20 тэрбумаа 3,6 тэрбум шигээ нэхье
Дэлхийн хөлдүү дээврийг түр уятуулахыг монгол зун гэдэг. Богинохон зун гялс өнгөрч, нүүрсний гашуун утаа залгилах урт өвөл уулсын цаанаас өнгийлөө. Хотынхны эрүүл мэндийг нэрвэж, цаашилбал амийг авч одох түүхий нүүрсний хорт утаа энэ өвөл багасгах уу?
(Ерөнхийлөгч, хотын болон АТГ-ын даргын сонорт)
Дэлхийн хөлдүү дээврийг түр уятуулахыг монгол зун гэдэг. Богинохон зун гялс өнгөрч, нүүрсний гашуун утаа залгилах урт өвөл уулсын цаанаас өнгийлөө. Хотынхны эрүүл мэндийг нэрвэж, цаашилбал амийг авч одох түүхий нүүрсний хорт утаа энэ өвөл багасгах уу? “Багасахгүй ихсэнэ” гэж бухимдагч олон ажээ. Өлзийтэй өлзийгүй зуухыг ёоз ёозоор рекламдана. “Утаагүй” хэмээх сүржин нэртэй хулхи зуухандаа юу түлэх вэ Ерөнхийлөгч өө? Түүхий нүүрс, машины дугуй бол байгаа. Та утаан дунд бүрэлзэх Улаанбаатараа уулан дээрээс хараад “утааг арилгана” гэж андгайлсан. Тэр цагаас тань хойш утаа нийслэлд шинээр нүүн ирж суурьшсан өрх-гэрийн яндангийн тоогоор нэмэгдэж, Таны хугацаа хоног хоногоор хорогдсоор дөхлөө. Утаагүй түлш гэгчээ яасан бэ Ерөнхийлөгч өө? Засгийн газрын “нүүрс хөтөлбөр”-өөс 3,6 тэрбумыг алдлаа гэх шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, цалингаа олон сая болгосон хараат бус шүүгч нарынхаа үйл ажиллагааг олон нийт телевизээр нэвт шувт харлаа. Энэ бол ардчилсан Ерөнхийлөгч таны буян.
Хагас коксжих шахмал түлш үйлдвэрлэнэ гэж 20 тэрбумыг авчихаад хэдэн жил хормой ч түлш өгөөгүй Аморе интернэшнл компанитай Төр Засаг хариуцлага тооцох нь байтугай ам нь үдээстэйг Ерөнхийлөгч Та анзаарсан уу? Мөн АТГ энэ компаний толгойг илээд буйг мэдсэн үү? Энэ өвөл дахиад түүхий нүүрсний хорт утаа залгилна гэхээс цээж гашуун оргино. Хотын хүн амаа хорт утаанаас үнэхээр салгая гэсэн бол шахмал түлшээ өдий хүртэл нэхмээр, ард түмнээ хохироохгүй гэвэл 20 тэрбумаа нэхмээр. Алийг ч нэхсэнгүй, гагцхүү танил талдаа 20 тэрбумыг олж өгөөд данс дугуйлав. Аморе нь охин компани бөгөөд ард нь Намир гэх баян “айл” байдгийг өнгөрсөн намар хотын галлагаа эхлэх үед “Өдрийн сонин” сануулсан. Оросын нэг тосгонд хүүхдийн тоглоом хийдэг үйлдвэрийн технологи олж ирсэн Сибтермо гэгчтэй Аморе хамтарсан ч юм шиг. Юутай ч тэд тендерт ялж 20 тэрбумыг авчээ.
Хандгайт хүртэл зуслангийн зам тавих газар шорооны нүсэр ажил зунжингаа оволзов. Дугуйн болон явган хүний замтай, гэрэлтүүлэг бүхий зуслангийн засмал зам нийслэлчүүд-бидэнд амин чухал. Энэ нүсэр ажилд аймаар хөрөнгө орсон доо гэвэл, хорин хэдэн тэрбум төгрөгөөр бүтэж буй бүтээн байгуулалт юмсанж. Энэ нь ердөө нөгөө хагас коксжих түлш бэлдэнэ гээд зэлрүүлчихсэн 20 тэрбумаас жаахан илүү мөнгө гээд бодчих. Ийм анзааны бүтээн байгуулалт амжуулах 20 тэрбумыг Аморе-д зальдуулчихаад өдий хүртэл яагаад хохирлоо нэхэхгүй монгол орос луйварчдыг өөгшүүлнэ вэ? Зөвлөх асан Л.Гансүхээс 3,6 тэрбумыг нэхэмжлэн, тогтоох гэж нягталж буй нь зөв бөгөөд энэ нь 20 тэрбумыгаа хаях ёсгүйг сануулаад буй юм биш үү. 1,3 сая нийслэлчүүдийн эрүүл мэндийг хөндсөн хоёулаа нүүрсний бизнес. Нэг нь 200 мянга байсан нүүрсийг 80 мянгад буулгасан гэж өчдөг. Нөгөө нь 20 тэрбумыг авчихаад хуцваа гэдэг. Нэг нь шоронгийн хаалга татсан. Нөгөө нь 20 тэрбумаар хөлжөөд баяжиж явдаг. Ийм болтлоо дампуурсан улс өөдлөх үү.
“ОХУ-ын Сибтермо компаний технологид ямар ч гацаа байхгүй, гагцхүү монгол нүүрс гологдож байна” гээд нэг сибирьяк зурагтаар томорч харагдсан. Аморе, Сибтермо хоёрын монгол орос мэргэжилтэн үйлдвэрлэж чадаагүй хагас коксжих шахмал түлшийг Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн жил үйлдвэрлээд эхэлсэн. Хөдөө суманд үйлдвэрлээд эхэлснийг бодоход болохгүй бүтэхгүй тийм хэцүү үйлдвэрлэл биш л байж. Аморе интернэшнл, Сибтермо хоёрын “монгол нүүрс гологдсон” гэх хамтарсан луйврыг монгол хүмүүсийн гараар бүтсэн Сэргэлэн сумын хагас коксжих шахмал түлш илчлээд өгсөн нь бахдууштай. Орос монгол хоёр хамтрахаараа ингэж л “хөгждөг”. Хариуцлага тооцвол ган бат найрамдлын нь паалан сэвтчих гээд хэврэг. Социализм коммунизм байгуулж дөнгөөгүйдээ буруу өгөөгүй ах дүү хоёр улс юм чинь нэг муу шахмал түлшин дээр ял яривал орос ах туйлаад сүйд хийнэ биз. Тендерт хүлээсэн үүргийг уг нь зах зээл яс хэрэгжүүлдэг хатуу горимтой. Гэвч орос ах тендерт ялсан болохоор яалт ч үгүй. Ерөнхийлөгч минь ийм л инерцээр 20 тэрбум замхарч, хотын иргэдийн 70-н хувь “утаагүй” зуухандаа түүхий нүүрсний хорт май манаруулсаар Таныг үдэх нь дээ.
Энэ задарсан компаниас хууль хяналтынхан дөлөөд, шалгалгүй хэдэн жил нохойтлоо. 20 биш 7 тэрбум төгрөгөөр Баянгол дүүрэгт 9 давхар эрүүл мэндийн цогцолбор сүндэрлэв. Дэлхийн стандартаар 20-25 минутад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэнэ. Мичин жилийн зудаас 50 сая малаа 10 гаруй тэрбумаар аварна гэж засгийн газар төсөвлөв. Гэтэл 20 тэрбумаа тоохгүй хаяж байдаг?!
Шахмал түлш үйлдвэрлэж чадна гэж тендер авчихаад одоо болохоор “20 тэрбумыг чинь бид ямар идчихээ юү” гэж омогдож буй. Коксжих шахмал түлш утаа бага ялгаруулдаг, илчлэг, дулаанаа удаан барьдаг зэрэг олон давуу талтай. Ийм түлш хүлээж хотынхон өчнөөн жил утаанд хордож, өвчин эмгэг гамшгийн хэмжээнд хүрснийг Та мэдэж байгаа. Арав гаруй компаний өрсөлдөөнөөс арын хаалгадаж тендер авсан Аморе 20 тэрбумыг замхруулах хуйвалдаанаа шат шатанд сэм сэм бүтээдэг гэнэ. Усан хөшигний 70 саяыг телевизүүд шаагисан. 70 саяа шаагих зөв. 20 тэрбумаа шаагивал бүр зөв. Өвөл айсуй. Хорт утаагаар амьсгалагч хүн бүр Э.Бат-Үүл даргаас шахмал түлш нэхье. Л.Гансүхийн хямд нүүрс өнгөрсөн.
Хотын утаанд хориод жил маш их мөнгө дэмий цацлаа. Утаагүй зуух гэгчээ шахаад байдаг. Гэтэл утаагүй түлш алга. Зуух түлш хоёр нийлж байж утаа багасах учиртай. Юм хийхдээ дутуу бодно. Үр дүнгээр нь тооцохгүй. “Би л баяжвал улс хоосрох хамаагүй” гэх цэвдэг зандаа хөтлөгдөнө. Утаагүй зуухандаа түүхий нүүрс, тэр ч бүү хэл, машины дугуй түлж, өвчний үүр болоод эмнэлгийн үүд сахьсан гэр хорооллын иргэдээ өрөвдөөд 20 тэрбумыг завшчихсан этгээдүүдээс нэхмээр санагдлаа. Сая гаруй хотынхныхоо эрүүл мэндийн төлөө луйварчдаас 20 тэрбумыг төлүүлж аваач гэж уриалах буруу гэж үү. Төр Засаг, нийгэм тэр аяараа тоохгүй байхад 20 тэрбумд миний харамсдаг илүү зан юм уу, бүү мэд.
Хуулийн байгууллага Аморе интернэшнл компанийг буруугүй гэж үздэг гэх яриа тараажээ. Яагаад буруугүй гэж үзээ вэ гэвэл 20 тэрбумыг шуналын сэдлээр санаатай завшаагүй гэнэ. Хагас коксжих шахмал түлш үйлдвэрлэх гэж оролдоод чадаагүй. Бизнес хийхэд энэ зэргийн эрсдэл гарах нь ердийн тохиолдол тул энэ талаар хэрүүл өдөх нь эв эеийг эвдэх өдөөн хатгалга гэж загнах ноён ч тодорлоо. Тэдний омог их аж. Шахмал түлш ч бүр өнгөрч. 20 тэрбумаа яаж эгүүлэн олж авах вэ? Төл! гэвэл хууль хяналтыг ил далд атгачихсан нутгийнхаа томчуудаар далдуур дөнгөнө шүү гэх сүрдүүлэг явж байна.
Нүүрэн дээр дүнхийх Богд уулын өвөрт орших Сэргэлэн сумаас туршлага судлаад “Сибтермо”-гийн орос ахтайгаа шахмал түлш үйлдвэрлэ гэвэл эсэргүүн болох янзтай. 20 тэрбумыг идчихсэн гадаад дотоодын ховдгууд өмхийгөөр хэхрээд оодорч явахад АТГ-ынхан тэдэнд ойртож чадахгүй толгойгоо дараад нуугдаж сууна. Хэмнэлт хийх гэж хуруу хумсаа хуйхалж, жагсаал цуглаанд балбуулж буй Засгийн газарт 20 тэрбум чинь 20 сая биш шүү гэдгийг дахиад л сануулъя.
2015
ац
gantulga.d
мангуу готов
Зочин
цогоо
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
amin huvia bodson uls turchid buruutai
oilgoloo
Жаргал
Зочин
Гана
сандаг
Зочин
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Намхай
Намхай
Намхай
Гана
Эрдэнэтийг барууны хөрөнгө оруулагч ашигласан бол
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
зочин
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал
SONIN.MN
БҮҮБУР ШАЛГАЖ ЧАДАХГҮЙ ЗАЛХУУРНА ГЭЖ ТООЦОЖ БНА!!!
Зочин
Zochin
Зочин
Дандаа буруу дэвэх юм, өвгөн шувуухай
Зочин
Фыздак аа
Зочин
чөтгөрийн чавганц
Зочин
зочин
Buu zunuglu
Шудрага иргэн
zochin