Коридор-4
Онц, сайн эсвэл дунд, муу дүнгээс шалтгаалан амжилт гэж баярлах, эс бөгөөс алдаа гэж засах гэж мачийх. Оюун ухааны цар хүрээ, бодол сэтгэлгээний далайц, хүний мөн чанар, эрчмийн өнгийг дүнгийн тоо тодорхойлж чадах уу? Үгүй л болов уу.
Урд нь байгаа ширээн дээрх кофе час халуун, болзоонд хүлээж буй анд нь хараахан ирээгүй агшин зуур Тэнгис хэсэгхэн бодол болов. Бага насны дурсамжууд бүдэг бадаг нэг тодрон, нэг бүдгэрэн орж ирэхүй.
Багш ангид аядуу намуухан хоолойгоор:
-Гэрэл нь Эрчмийн хэлбэр юм. Абсолют тэг хэмээс дээш температурт байгаа ямар нэгэн биет гэрэл цацруулдаг (дулаан гаргах). Гэрлийг мөн "цахилгаан соронзон цацрал" гэж хэлдэг. Гэрлийг маш жижигхэн фотон гэдэг эгэл биет бүрдүүлдэг. Гэрлийн хурд нь секундэд 300,000 км байдаг. Өөрөөр хэлбэл Дэлхийгээс Сар хүртэл гэрэл ойролцоогоор нэг секунд аялдаг гэсэн үг юм. Гэрэл нь шулуун чиглэлд хөдөлдөг бөгөөд хэрэв замд нь саад таарвал сүүдэр үүсгэдэг. Ихэнх хатуу биет нь харанхуй сүүдэр үүсгэх бөгөөд арай тунгалаг биетийн сүүдэр нь бага зэргийн харанхуй байдаг. Хүний нүд нь цацарч байгаа гэрэл эсвэл ямар нэгэн биетэд туссан гэрлийг хардаг. Жишээ нь, чийдэн гэрэл цацруулах бөгөөд өрөөн дотор байгаа бүх зүйлд харин гэрэл тусч байгаа юм. Гэрлийн өнгө бүр нь өөр өөр долгионы урттай байдаг. Долгионы урт нь богино байх тусам агуулах энергийн хэмжээ их байдаг. Эрчмийн хэмжээнээс үл хамааран гэрэл нь ижил хурдтай тархдаг. Цагаан гэрэл нь маш олон төрлийн өөр өөр өнгийн гэрлийн цуглуулга юм. Цагаан гэрэл призм дундуур ороход хугарал үүсч бидний мэдэх солонго үүсдэг. Солонгод хүний нүдээр харж чадах янз бүрийн долгионы урттай гэрлүүд байдаг. Улаан гэрэл нь хамгийн урт долгионы урттай бол харин ягаан гэрлийнх хамгийн богино байдаг. Ягаан өнгийн гэрлээс богино долгионы урттай гэрлийг хэт ягаан гэрэл гэж нэрлэдэг. Харин улаан гэрлээс их долгионы урттай гэрлийг хэт улаан гэж нэрлэдэг...” гэж монотон буюу нэг өнгөөр үргэлжлүүлэн тайлбарлана. Ангийн хүүхдүүд анхааралтай сонсож, тэмдэглэн авна.
Яагаад ч юм, энэ бүгд түүнд амьтны хүрээлэнг санагдуулна. Молтогчин туулай, бүжин, дэлдэн боохой хочтой чоно, царцаахай, исгэрэх могой, тургих адуу морь, согоо, жараахай загас, майган бор баавгай, булга, минж, ямаа,тэмээ, шумуул, хулгана, шар шувуу, ирвэс, арслан бүгд л циркийн амьтан сургагчийн ташуур эсвэл чихрээр бүждэг шиг онц, муу дунгээр өөрсдийгөө хэмжүүлэн байх. Онц, сайн эсвэл дунд, муу дүнгээс шалтгаалан амжилт гэж баярлах, эс бөгөөс алдаа гэж засах гэж мачийх. Оюун ухааны цар хүрээ, бодол сэтгэлгээний далайц, хүний мөн чанар, эрчмийн өнгийг дүнгийн тоо тодорхойлж чадах уу? Үгүй л болов уу.
Хүн адгуусын шинжтэй гэдэг нь тодорхой. Угаасаа бүгд л хүй мандал байгалийн бүтээл болохоор аргагүй биз. Home sapiense гэх оюун ухаант хүмүүний мэдлэг, нээлт, оюун ухаан тэлэлт агуу боловч эргэлдэх насны ахуй амьдралын жамыг тойрсон цаг хугацаанд, орон зайд хүлээх үүрэг нь үеийн үед нэгэн давтамжтай гурай ч гэмээр, гунигтай ч гэмээр зүйл.
Б.Ринчен гуайн "Гурван талхны үлгэр”-ээр илэрхийлсэн
Бага балчир нас
Идэр дунд нас
Ахмад ахимаг өтөл хөгшин нас
Аав ээж, үр хүүхэд, ач гучийн гурван цагийн холбоо.
Угтаа маш энгийн зүйл.
Яаж энэ хорвоогийн жамаас өгөгдсөн нөхцөл тойргоос гарах вэ? Ямар гарцаар аль коридороор дамжин эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн онгодтой бодол Тэнгисийг уйтай сургууль хичээлээс салгаж, сэрээн замд дуудаж байлаа.