С.Баяр: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяртай ярилцлаа.
-Энэ өдрүүдэд Засгийн газар байгуулагдсаны 100 хоног тохиож байна. Албаны үг, хууль дүрэм, тоо дурдалгүйгээр танай танхим энэ 100 хоногт энгийн иргэний амьдралд ямар эерэг зүйл авчрах ажил хийв ээ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Асуултаа хаанаас эхлэх нь сэтгүүлчийн хэрэг. Харин тоо баримт, хууль дүрэм дурдалгүй хийсэн ажлаа ярь гэдэг чинь сонин байна. Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг, санаачилдаг гол байгууллага. Тиймээс хууль ярихаас өөр замгүй. Аль ч ажлын үр дүнг тоо, баримтаар л илэрхийлдэг. Тиймээс тоон үзүүлэлт заавал байж таарна. Эс тэгвээс хоосон ерөнхий яриа болно. “Засгийн газрын 100 хоног” гэдэг ч бас л тоон хэмжүүр байгаа биз дээ.
-Гэхдээ л манай дарга нар баахан хуулийн нэр, албаны тоо залхтал ярьдаг. Таныг бас тэгэх вий л гэж байгаа юм?
-Таныг албаны үг бага хэрэглээч ээ хэмээн надаас хүслээ гэж ойлгоод хариулахыг хичээе. Зуу хоногийн дотор бид энгийн иргэний амьдралд эерэг зүйл юу хийв гэж та асууж байна. Иргэд олон түмнийг олон жил залхааж, хохироож ирсэн улс төрийн утга учиргүй зөрчил, сөргөлдөөнийг бид хойш тавьж чадлаа. Алдсан, гээснээ ухаарч, байгаа боломжоо ашиглая гэдэгт санал нэгдлээ. Эх орныхоо, энгийн иргэдийнхээ эрх ашгийн төлөө эвслээ. Хамтраад хийх ажлаа тохирлоо. Төсөв төлөвлөгөөгөө батлууллаа. Эдгээр нь эерэг зүйл, хандлага биш гэж үү. Өнгөрсөн дөрвөн жилд л гэхэд бид нэг ч томоохон үйлдвэр байгуулж, ганц ч орд газрыг ашиглаж чадаагүй. Улстөржилт, талцал хэрээс хэтэрч, тэр хэрээр монголчууд бид хохирсоор ирсэн шүү дээ.
Олон жил яригдсан ч олигтой ганц алхам ч хийгээгүй Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглах талаар хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх УИХ-ын шийдвэрийг хамтарсан Засгийн газар гаргуулж авлаа. Энэ бол хамтарсны, нэг зүгт харж чадаж байгаагийн үр дүн. Орд газраа хөгжлийн төлөө ашиглах, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх зорилт хоосон яриа биш, бодит ажил хэрэг болох алхам тавигдлаа. Иргэдийн хүлээлт, цөхөрлийг тайлах, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлэх нь эерэг үр дүн мөн гэж би ам бардам хэлнэ.
Нэгдэж нийлж л бид зорьсондоо хүрнэ гэсэн бодол зөвхөн хоёр улс төрийн хүчний хүрээнд биш, нийгмийн бүхий л хэсэг бүлэгт төлөвшиж байгаад хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдын хувьд би маш их олзуурхаж, урамшиж байна.
Дэлхийд банк санхүүгийн хямрал газар авч, үнийн өсөлт иргэдийн амьдралд таагүй нөлөө үзүүлж байсан үед энэ Засгийн газар байгуулагдсан. Сүүлийн үед хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 100 хоногийн өмнөхөөс бага боловч буурч байна. Тэр хэрээр иргэдэд учирч байсан дарамт жаахан ч атугай хөнгөрч байгаа.
Саяхан Засгийн газраас иргэдийн мөнгөн хадгаламжинд төрөөс баталгаа гаргах хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан. Хурааж хуримтлуулсан хөлс хөдөлмөрийнх нь үр шимийг үрэн таран болгочихгүй байх нөхцөлийг бүрдүүллээ гэсэн үг. Энэ нь энгийн иргэдэд, тухайлан хэлбэл 1.3 сая хадгаламж эзэмшигчдэд, цаашлаад Монгол Улсын маань эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Инфляц өнгөрсөн намрынхаас буурч байна.
-Намар 34 хувь байсан?
-Одоо, арваннэгдүгээр сарын эцсийн дүнгээр энэ үзүүлэлт 24.2 хувь болж буурсан байна. Үүнийг бага ч гэлээ эерэг үзүүлэлт гэнэ биз дээ. Тоо дурдчихлаа, уучлаарай.
-Энэ зуу хоногт танай танхим ямар ч гэсэн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй болсон. Энэ хөтөлбөр хоёр намын сонгуулийн амлалтыг бүрэн багтаасан, хэрэгжүүлэх бодит боломжтой мөрийн хөтөлбөр болж чадсан уу?
-Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээгээ боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлууллаа. Чуулганаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс гаргасан 100 гаруй саналыг нэмж тусгаснаар үйл ажиллагааны хөтөлбөр маань нийтдээ 340 гаруй зорилтыг багтаасан томоохон баримт бичиг болсон.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт МАХН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан үндсэн гол зорилтууд бүхэлдээ тусгалаа олсон гэж үзэж байгаа. Эдгээрийг багцлан, хөтөлбөрт тусгасан таван үндсэн зорилтоо товч томъёолъё.
Нэгд, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудын асуудал байна. Эдгээрээс заримыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ хүртээх зорилт дэвшүүлсэн. Энэ бол нэг хүнд ногдох 1.5 сая төгрөгийн амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн үг.
Хоёрт, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Ажлын байр, үйлдвэржүүлэлт, эдийн засгийн өсөлтийн асуудал зэргээ дорвитой шийдье гэж байгаа арга зам.
Гуравт, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг болно гэж байгаа. Ядаж хүнсээ хүнээс гуйхгүй амьдарна гэсэн санаа.
Дөрөвт, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. “Иргэн баян бол улс баян” гэдэг шүү дээ.
Тавд, Монголын төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үүний тулд төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг жинхэнэ ёсоор хангах нь зайлшгүй зорилт.
Эдгээр таван зорилтын аль нь ч хэлэхэд амар хэрнээ, хэрэгжүүлэхэд асар их хүчин чармайлт шаардагдах бодлого, үйл ажиллагаа юм. Шинэ хөтөлбөрийн нэг том онцлог бий. Зорилтыг хэрэгжүүлэх эдийн засгийн гол арга замыг бид төр, хувийн хэвшлийн түншлэл гэж үзсэн. Үүнийг бодит эдийн засгийн салбар төдийгүй боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт ч зохистой хэлбэрээр нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Ер нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг “хөгжлийн хөтөлбөр” гэж товчоор тодорхойлж болно. Хөгжлийн хөтөлбөрийг монгол түмэн бүгдээрээ хамтарч, тэдний идэвхтэй оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
Саяхан бид хувийн хэвшлийнхэнтэйгээ уулзаж Засгийн газрын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар ярилцлаа. Манай хувийн хэвшлийнхэн энэхүү түншлэлийн арга хэлбэрийг зөв зүйтэй гэж үзэж, дэмжиж байна. Тэд энэ арга хэлбэрийг шуурхай нэвтрүүлж, үр дүнд хүргэхийн тулд шаардлагатай эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлээч гэсэн хүсэлтийг тавьж байна лээ. Энэ мэтчилэн яриад байвал зөндөө юм бий. Гэхдээ ингэсгээд товчилъё.
-Гэхдээ зуу хонох гэж байгаа ч гэсэн агентлаг, яамдын бүтцийг батлуулах, дэд сайдын томилгоо гээд амжаагүй ажлууд бас байна. Ер нь хамтарсан Засгийн газраас хурд харагдахгүй байна гэсэн шүүмжлэлийг яаж хүлээж авч байна вэ?
-Засгийн газар улсынхаа эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ, ирэх оны төсвөө, 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаад хорь ч хоноогүй байна. Ингэж эмээл хазаараа, унах унаагаа зэхэж амжаагүй Засгийн газар хаашаа, яаж хурдлах юм бэ, тийм үү. Яам, агентлагийн бүтэц, түүнтэй холбоотой зарим нэг томилгооны асуудал үлдээд байгаа нь үнэн. Бид холбогдох төслөө УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг маань хэлэлцээд батлаад өгчихвөл удаашруулаад, хойш тавиад байх шалтгаан бидэнд байхгүй.
Хурд дутаж байна гэдгийг аль өнцгөөс нь харж, юутай харьцуулж хэлж байгаа юм бол доо, Отгонбаяр аа. Наадмын дараа бүрэлдэх учиртай Засгийн газар маань намрын дунд сар шувтарч байхад ажлаа дөнгөж эхэлсэн шүү дээ. Тэгээд ч би хурдан харагдахын тулд хурдлахгүй. Үр дүн гаргахын төлөө л хурдална.
-Та ер нь долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш их хашир болчихсон юм биш үү. Өнөөдрийн хурд, анх Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн зоримог, шийдэмгий байдал ийм харьцуулалт бий болгоод байх шиг?
-Тэр үйл явдал олон юм, олон хүнийг өөрчилсөн. Би ч бас өөрчлөгдсөн биз. Илүү хашир болсон бол харин ч сайн хэрэг. Улсын Ерөнхий сайд хэмээх хүн гэнэн хонгор амьтан байж таарахгүй. Хурдын тухай би сая хэлсэн. Хурдлахад учир бий. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг. Энэ үг одоо цагт засгийн ажилд бүр ч их хамаатай гэж боддог шүү. Харин зорьж, тооцож, шийдсэн зүйл дээрээ бол би бээвийгээд, бэмбэгнээд байгаагүй. Цаашдаа ч тийм байхгүй.
-Энэ дашрамд асуухад долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон залуус арай хүнд ялаар шийтгүүлж байна. Тэднийг цагаатгах, эсвэл Өршөөлийн хууль гаргаж суллах талаар Ерөнхий сайдын байр суурь ямар байгаа бол?
-Хуулийн байгууллага хүчин төгөлдөр байгаа хуулиа баримталж л шийдвэрээ гаргаж байна гэж би ойлгож яваа. Оноож буй ял хүндэдлээ, хөнгөдлөө гэж миний хувьд хөндлөнгөөс ярих нь шаардлагагүй бөгөөд зохимжгүй асуудал.
Цөөн бүлэг хүмүүсийн турхиралт, өдөөн хатгалгад автаж олон арван залуус хэрэгтний ширээнд сууж, ард нь аав, ээж, ар гэрийнхэн нь зовлонд унаж байгаад би хувьдаа харамсч явдаг. Харамсаад зогсохгүй сэтгэл минь хөндүүрлэж, өвдөж байгааг зориуд хэлье.
Гэмт хэрэг гарцаагүй үйлдсэн, үймээн самуун, дээрэм тонуулд голлох үүрэгтэй оролцсон хүмүүсийг хуулийн зарчмаар зөв тогтоож, шударга шийтгэх ёстой. Харин гэнэн томоогүйн харгайгаар, олон хөлийн дүйвээнээр уг хэрэгт оролцсон, учруулсан хохирол, үйлдсэн үйлдэл нь гэм хорын хувьд бага тийм залуусыг, ялангуяа бага балчир хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг өршөөж бололгүй яахав гэсэн бодолтой байдаг.
Хамгийн гол нь Монгол орныг урьд өмнө үзээгүй эмгэнэл, цочролд оруулсан хэтэрхий гэмээр зэрлэг балмад энэ хэрэг явдлын учир шалтгааныг олж, сургамж аваасай, ийм хэрэг явдал дахин битгий давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
-Хурдтай холбоотой асуултаа үргэлжлүүлье. Шинэ оны эхний өдрөөс Төрийн албаны тухай шинэ хууль үйлчилж эхэлнэ. Энэ хуулиар олон хүн албан тушаал, нам хоёрынхоо аль нэгийг сонгоно. Та Ерөнхий сайд ч, бас намын дарга. Тэгэхээр чадварлаг хүмүүсийг төрийн албанд байлгах сонирхолтой байна уу, эсвэл намдаа үлдээх хүсэлтэй байна уу?
-Сонголтыг би хийхгүй, тухайн хүн өөрөө хийнэ. Итгэл үнэмшлээрээ хийж байгаа сонголтыг нь аль нэгэн дарга өөрчлөх эрхгүй. Боломж ч байхгүй. Төрийн алба тунгалаг байх тухай бид их ярьдаг. Харамсалтай нь баг, сумаас эхлээд дээд төвшиндөө хүртэл төрийн ажил албанд улс төрийн зорилгоор намчирхаж, улстөржиж ханддаг үзэгдэл манайд хавтгайрсан. Бүгд л үүнийг харж үзэж, амсч мэдэрч байгаа.
Эрдэм боловсролтой, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор ханддаг, туршлага чадвараар шалгарсан, түмэн олны өмнө төрийг төлөөлж чадахуйц тийм хүмүүс Монголын төрд хэрэгтэй. Улстөржилтийн золиосонд тэд өртөх ёсгүй. Төрийн албанд сахилга, хариуцлага, чадварыг л эрхэмлэнэ гэж Ерөнхий сайдын хувьд үзсээр ирсэн, одоо ч тэгж үзэж байгаа.
-Дэлхийн санхүүгийн хямрал Монголд хэр нөлөөлж байна вэ. Танай Засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадсан уу. Нэг их нөлөө үзүүлэхгүй байна, эсвэл хямралаас бас хожиж болно гэсэн тайвшрал үйл явдлыг өөр тийш нь хөтөлчих гээд байгаа юм биш үү?
-Олон улсын санхүүгийн хямралын гадна үлдчих улс орон байхгүй. Энэ тухай саяхан Вашингтон хотноо болсон дэлхийн 20 том улсын тэргүүн нарын уулзалт, мөн үүний дараа Перуд болсон АПЕК-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний ээлжит уулзалтын үед хөгжингүй орнуудын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд нэгэн дуугаар мэдэгдсэн.
Харин энэ хямрал аль улсад ямар байдлаар нөлөөлөх нь тухайн улсын эдийн засгийн бүтэц, хөгжлийн эрэмбэ, гадаад худалдааны либералчлалын түвшин, мөн тухайн улсын банк, санхүүгийн тогтолцооны байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч, харилцан адилгүй байна. Жишээ нь АНУ-ын зах зээлтэй гадаад худалдаа, хөрөнгийн зах зээлээр шууд холбогдсон улс орнуудад хямрал маш түргэн хугацаанд халдварлаж тухайн улс орны эдийн засгийг зогсонги байдалд оруулж байна.
Харьцангуй хаагдмал, хязгаарлалт бүхий эдийн засгийн тогтолцоотой БНХАУ-д ч хямрал сүүлийн үед хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлж байна.
Монгол Улсын хувьд олон улсын хямрал хөрөнгө, санхүүгийн зах зээлээр бус харин гадаад худалдаа, үүний дотор экспортын түүхий эдийн үнэ ханшийн огцом бууралтаар түлхүү нөлөөлж байна. 2008 оны долдугаар сард хүрч байсан төвшнөөс зэсийн үнэ 2.6 дахин, алтны үнэ ханш ихээхэн хэлбэлзэлтэй байгаа нь манай гадаад худалдааны үзүүлэлтүүдэд цочмог, сөрөг нөлөөлөл үзүүлж, гадаад худалдааны алдагдлыг эрс нэмэгдүүлэхэд хүргэлээ.
Дэлхийг хамарсан доргилт манай банкны тогтолцоонд бас чичирхийлэл үүсгэлээ. Гэхдээ зарим улс оронд болж байгаа үйл явдал шиг банк, санхүүгийн байгууллагууд тэр аяараа дампуурах, үйлдвэр, аж ахуйн газрууд нөхөж баршгүй алдагдалд орох үйл явц одоогоор ажиглагдаагүй байна. Тэглээ гээд амар тайван суугаад байж болохгүй нь ойлгомжтой. Юм юманд л бэлэн байх ёстой.
-Сүүлийн өдрүүдэд “Анод” банкийг тойрсон дуулиан олон хүний анхааралд өртлөө. Зарим нь сандарч, зарим нь төр хадгаламжийг даатгасан хэмээн тайвширч байна. Та бүхэн сарын өмнө мэдэгдэж байсан шигээ ийм байдалд хүргэхгүйгээр, банкны системд тийм хэмжээний шуугиан үүсгэхгүйгээр нөхцөл байдлыг зохицуулж болсонгүй юу?
-УИХ, Засгийн газрын зүгээс банк, санхүүгийн салбараа хямрал, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг одоогоос бараг гурван сарын өмнөөс авч хэрэгжүүлж эхэлсэн. 2008 оны есдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр анхны томоохон уналт үүссэн цаг үеэс эхлэн энэ нь мега-цунами мэт дэлхийн олон орныг дайрлаа. Бид үүнийг хараад зүгээр суугаад байгаагүй. Давын өмнө банк, санхүүгийн салбарынхаа тогтолцооны эрүүл саруул байдалд онцлон анхаарч байна. Урьдчилсан арга хэмжээний тодорхой төлөвлөгөөг боловсруулан, мөрдөөд явж байгаа. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан маань ч үүнтэй холбоотой.
Дээрх өөрчлөлтийн дагуу банк, санхүүгийн салбартай холбоотой, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг чуулганы хуралдаанаар шуурхай хэлэлцэн баталж байх хоёр хуулийг хэлэлцэн батлаад байна.
Хэрвээ бид ийм өөрчлөлт хийгээгүй бол банкны салбарт үүсч байгаа зарим эмзэг асуудал илүү хурцадмал байдалд орох, олон нийтийн дунд сэтгэл түгшилт, бухимдал, үл итгэх байдал үүсгэж болзошгүй байлаа.
“Анод” банкны үйл ажиллагаа, төлбөр гүйцэтгэх чадвар муудсан байдалд Монголбанк онцгой анхаарал хандуулж, шуурхай шийдвэр гарган, онцгойлон хадгаламж эзэмшигчдийн мөнгөн гүйлгээг хэвийн горимд оруулаад байна.
Нөгөө талаар манай хууль тогтоомжийн дагуу бидний хийх ажил, хүлээх үүрэг нарийн зааг ялгаатай байдаг. Банкны салбарын асуудлыг Засгийн газар бус Монголбанк удирдан, эрхэлдэг учиртай. Олон улсын нийтлэг тогтолцоо, жишиг ч ийм юм. Монголбанкнаас арилжааны банкууддаа байнгын хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийж ирсэн гэж бид ойлгож байгаа. Харин санхүүгийн сахилга дэг журмыг зөрчсөн, магадгүй бусдад ямар нэгэн баталгаагүйгээр ихээхэн хэмжээний зээл олгосон, банкны удирдлагууд нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн зэрэг асуудлыг хяналт шалгалтаар үүнээс өмнө илрүүлж болох байсан ч байж магадгүй. Үүнийг одоо хийгдэж байгаа хяналт, шалгалтын ажил хийгдэж дууссаны дараа л бүрэн гүйцэд тодорхойлох боломжтой болно.
-Одоо “Анод”-ын хадгаламж эзэмшигчид мөнгөө авъя гэвэл өгч байгаа юу. Бусад банкны хувьд үнэхээр хүндрэлгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд баталж чадах уу?
-Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Анод” банкны салбаруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус банкинд хадгаламжтай иргэд хүсэлт гаргавал хадгаламжийг нь буцаан олгох ажил эхэлсэн. Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчийг тус банкинд томилон ажиллуулж байгаа.
Цаашдаа Монголбанкны зүгээс “Анод” банкны үйл ажиллагааг журамлаж, олгогдсон, төлөгдөөгүй байгаа зээлийг цаг хугацаанд нь барагдуулах арга хэмжээ авч ажиллана. Урьдчилсан шалгалтын мэдээллээс үзвэл тус банкны төлбөр гүйцэтгэх чадвар муудсан гол шалтгаанууд нь тус банкны удирдлагын менежментийн алдаа дутагдалтай голчлон холбоотой байгаа тул бусад банкуудад шууд учрах сөрөг нөлөөлөл байхгүй гэж Монголбанк үзэж байгаа юм билээ.
Тэгээд ч түрүүн хэлсэнчлэн, арилжааны банкууд дахь иргэдийн хадгаламжид төрөөс 100 хувийн баталгаа гаргах тухай хуулийг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр батлан гаргасан. Иймээс иргэд хадгаламжаа банкнаас татаж авах гэж тэвдэх, түгших хэрэггүй гэдгийг дахин сануулж хэлье. Ямар ч нөхцөлд иргэдийн хадгаламжийг хамгаалах баталгааг төрөөс гаргасан. Ийм арга хэмжээг авснаар олон нийтийн дунд сэтгэл түгших, сандарч самгардах, мөнгөө татан авах явдал үлэмж багассан байна.
-Иргэдийн хадгаламжийг даатгасан, одоо банкуудад мөнгө байршуулна гэж байна. Энэ бүхэн нь зөв байж болох ч, татвар төлөгчдийн мөнгийг хариуцлага алдсан хэсэг хүмүүсийн учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулах нь хэр шударга вэ?
-“Анод” банкны удирдлагын зүгээс банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журмыг зөрчиж ихээхэн хэмжээний зээл олгосон, эсэх асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын үйл ажиллагаа бүрэн хийгдэж, эдгээр хүмүүс буруутай эсэх нь тогтоогдсоны дараа тэдэнд хариуцлага тооцох асуудлыг холбогдох хуулийн дагуу авч үзэх нөхцөл бүрдэнэ.
Тус банкнаас ихээхэн хэмжээгээр зээл авсан харилцагчдын баталгаа, хөрөнгө байгаа учир шаардлагатай нөхцөлд Монголбанкны зүгээс зээлийг барагдуулах асуудлыг хөндөж, банкны төлбөрийн чадвар, хөрөнгийн зохистой харьцааг хангах арга хэмжээ авах юм.
Иргэдийн хадгаламжид төрөөс батлан даалт гаргах тухай шийдвэрийг маш зөв алхам боллоо гэж олон нийт үзэж байна. Олон улсын практикт өргөн хэрэглэгдэж, үр дүнгээ өгч байгаа арга хэмжээ л дээ. Төр иргэнээ, иргэнийхээ өмчийг хамгаалах үүрэгтэй. Тэр үүргээ л биелүүлж байна.
Арилжааны банкуудад Монгол Улсын хөгжлийн сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг байршуулах тухай асуудлыг та хөндөж байна. Энэ нь нийт банк, санхүүгийн тогтолцоонд дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Банк, санхүүгийн тогтолцоо нь нийт макро эдийн засагт нэн чухал үүрэгтэй, хүний биетэй зүйрлэвэл цусны эргэлттэй адилхан гэж ярьдаг.
Банкны тогтолцооны эрүүл саруул байдлыг эхний ээлжинд хангаж, цаашид нийт эдийн засагт тулгарч болох хүндрэл бэрхшээл, эдийн засгийн зогсонги байдлаас сэргийлэх нь төрийн хүлээх бас нэгэн үүрэг юм.
-Би таныг хувьдаа азгүй Ерөнхий сайд гэж бодож байгаа. Жилийн өмнө байсан гадаад валютын нөөц хоёр дахин дундарлаа, эдийн засгийн хямрал дэлхий даяар нүүрлэж, Монгол ч өртлөө. Бас төсвийг бүрдүүлдэг зэсийн үнэ хоёр дахин уналаа, гадаадын хөрөнгө оруулагчдын Тавантолгой, Оюутолгойг сонирхох сонирхол буурлаа. Ийм хүнд үед засгийн залуур дээр суухад амаргүй байна уу?
-Аз, эзийн талаар яривал зөндөө л юм ярьж болох биз. Жишээлбэл, саяхан л гэхэд манай байгалийн баялаг урьд хожид байгаагүй үнэд хүрч, түүнийгээ ашиглах боломж бидний өмнө гарч ирж байсан нь азтай л хэрэг байж. Гэтэл бид дэндүү хөгийн юмсаар хөөцөлдөж, алтан боломжоо ашиглаж чадалгүй талаар өнгөрөөснөө азаа ар дээрээ хаясан арчаагүй явдал гэхээс өөр юу гэхэв дээ, чааваас.
Гэхдээ би гомдоллоод, гоншигоноод байх дургүй. Тэгээд ч энэ бүх зүйл дан ганц Ерөнхий сайд намайг тойрсон асуудал биш юм. Монголчууд бидний бүгдийнх нь л нийтлэг асуудал, бид бүгдийн л жаргал зовлон, ёр ёндоо юмуу даа. Ер нь ч тэгээд Засгийн газрыг тэргүүлж байгаа хүнийг азтай, азгүй гэх нь хаашаа юм. Амар ажил биш гэдэг нь тодорхой. Аль ч улсын ямарч Ерөнхий сайдад өөрийн гэсэн бэрхшээл, зовлон бий. Тэгэх тусмаа яг одоо дэлхийн банк, санхүүгийн хямрал, уналт улс бүрийн Ерөнхий сайдын зүрх, толгойн өвчин болж байна. Улс орноо энэ хямралд өртүүлчихгүй, хор хохирол багатай аваад гарчихвал, бүрмөсөн алга болчихоогүй байгаа боломжоо хормойноос нь ч болов шүүрээд авч үлдэж чадвал зүгээр л азтай байлаа гэж хэлж болохгүй биз дээ.
Эрүүл ухаантай, эвтэй нэгдэлтэй байж гэмээнэ элдэв барцад бэрхшээлийг давна, ард олныхоо амьжиргааны эрэмбийг өсгөж чадна. Үүнд аз, эз нэг их холбоотой биш байх. Аз гэдэг бол алаг хорвоогийн тохиолдол, эв гэдэг бол эрүүл ухаанаас төрсөн бодлого. Энд том ялгаа бий шүү.
Бэрхшээл хүндрэл, гай барцад хэзээ ч тохиолдож болно. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд хүнд хөнгөн ямар ч асуудлыг тухайн цагтаа шийдвэрлэх үүрэг хариуцлага хүлээж л ажилладаг. Миний өмнөх Ерөнхий сайд нар ч тийм л байсан, хойшдоо ч ийм л байх биз дээ.
-Шинэ Засгийн газраа толгойлсноос хойш та ямар ч гэсэн 100 хонолоо. Энэ хугацаанд АН-тай хамтарсандаа эргэлзэх тохиолдол гарав уу, тус нам хамтрагч байж чадах нь уу. Танай намын зарим лидер намаа аваад засгаас гараарай гэж Алтанхуягийг загнаж, тэр нь танд гомдол мэдүүлж орсон шүү дээ?
-Над дээр явган, мөлхөө хэрүүлийн гомдол мэдүүлж хэн нэгэн орж ирдэггүй. Ирлээ ч би тоохгүй, тийм юманд цаг заваа барахгүй. УИХ-ын танхимд маргах, хэн нэгэндээ хатуу хөтүү үг хэлэх тохиолдол зөндөө гардаг. Хэрэв тийм юм үнэхээр болсон бол тэрний л нэг биз. Аль ч айл, албан газар, ямар ч улсын парламентад байдаг л асуудал. Тэрнийг дэвэргээд, учир ургуулж бодоод, хөгжөөж дэвэргээд байхын хэрэг огт үгүй.
Хамтарна гэдэг бол нүсэр их ажил, асар их тэвчээр, маш нарийн соёл гэж би ойлгодог. Байсхийгээд бэрхшээл хүндрэл гэнэт ургаад гараад ирдэг. Зориуд өлгийдөөд ирүүлчихдэг этгээд найз нар ч бас бий. Найз нар гэдгийг би хашилатнд хэлж байгаа шүү. Цаашид ч хүндрэл тохиолдоно, бэрхшээлийг зориуд төрүүлнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
Гэхдээ уул шугамандаа гэвэл хоёр том нам хамтарч ажиллаж чадаж байгаа. Үр дүн ч эхнээсээ гарч эхэлж байна. АН-тай хамтарсандаа эргэлзэх тохиолдол надад гараагүй. Цаашдаа ч гарахгүй биз. Бидний хамтын ажиллагаа бол Монголын амьдралын зайлшгүй шаардлагаас урган гарсан, улс үндэстнийхээ эрх ашгийн дээд эрэмбийг тооцсон хоёр том намын том шийдвэр. Энэ бол зүгээр нэг хийсвэр бодол ч биш, миний хатуу итгэл үнэмшил юм.
-Одоо намын даргын хувьд зарим зүйлийг асууя. Удахгүй танай намын Бага хурал хуралдана. Юу хэлэлцэх вэ?
-Сонгуульд оролцохдоо манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх шатны намын байгууллагуудын хүлээх үүргийн тухай ярина. Намын Бага хурлын бүрэлдэхүүнд сонгуулийн дүнгээс улбаалсан зарим өөрчлөлт оруулна. Намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно.
-Намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийг олон нийт хамгийн ихээр сонирхож байна. Та намын даргын хувьд нэр дэвшүүлнэ. Хэний нэрийг дэвшүүлэх вэ. Хэвлэлээр гараад байгаа Хүрэлсүх, Сүхбаатар, Гантулга, Барсболд, Шийлэгдамба нарын нэрс хэр бодитой вэ. Ямар шалгуураар ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх вэ?
-Тодорхой асууж байна. Гэхдээ би одоогоор хариулж болох юмандаа л тодорхой хариулъя. Шалгуур бол тодорхой. Улс төрийн болон ажил хэргийн гэсэн уламжлалт хоёр шалгуураа л барина даа. Чухам хэнийг сонгох вэ гэдгийг дотроо нухацтай ярилцаж байгаад л шийднэ. Ингэж нухацтай хэлэлцдэг нь манай намын тогтсон уламжлал юм.
-Намын нарийн бичгийн дарга нарын томилгоо хийх үү?
-Одоо бид орон тооны гурван нарийн бичгийн даргатай байгаа. Энэ тоог цөөлж, ганц болгоно. Харин орон тооны бус нарийн бичгийн дарга нарын тоог нэмэх, хасах тухай асуудлыг Бага хурлын дараагийн хуралдаанаараа ярих болов уу.
-Намын байраа сэргээн босгох ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Энэ тухай мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гарах учиртай. Барилга маань дахин ашиглах боломжтой эсэхээс хамаарч сэргээн босгох, эсвэл шинээр барих тухай асуудал хөндөгдөнө. Тэр их галд барилгын гол даац тулгуур, баганууд гэмтсэн, төмөр хийц нь уярсан бол сэргээн босгох аргагүй л болох байх. Тэгвэл шинээр барилга барихаас өөр арга олдохгүй л болов уу. Шинэ ерөнхий нарийн бичгийн даргын хөөцөлдөх, гүйцээх нэг гол ажил бол энэ.
-Та ер нь намын ажил, засгийн ажлын алинд нь илүү цаг гаргаж байна вэ?
-Сонгуулийн үед бол намын ажилдаа голлон анхааралгүй яахав. Бусад үед шил шилээ дарсан засгийн ажлаасаа болж, намын ажилдаа гүн орж төдийлөн чадахгүй л явна даа.
-Таныг Ерөнхийлөгчтэй таарамж муутай байгаа гэх хэвлэлийн таамаг бий. Та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
-Бид хоёрын харилцаа сайн байгаа. Муу байх үндэс байхгүй. Байлаа ч хувийн асуудлаа, хувьсгалын үйл хэргээс ялгаж салгах чадвар, ухаан бид хоёрт байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэвлэлийн аливаа таамаг бол миний боддог, санаа зовдог сэдэв ерөөс биш.
-Энэ шүүмжлэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг таамгаас үүдэлтэй байх. МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх бол?
-Үүнийг хэн нэгэн дарга биш, намын хамт олон л мэддэг асуудал. Энэ бол бас л намын маань үндсэн зарчим, тогтсон уламжлал.
-Шууд асуухад Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
-Шууд хариулъя. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ. Түрүүн ярьсан МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэдгээр олон зорилтыг хангах, тэр том ажлыг эхлүүлэх, хийх, гүйцээх гол үүрэг МАХН-ын дарга, Ерөнхий сайд миний нуруун дээр тохоостой байгаа. Үүнийгээ орхиод ийш тийш элдвийг хайн гүйж, дэвшиж өрсөлдөж болно гэж бодож байна уу. Үгүй шүү дээ.
-Баярлалаа, танд амжилт хүсье.
-Та бүхэнд, бас танай сониноор дамжуулаад нийт ард түмэндээ сайн сайхныг хүсье.