Автомат удирдлагатай, шарах шүүгээтэй, утаа гаргадаггүй зуух “төрлөө”
Амралтын өдрөөр айл хэслээ. Хавар шиг намрын жихүүн өдрөөр нимгэн хувцастай очсоныг хэлэх үү, азаар миний зочилж очсон айлынхан халуу дүүгүүлэн угтав.
-Утаа их гаргадаг байх тусмаа “Нүүдэлчин” зууханд тохиромжтой-
Амралтын өдрөөр айл хэслээ. Хавар шиг намрын жихүүн өдрөөр нимгэн хувцастай очсоныг хэлэх үү, азаар миний зочилж очсон айлынхан халуу дүүгүүлэн угтав. Паартай байшин шиг пүнхийх дулааныг мэдрэхдээ өөрийн эрхгүй даарснаа мартаж, “халуун намраар гал түлээд эхэлжээ дээ, утаа үйлдвэрлэгчид” гэж бодоод зуух руу нь хяламхийв. Намайг гэрт нь ороход л үйсэн цай бидний ярьдгаар “газан плитка” дээр буцалгахаас хурдан бараг арваад минутад даргилж аягалан барихад нь цочих шиг болов. Урьд хожид харж байгаагүй цоо шинэ зуух “Би мундаг уу” гэх шиг анхаарал татлаа. “Энэ ямар гээч зуух вэ” гээд ярианы далимд сонирхтол “НҮҮДЭЛЧИН” гэхэд нь орж ирэхэд гэрийн хаяанд “Өлзий” зуух гологдсондоо гомдох мэт “томоотой сууж” байсан нь санаанд оров. Гэрийн эзэгтэйгээс яагаад “тулгаа юүлэх” болсныг нь сонирхоход “Огт утаа гаргадаггүй, зуухныхаа ард талх барьж, загас шарж болдог шарах шүүгээтэй, дулаанаа арав гаруй цаг барьдаг, хоногт хамгийн ихдээ арваад килограмм нүүрс орохоор байна” гээд магтаж гарлаа.
“Юу, арай үгүй байлгүй дээ. Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг үү” гэж хошигноод утааг нь “шалгахаар” гарлаа. Агаарын цэнхэр урсгалаас өөр юу ч харагдсангүй. Гэтэл нүүрс түлээд байгаа шүү дээ, үнэхээр гайхахад хүрэв. Найзынх маань Сонгинохайрхан дүүргийн хажууханд, орон сууцны шинэ хороололтой хаяа залгасан гэрт байдаг юм. Ойр хавийн нүүрсний нүүгэлтсэн бараан утаа яндангаас нь олгойдох айлуудтай харьцуулахад тэднийх гал түлээгүй болов уу гэж таамаглахаар огт утаагүй. Орж ирээд зуух сонирхсон яриагаа үргэлжлүүлэхэд “Ингэхэд намайг гэж ирсэн юм уу, надаас утаа нэхэх гэж ирээ юу” гэж байна.
Тэрбээр “Эко ресурс” компанийн төлөөлөл зуухаа танилцуулахад нь “Өлзий” зуухнаас маань илүү болов уу гэж сонирхоод, “Нүүдэлчин” зуухыг нь авсан юм. “Өлзий” зуухыг анх тараахад Агаарын хяналтын албаныхан ирээд бараг л дарамталж байгаад өгсөн, яаж галаа түлэхийг ч зааж өгөөгүй. Харин “Нүүдэлчин” зуухныхан байн байн эргэж тойрч, гал түлэх арга, утаа гарч байгаа эсэх, ямар хэмжээний түлш шаардаж байгаа зэргийг хянаж бараг манай галч болсон доо. Хамгийн гол нь “Өлзий” зуухыг ашиглаж байхдаа манайх хоногт гурван уут нүүрс түлдэг байсан. “Нүүдэлчин” зуухыг хэрэглэснээр хоногт шар уутны таллаж хийгээд хоёр хоног түлэх үү болсон. Зуух өгснийхөө төлөө нэг төгрөг ч аваагүй. Манайхаас гадна ойролцоо таван айл энэ зуухыг ашиглаж байгаа гэв.
“Түлш голох уу. Ямар түлш илүү тохиромжтой вэ” гэхэд “Хэдхэн мод түлсэн ч гал манагч дулаанаа барьдаг тул санаа зоволтгүй. Нүүрсний хувьд утаа их ялгаруулдаг нүүрс түлэх тусам сайн” гэх нь тэр. Учрыг лавлавал “Хямд үнэтэй Багануурын нүүрсийг утаа тортог их гаргадаг гэж голоод илчлэг сайтай, арай бага хэмжээний утаа гаргадаг гээд Налайхын нүүрс авч хэрэглэдэг. Гэтэл “Нүүдэлчин” зуух Багануурын нүүрсэнд илүү “дуртай гэнэ. Учир нь утаа их ялгарах тусам утаагаар “хооллож” улам халдаг зууханд маань илүү тохиромжтой байдаг. Тэгээд халах тусмаа утаагаа дахин шатаах явц нь сайжирч утаа гарах нь улам багасдаг. Иймд хэмнэлт улам нэмэгдэж эрхэм зуухнаас бидний хүсдэг утаа бага гардаг байх, түлшинд хэмнэлттэй, хямд үнэтэй нүүрс хэрэглэх тусам сайн гээд бөөн хэмнэлт байгаа биз” гэлээ.
Түүний хэлсэнчлэн би зуух зорьж очоогүй болохоор найзыгаа хүндэтгэн “Эко ресурс” компанийхнийг яаж олох “зам заалгаад” сэдвээ өөрчиллөө. Мөн энэ нийтлэлийг бичихдээ яриаг нь ашиглахын зэрэгцээ нэрийг нь зарлачихвал бүр ч дургүйцэх биз.
Харин би найзынхаасаа гараад “Нүүдэлчин” зуухыг зохион бүтээж, оюуны өмчөөр бүртгүүлсэн “Роял” группийн экологи хариуцсан “Эко ресурс” компанийн удирдлагуудыг олж уулзлаа. “Роял” группийн Ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Сэржбүдээ, “Эко ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Цэрэндоржийн Мөнхбаатар нараас “Нүүдэлчин” зуухны талаарх сонирхолтой мэдээллүүдийг авсан юм.
Шинэхэн зуухны “эзэн” Ц.Мөнхбаатар агааржуулалтын инженер мэргэжлээр ОХУ-д суралцаж төгссөн. Та бүхний сайн танил, улсын начин Д.Сэржбүдээгийн хувьд түүхч, угсаатны түүх судлаач мэргэжилтэй боловч технологи дэвшлийг судлахад өнөөдрийг хүртэлх цаг хугацааг зориулсан. Гэхдээ түүний энэ сонирхлыг хобби гэж хэлэхэд дэндүү хөнгөдөх болов уу. Учир нь тэрбээр “Технологийн дэвшлийг Монголд авчрахын төлөө зүтгэсээр ирсэн, цаашид ч зүтгэх болно. Монголчууд дэлхийн технологийн хөгжил дэвшлийн өрмийг хүртэж явах ёстой болохоос тогооны хөөнд хууртаж амьдрах ёсгүй” гэж үздэг. Д.Сэржбүдээ начин Японд спортоор хичээллэж байсан ч үнэн хэрэгтээ хамаг оюун бодлоо хэл сурах, технологи судлах хоёрт төвлөрүүлж тэнд дөрвөн жил амьдрах хугацаандаа Японы олон томоохон компанийнхантай холбоо тогтоож өнөөг хүртэл хамтарч ажилладаг аж.
Харин одоо “НҮҮДЭЛЧИН” зуухныхаа тухай ярианд оръё. Зохион бүтээгчийн ярьснаар анх 2008 онд машины яндангаас гарч буй утааг багасгах шүүлтүүрийг Монголд үйлдвэрлэх санаагаа хэрэгжүүлэхээр Хятад улсад очоод “Вондлай” үйлдвэрийн инженерүүдтэй хамтран судалгаа хийж эхэлжээ. Монголын нөхцөлд тохирох дизель хөдөлгүүртэй машины утааны шүүлтүүрийг хийх санаагаа олох явцад зуух хийх санаа төрсөн гэнэ. Яндангаас гарч байгаа утааг агаар шүүгчээр нь дамжуулан давхар шатааж болох юм байна гэдэг санааг олоод машины фильтер хийх санаагаа Германы “Сименс” рүү явуулж, зөвхөн Монголд тохирохыг нь хийх үзүүлэлтүүдээ өгөөд, зуухныхаа үзүүлэлтийг Хятадын Чиньхуа их сургуулийн зуухны инженер эрдэмтэн өвгөнтэй хамтран судалгаа хийж эхэлсэн байна.
Ингээд Хятадад 100 гаруй удаа туршилтад орж, 2010 оноос нааштай үзүүлэлтүүд гарч Монголдоо ирж хөдөө таньдаг айлууддаа тавьж туршсаар 2013 онд хэр баргийн бүтээлд эрх олгодоггүй БНХАУ-ын лабораториос “Энэ бол үнэхээр хийжүүлсэн зуух мөн байна” гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, патентаа батлуулж өөрийн нэр дээр оюуны бүтээлээр бүртгүүлжээ. Ийнхүү Хятадаас нийт 11 патент авсан хэрнээ Монголд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хоёр жил хөөцөлдөөд өнгөрсөн онд Монголын Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патентаа, энэ онд тохирлын гэрчилгээгээ авчээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулан хуулийн дагуу зуухаа оруулж ирэх зөвшөөрлөө авсан байна.
“Эко ресурс” компани энэ зуухнаас гадна 15 төсөл бэлэн болчихоод байгаа юм байна. Энэ төслүүдээ ил гаргахад эрт байна гээд нууцаа задлахыг хүсээгүй ч Машины фильтер, үлийн цагаан огтныг үүрэнд нь устгадаг утагч хор, үр тариаг хяруунаас хамгаалах утагч, шарилж, хогийн ургамалыг бүрэн устгах биологийн эм гаргасан гээд бодохоор төслүүдийн зорилго, үр дүнг сонсоход л Монголд зайлшгүй хэрэгтэй байсныг онцлох нь зүйтэй болов уу.
“Нүүдэлчин” зуухны гал түлдэг хэсэг нь тусдаа, 3.5см-ийн зузаантай, 3500 хэмийн халуунд тэсвэртэй керамик тоосгон доторлогоотой. Үүний гадуур утааны давхар цамцтай. Утаа нь доош үнс унагаадаг шүүрээр дамжаад, утааны цамцаар орж дээр байрлах конус хэлбэртэй ширмээр гарч ирж тэндээ шатдаг. Конус болгосны учир нь айлууд галаа түлээд дулааныг бүрэн ашиглаж чаддаггүй байдлыг анзаарч дулааныг хадгалах түлш хэмнэх үүднээс галын илчийг нэг цэгт төвлөрүүлсэн.
Янданг дахиж солихгүйгээр таван жил ашиглаж болно. Утаа байхгүй болохоор хүхрийн хүчил янданг идэхгүй. Тиймээс зуух, яндан хоёр таван жилийн настай гэж үзэж байгаа юм байна.
Автомат удирдлагатай гэдэг нь “Нүүдэлчин” зуух нь битүү вакуум. Агаар үнсний саваар орно. Агаарыг ихэсгэхэд гал ихэснэ, багасгахад уугина. Ийм дулаан тохируулагч удирдлагатай гэрийн зуух дэлхийд нэг ч байхгүй гэж Ц.Мөнхбаатар захирал ярьж байна.
Зуухны арын шарах шүүгээнд талх барьж загас шарж болох юм байна. Цаашилбал хэрэглээний усаа халааж хэрэглэх боломжтой болгох гэж байгаа. “Утааны цамц”-ны хойд хэсэгт байрлах хаалтыг жилд нэг удаа хуримтлагдсан тортогийг цэвэрлэж болно. Хоногт хамгийн ихдээ хоёр удаа, нийт 10 орчим килограмм нүүрс хэрэглэнэ. Модоо дээрээс нь биш зуухны амаар нь хийх уламжлалт аргыг шингээсэн ямар ч аюулгүй гэж зохион бүтээгчид ярьж байна.
Галын отолт дотор асаж байгаа галаа удаан хугацаанд барихын тулд гал манагчаа хийгээд жижиг нүхээр дулаан гарна. Гал ноцоохдоо манагчаа хааж байгаад асаад эхлэхэд гал манагчаа нээнэ. Хэн ч галаа манахгүй түлшээ шатаагаад байхыг бодохгүй.
Яндангаар орж ирж байгаа хүйтэн агаар халуун утааг цохиод, утааг доод цамцаар гаргаад, галын отолт дотор дахин шатааж дулаан болгон хувиргана. Ингэж бүрэн шатдаг учраас нурам нь бусад зуухнаас гардаг нурмаас өөр, нунтаг гурил шиг байдаг юм байна.
Сүүлийн хоёр жилд нийслэлийн зарим айлд зуухаа туршиж байгаа. Өнгөрсөн жилд Дамбадаржаад нэгэн айлд байрлуулсан “Нүүдэлчин” зуухны хорт удааны ялгарлыг хэмжүүлэхэд Яндангаар гарч байгаа хорт хаягдлын хэмжээ Монгол Улсад мөрдөж байгаа стандарт хэмжээнээс “Нүүдэлчин” зуухных 20.8 дахин бага гарсан.
Нөгөөтэйгүүр, “Нүүдэлчин” зуух бусад зуухнаас гурав дахин бага түлш зарцуулдаг болох нь өнгөрсөн хоёр жилийн туршилтаар нотлогдсон. Тиймэс хэрэглэгчид хоногт дээд тал нь 10 кг түлш зарцуулах “НҮҮДЭЛЧИН” зуухыг сонгох уу. Хоёр шуудай буюу 40 орчим кг нүүрс шаардагдах боловч дулааны алдагдалтай “Дөл”, “Өлзий” зуухаа сонгох болов уу.
Эцэст нь хэлэхэд утааг бууруулах нь чухал уу, утааг бууруулах нэрийдлээр төсвөөс буюу зээл тусламжийн хөрөнгийг гаргуулж зарцуулах эрх мэдэл чухал юм уу гэдгийг эргэн харах цаг болжээ. Үнэхээр утааг багасгая, гаргуулахгүй байя гэвэл өөрсдийн хөрөнгөөр зуухаа санаачилж үйлдвэрлэж, импортлох сэтгэл өвөрлөн зүтгэж буй залуус энд байна.