Ноён Путин, Та Монгол улсад хагас өдөр ч гэсэн тавтай морил.Та шинэ зууныг эхлүүлсэн 2000 онд Орос улсын Ерөнхийлөгч болсоныхоо дараахан Монголд айлчилж, Ерөнхийлөгч Н.Багабандитай “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурж билээ. Зургаан жилийн дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр Москвад очиж, хоёр талын худалдааг либералчлах зэрэг арваад баримт, бичигт бас гарын үсэг зурсан. 2009 онд та Монголд дахин айлчилж Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулсан. Саяхандаа эдүгээ төр, засгийн бүх эрхийг авсан Ардчилсан Намын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай хэд хэдэн удаа уулзаж олон зүйл тохирсондоо.

Төр засгийн дээд удирдлагууд та нарын байгуулсан энэ олон гэрээ, хэлцлийн жоохон хэсэг нь ядаж хэрэгжсэн бол өнөөдрийх шиг хоёр улсын иргэд харилцан зорчихыг хазаарласан, асар хүнд суртал, өндөр зардал шингэсэн визийн тогтолцоо ядаж алга болчихсон байхгүй юу. Хамгийн ойр хөршүүдийн худалдаа эргэлт жилд 1.7 тэрбум доллар болсон ч тавхан хувь нь Монголоос ачсан цөөн тооны оймс, цамц, харин 95 хувь нь танайхаас дэлхийн үнэтэй уралдан авч буй бензинээс өөр, арай л шудрага, худалдааны тэнцэлтэй байхсан. Хоёр төрийн эзэмшдэг транс Монголын ганцхан шугамтай төмөр зам ядаж хос болж, хуучирсан вагонууд нь шинэчлэгдээд, музейд тавигдах байлаа. Та нар маань тавь жаран хувийн татварын эмбарго тавихаа зогсоочихсон бол хэдэн зуун жилээр Сибирийг хангаад л ирсэн Монголын махны экспорт сэргэх байлаа. Хаа байгаа алсын Шинэ Зеландаас мах зөөх шаардлага байсан гэж үү.

Энэ олон жилийн, хэдэн арван уулзалтын үр дүн нь эерэг биш, бараг сөрөг байгаад та санаа зовж, эгдүүцэж байж таарна. Бид ч бас. Монголын энгийн иргэд бид Таниас илүү гайхаж, сайн хөршүүдийн харилцааг юу гацаагаад байгаад санаа зовж байна. Монголын төр засгийн байгуулалын болон удирдлагын чадвар бэхжиж чадахгүй, сонгууль бүрээр солигдож байгаа шалтгаанд тодорхой хэсгийг ногдуулж л таарна. Гэхдээ энэ их нөөц боломжтой, уламжлалт, ойролцоо соёл, заншилтай хөршүүдийн харилцаа өнөөдөр шилэн хөшгөөр тусгаарлагдсан мэт, юу болж байгааг хараад байгаа ч ойлгохгүй, яриад байгаа ч сонсохгүй болсон нь аль хир удаан үргэлжлэх болж байна аа? Дээд дунд түвшинд уулздаг, ярьдаг, тохирдог ч ямар ч үр дүн гарахгүй байгаа нь хоёр улсын харилцаа хэлгүй, дүлий хоёрын яриаг санагдуулах боллоо. Хоёр хөршийн хооронд энэхүү ойлголцлолын хомсдол яагаад бий болсон шалтгааныг ойлгож, түүнийг арилгах түүхэн шаардлага бидний өмнө тулгарчээ.

ТӨР ЗАСГИЙН ТҮВШИНД

Өнгөрсөн хориод жилийн дотор Монгол улс өөрийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн загвараа бүрэн өөрчлөв. Бид улс төрийн хувьд шууд сонгуулийн, парламентийн засаглалтай; эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурласан хувийн хэвшил зонхилсон; нийгмийн хувьд хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан цоо шинэ ардчилсан хөгжлийн замыг сонгоод явж байна.

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн хэлбэрт, ганц намын тогтолцооноос улс төрийн олон намын тогтолцоонд шилжих улс төр, эдийн засгийн хос шилжилтийг хийж байна. Олон төрлийн бэрхшээлтэй тулгарч, алдаж онож байгаа ч энэ замаар тасралтгүй урагшилсаар байна. Монголчуудын өмнө улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулын кампанийн бүх зардлыг тайлагнадаг болгох замаар авилгал хээл хахуулын үндэс суурийг таслан зогсоох том сорил жишээ нь тулгараад байна. Орос орон ч өөрийн сонгосон замаар эдийн засгийн өндөр амжилт үзүүлж байгааг Монголчууд харж байна.

Гэтэл хоёр улсын төр засгийн удирдлагууд,аль хэдийнээ алга болсон ЗХУ болон БНМАУ-ын үе шиг эдийн засгийн асуудлыг зах зээлийн биш, харин улс төрийн аргаар шийдэхийг оролдсоор ирсэн учир бидний ажил нь ярианаас хэтэрч чадахгүй өдийг хүрлээ.

Хоёр улсын өнөөгийн харилцааг олон арван жилийн өмнө улс төрийн шийдвэрээр байгуулсан,  хамтарсан төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Монрос зэрэг төрийн өмчит компаниудын бүтэц, хэлбэрээр харж дүгнэж болохгүй болжээ. Монгол улсын хувьд төрийн гэдэг нь хэнийх ч бараг биш, сонгуульд ялсан улс төрийн намын төлөөлөгчийг даргаар нь тавьдаг, ихэнхдээ алдагдалтай бөгөөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн бүтэц болчихсон нэгжүүдийг хэлдэг болсонд дийлэнхи иргэд шүүмжлэлтэй хандах болсон юм. Гэтэл яг эсрэгээр үзэж байгаа цөөхөн хүмүүсийн буюу тэдний дотор төрийн компаниудыг л дагаж амьдардаг бүлэг хүмүүсийн үзэл бодлоор Монголыг ойлгох нь цаг үеэсээ хоцорсон хэрэг юм. Тэр хүмүүст жишээлбэл Монголын эдийн засагт төрийн нөлөөг томсгох, алдагдалтай ч хамаагүй төрийн мэдэлд байлгах, үйл ажиллагаа нь нууцмал байлгах тусмаа ашигтай байгаа юм.

Аливаа аж ахуйн нэгж байгаа л бол өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг зах зээлийн хэрэгцээндээ тохируулж ажиллахаас өөр сонголт байхгүй. Төрийн ямар ч компанийг үйл ажиллагаагаа ил тод байлгах, санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргахыг Монголын нийгэмд улам хүчтэй шаардах боллоо. Хамтарсан төмөр замын хувьд Орос, Хятадын болон цаашлаад Ази Европын худалдааг хамгийн хурдан, шуурхай, хямдхан болгож чадвал холбогдох бүх талуудад ашигтай. Монгол улс царигийн ялгаатай дэлхийн хоёр том төмөр замын сүлжээг хооронд нь уулзуулж, хамгийн хурднаар ачааг нь сэлгэн ачиж, төлбөрийн нөхцөлийг баталгаажуулдаг болчихвол Орос, Монгол, Хятадын эдийн засаг, ард иргэд зөвхөн хожино. Монгол улсыг төмөр замын бүс нутгийн транзит тээврийн корридор болохыг Орос улс дэмжинэ гэдэгт найдаж байна. Таны  талын замын саналд (степной путь Путина) Монголчууд талархаж байна. Таны нэрээр түүхэнд орох том төсөл хэрэгжээсэй гэж хүсч байна.

ИРГЭД, БИЗНЭСИЙН ТҮВШИНД

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг хэлц үг Монголд бий.  Төр засгийн дээд түвшинд харилцан ойлголцож чадахгүй болохоор хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ч тэр бүр учраа олохгүй байна. Тэгээд ч олон зуун жил харилцан айлчилж учраа олоод, худалдаа наймаа хийж байсан иргэд сүүлийн хорин жилд харилцан визтэй болсоны улмаас үндсэндээ харилцахаа больсоныг та энэ удаа зогсоож байгаад баяртай байна.  Ард иргэдийн чөлөөт солилцоог хорьсноор хэн ч хожоогүй, түүнийг санаачилсан тэр үеийн улс төрчид ч мөн адил юу ч хожоогүй юм. Монголын бизнэсийн хүмүүс Орос улсыг болж л өгвөл тойрох хандлагатай болжээ.

Монгол улсын нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, өнөөгийн байдлын тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдрийн од шиг цөөн дурьдаж, голдуу тоглож шоглосон, үл ойшоосон өнгөтэй болоод олон жил боллоо.  Улам цөөрч буй, ЗХУ-д суралцаж, мэдлэг боловсрол авсан Монголчуудаас бусад нь Оросын тухай барууны хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээс орчуулсан мэдээг л авч байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот өнөөдөр Оросын жуулчдыг хүлээн авч, сайн зочид буудал, дэлхийн бараг бүх орны хоол, бараагаа үйлчилэхэд бэлэн байна.

Олон нийтийн санал бодлыг судалдаг, хараат бус “Сант Марал” сангийн дүгнэлтээр Монголчуудын 70% нь Орос улсыг манай хамгийн ойр хөрш гэж үзсээр байна. Орос, Монголын эгэл жирийн иргэдийн санаа бодол төсөөтэй, хэвийн харилцаагаа дахин сэргээх хүсэл бодолтой гэдгийг Москвагийн улсын их сургуулийг төгссөн хүний хувьд, бусад олон нөхдийн хамт харж л байна.

Владимир Владиморович, Та өнөөдөр Монгол, Орос улсууд өчигдөрийн буюу социализмын үеэсээ шал өөр болчихсон, гэрийн эзэд нь шинэ үеийн,шинэ хүмүүс болчихсныг анзаарч байгаа. Бид ч бас Орос орон өөр болсныг харж байна.

Мөнхийн хоёр хөршүүд өөрсдөө ч анзаарахгүйгээр барьчихсан шилэн ханаа буулгах цаг болжээ. Таны айлчлал энэ ажлыг эхлүүлнэ гэдэгт итгэж байна. Шилэн ханаа буулгах цаг аль хэдийнээ болжээ. Давно пора, не так ли?