Уул уурхай моодонд оро­хоос өмнө Монголын улстөр­чид “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүй гэж ярьдаг бай­лаа. Тус үйлдвэр улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүү­лэхийн дээр улстөрч­дийн шахааны бизнесийн ганц түшиц газар байсан учраас ийм хэллэг гарсан хэрэг. Улстөрчид, бизне­сийнхний нөлөөнд ордог “Эрдэ­нэт”-ийн хувь заяа уул уурхайн компа­ниудыг ч тойрохгүй бо­лол­той. “Эрдэнэт”-эд дарам­талж биз­несээ шахдаг байсан бол уул уур­хайн компаниуд харин өөрс­дөө бизнес санал болго­дог бололтой юм. Сургаар бичих нь сэтгүүлзүйн жанр биш л дээ. Гэхдээ сэтгүүлчид хардах эрхтэйн дээр, хэдхэн хүний нууцаас халиад хэсэг хүний дунд тархчихсан яриаг дэлгэхэд нэг их буруудахгүй байх. УИХ-ын олон гишүүн сонссон, магад­гүй олон хүнд сонсгох гэж зориуд ярьсан нэгэн яриаг энд сийрүүлье. Өнгөрсөн хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шугамаар УИХ-ын зарим гишүүн Ховдын Хөшөө­тийн уурхайд ажил­ласан. Энэ  үеэр тэнд ажил­ласан гишүү­дийн хэрэгцээнд зориулж зуны улиралд жийп машинаар үйлчилж болох санал гарчээ. Тэнд байсан гишүүдээс нэг нь “тэгээд зөвхөн зун л хэрэглэх хэрэг үү” гэж сөргүүлэхэд “үгүй, та бүхэн хэрэглэж л байх­гүй юү” гэж хариулсан гэдэг. Тэд жийп аваагүй учраас энийгээ ярьсан нь мэдээж. Харин эрхэм гишүүд ирээд Хөшөөтийн уурхайг нугасгүй магтах их аян өрнүүлсэн нь цаад тал найрсаг хандсаны илэрхийлэл гэж хардах үндэстэй.

Одоо гишүүдийн яриа бус, Авлигатай тэмцэх газ­рын мэдэгдэл бүхий нэгэн баримт өгүүлье. УИХ-ын гишүүн, Сан­гийн сайд С.Баяр­цогт хэ­дэн сарын өмнө АНУ, Кана­дад айлчил­сан. Энэ үеэр эр­хэм сайд манай Оюутолгойн ордын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид зарагдаж эхэлсний таван жилийн ойд оролцож  “Айвенхоу майнз” компанийн удирдлагуудын хамт нээлтийн хонх цохисон юм. Энэ бол нэр хүндийн хэ­рэг, хонх цохихын ач хол­богд­лыг ойлгохгүй хүмүүс­тэй хө­рөнгийн зах зээлийн талаар яриад ч нэмэргүй гэж сайд өөрөө мэдэгдэж байлаа. Ха­рин олон төрийн бус байгуул­лага, хэвлэлийн­хэн үүнийг сайдын дураараа хийсэн үйлдэл, түүнийг Канад айлч­лахыг, бас бир­жид очиж хонх цохихыг Монгол Улсын  Зас­гийн газраас зөвшөө­рөөгүй гэж буруутгасан. Тэдний нэг болох “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн энэ талаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Хариуд нь АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирүүлсэн мэдэгдэлд “С.Баярцогт нь тухайн үйл ажиллагаанд хувийн зард­лаараа оролцсон байна” гэсэн байна. Өөрөөр хэл­бэл, өөрөө зардлаа төлж иргэн С.Баярцогтын хувиар АНУ-д оччихоод Монгол Улсын Сангийн сайдын хувиар “Айвенхоу майнз” компанийн арга хэмжээнд оролцчихсон гэсэн үг. Иймд төрийн сайд хүн яагаад заавал хувийн зардлаар явсныг, магадгүй “Айвенхоу майнз”-ын зард­лаар явсныг тодруулж, тө­рийн өндөр албан тушаалтны ёс зүйг зөрчсөн үйлдэлд нь хариуц­лага тооцож өгөхийг “Үндэс­ний соёмбо” хөдөлгөө­нийхөн шаардаж УИХ-д хан­даад байгаа. Сайд С.Баяр­цогт­той холбоотой гомдлыг одоо УИХ-ын Ёс зүйн дэд хо­роо хянаж байгаа, удахгүй ху­ралдана гэж тус дэд хо­рооны дарга Г.Баярсайхан хэлсэн. 

Монгол Улсын төсөв хэдэн жилийн өмнө хэдэн зуун тэрбумд л эргэлддэг байв. Одоо хэдэн их наядаар нь ярьдаг болжээ. Энэ их мөнгөний урсгалын зар­цуу­лал­тыг атгаж, төлөв­лөж бай­даг Сангийн сайд нь хувийн зардлаараа гадаа­дад айл­чилж болох уу. Ул­сын ажлыг хувийн зардлаа­раа явж гүй­цэлдүүлдэг тэр ямар улсаа­саа баян сайд юм уу. Үе үеийн Сангийн сайд нар харамч нэртэй л дээ. Гэхдээ тэдэн дотор С.Баярцогт сайд шиг өөрөө­сөө харамладаг нь лав байгаагүй. Тэрээр эх оронч сэтгэлгээтэй, эдийн засгийн хувьд боломжтой сайд байж болно. Харин төрийн сайд­даа томилолтын зардлыг нь өгч чаддаггүй Монголын төр гэж байхгүй. Тэгэхээр ул­сын­хаа нэр хүн­дийг олон улсад гутаах үйлд­лээр илэр­хийлдэг эх оронч сэтгэлгээ гэж байхгүй байх аа. Уг нь хонх цохисон нь бус, хувиа­саа зардлаа төлж Ерөн­хий сайдынхаа зөвшөөрөлгүй явсныг л төрийн өндөр албан тушаалтны ёсзүйн алдаа гээд байгаа. Гэтэл сайд өөрөө бо­лохоор хонх цохисныг буруут­галаа гэд­гээр тархи угааж төөрүүлэх гээд байх юм.

Уул уурхайн компаниуд эрхэм гишүүдийг ингэж ганц нэгээр нь урьдаг байснаа одоо хавтгайд нь кампани­чилж аваачдаг болжээ. Үүний өмнөх долоо хоногт л гэхэд УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооныхон Өмнө­говь яваад ирсэн. Одоо зал­гуу­лаад Төрийн байгуу­лалтын байнгын хорооны­хон ирэх хагас бүтэн сайнд явна. Тэд Оюутолгой, Ухаа­худагийн уурхайн ажилтай танилцах юм гэнэ. Гишүүд амьд, амьд­ралтай хууль батлахын тулд явалгүй яах вэ. Ширээ­ний ард сууж байгаад хууль ба­талснаас л дээр. Хамгийн гол нь тэд­нийг бөөнөөрөө явахыг хэн зөвшөөрч, хэчнээн ойр ч гэсэндээ онгоцны зардлыг нь хаанаас төлж байгаа нь чухал. Албан тушаалынхаа сүрээр томилолтын зардлаа хувийн компаниар төлүүлэ­хийг авлига гэж үздэг байна. УИХ-ын гишүүдийг ингэж удирдлагынхаа зөвшөө­рөл­гүй, төрийн хүн байж төрийн бус зардлаар явахыг Ёсзүйн дүрмээр нь ч, Авлигын тухай хуулиар ч хориглосон. УИХ-ын даргын зөвлөлийн өнгөр­сөн долоо хоногийн хурал дээр гишүүд өөрөөс нь зөв­шөөрөл авалгүй орон нутагт явсныг, явах гэж байгааг бо­лихыг УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл хатуу анхааруул­жээ. УИХ-ын дарга мэдээгүй болохоор түүнээс зөвшөө­рөл аваагүй, томилолтын зардал ч УИХ-ын Тамгын газраас гараагүй гэсэн үг. Хэрвээ гишүүд хувийн ком­па­нийн зардлаар, хөлсөлж авсан онгоцоор нь Өмнө­говьд очиж ажиллах гэж байгаа бол С.Баярцогт сай­дын Нью-Йоркт хувийн зард­лаараа очиж хонх цохи­сонтой л адил. Гишүүдийг ингэж бөөнөөр нь аваачих нь нэг талын л урсгал. Нөгөө талд нь гишүүд өөрсдөө компаниудыг “да­рам­талж”, төрийн нэрээр, албан ту­шаа­лын сүрээр оч­дог урсгал байхыг бас үгүйс­гэж болох­гүй. Аль нь ч байсан энэ кампаничлалын цаана хө­дөө аваачиж уулгаж идүүлж байгаад бэлэг нэрээр хавт­гайд нь хахуульдах шинэ арга дэлгэрч магадгүйг, цаа­шид жишиг болон тогтож бол­зошгүй. Хамгийн гол нь хууль тогтоогч нь, төрийн сайд нь хуулиа биелүү­лэхгүй, ёс зүйгээ мөрдөхгүй бол хөрөнгө оруулагчдаас бизнесийн хэвийн харилцаа, Монголд ашигтай гэрээ, хариуцла­гатай уул уурхайг мянга шаар­даад нэмэргүй. Хууль тогтоогчдын телеви­зийн ка­мерын өмнө, сонины хууд­саар хэлсэн сайхан үгс хавт­гайд нь авлигадаад сурчих­сан хөрөнгө оруу­лагч­дад бол хаданд хашгир­сан цуурай адил л сонстоно. Тэр цагт уул уурхайгаа тойрч улсаараа хөгжих гэгээн мөрөөдөл маань ард түмний олонхид гэнэн мөрөө­дөл болж үлдэх аюултай. Яг л ягаан цэнхэр тасалбарын түүх шиг, газар хувьчилсны дараахь Улаан­баатар хотын газар шиг.