Тахрирын хувьсгал
Эртний түүхт Миср оронд би их түүхэн цаг үед нь алба хаших хувь тохиожээ.
(Каир-1)
Эртний түүхт Миср оронд би их түүхэн цаг үед нь алба хаших хувь тохиожээ. Төр засгийнхаа (үнэндээ бол эрх баригч дэглэмийнхээ) эсрэг ард түмэн, түүний залуу үе боссон тэмцлийн түүх бол энэ орны хувьд, энэ ард түмний хувьд жирийн зүйл огт байгаагүй. Үнэндээ бол бидний яг нүдэн дээр тэр орны залуу үе түүхийг бүтээсэн юм.
Тэр түүх ингэж эхэлжээ. 2011 оны нэгдүгээр 17-нд болсон явдал. Тунист болсон үйл явдлын жишгээр амиа шатааж золиослох оролдлого гарч парламентын ордны гадна талд бяцхан бужигнаан үүссэн. Энэ нь эрх баригчдад сануулга дохио болоогүй өнгөрсөн. Долоо хоногийн дараа нэгдүгээр сарын 25-ны Мягмар гаригт олон хүн Каир хотын төвийн Тахрирын талбайд (Чөлөөлөлтийн талбай) цугларч Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж цагдаатай мөргөлджээ. Талбайн нэг захад өлгөөтэй байдаг Ерөнхийлөгч Хосни Мубаракийн томоос том зураг руу залуус авирч гараад түүнийг урж тасдаж байхыг зурагтаар хараад байдал бишдэх нь хэмээн би дотроо бодож байв. Тэр үед цагдаагийн хүчийг оруулж жагсаалыг хүч хэрэглэн тараасан боловч хотын төв рүү цагдаагийн асар их хүч татсан байхыг маргааш нь 26-нд Энэтхэгийн Үндэсний баярын хүлээн авалтад оролцоод буцах замдаа нүдээрээ харлаа. БНЭУ-ын Элчин сайдын яам бол Тахрираас нэг их холгүй, цаахнатай нь Замалек арал дээр байрладаг. Египетийн Сангийн шугамаар Дипломатын курсэд суралцахаар ирсэн манай ГХЯ-ны 15 ажилтан яг Тахрирын зүүн өмнө орших нэгэн буудалд байрлаад байсан тул бид дайрч гараад ачаа хөсгийг нь зохицуулахаар очлоо. Тэд маань маргааш үүрээр Луксорт аялахаар хөдлөх гэж байгаа тул ачааг нь Элчин сайдын яаманд хүргэж өгөөч хэмээн Египетийн Сангийн нөхдийг гуйж байж аргалав. Тэдэнтэйгээ нэлээд орой болтол хуучилж суугаад шөнө дунд Маади дүүрэг дэх гэр рүүгээ харив.
Тэмцлийн хурц үе нь нэгдүгээр 28-ны Баасан гаригт эхэлснийг өдрийн тэмдэглэлээсээ эшлэн одоо дор сийрүүлье. Нэг юм болох нь хэмээн таамаглаж байсан маань тэр өдөр яг нотлогдсон юм. Уг нь их мөргөлийн (Жума арабаар гэнэ) өдөр, хүмүүс лалын шашны зан үйл - мөргөлөөсөө өөр ажил эрхлэх ёсгүй. Үүр гэгээрэхийн алдад сэрээд интернэт рүү оръё гэтэл интернэт, гар утасны сүлжээг Египет даяар үүрээр хаасан байжээ. Үдийн өмнө нам гүм байлаа. Бага үдийн мөргөл өнгөрөөд жагсагчид Тахрирын талбайг чиглэж эхлэв. Элчин сайдын яамны (цаашид ЭСЯ гэж товчлоё) арын, хуучин шинэ хоёр Маадийг холбосон төв замаар явган жагсагчдын цуваа үерийн ус шиг нүүгэлтлээ. Уриа лоозон, орилоон хашгичаан газар тэнгэр доргитол цууриатна. Би ЭСЯ-ныхаа тагтнууд дээр гарч жагсаалыг ажиглаж, дээврийн тагтнаас фото зураг авав.
Телевизээс өөр мэдээлэл авах суваг алга. Euronews, CNN, Al Jazeera, BBC, Оросын Вести-гээр Тахрирын талбай дахь үйл явдлыг хангалттай мэдээлж байлаа. Египетийн Nile ТВ-ийн олон сувгуудаар эхэндээ амралт чөлөөт цагийн нэвтрүүлэг голлож байснаа оройхноос үйл явдлын халуун цэг рүү хандуулж эхэллээ. Хошин шогийн зарим нэвтрүүлгээр Засгийн газраа шүүмжилсэн өнгө аястай нэвтрүүлэг явж байсан нь дараагийн улс төрийн нүүдлийн бэлтгэл байжээ.
Жагсагчид Тахрирт цагдаагийнхантай мөргөлджээ. Ёстой үгээр хэлэхийн аргагүй үйл явдал өрнөжээ. Тунист болсон мөргөлдөөн бол дэргэд нь юу ч биш байж. Маади хавьд нам гүм өнгөрлөө. Орой Маадийн гудамжуудаар хүмүүс хашгиралдаж хөл хөдөлгөөн эрс ихсэв. ЭСЯ-ны харуулууд орой гэнэт алга болж манай ЭСЯ хамгаалалтгүй үлдэв. Бид ЭСЯ-ныхаа гадна дотор бүх хаалгыг түгжиж, гэр гэрээсээ гарахгүй байх, өөрсдөө жижүүрлэж хонох шийдвэр гаргав.
Египетийн Засгийн газар хөл хорих шийдвэр гаргасан ч жагсагчид эсэргүүцэж цагдаатай мөргөлдсөөр л байв. Хотын төв хэсэгт нэн аюултай нөхцөл байдал үүсэв. Алагдаж шархадсан хүн, шатаасан цагдаагийн машин тоогоо алджээ. Эрх баригчид цэрэг оруулах шийдвэр гаргаж Каирын ойролцоох ангиудаас танк, хуягтын цуваа хөдөлгөжээ. Александрия хот, Суэц хот дайны байдалд оржээ.
Босогчид эрх баригч Үндэсний Ардчилсан Намын (ЕҮАН) төв байр руу дайрч хамаг цонхыг нь хагалаад галдан шатаав. Энэ нь Нил мөрний эрэг (Kornish El Nile) дагуу Египетийн музей, хуучны “Нил Хилтон” зочид буудалтай хөршилсөн арван хэдэн давхар том саарал байшин байдаг тэр болж таарав. Тэр байрны дээд давхарт Хүний эрхийн үндэсний зөвлөл байрлаж тэнд Б.Бутрос Гали (НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан) гуай конторлодог учраас би тэр байрыг сайн мэднэ. Тэр байр галд автаж бүтэн гурван хоног шатсан юм. Дээрэм тонуул тэр байрнаас эхэлсэн юм.
Ерөнхийлөгч Хосни Мубарак, түүний хүү ЕҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гамаль Мубарак нар Төв Телевизэд ирж ард түмэндээ хандаж үг хэлнэ гэсэн мэдээг ТВ-үүд мэдээлсэн боловч босогчид зам хаасан, хүрч очих боломжгүй, Төв Телевиз рүү дайрч байгаа, цэргүүд Төв Телевизийг хяналтандаа дөнгөж аваад байгаа зэрэг шалтгаанаар тэд очиж чадахгүй байсаар шөнө дунд хүргэлээ.
Нэгдүгээр сарын 28-наас 29-нд шилжих мөчид Ерөнхийлөгч үгээ хэллээ. Утга нь огтоос буулт хийх шинжгүй, харин Засгийн газраа огцруулж байгааг зарласан, эх орноо хамгаалах уриа тунхаг бүхий үг байв. Жагссан иргэдтэйгээ хэл амаа ололцох талын ганц ч үг унагасангүй. Өдөр нь Nile ТВ-ийн хошин шогийн нэвтрүүлгээр Засгийн газраа шүүмжлээд байсан нь ингэж огцруулахын сэтгэхүйн бэлтгэл байжээ. Тахрирын талбайд шөнөжин бужигналджээ. Үүрээр бороо орох чимээнээр сэрлээ. Гадаа конторын шилэн дээвэр айхтар түчигнээд гараад хартал бороо орж байна. Египетийн хувьсгал эхэлж байгааг байгаль хүртэл бэлгэшээж хур дагуулсан нь тэр юм болов уу гэж бодлоо.
Нэгдүгээр сарын 29-нд үдээс өмнө нам гүм өнгөрөв. Эхнэр охин хоёр маань гадуур гарч манай хойд захаас талх, өндөг авчрав. Жолоочийн эхнэр мөн зах ороод иртэл замд нь утаа олгойдон нэг байшин шатаж байна. Тэр нь манай ЭСЯ-нд тун ойрхон байна гэсэээр санд мэнд орж ирэв. Манай арын захын наад өнцөгт дугуй хэлбэртэй нэг сууц байдаг. Доод давхартаа мечет, ЕҮАН-ын орон нутгийн салбарын офис байдаг, тэр рүү довтолсон бололтой, хар утаа суунаглаж харагдав. Намын байр руу чулуу нүүлгэж араас нь шатдаг шингэн бүхий шил шидэж гал авалцуулсан бололтой. Гал нь манай ЭСЯ руу дамжин орж ирнэ гэхэд зуурт нь сул хашаа, нэг том байр бий. Арай ч гайгүй өнгөрөх болов уу гэж тайвшрав. Урьд шөнө гэнэт алга болсон харуулын цэргүүд үдийн алдад эргээд иржээ. Тэд биднийг гаргахгүй, бүр тагтан дээр ч гарч болохгүй гэж сүржигнээд, тэгсгээд галын машин ирж тэр галыг унтраасан бололтой чимээ намжив.
Египетэд шинэ Засгийн газар байгуулагдаж байгааг мэдээлэв. Дэд ерөнхийлөгч гэдэг албан тушаал байхгүй байсныг бий болгож ТЕГ-ын дарга Омар Сулейман гэдэг генералыг тэр тушаалд томилж тангараг өргүүлжээ. Энэ бол бараг л Х.Мубаракийн орлогч шиг, залгамжлагч маягтай ажиллаж байсан олны сайн танил нөхөр л дөө. Ерөнхий сайдаар агаарын цэргийн хүчний командлагч асан, сүүлд Иргэний агаарын тээврийн сайд байсан Ахмед Шафик гэгч бас нэг генералыг томилжээ. Хоёулаа насны наран хэвийсэн 70 насыг давсан хүмүүс юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөр хэн хэн орсон, ямар бодлого баримтлах, ямар зорилт тавих талаар ямар ч мэдээ алга. Би ОХУ-ын ЭСЯ руу утасдаж Элчин сайд М.Богдановтой ярилцаж байдлыг тандлаа. Тэд ч бас мэдээлэлгүй байгаа бололтой. Иргэдээ яахав гэж асуулаа. Нүүлгэн шилжүүлэх, дүрвүүлэх талаар ямар ч чиглэл аваагүй гэж байна. Тэгээд ч тийм олон мянган орос иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэдэг тун амаргүй тул шийдвэрийг тэгтэл хурдан гаргачихгүй болов уу гэж байна. Лав бидэнд олдсон ил мэдээгээр бол Оросын 40 гаруй мянган жуулчин, цаана нь байнга оршин суудаг 30 мянган орос иргэн Египетийн хотууд болон курортуудад байгаа гэж байв.
Ерөнхий сайд С.Батболд ГХЯ-нд үүрэг өгч Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах, монгол иргэдийн аюулгүй байдлыг анхаарах, тэднийг Каир болон Египетийн бусад хотоос нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах болсныг Улаанбаатараас ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар миний гар утас руу залгаж мэдэгдэв. Тэрээр байдлыг тодруулангаа монгол иргэдээ хамгаалах талаар ажиллах маш тодорхой үүрэг чиглэл өгөв. Манайхны гэр бүлийг болон монгол иргэдийг Кувейт рүү нүүлгэн шилжүүлүүлэхээр Кувейтын талтай ярилцаж байгаа гэв. Кувейт дэх манай ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Д.Бямбадорж (тэр үед түр хамаарч байсан) над руу утасдаж Кувейтын Ерөнхий сайдын Ёслолын албаны даргаас зөвшөөрөл авсан гэдгээ дуулгав. Маргааш Каирт очих Кувейтын онгоцонд манай ЭСЯ-ны ар гэрийнхнийг суулгаж авч буцах тул юм хумээ бэлтгэ гэж хэлэв. Миний гэргий, хоёр хүүхэд, хадам ээж, жолоочийн гэргий хоёр хүүхэдтэйгээ, мөн Женевээс түр томилогдон Каир дэх Олон улсын миграцын байгууллагад ажиллаж байгаа Сарангэрэл (Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Г.Жаргалсайханы гэргий), ЭСЯ-нд түр амьдарч байгаа Ж.Золзаяа (манай хуучин жолоочийн охин) нарыг нэг баг болгон маргааш нь буцаахаар боллоо.
Шөнө энд тэнд буун дуу гарч, гудамжаар хүмүүс хашгиралдан тавгүй хонолоо. Би хоёр ажилтнаа ЭСЯ-ны конторын нэгдүгээр давхарт эвхдэг ор тавьж бэлэн хонохыг үүрэг болгоод өөрөө хоёрдугаар давхрын том тагтнаас шөнө ажиглаж байхаар шийдлээ. Тонуулчид дээрэмчид хашаа давбал наанаас нь усаар шүршинэ гэж хоёр усан хоолойгоо бэлтгэж, өөрсдөө мод, сүх, хүрзээ ойрхон байлгаад хэрэг тохиолдвол зэвсэглэнэ гэж шийдлээ. Гадаадын Дипломат төлөөлөгчийн газар бол Венийн конвенцоор хамгаалагдсан, халдашгүй дархан эрхтэй байгууллага болох тухай, энэ хашаан доторхи газар байшин бол Монгол Улсын мэдлийн газар, байшин, зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно хэмээн дээрэмчдэд учир байдлыг ойлгуулах үгс арабаар бэлтгэ гэсэн үүрэг өөрийн атташе консул З.Чинтүшигтээ өглөө.
Шөнө дунд шуугиан дэгдэх чимээнээр босч тагтан дээрээ гарвал манай Чинтүшиг хашаан дотроо зогсож байна. Асуувал хашааны төмөр хаалгыг гаднаас балбаад сэрээсэн гэнэ. Шат тавьж хашаан дээрээсээ харвал зэвсэглэсэн арваад залуус “Та нар яаж байна? Тайван уу?” гэсэн гэнэ. Манайхныг хамгаалахаар томилогдсон, эсвэл дээрэм тонуул хийхээр яваа улс юм болов уу, бид учрыг тайлсангүй. Нойр хулжаад сэтгэл нэн тавгүй хоноцгоолоо.
Нэгдүгээр сарын 30-ны Ням гариг, уг нь ажлын өдөр байх ёстой. Өглөө босоод ажилдаа ормогц Кувейтын Элчин сайд Рашид Хамадтай холбоо барилаа. Одоо гурван онгоц ирнэ, яаралтай нисэх буудал руу оч гэж хэлээд утсаа тасалчихав. Бид ч түргэн авлаа. Нэгэнт бэлтгэчихсэн байсан тул ядах юмгүй бүгд цуглалаа. Элчин сайдын ёслолын машинд манай гэр бүлийнхэн, Сарангэрэл, ЭСЯ-ны жижиг тоёота королла машинд үлдэх нь суугаад Каирын олон улсын нисэх буудал руу яаравчлан хөдлөв. Би гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгээд ЭСЯ-аа сахиж үлдэхээс өөр аргагүй. Эхнэр маань нулимс унагаж байна. Сэтгэл нь нэн тавгүй явж байгаа байх.
Ингээд би гэдэг хүн ЭСЯ-аа манаад үлдлээ. Каирт ганцаараа хэдэн цаг болох, манай хэд нисэх буудалд эсэн мэнд хүрч чадах, хүрлээ ч Кувейтын нөгөө онгоцонд нь орж чадах эсэх, виз тийз байхгүй явааг хэлэх үү, юм юм л бодогдож байв. Гэртээ ороод ТВ-ээ харангаа хоёрдугаар давхрын том тагтнаас ийш тийшээ байнга ажиглаж, байж суух газраа олж ядан байтал усны хагарсан турба засахаар сантехникийн хоёр араб слесарь ирж хаалга балбалаа. Тэр хоёрыг оруулж Чинтүшигтэйгээ холбоо бариулж ажлыг нь эхлүүлж хажууд нь харж зогслоо. Тэр хоёр газар сэндийлж орхичихоод хоолоо иднэ гэсээр гарч алга болов.
Дахиад ганцаараа, гар утас нэгжгүй, интернэт байхгүй, гадна харуул хамгаалалт байхгүй, ТВ-ээс өөр хань байхгүй, манай хэд эсэн мэнд явсаар Каирын олон улсын нисэх буудалд очих нь очсон гэнээ. Харин оочерлоно гэдэг маш хүнд, ер нь тэнд хүн багтах, хүн зөрөх зайгүй болтлоо гадаадын зорчигчид чигжсэн гэнээ. Би ч хүү, хадам хоёртоо санаа зовж эхлэв. Дайнаас дүрвэж яваа хүмүүс кинонд гардаг даа. Тиймэрхүү юм болж байгаа, мэдээж.
Би тэр өдөр үдэд Шри Ланкийн ЭСЯ-нд үдийн зоогт уригдсан байсан юм. Очих боломжгүй байдлаа хэлж уучлал гуйж Элчин сайд Ибрахим Ансар руу утасдлаа. Каир дахь Ази-Номхон далайн орнуудын Элчин сайд нар нарын бүлгийн ахлагч Шинэ Зеландын Элчин сайд Рене Вильсоныг үдэх ёслолын зоог байсан, би Бүлгийн дэд ахлагчийн хувьд уг нь байлцах ёстой, гэвч оролцох ямар ч боломж байсангүй учраа хэллээ.
Гадуур хүмүүс шуугилдаад л, төв зам дээр сайн дурын харуулууд гаргачихсан, машин болгоныг зогсоож шалгаж байна. Дээрэм тонуул, гэнэтийн халдлагаас сэргийлж “Ардын сайн дурынхан” хамгаалалтад гарсан гэнээ. Манай ЭСЯ байгаа гудамжны хоёр үзүүрт давхар давхар хаалт босгочихсон зэвсэглэсэн залуус харуулд гарч байгаа бололтой. Нөгөө хоёр слесарь цагийн дараа эргээд ирлээ. Тэд ажлаа дуусгачихаад маргааш ирнэ, 5 цагийн дараа усаа тавиарай гэсээр гарч явав.
Их үдийн мөргөлөөс хойш Тахрирын талбай дахин бужигнажээ. Цагдаа нар тараад алга болчихсон, цэргүүд төвийг сахиад, Засгийн газрын яамдыг эрхбиш манаж байгаа бололтой. До яам руу босогчид өмнөх өдөр нь хэд хэдэн удаа дайраад нэвтэрч чадаагүй, ГХЯ руу яг халдахын даваан дээр танк хуягт хашаанд нь оруулчихсан, Төв ТВ-ийг манаж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. Эрх баригч намын байрыг галдан шатаах үед түймэр нь Египетийн музей руу дамжихын даваан дээр гал сөнөөгчид очсон бололтой. Музейн дээврийн хонгилоор тонуулчид дайрч ороод зарим үзмэр, мумийг сүйтгэж байхад нь цэргүүд очиж дарж авсан гэх мэтээр халаглаад баршгүй зэрлэг явдал болж байгаа тухай мэдээлсээр байв. ЕҮАН-ын орон нутгийн офис, штабууд бараг бүгд халдлагад өртөж түймэрдүүлжээ. Цагдаагийн хэсгүүд халдлагад өртөх, шоронгуудаас ялтнууд гарч алга болох, хуягуудаа хөнөөх, зэвсгийн дэлгүүр тонох, дэлгүүр хоршоо, банкуудыг тонох галдан шатаах гэх мэт үйл явдал ар араасаа өрнөсөөр байв
(Үргэлжлэл бий)
-о0о-