”Шинэ Айл Хотол” хөдөлгөөн
Аливаа нэгэн үйл явдал болоход зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл бүрдэх учиртай. Манай улс хөгжин цэцэглэхэд бүх нөхцөл нь бараг хангалттай бүрдсэн. Монгол бол үндсэн хуульт ёстой, ардчилсан бүгд найрамдах улс бөгөөд хүн ард нь эрх, эрх чөлөөтэй, зах зээлийн эдийн засагтай орон.
Аливаа нэгэн үйл явдал болоход зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл бүрдэх учиртай. Манай улс хөгжин цэцэглэхэд бүх нөхцөл нь бараг хангалттай бүрдсэн. Монгол бол үндсэн хуульт ёстой, ардчилсан бүгд найрамдах улс бөгөөд хүн ард нь эрх, эрх чөлөөтэй, зах зээлийн эдийн засагтай орон. Гуравхан сая хүнтэй, 1.5 сая ам км нутагтай, 60 сая малтай, байгалийн асар их баялагтай, элдэв гай гамшиг ховор, дайн байлдаангүй, тайван улс.
Гагцхүү төр засаг нь тогтворгүй, урт хугацааны ямар ч бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй, засаглалын чанар, чадвар нь сул байна. Энэ тухай бид өдөр бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцэн маргалддаг.
Харин тэр бүрт анзаарагддаггүй мөртлөө улс орны хөгжлийг гацааж буй явдал нь монголчууд бид хамтран ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Хамтын ажиллагаа бол Монголын хөгжилд дутаад буй зайлшгүй нөхцөл нь юм.
Хамтарч ажиллахгүйгээр, бусдынхаа төлөө санаа тавихгүйгээр, дундын хариуцлага хүлээхгүйгээр, иргэншиж нийгэмшихгүйгээр эх орон маань тогтвортой хөгжиж чадалгүй, хямралаас хямралын хооронд арга ядан тогтнож байгааг бид харж байна.
Гэтэл солонгосчууд эрч хүчээ эвсэн нийлүүлж, урт хугацааны ухаалаг бодлого хэрэгжүүлснээр үгээгүй ядуурсан улсаа 50-хан жилийн дотор дэлхийн 10 дахь том эдийн засаг болгож чаджээ. Бид хэзээ хамтран ажиллаж сурах вэ?
СОЛОНГОСЫН “СЭМОЛ УНДОН” ХӨДӨЛГӨӨН
Солонгосын дайн 1953 онд төгсөв. Энэ дайнд Солонгосын эдийн засаг бүрэн сүйрч, хот хөдөөгүй өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Тариа тарих, хөдөлмөр эрхлэх багаж зэвсэг ч үгүй болжээ. Модны холтсыг ч буцалган хооллож, ой модоо бүхэлд нь огтлоод түлж орхив. Нүцгэн уулнаас садран буух үер тариалангийн талбайн хөрсийг хуу хамаад урсаж байлаа. Тариачид өвөл хийх ажилгүйгээс байнга архидаж, мөрийтэй тоглодог байжээ.
Өөрөө ядуу гэр бүлд өсөж, Японы армид алба хаасан Пак Жөнхый 1960 онд төрийн эрхийг гартаа авч, улс орноо сэргээн босгох ажил эхлүүлэв. Тэрбээр гадаадаас зээл тусламж авч, юуны өмнө Сөүл-Бусан хотыг холбосон хурдны зам тавьжээ. Дараа нь хүнд болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, гангийн анхны үйлдвэрээ (POSCO) барив.
Үйлдвэржилттэй зэрэгцээд хөдөө орон нутгийг дэмжих үүднээс 35 мянган тосгон тус бүрт 335 шуудай цемент олгож, юунд яаж ашиглахаа өөрсдөө шийдэн, хамтарч хийх даалгавар өгчээ. Орон даяар ийнхүү “Шинэ тосгон” (Sae maul) хөдөлгөөн (Undong) өрнөж эхлэв.
1970 онд өөрийн болон зэргэлдээх тосгонд хүрэх замаа засаж, хуучин гүүрээ сэлбэн, тариалангийн талбай хүртэл жимээ янзалж, цоорхой дээврүүдээ нөхөн, хашаагаа шинэчилж, худаг гаргах, цөөрмөө цэвэрлэх, шуудуу татах зэрэг ажил хамтран гүйцэтгэжээ.
Анх удаа цемент хэрэглэж буй учир ажлын үр дүн нь урьд өмнөхөөсөө чанартай, эдэлгээтэй болов.
Хамтарсан учраас хөдөлмөрийн бүтээмж ч өндөр болж, амьдрах нөхцөл нь эрс сайжирчээ. Урамшсан тосгоныхон уулаа дахин ойжуулж, хүлэмж барин өвөл, зунгүй ногоо жимсээ тарьдаг боллоо. Тосгон бүр дотроосоо эрэгтэй, эмэгтэй хоёр манлайлагч томилов.
Орон нутгийн засаг захиргааны ажилтан бүр тус хөдөлгөөнийг өөрийн биеэр манлайлан, бүх ажилд үлгэр жишээ оролцож, үр дүнгээ хамтран дүгнэж хэлэлцдэг байлаа. Солонгос эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь дээшилж, гүйцэтгэх үүрэгт зарчмын хувьсгал гарав.
Үүний гол оюун санаа (spirit) нь хичээнгүй зүтгэх (diligence), өөртөө туслах (self help), хамтрах (coopera¬tion) явдал бөгөөд энэ хөдөлгөөн нь тариачдад сэтгэлгээний (mindset) эргэлт авчирчээ.
Удалгүй тосгодын оршин суугч бүрийн орлого нэмэгдэж, будаа ногоогоо хамтран тарьдаг, хурим найр, оршуулгын ёслол тэмдэглэдэг хэв заншил тогтож, хамтын хуримтлалын сантай болсон аж. Энэ хөдөлгөөнд төр засаг, орон нутгийн удирдлага нь идэвхтэй оролцсон дээрээсээ доош хандлага, иргэд нь санаачилгатай хамтран оролцсон доороосоо дээш хандлага хосолсныг судлаачид онцлон тэмдэглэж байна. Үр дүн нь хурдан хийх бага ажлаас эхлэн яваандаа том төсөл рүү орж байжээ.
“Сэмол ундон” нь том хотуудаар ч тархаж, дүүрэг, хорооны оршин суугчид хамтран боловсрох, насан туршид суралцах болсноор өнөөгийн БНСУ-ын үсрэнгүй хөгжлийн оюун санааг бүрдүүлсэн аж.
МОНГОЛЫН “ШИНЭ ТОСГОН” ХӨДӨЛГӨӨН
Монголд “Сэмол ундон” 2004 оноос солонгосчуудын тусламжтайгаар эхэлжээ. Энэ хөдөлгөөнд анх Налайх дүүргийн IV хорооны Алтайн 10 ба 11 дүгээр гудамжны 65 хашааныхан нэгдэж хоорондын замаа зассан байдаг.
Дүүрэг нь ч дэмжиж нэмэлт хөрөнгө оруулснаар Монгол Улсад анх удаа гэр хорооллын нэггудамж асфальтан замтай болжээ. Материалын зардлыг нь солонгосчууд гаргаж, гудамжны оршин суугчид, замын компани, цэргүүд хамтран барьсан аж.
Энэ гудмандаа тэд худаг гаргаж, нийтийн халуун усны газар байгуулаад зогсохгүй хүлэмж босгож айл бүхэн ногоо тарихад суралцан, хүнсэндээ хэрэглэдэг болжээ.
Уг хөдөлгөөн төдөлгүй Улаанбаатар хот, аймаг, сумдаар өрнөж худаг гаргах, зам тавих, хүлэмж, номын сан, интернэт кафе байгуулах гэсэн олон төсөл орон даяар хэрэгжжээ. “Шинэ тосгон” хөдөлгөөн өнөөдөр 16 аймаг, нийслэл хотоос нийт 5000 гишүүн хамруулсан, өөрийн сургалтын төвүүдтэй томоохон төсөл болоод буй.
Жилд дунджаар 100 гаруй сая төгрөгийн тусламж БНСУ-аас авч, дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн байна. 2015 онд л гэхэд “Нэг хүн, нэг мод” хөдөлгөөнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулж, 20 мянган мод тарьжээ.
Гэвч энэ хөдөлгөөн Солонгост тархсан шиг бүх нийтийг хамарч, хүн бүрийг оролцуулж чадахгүй байна. Тухайн айл хотлын (com¬munity, өмнө нь би хүйн хамтлаг гэсэн орчуулга хэрэглэсэн) хүн өөрт нь шууд ашигтай л бол оролцох болохоос манай айл хотолд хэрэгтэй гэж хандахгүй хэвээр.
Би л болж байвал бусад нь падгүй гэсэн хэт аминч сэтгэлгээ Монголын нийгэмд газар авчээ. Дээрээсээ доош хандлага буюу төр, улс, орон нутгийн удирдлагууд ч энэ хөдөлгөөнд чин сэтгэлээсээ тэр бүр оролцохгүй байгаа.
Солонгосчуудын хөрөнгөөр аль нэг төсөл хэрэгжээд эхэлбэл бүх түвшний улстөрчид уралдан ирж, тууз хайчлах, баяр хүргэж зургаа авахуулахаас хэтрэхгүй, сонгуулийн шоу болгочихоод байна.
Айл хотлын хөгжил нь айл өрх бүрийн жигд оролцоогүйгээр ахихгүй. Баг тус бүр хамтран ажиллахгүйгээр орон нутаг ч, улс орон ч хөгжихгүй байна. Юуны өмнө багууд газрын зураг дээр өөрийн нутгаа тодорхой болгож, хил хязгаараа тогтоох цаг иржээ.
Хуулийн дагуу 60 жилээр ашиглах гэрээ байгуулах учиртай. Өөрсдийн газар, бэлчээр нь тодорхой болчихвол айл өрхүүд хамтран ээлж ээлжээр өвөлжөө, хаваржаагаа сэргээн засаж, худаг усаа гаргах юм.
Тэд айл хотлоороо нэгдэн хашаа хороогоо барих, хадлан тэжээл, мах, сүү, ноос, ноолуураа бэлдэн бөөндөж борлуулах зэргээр хоршиж байж хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө орлого нь дээшилнэ. Амьдрал сайжраад эхлэхээр заавал хот газар бараадах шаардлага багасна.
Эдүгээ айл бүр цахилгаан, хиймэл дагуулын антенн, гар утастай болчихоод байгаа нь Солонгосын дайны дараах үетэй харьцуулшгүй давуу тал юм.
Монгол Улсад “Шинэ айл хотол” хөдөлгөөнийг тодорхой нарийн судалгаан дээр үндэслэн, айл хотлууд бизнесээ хөгжүүлэх, хоорондоо өрсөлдөхийг нь дэмжсэн газрын харилцааны цоо шинэ хэлбэрийн төрийн бодлого, түмний хамтран ажиллах сэтгэл аль аль нь үгүйлэгдэж байна.
oin urgen
зочин
zochin
спартак-д
д. цэнгэл
Уншигч
Зочин
Зочин
Багий
баяраа
баяраа
иргэн
монгол
Зочин
Иргэн
tumen zuv
Хишигээ
munguu
munguu
Зочин
Зочин
zochin
Zochin
Зочин
гармаа
спартак
Зочин
Зочин
Зочин
Зочин