СҮХБААТАРЫН ТАЛБАЙ, ДОРНОГОВИЙН УЛААНБАДРАХ СУМ ХОЁРТ ЦАЦРАГИЙН ТҮВШИН ЯГ ИЖИЛ ХЭМЖЭЭГ ЗААДАГ

Ураны салбарт Англи, Франц, Америк, манай хоёр хөрш дэлхийн дэвжээнд гол тоглогчид. Дэлхий дээр цөмийн реактор ажиллуулж, хямд найдвартай ногоон эрчим хүч үйлдвэрлэн өөрөө хэрэглэнэ, бусдад худалдан эдийн засгаа тэтгэдэг, аюулгүй байдлын баталгаагаа хийдэг байх нь. Яагаад бид урантай байж энэ тоглолтод оролцдоггүй вэ? Тайлбар нь их энгийн. Цөмийн цахилгаан станцын түлшийг хийдэг түүхий эд л бидэнд байгаа юм байна. Түүхий эдийг цөмийн түлш болгон боловсруулах өндөр технологи нь дээрх аварга том гүрнүүдэд чанд нууцлал дор байдагт оршино. 

Дэлхий дээрх 200 гаруй орноос 15 улсад нийт ураны нөөцийн 95 хувь нь оршдог. Монгол Улс нөөцөөрөө 10-т бичигддэг ч бид дөнгөж урантай танилцах түвшинд байгаа, Францын засгийн газартай хамтрахаар түншилсэн. Засгийн газартай гэдгийг хүмүүс төдийлөн анзаарахгүй байх шиг. Аль нэг орны ямар нэгэн компанитай биш, Франц улсын төртэй бид харилцан ашигтай хамтран ажиллахаар төрийн дээд түвшиндээ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээлэгч маань НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван орны нэг, найдвартай түнш гэж ойлгох ёстой.

Францчууд Монголоос уран олборлохоор 20 гаруй жилийн турш хайгуул судалгаа, туршилт хийжээ. Уул уурхайн салбарын хайгуул, бүтээн байгуулалт явагддаг дундаж хугацаа 5-10 жил байдаг гэж үзвэл хөгшин Европын хашир хандгайнууд маш удаан, тун няхуур хайж судалж, шинжилсэн нь харагдана. Их ч мөнгө орж, гэрээ байгуулсан түүх бичигдэнэ.

Энэ үйл явдалтай зэрэгцээд иргэний нийгмийнхэн бужигналгүй яахав. Хаа сайгүй 2 толгой 5 хөлтэй хонь хурга төрж эхэлсэн нь байгуулагдаагүй үйлдвэртэй холбоотой гэж хэсэг нөхөд төв талбайд тухаллаа. Уух усгүй болчихлоо, энийгээ уу гээд Бадрах Энержи компанийн удирдлагуудын ам руу савтай ус цутгаж, Франц захирлын хоолойг боонгоо алдав. Соёлт ертөнцөд ичгүүртэй энэ үйл явдал иргэний нийгмийнхэн дунд зоригт гэрчлэл байсан бол дэлхийн хөрөнгө оруулалтын тавцанд шившигт явдал мөн. Ид шид үзүүлсэн өдрүүд өрнөсөөр байна. Албаныхан ураны олборлолт хортой эсэхэд тайлбар өгсөөр байна.

Монголоос олборлох шар нунтаг гэдэг зүйл хүнд ямар ч хор нөлөө байхгүй гэж төрийн хүн итгэлтэйгээр хэлэв. Цацрагийн түвшин буюу микро зиверт хэмждэг багажийг Сүхбаатарын талбай, Дорноговийн Улаанбадрах суманд зэрэгцүүлэн баривал цацрагийн түвшин яг ижил хэмжээг заана! Энэ бол шинжлэх ухаан гэж физикчид батлав. Монголоос олборлох шар нунтаг бол цөмийн түлшний түүхий эд, байгалийн шинжээрээ байгаа ураны изотоп 238. Шар нунтгийг дээр дурдсан таван улс баяжуулаад, өндөр технологиор боловсруулан атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригдана. Үүнийг ураны изотоп 235 гэнэ. Манайд бол цөмийн түлш 235-н хор хөнөөл маш хол. Төр хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авна, цөмийн станцаас гарсан хог хаягдал бидэнд түй ч хамаагүйг хар дээр цагаанаар бичиж, төрийн тамга дарснаа баталсаар... 

Ер нь хүн төрөлхтөн тэр чигтээ байгалийн цацрагаар хүрээлэгдэж байдаг байх нь. Жишээлбэл, онгоцоор нисэхэд хүн ядардаг нь цацрагт тодорхой хэмжээнд өртдөг учраас тэр гэнэ. Төрийн ордон руу нэвтрэхэд төхөөрөмжөөр шалгаж оруулдаг. Металл эд зүйл авч яваа эсэхийг цацрагаар шалгаж байгаа нь тэр. MRI аппарат, CT-д зураг авхуулах зэргийг цацрагийн тусламжтай гүйцэтгэдэг. Лаазалсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг ижил граммтай савлахад цацрагаар хэмжих технологи ашигладаг байна. Бид амьдрал дээр байгалийн цацрагийн шарлагад байнга өртөж байгаа ч, хоол идэж, унтаж амарч, бодисын солилцоонд ордог учраас хороо гадагшлуулан байгалийн цацрагтай дасан зохицжээ. 

Монголын говиос олборлох шар нунтаг огт цацраг ялгаруулахгүй гэсэн үг биш ч түлшинд хэрэглэдэг нүүрс ч цацраг ялгаруулдаг гэнэ. Гол нь хүнд хор хөнөөл учруулах хэмжээнд ялгаруулдаггүй учраас Зөөвч-Овоод очсон хэн боловч бээлийтэй гараараа хүрч, барьж үзүүлээд байдаг хэрэг.

Дорноговиос л цацрагт хордсон мал олноороо гараад байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагддаг. Үнэхээр газрын гүнээс цацрагийн хий ялгарч байгаль хордож байгаа юм бол бүгд л хордох учиртай, ганцхан малыг онилж очих боломжгүйг мэргэжлийн тайлбаргүй ойлгохоор зүйл.

Говьд төрсөн ургийн гаж төлийг шинжлэхэд ямаанд халддаг вирусийн өвчин байсан нь тогтоогдсон баримтыг Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн дэлгэв. Бадрах Энержи компани хөндлөнгийн мал эмнэлгийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдаас бүрдсэн ажлын томоохон хэсэг байгуулан Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл сумдад малын эрүүл мэндийн судалгаа хийлгэхэд түгээмэл тохиолддог малын өвчлөлөөс өөр ноцтой баримт гарч ирээгүй байна. Талбайн суугчид компанид итгэхгүй гэхээр нь эрдэмтэд ажиллуулаад дүгнэлт гаргууллаа. Тэд эрдэмтдэд итгэхгүй гэж байгаагаас үзвэл зорилго чиглэл нь аюулгүй орчны төлөө биш бололтой.