2000 оны сонгуулийн дараа Ардчилсан холбоо эвслийнхэн хуугаараа лааз өшиглөж, МАХН-ын дарга Н.Энхбаярын хаанчлал тогтоод байх үед юмсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Д.Хувьтөгөлдөртэй МоАХ-ны цагаан байранд очиж уулзаж байлаа. УИХ-ын гишүүдэд олгосон байраа хураалгаж, намын харьяаллаасаа болоод их сургуульд багшлах эрхээ хүртэл хасуулчихаад байсан мань хүнд МоАХ-ны дэд тэргүүний цалингүй орон тооноос өөр ажил байгаагүй хэрэг. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд баруун аймгаас мал тууж бүтэн зургаан сар хөдөө хөхөрч яваад ирсэн тухайгаа хуучилж байлаа. Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр баривчлагдаж, харин Ц.Элбэгдорж АНУ-д сурахаар “зугтаад” байсан үе л дээ. Ер нь бол МАХН дангаараа төр барьсан тэр жилүүдэд ардчиллын туг дор зогссон олон хүнийг ийм хувь заяа тоссон байх.

Харин Ц.Элбэгдорж 2004 оны хавар АНУ-гаас эргэж ирж, намын дарга болж, сонгуульд оролцож..., аажмаар бүх юмс хуучин хэвэндээ эргэж орсон. Мэдээж Ерөнхийлөгч болсныхоо дараа хуучны анд, МоАХ-ны найз Д.Хувьтөгөлдрийг ч гэсэн мартаагүй. Түүний нэг хүү Х.Идэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүгчээр, Х.Идэрийн ах Х.Тамирыг Баянгол дүүрэг дэх Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор томилжээ.

Харамсалтай нь өнгөрөгч долдугаар сард АТГ-аас Х.Тамир прокурорыг хар тамхины хэрэгт холбогдлуулан баривчилж цагдан хорьсон байна. Мөн Х.Тамир прокурорыг цагдан хорьсон яг тэр өдөр Л.Гансүх нарын хэргийг түүний дүү Х.Идэрт шилжүүлсэн байдаг. Яг нэг өдөр гарсан хоёр өөр захирамжаар, ардчилсан Ерөнхийлөгчийн дотнын нөхөр Д.Хувьтөгөлдөрийн хоёр хүү Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүхийн хувь заяаг шийдэх болсон байна. АТГ-ын буулганд орчихоод байгаа ахыгаа гэх үү, аавынх нь дотнын нөхөр, ажил албан тушаалд өөрсдийг нь томилж өгсөн сайн “ах”-даа ач хариулах уу? Аль ч тохиолдолд Л.Гансүх л золиосонд нь явж таарна.

Өнгөрөгч долоо хоногийн Лхагава гариг буюу есдүгээр сарын 2-ны өдөр Л.Гансүх нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нээлттэйгээр эхэлсэн. Гэвч Л.Гансүх нарын хэргийн гол гэрчүүд болох, тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан гэж мэдүүлэг өгсөн, дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо, Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх хуралдаанд ирээгүйн улмаас хэргийн холбогдогчдыг цагдан хорьж, шүүх хуралдааныг энэ сарын 10-ны өдөр Цагдан хорих 461-р ангид хаалттай явуулахаар шүүх шийдвэрлэсэн билээ. Уг нь бол шүүх хуралдаанд гэрчийг албадан ирүүлэх үүргийг шүүх өөрөө хүлээдэг. Үүний төлөө Тахарын албыг байгуулсан. Шүүхийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шаардлагатай үед шүүх хуралдаанд албадан ирүүлэх нь энэ байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Гэтэл өөрсдөө ажлаа хийгээгүйнхээ төлөө зүв зүгээр байсан хэргийн холбогдогчдыг цагдан хорино гэдэг нь гайхалтай биз дээ. Шүүх ийм шийдвэр гаргасан шалтгаан юу байж болох вэ? Нэг л тохиолдолд шүүгч ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг ингэж цагдан хорьж чадна. Хэргийн холбогдогч нарт зайлшгүй ял өгнө гэсэн итгэл үнэмшилтэй болсон үедээ.

Одоогоос хорь гаруй хоногийн өмнө, өнгөрөгч наймдугаар сарын 15-ны өдөр СТӨ-нд болсон Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Авлигачид биднээс айж эхэллээ. Монголын хамгийн том авлигачаасаа жижиг авлигачид нь суралцаж байна” хэмээн мэдэгдэж, Өршөөлийн хуульд хориг тавихаа амласан. Амласан ёсоороо хоригоо ч тавьсан.

Уг нь бол УИХ-аар батлан гаргасан хуульд хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй, эсэргүүцэх ч боломжгүй юм. Гэтэл хэний ч эсэргүүцэх боломжгүй ийм зүйл дээр хэтэрхий яаран мэдэгдэл хийж, олон нийтийн анхаарлыг энэ зүгт татах гэж хэт их улайрсанд өөр учир шалтгаан байсан бололтой. Өмнөх гурван ч Ерөнхийлөгч УИХ-аас батлан гаргасан хуульд хориг тавьдаг л байсан. Түүнийг нь УИХ хүлээж авдаг, эсвэл хүлээж авах боломжгүй гэдгээ хэлээд цаашаа явдаг. Бүх зүйл хуулийн дагуу, явдаг процессоороо яваад дуусдаг. Энэ удаагийнх шиг ийм их улс төржсөн талцалд хүрч байсангүй.

Өчигдөр УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. УИХ дахь АН-ын бүлэг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдзвэр гаргаж, харин “Шударга ёс” эвслийн бүлэг ХЗБХ-ноос завсарлага авлаа. Хоригийн хэлэлцүүлэг дахиад долоо хоногоор сунахаар болов. Харин энэ хооронд шүүх Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүхийн хэргийг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Шүүх хурал маргааш өглөө хорих 461-р ангид болно. Нэгэнт хаалттай бүсэд болох учраас шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэсэн үг. Өмнөх удаа ч гэсэн Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ ШЕЗ-д нэг бус удаа тавьж байж дүүргийн шүүх дээр нээлттэйгээр эхлүүлсэн билээ. Харамсалтай нь шүүх өөрөө хэргийн гол гэрчүүдийг нуучихаад холбогдогчдыг нь хорьчихсон. Тиймээс одоо болох шүүх хуралдаанаас Л.Гансүх нарын хэргийг цагаатгах тал дээр найдлага бараг үлдээгүй гэсэн уг. Шүүх ямар үед ингэж үндэслэлгүйгээр цагдан хорьж чаддаг вэ гэвэл яллагдаж байгаа нөхдүүдэд ял өгнө гэсэн итгэл үнэмшилтэй болсон үедээ л ийм шийдвэр гаргадаг. Яагаад гэвэл хоригдсон хугацааг ялынх нь хугацаас нь хасаад тооцчихно.

Прокурорын байгууллагын Ерөнхийлөгчийн хэлсэн бас нэг үг бий. “Авлигачид даварч байна. Одоо бүр “Би өршөөгдөхгүй, цагаатгагдана” гэж ярьдаг болсон байна” гэж. Энэ бол яалт ч үгүй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх рүү хандуулсан үг. Өршөөлийн хууль батлагдсаны дараа түүний өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өршөөлд хамрагдах гэмт хэрэг үйлдээгүй. Шүүх түүнийг цагаатгах ёстой” гэж хэлсэн. Харин Ерөнхийлөгч маань яагаад ч юм шүүх хурлаас өмнө Л.Гансүхийг гэм буруутай гэдэгт бүрэн итгэлтэй болчихсон байсан. Уг нь бол Үндсэн хуулийн нэг зарчим бий. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй ээ гэж. Тэр байтугай анхан шатны шүүхээс тухайн хүнийг гэм буруутайд тооцсон байлаа ч давах, хяналтын шатны шүүх дахин хэлэлцээд гэм буруугүйг нь тогтоож болдог.

 МАН-ууд өршөөгдөж, АН-ууд ялаа үүрнэ гэв үү?

Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1.3-т заасан “Өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, 7-р зүйл буюу “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 4.1 буюу “Ял шийтгэлээс хэлтрүүлэх” гэсэн заалтууд дээр хэсэгчлэн хориг тавьсан.

Ингэхдээ хуулийн 9.1.3 буюу “Өршөөл үзүүлэхгүй байх нөхцөл байдал” хэсэгт Хээл хахууль авах /ЭХ-ийн 268/, Төрийн албан хаагч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /ЭХ-ийн 263/, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /ЭХ-ийн 264/, Хууль бусаар хөрөнгөжих /ЭХ-ийн 270/ Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах /ЭХ-ийн 273/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /ЭХ-ийн 148.4/ Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /ЭХ-ийн 150.3/ зэрэг гэмт хэргийг нэмж оруулах,

Хуулийн 4.1 буюу “Ял шийтгэлээс хэлтрүүлэх” хэсэгт Танхайрах /ЭХ-ийн 181.3/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /ЭХ-ийн 147.2/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /ЭХ-ийн 95.1, 96.2/ зэрэг гэмт хэрэгт эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй гэж үзэж,

Хуулийн 7-р зүйл буюу “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хэсэгчлэн хориг тавьсан байна.

Өөрөөр хэлбэл, УИХ хоригийг хүлээж авсан тохиолдолд хуулийн 7-р зүйл буюу “Энэ хуулийн 5.1 /Ялаас өршөөн хасах/, 9.1.3 /Өршөөлд хамруулахгүй байх нөхцөл байдал/-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” заалт хүчингүй болох юм. Уг нь бол Хуулийн 3-р зүйл буюу “Хуулийн үйлчлэх хугацаа” хэсэгт “Энэ хууль 2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна” гээд заачихсан байгаа. Өмнөх бүх Өршөөлийн хуульд үйлчилж байсан жишгээр хуулийн төсөл өргөн баригдахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт өршөөлийн хууль үйлчлэхээр бичигдэж, энэ хэвээр батлагдсан. Гэтэл хуулийн 7-р зүйлийг хүчингүй болгосноор хууль 2015 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт бус, харин энэ хугацаанаас өмнө шүүхээр шийтгэгдсэн гэмт хэрэгт хууль үйлчлэхээр болж, хуулийн зарчим бүхэлдээ өөрчлөгдөх юм.

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан дээр гишүүдийн зүгээс “хоригийг хүлээж авах юм бол МАН-ын авлигачид ялаас өршөөгдөж, АН-ынхан өршөөгдөхгүй юм байна” гэсэн маргаан гарч, өршөөлд хамрагдах авлига, албан тушаалтнуудын хэрэгтнүүдийг нэрсийг нэг бүрчлэн гаргаж өгөхийг ШШГЕГ-аас шаардсан хүмүүс ч бий. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ө.Энхтүвшин гишүүн ч бас үүнийг шаардаж байсан. Нэг ёсондоо МАН-ын бүлэг “Хоригийг хүлээж авна” гэж хамгийн түрүүнд мэдэгдсэн шалтгаан ч бас энэ. Учир нь МАН-ын гишүүдийн хувьд хоригийг хүлээж авсан ч ашигтай, хүлээж авахгүй байсан ч ашигтай. Харин АН-ынхны хувьд хоригийг хүлээж авсан ч, хүлээж авахгүй гэсэн ч аль аль нь ашиггүй. Адилхан авлигачаараа дуудуулаад л дуусна. Яагаад гэвэл одоо шүүх дээр, АТГ дээр хэний хэрэг байгаа вэ гэвэл дандаа АН-ууд. Сүүлийн үед Монгол Улс хоёрхон авлигачинтай мэтээр ярьж бичигддэг болсон нь Л.Гансүх, Г.Дэнзэн. Харин шүүхээр шийтгүүлээд ялаа эдэлж байгаа нөхдүүд нь дандаа МАН, МАХН-ынхан. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Ц.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэх мэтчилэн уртаас урт дараалал гарна.

Нэг зүйлийг тодруулахад Ерөнхийлөгч прокурорын байгууллагын хурал дээр үг хэлэхдээ хамгийн олон удаа нэрийг нь дурьдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ч бас өршөөлд хамрагдахаар байгаа. Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулж гаргасан гэх боловч Ерөнхийлөгчийн хоригт Н.Энхбаярыг өршөөлд хамруулах гээд байгаа хуулийн 6-р зүйл буюу “Зарим хугацааг хэрэсэхгүй болгох” /6.1.1 ЭХ-ийн 78-р зүйл заасан Ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хасах/ заалт багтаагүй байдаг юм. Тэгэхээр асуудал Н.Энхбаяртаа биш байх нь. Бас хоригтоо ч гол нь биш байж гэж харагдах боллоо.

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Ямар ч байсан эхний удаад “Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал”-д ороод байсан Танхайрах /ЭХ-ийн 181.3/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /ЭХ-ийн 147.2/, Бусдын биед санаатай гэмтэл учруулах /ЭХ-ийн 96.1, 96.2/ гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасах Ерөнхийлөгчийн саналыг гишүүд хүлээж аваад байгаа юм байна. Гэвч УИХ-ын олонхи хоригийг хүлээж авсан тохиолдолд Өршөөлийн хууль бүхэлдээ үйлчлэх боломжгүй болж байгаа юм. Нэгдүгээрт хууль үйлчлэх цаг хугацааны асуудал. Энэ тухай өмнө өгүүлсэн. Хоёрдугаарт хоригийг хүлээж авсаны дараа УИХ Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийн дагуу Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулж, дахин боловсруулаад УИХ-д өргөн барих хэрэгтэй болно. Ингэхгүй бол Өршөөлийн бүхэлдээ хэрэгжих боломжгүйгээс гадна уг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг /7-р зүйлд тавьсан хоригоос бусад нь/ ч үйлчлэхгүй юм. Хамгийн түрүүнд хуулийн 4.1, 9.1.3-ийг дахин бичих шаардлагатай болно. Харин УИХ үүнийг хийх үү, үгүй гэдэг эргэлзээтэй. Хийдэг байлаа ч энэ хугацаанд зарим нэг хүнд шүүхээс яаж ийгээд ял өгөх нь бараг тодорхой болчихлоо. Л.Гансүх “Би өршөөлд хамрагдах гэмт хэрэг хийгээгүй. Шүүх намайг цагаатгах ёстой” гэж хэлсэн. Тэгвэл одоо түүний хариуд “Хэргээ хүлээгээд өршөөлд хамрагддаггүй юм бол ялаа үүрээд шорон луугаа яв даа” л гэж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч бас өмнөх шүүх хуралд гэрчээр оролцохдоо “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Дараагийн шүүх хуралдаан дээр захиалагчдыг нь зарлах болно” гэж хэлсэн. Гэвч шүүх хурал нэгэнт хаалттай бүсэд хаалттай болох учраас бид өмнөх шүүх хуралдаан дээр яллах талынхны нуугаад өнгөрсөн гэрчүүдийн мэдүүлгийг ч, Н.Алтанхуягийн дэлгэнэ гэж амласан хэргийн захиалагчдын талаар ч мэдэж чадахгүй нь.   

2015 оны есдүгээр сарны 2-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдаан дээр Л.Гансүхийн хэлсэн үг

https://www.youtube.com/watch?v=S-hxjqxJUtg

Жич: Өршөөлийн хуулийн 8.1-д “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан үндэслэлээр ялаас өршөөн хэлтрүүлэх, 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй”, 10.7-д “Энэ хуулийн” 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ. Тэгэхээр “Өршөөлд хамрагдах нь ялаа биеэр эдлэхээс өндөр зардалтай байх тул хоригийг хүлээж авахаар боллоо” гэдэг яриа зүгээр нэг онигоо ч биш бололтой.


ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ