд тэдний шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэсэн агуулга бүхий тайлбарыг араас нь хийв. МАХН-аас тавьсан санал гэж тойруулсан болохоос АН-ын генсекийн үг Н.Энхбаяр, З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын дунд ийм яриа хэдийнэ өрнөж эхэлсний л дохио. Тэгэхээр Ц.Оюунбаатарыг эзгүйрсэн Эрүүл мэнд, спортын сайдаар сэлгэх яриа нь халхавч төдий улс төр, Н.Энхбаяр Шадар сайд болох нь цаг хугацааны асуудал юм.

З.Энхболд намын дарга хэдий ч танхимын сайд нараа өргөн барих, чөлөөлөх эрх нь Үндсэн хуулиар Ч.Сайханбилэгт бий. Хөшигний ард З.Энхболд, Н.Энхбаяр нар гар барилцаад МАХН-ын даргыг Шадар сайдад өргөн барилаа гэхэд ил гарах хүн тэр гэсэн үг. Нэг ёсондоо нэрээ дэвшүүлсэн Н.Энхбаяр, Намын дарга З.Энхболд гэхээсээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх хариуцлагыг нуруун дээрээ үүрнэ. Тиймээс Ч.Сайханбилэг ийм алхам хийх нь өөрөө хайчин галд дунд гүйгээд орж байгаагаас өөрцгүй юм. Магадгүй Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрснөөрөө Ч.Сайханбилэг суудалдаа үлдэх үү эс үлдэх үү гэсэн асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Шинэчлэлийн гол авторыг нь бараг сугалах шахсан ч Сөүлээс ирүүлсэн зааварчилгааны ачаар тэсч үлдсэн гашуун туршлага өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягт бий. Гэхдээ Н.Алтанхуягийг огцруулсан автор нь МАН-ынхан ч, АН-ынхан ч биш дан ганц Н.Энхбаяртай байгуулсан гэрээнээс үүдсэн байдаг. Н.Алтанхуягийг тэсч үлдэх арга зам, фракциудаа зөөллөх шалтгааныг эрэлхийлж байх үед Н.Энхбаяр ирж гэрээ байгуулсны үр дүнгээр АН дахь зөрчил сэдэрч Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шүү дээ. Юу үнэн гэвэл энэ үнэн. Яг л ийм сонголт, салаа замын ирмэг дээр Ч.Сайханбилэг зогсож байна.

Хэрэвзээ тэр Н.Энхбаяртай шадарлавал Э.Бат-Үүлээс эхлүүлээд Х.Баттулга тэргүүтэй “МоАХ”-ныхон түүнийг огцрохыг шаардах нь лав. Б.Батзаяагийн баривчилгаанаас үүдсэн “МоАХ”-ны тэргүүний бухимдал ийм завшааныг алдахгүй нь тодорхой. Намын дарга З.Энхболдтойгоо зөрчилдөх үеэсээ л нэг талд гарсан Ерөнхийлөгчийн хамгаалалтгүй болж ганцаараа үлдэх хувь заяа Ч.Сайханбилэгт гарч мэдэх. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар хүлээн зөвшөөрөх хүн АН-д гарын арван хуруунд хүрэхээргүй цөөн. “Н.Энхбаяр Шадар сайд болбол энэ Засгийн газар ажиллахгүй”  хэмээсэн Зам, тээврийн сайд М.Зоригтын хэлсэн үг үүний бэлээхэн жишээ. Эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлаас харсан ч Засгийн газраа огцруулах нь тийм хүсэх зүйл биш ээ.

Тэгэхээр Н.Энхбаярын улс төр дэх “стоп кран”-ыг татах хүн бэ. Сонгууль хүртэл албан тушаалаар амыг нь таглах АН уу эсвэл эвсэж нэгдэхээр ярилцаж эхэлсэн МАН уу. Үгүй ээ. “Стоп кран” татах хүн нь Н.Энхбаяр өөрөө. Шадар сайдын алба гэдэг бол Улсын онцгой комиссыг даргалдаг л алба. Эрх хүрээнийхээ хүрээнд Онцгой байдал, мэргэжлийн хяналт, стандартчилал, хэмжил зүй, худалдан авах ажиллагаа, оюуны өмч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг таван агентлагт чиглэл өгдөг суудал. Өвөлжилт хүндэрч зуд болох үеэр өөрийн биеэр очиж танилцдаг албан тушаал. Нас намба, биеийн байдлын хувьд МАХН-ын даргад тохирохооргүй сэнтий шүү дээ. Гэтэл ард түмний дэмжлэгээр, “Шударга ёс” эвслийн бойкотоор албан тушаалд зүтгэх Н.Энхбаярын ашиг сонирхлын цаана юу нуугдаж байна вэ. Эсвэл 17 жилийн турш салбарын сайдаас төрийн тэргүүн хүртэл албан тушаал хашсан нь тийм чамлалттай хэрэг үү. Ерөнхийлөгч гэдэг бол улстөрч хүний хүрч болох хамгийн дээд албан тушаал. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн улстөрч бүрэн эрхийн хугацаа нь дуусахад буцаж улс төрд ордоггүй нь дэлхий нийтэд тогтсон энгийн гэмээр жишгийг Н.Энхбаярын хэмжээний туршлагатай хүн эрхбиш мэдэж байгаа гэж найдъя. Ойроос дурдахад нэг намын угшилтай Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг “Титэм үг” тэрлээд гоё харагдана шүү дээ.

С.ГАНДӨЛ